Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2023/05125

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Б--ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: .Ж.Т-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 46,000,000 төгрөг, алданги 23,000,000 төгрөг нийт 69,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э(Ү-), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О(ИБД:), түүний өмгөөлөгч Л.Б(Ү-), бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч О.Б(ИБД:), нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х.Б- хариуцагч Ж.Т-д холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 46,000,000 төгрөг, алданги 23,000,000 төгрөг нийт 69,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Х.Б- би орон сууц худалдаж авахаар шийдэж 2019 оны 9 дүгээр сард хоёр өрөө орон сууц зарна гэсэн дагуу Ж.Т- гэх хүнтэй холбогдоод Баянзүрх дүүрэг,16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах ЭА ХХК-ийн газар дээр баригдсан Шинэ *хотхон *айлын орон сууцны А блок орон сууцны *дүгээр давхар 37.78 м.кв талбайтай, *тоотод байрлалтай, *өрөө орон сууцыг 46,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Ж.Т- анх ...би ХЦ ХХК-ийн Шинэ *дугаар хотхон, *айлын орон сууцны төсөл дээр ажил хийж, ажлын хөлсөнд энэ хоёр өрөө байрыг авсан тул одоо энэ хоёр өрөө байраа зарж мөнгөө гаргах зорилготой гэж хэлсэн.Улмаар би иргэн Х.Т той Эрх шилжүүлэх гэрээг хийсэн даруйдаа 2019 оны 9 дүгээр сарын10-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны45***** тоот өөрийн данснаас Ж.Т-гийн Хаан банкны 50***** тоот данс руу 46,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл тухайн барилга нь 2019 оны 4 дүгээр улиралд гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгнө гэсэн боловч барилгын явц үйл ажиллагааг бүрэн дууссан боловч манайд хүлээлгэж өгөхгүй болохоор нь Ж.Т-той холбоогдож нөгөө байраа яагаад өгөхгүй удаад байгаа юм бэ гэж хэлэхэд ...та байраа аваагүй байгаа юм уу би хэлээд өгье гэж хэлэхээр би хүлээгээд холбогдохгүй удаад байхаар нь ХЦ ХХК дээр очоод манайх мөнгөө бүрэн төлж дууссан учраас байраа авмаар байна гэхэд бид сайн мэдэхгүй байна та тухайн үед борлуулалт хариуцсан хүүхэн Ж.Т- хоёртоо асуудлаа тавь манайх хамаагүй гэх мэтээр тайлбарласан. Улмаар Бат-Эрдэнэ би аргаа бараад 2020 оны дундуур Ж.Т-той холбогдож байраа авахаа больж гэрээнээс татгалзаж байгааг илэрхийлж, мөнгөө буцааж авъя гэж хэлсэн боловч удахгүй байрыг чинь хүлээлгэж өгнөө, та хүлээж бай гэх мэтээр цаг хугацаа хожиж сүүлдээ утсаа салгаад хаана байгаа нь тодорхойгүй байснаа өнөөдрийг хүрээд байна.Тиймээс Х.Б- би иргэн Ж.Т-той Эрх шилжүүлэх гэрээ хийж улмаар түүний данс руу шилжүүлсэн 46,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, гэрээнд заасан хугацаандаа байраа хүлээлгэж өгөөгүй учир хуульд зааснаар алданги 23,000,000 төгрөгийг нийт 69,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Х.Б- нь 2019 оны 9 дүгээр сард 2 өрөө байр зарна гэсэн зарын дагуу хариуцагч Ж.Т-той холбогдож Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо шинэ *дугаар байрны *давхарт 32.78 м.