| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2023/03690/И |
| Дугаар | 101/ШШ2023/05036 |
| Огноо | 2023-11-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2023/05036
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.О нэхэмжлэлтэй
Хариуцагч: Н.Д-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-(ИБД:00000), өмгөөлөгч Б.б(00), хариуцагч Н.Д-, түүний өмгөөлөгч Г.ж( ), нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.О- хариуцагч Н.Д-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Нэхэмжлэгч Н.О- 2015 оны 9 дүгээр сард Хаан банкны 500000 тоот өөрийн данснаас Н.Д-ын 5000000 тоот дансаар шилжүүлж өгсөн 50,000,000 төгрөгийг буцаан авахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч Б.Г-ийн хариуцагч Н.Д-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт шаардсан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/0000 дугаар шийдвэрийн 14 дүгээр талд ..11. 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр олгосон гэх 50,000,000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч нь Н.О-аас авах ёстой байсан 50,000,000 төгрөгийг түүний данснаас хариуцагчид зээл олгох журмаар шилжүүлсэн гэж тайлбарласан. Улмаар нэхэмжлэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Н.О-ын 500000 тоот дансанд 50,000,000 төгрөгийг зээл гэсэн утгаар шилжүүлсэн болох Хаан банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байна. Улмаар хариуцагч Н.Д- нь 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гэрчээр мэдүүлэг өгөхдөө ... Ганцэцэгээс биш Отгонбаатар гэдэг хүний данснаас орж ирсэн байдаг. Ийм учраас энэ 50,000,000 төгрөгийг Ганцэцэг шаардах эрхтэй болох нь тогтоогдвол төлөхөд бэлэн байна гэж тайлбарлажээ. ....Эдгээр мэдүүлгийг харьцуулан үзвэл Н.О-аас хариуцагч Н.Д-т 50,000,000 төгрөг олгогдсон боловч... гэж дүгнэсэн.
Мөн дээрх шүүхийн шийдвэрийн 19 дүгэр талд ... зохигчид энэхүү зээлтэй холбоотойгоор нэхэмжлэгч гомдол гаргаснаар хариуцагч цагдаагийн байгууллагад тодорхой хугацаанд шалгагдсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт байгаа прокурорын байгууллагаас ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна.
Улмаар хэрэг бүртгэлийн хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор хаасан.Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан хөөн хээлэлцэх хугацаа тасалдаж, энэ зүйлийн 79.9-д заасан 49 дүгээр тогтоол гарсан өдрөөс дахин шинээр тоологдож эхэлсэн байна. гэж дүгнэсэн.
Ийм учраас зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөгийг Н.О- шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа энэ үеэс эхлэн тооцогдоно гэж үзэж байгаа.
Иймд Н.О-ын арилжааны банк дах 500000 тоот данснаас 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 14.26, 14:42 цагуудад Н.Д-ын Хаан банк дахь 5000000 дансанд шилжиж орсон, нийт 50,000,000 төгрөгийг Н.Д- хүлээн авсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт болсон. Бусад баримтуудаар тогтоогдож хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч байгаа боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул Н.Д-оос 50,000,000 төгрөгийг гаргуулж Н.О-т олгож өгнө үү гэв.
2. Хариуцагч Н.Д-оос шүүхэд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа хариу тайлбар өгсөн. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/0000 тоот шийдвэрээр 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Г-ээс О руу зээл гэсэн утгатай шилжүүлсэн зээлийн маргаантай хэрэг шийдвэрлэгдсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Энэ шийдвэрийн 19 дүгээр хуудаст ..шаардах Н.О-ын 50,000,000 төгрөг Ганцэцэг нь Н.О-т өгсөн зээлээ Н.Д- руу дамжуулсан.. гэсэн тайлбар байдаг. Үүнийг анхан шатны шүүх нотлох баримтыг харьцуулаад Н.Д-оос шаардах эрхгүй гэж дүгнэсэн. Ингэж дүгнэхдээ дараах 3 баримтыг үндэслэсэн байдаг. Нэгт: Б.Г-ээс Н.О- руу шилжүүлсэн 1 дүгээр хавтаст хэргийн 14 дүгээр хуудаст 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн орлогын баримтад Ганцэцэгээс Отгонбаатар руу зээл гэж шилжүүлсэн, хоёрт: 1 дүгээр хавтаст хэргийн 99 дүгээр хуудаст 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр гэрчээр өгсөн миний мэдүүлэг. Намайг Прокурорын байгууллагаас залилан хийсэн гэж тогтоогдож эрүүгийн хэрэг нь хаагдсан гэж хэлж байна. Харамсалтай нь Б.Г-ийн гомдлоор хэрэг бүртгэлийн хэрэг үүсэж би 2 удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Намайг яллагдагчаар татсан зүйл байхгүй, эрүүгийн хэрэг хаасан зүйл байхгүй, тухайн хэрэг бүртгэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хаасан байдаг. Гуравт: 1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудаст 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн иргэн Н.О-ын өөрийнх нь өгсөн мэдүүлэгт ...Б.Г- болон Н.