Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1431

 

 

МАГАДЛАЛ

 

2019.07.31                                                Дугаар 1431                                     Улаанбаатар хот

 

 

 

“РС ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/01211 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “РС ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Д-д холбогдох,

 

Худалдааны хамтран ажиллах гэрээний үүрэгт 2 442 246 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагчтай 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тооцоо нийлж акт үйлдсэн. Хамгийн сүүлд тооцоо нийлүүлэхэд Д.Д 3 928 163 төгрөг төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн 1 450 000 төгрөгийг нэхэмжлэл гаргахдаа хасаж тооцсон талаар нотлох баримт хэрэгт авагдсан. Бид гэрээний үүргээ хангалттай сайн биелүүлсэн. Д.Д бараа бүтээгдэхүүний төлбөр төлөх чадваргүй хэмжээнд хүрч бараа нийлүүлсэн төлбөр шаардахад янз бүрийн шалтаг хэлдэг байсан. Хариуцагч төлбөр төлөхгүй явсаар ийм хэмжээний төлбөрийн үлдэгдэлтэй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “РС ” ХХК-тай байгуулсан гэрээний алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид гэрээ сунгах талаар ямар нэгэн харилцан тохирсон зүйл байхгүй атлаа, дур мэдэн, хүчээр гэрээг сунгаж алданги тооцсон байна. Иймд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн “РС ” ХХК-иас нийлүүлдэг байсан бараа бүтээгдэхүүн зарим тохиолдолд чанарын шаардлага хангахгүй, бараа бүтээгдэхүүнээ цаг тухайд нь нийлүүлдэггүй, буцаалт маш их гардаг байсан. “РС ” ХХК-ийн ачигч нар бараа буулгахад хамаагүй, эмх замбараагүй буулгадаг байсан. Бид нэхэмжлэлийн шаардлагаас 1 628 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Д-ээс 2 442 246 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “РС ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн   7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 030 төгрөгииг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 54 030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хамтран ажиллах гэрээгээ мах үнэд орсон тул хугацаандаа нийлүүлэх боломжгүй болсон, онцгой байдал үүсээд байна гэдэг тайлбар гаргаж, хугацаандаа нийлүүлэхгүй намайг байнга хохироож байсан гэтэл би ажлын байр түрээсэлж, Номин дэлгүүрт олон өрсөлдөгчтэй ажилладаг намайг ажлыг маань алдагдуулж орлого бууруулж, тэгээд чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нийлүүлж буцаалт хийж цаг алддаг, тиймээс гэрээгээ сунгаагүй байхад өөрсдөө дур мэдэн гэрээгээ сунгаж, надад алданги тооцсон байна. Нэхэмжлэгч тал өөрсдөө гэрээний үүргээ биелүүлдэг цаг тухайд нь нийлүүлж байсан, чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг байснаа нотлоогүй, нотлох баримт байхгүй байхад шүүх нэхэмжлэгч талыг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үнэлж, зөвхөн нэхэмжлэгчид ашигтайгаар нотлох баримтыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Мөн гэрээний хугацаа дууссан байхад нэхэмжлэгч тал алданги авахын тулд Д.Д-ийн гарын үсгийг дуурайлган зурсан энгийн нүдээр хархад л илт өөр гарын үсэг байдаг, нэхэмжлэгч тал энэ хууль бус гэрээ сунгалтыг үндэслэн 814 082 төгрөг алдангид нэхэмжилж байгаа нь хангалттай баримтаар нотлогддоггүй гэтэл анхан шатны шүүх шууд л энэ баримтын үндэслэн хариуцагчаас алданги 814 082 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байдаг. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангид тооцсон 814 082 төгрөгийг гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч “РС ” ХХК нь хариуцагч Д.Д-д холбогдуулан худалдааны хамтран ажиллах гэрээний үүрэгт 2 442 246 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч 1 628 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алданги тооцсон 814 082 төгрөгийн эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр үйлчилгээний төлбөрийг сард 2 удаа хуваан төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг төлөхөөр тохиролцож, хүнсний өргөн хэрэглээний барааг нийлүүлсэн хэмжээний дагуу төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон гэрээний агуулга, гэрээ хэрэгжсэн байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтад заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч байгууллага нь хүнсний өргөн хэрэглээний барааг хариуцагчид нийлүүлж, хариуцагч хүлээн авсан мөн 3 удаагийн тооцоо нийлсэн актаар үлдэгдэл төлбөр 1 628 164 төгрөг болох нь тогтоогдож талууд энэ талаар маргаагүй байна. Түүнчлэн, гэрээний 4.5 дахь хэсэгт “хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги төлөх болно” гэж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан үйл баримт тогтоогдож байна. /хх -5-7/

Анхан шатны шүүх тооцооны үлдэгдлийн баталгаа, худалдааны хамтран ажиллах гэрээг үндэслэн хариуцагч Д.Д-ээс нийт 2 442 246 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “РС ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “гэрээний хугацаа дууссан байхад дур мэдэн гэрээний хугацааг сунгасан” гэх боловч талуудын хооронд байгуулагдсан худалдааны хамтран ажиллах гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгагдсан байна.

Хариуцагч Д.Д нь “...худалдан авсан бараа доголдолтой байсан, уг доголдлыг арилгахын тулд цаг хугацаа алдсан мөн гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэхгүй байгаа тул алданги шаардах эрхгүй” гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хэргийн оролцогчдын эрхийг тэгш хангаагүй” гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/01211 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 087 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааpг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                            ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                    М.НАРАНЦЭЦЭГ