Д- нарын хооронд ямар зээлийн харилцаа үүссэнийг би мэдэхгүй.... гэх Н.О-ын өөрийн мэдүүлэг зэрэг эдгээр 3 нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Б.Г- давж заалдах шатны шүүхэд гомдлыг давж заалдах шатны шүүх хянаад 210/МА2023/000 тоот шүүхийн магадлал гаргасан. Энэ магадлал дээр Ганцэцэгийн надаас нэхэмжилсэн 50,000,000 төгрөгийг үндэслэлгүй гэж дүгнэсэн. Миний бие Н.О- гэдэг хүнтэй огт зээлийн харилцаа үүсгэж байгаагүй. Тийм учраас Н.О- өөрийн мэдүүлгээ тэгж өгсөн байх. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд:Хаан банкны депозит хуулга(хх5), итгэмжлэл(хх6), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 04622 дугаар шийдвэр(хх10-19), Нийслэлийн иргэний хэргийн давж шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны 00147 дугаар магадлал(хх7-9), өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ(хх39-40) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.О- нь хариуцагч Н.Д-оос зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч нь Н.О- бид хоёрын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараас дараах үйл баримт тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч Н.О-ын Хаан банкны 500000 данснаас 2015 оны 9 дүгээр сарын 09-ний 14:26 цагт 30,000,000 төгрөгийг, 14:42 цагт 20,000,000 төгрөгийг хариуцагч Н.Д-ын Хаан банкны 5000000 дансанд шилжүүлжээ.Энэ талаар талууд маргаагүй. (хх5)
5. Нэхэмжлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-т 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр олгогдсон Итгэмжлэлд ... шүүхэд гаргах нэхэмжлэлийн агуулгад 2015 оны 9 дүгээр сард 2 удаагийн үйлдлээр 50,000,000 төгрөгийг Хаан банкны 500000 дансаар шилжүүлсэн мөнгийг буцаан авахтай холбогдох...........маргааныг эцэслэн шийдвэрлэх төлөөлөх, 50,000,000 төгрөгийг буцаан авах үйлдэлд Б.Г-т эрхийг олгож байна. гэжээ.(хх6)
5.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа: ...2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр би Н.О-т 50,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Хариуцагч Н.Д- надаас мөнгө зээлээч гэхээр би Н.О-аас авлагатай байсан тул хариуцагчид шилжүүлчих гэж хэлээд нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн. Н.О- 50,000,000 төгрөгийг Н.Д-т хугацаагүй зээлдүүлсэн тул зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөгийг шаардах эрхтэй. гэж тодорхойлсон.
5.2. Хариуцагч ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г- нь сонгуульд нэр дэвшинэ гэх үндэслэлээр биеэ авч хэрхэн авч явах, ярих урлаг сэдвээр сургалт авч төлбөрт 50,000,000 төгрөгийг Н.О-ын дансаар шилжүүлсэн. Н.О- бид хоёрын хооронд зээлийн харилцаа үүсээгүй, би мөнгө зээлээгүй... гэж маргасан.
5.3. Хэрэгт: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 04622 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны 00147 дугаар магадлал баримтаар авагдсан. (хх7-19)
5.4. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн:
11 дэх дугаарт ... 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр олгосон гэх 50,000,000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч нь Н.О-аас авах ёстой байсан 50,000,000 төгрөгийг түүний данснаас хариуцагчид зээл олгох журмаар шилжүүлсэн. .... Н.О-аас хариуцагч Н.Д-т 50,000,000 төгрөг олгогдсон боловч уг мөнгийг нэхэмжлэгч өөрийн авлагыг шилжүүлэх замаар хариуцагчид шилжүүлсэн гэх тайлбар үгүйсгэгдсэн. Иймд энэхүү мөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй. Харин нэхэмжлэгч 50,000,000 төгрөгтэй холбоотой асуудлаар зохих этгээдэд холбогдуулан жич нэхэмжлэл гаргах эрхтэй. гэж дурдаад,
энэ шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн: 1дэх хэсэгт .....зээлийн гэрээний үүрэгт 144,000,000 төгрөгийг гаргуулж Б.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 176,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.(хх10-19)
5.5. Дээрх шүүхийн шийдвэрийг Б.Г- эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд ТОГТООХ нь: хэсгийн 1 дэх заалтын ...144,000,000 төгрөг..., гэснийг ...120,708,000 төгрөг... гэж, ...176,000,000 төгрөгт... гэснийг ...199,292,000 төгрөг... гэж .... анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна. (хх10-19)
5.6. Шүүхийн хэлэлцүүлэгт төлөөлөгч Б.Г- ...Н.О- нь хариуцагч Н.Д-т 50,000,000 төгрөгийг хугацаагүй зээлдүүлсэн., .... 2017 онд Н.О- бид ярилцаад Цагдаад гомдол гаргасан., .... Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн: 19 дугаарт ...Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан хөөн хээлэлцэх хугацаа тасалдаж, энэ зүйлийн 79.7-д заасан 49 дүгээр тогтоол гарсан өдрөөс дахин шинээр тоологдож эхэлсэн гэж дүгнэсэн тул Н.О-ын шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа энэ үеэс эхлэн тооцогдоно. гэж дүгнэсэн тул зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарласан.
5.7. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/0000 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн 11 дэх дугаарт ....Цаашлаад Н.О- нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гэрчээр мэдүүлэг өгөхдөө Н.Д- эгчийг таньдаг юм. Тэгээд ....яаралтай мөнгөний хэрэг гараад зээл өгөх хүн байна уу гэхээр дээд сургуулийн дээд ангийн Ганцэцэг гэх найзтай ... холбож өгсөн.Би тэр хоёрын хоорондын асуудалд оролцоогүй, хоорондоо юу гэж тохиролцсон, хэдэн төгрөг зээлсэн талаар надаа мэдэх зүйл байхгүй гэж мэдүүлснийг дурджээ. (хх17 дугаар талын ар нүүр)
5.8. Хэрэгт авагдсан дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Н.О- бид хоёр 2017 онд ярилцаад Цагдаад гомдол гаргасан гэх тайлбар дээр дурдсан Н.О-ын мэдүүлгээр няцаагдсан гэж үзэв.
Учир нь: анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаар Цагдаагийн байгууллагад 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Н.О-ын өгсөн мэдүүлгээс ...Би тэр хоёрын хоорондын асуудалд оролцоогүй, хоорондоо юу гэж тохиролцсон, хэдэн төгрөг зээлсэн талаар надаа мэдэх зүйл байхгүй гэж мэдүүлжээ.Шүүхийн хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ийн ...бид хоёр 2017 онд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэх тайлбар нэхэмжлэгчийн цагдаад өгсөн мэдүүлэг зэрэг нь цаг хугацааны болон агуулгын хувьд зөрүүтэйгээс гадна нэхэмжлэгч нь 2017 онд энэ зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой гомдлыг Цагдаагийн байгууллагад гаргасан эсэх талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлоогүй болно.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
5.9. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана., 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно. гэж заажээ.
5.10. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/000 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт ...зохигчид энэхүү зээлтэй холбоотойгоор нэхэмжлэгч гомдол гаргаснаар хариуцагч тодорхой хугацаанд цагдаагийн байгууллагад шалгагдсан үйл баримтын талаар маргаагүй, ...хэрэг бүртгэлтийн хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор хаасан. ... Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан хөөн хээлэлцэх хугацаа тасалдаж, энэ зүйлийн 79.9-д заасан 49 дүгээр тогтоол гарсан өдрөөс дахин шинээр тоологдож эхэлсэн байна. гэж дүгнэснээс үзэхэд тус шүүхэд хянан хэлэлцэгдсэн Б.Г-ийн нэхэмжлэлтэй Н.Д-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 320,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан нь хамааралтай талаар шүүх дүгнэсэн.
5.11. Харин Н.О-ын нэхэмжлэлтэй Н.Д-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулах тухайн тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй энэ хэрэгт Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй, дээр дурдсан шүүхэд хянан шийдвэрлэгдсэн иргэний хэрэгтэй харилцан хамааралгүй байна. (хх19)
5.12. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт төлөөлөгч Б.Г-ийн ...Н.О-ын зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөгийг Н.О- шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа энэ үеэс эхлэн тооцогдоно. гэх тайлбар үндэслэлгүй.
5.13. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 82.1.-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй., энэ хуулийн 283 дугаар зүйлийн 283.1.-д зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ. гэж зааснаар зохигчдын хооронд хооронд 2015 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр үүссэн зээлийн харилцааны хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөр дууссан байх тул хариуцагч Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар үүргийг гүйцэтгэхээс эрхтэй байна.
Иймд нэхэмжлэгч Н.О-ын нэхэмжлэлтэй хариуцагч Н.Д-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан Н.Д-оос зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Н.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ
ДАРГАЛАГЧ Т.ГАНЧИМЭГ