кв *өрөө орон сууцыг 46,000,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Тухайн үед байрыг үзэхэд гадна талдаа фасадтай байр байгаа гэж хэлж байсан. Хариуцагч Т нь энэ байрыг ажлын хөлсөнд би авчсан, үүнийгээ зарж байгаа юм гэж тайлбарласан. Х.Б- 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Ж.Т-гийн данс руу 46,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Эрх шилжүүлэх гэрээ нь хэт нэг талыг барьсан гэрээ байсан. Өөрөөр хэлбэл төлбөр авагчид хэт давуу байдлыг бий болгосон төлбөр төлөгчийг үүргэжүүлсэн, хариуцлагаэжжлсан ийм гэрээ байсан гэж үзэж байгаа. Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч Х.Б- анхнаасаа ХЦ ХХК-тай худалдан худалдан авах, захиалах хүсэл нөхцөл байгаагүй. Х.Б мөнгөө шилжүүлбэл байртай болно гэж бодсон. Тэгээд нэхэмжлэгч ХЦ ХХК дээр очиход бид нарт хамаагүй, Ж.Т-тойгоо учраа ол гэж хэлээд явуулсан. Нэхэмжлэгч эргээд Ж.Т- руу хандахад эхлээд орон сууцны асуудлыг шийдвэрлэж өгнө, та түр хүлээж байгаарай гэж хэлээд байсан. Тэгээд орон сууц маань ашиглалтад орчих юм болов уу гэж найдаад явж байсан ч сүүлдээ худалдан авсан орон сууцанд нь өөр айл орчихсон ийм нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэгч Х.Б- энэ байрыг авч чадахгүй юм байна гээд Ж.Т-гоос мөнгөө авъя гэж хэлсэн. Ж.Т- одоо хүртэл мөнгийг нь ч өгөхгүй, Х.Б- байртай болсон ч зүйлгүй байхгүй байсан учраас шүүхэд хандсан. Тухайн үед өгч байсан 46,000,000 төгрөгөөр одоо байр худалдаж авах боломжгүй болчихсон. Иргэний хуулийн 236 дугаар зүйлд заасан алданги 23,000,000 төгрөг, үндсэн нэхэмжлэл 46,000,000 төгрөг, нийт 69,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа гэв.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ошүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.Т- нь 2018 оны 8 дугаар сарын 07-ний өдөр ХЦ ХХК-тай орон сууц захиалах гэрээ байгуулж Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн *дугаар хороо, *дугаар байрны *блокийн 4 давхарт *тоотод 34.78 м.кв байрыг *м.кв 1,000,000 төгрөгөөр буюу нийт 34,780,000 төгрөгөөр захиалж орон сууц захиалгын гэрээг хийсэн байдаг. Захиалсан гэрээний төлбөрийг гэрээ хийсэн өдөр 28,000,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 4,000,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 2,780,000 төгрөгийг төлж 100 хувь төлбөрийг бэлэн төлөлтөөр барагдуулсан.

Төлбөр тооцоо дууссан тухай ХЦ ХХК-ийн 6 дугаар сарын 24-ний өдрийн албан тоотоор төлбөр тооцоо дууссан. Ж.Т-гийн хувьд бол 3 хүүхэдтэй, нөхрийн хамт ам бүл 5, Шинжлэх ухаан технологийн сургуульд зургийн багшаар ажилладаг.Тухайн захиалсан байр маань ажлаас нь зайдуу, жижиг м.кв-тай байр ч гэсэн жижигдэхээр хоёрыг харьцах нь хоёр байсан учраас хоорондоо тохиролцоод Х.Б-д худалдан борлуулсан байгаа. Ингэж худалдан борлуулахдаа тухайн байрыг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Эрх шилжүүлэх гэрээг байгуулж 46,000,000 төгрөгөөр борлуулахаар гэрээ хийж төлбөрийг хүлээж авсан нь үнэн. Энэ гэрээний дагуу Ж.Т- ямар үүрэг хүлээсэн бэ гэхээр байрны захиалгын гэрээний эрхийг шилжүүлээд ХЦ ХХК болон Х.Б- хоёрын хооронд захиалгын гэрээг байгуулах үүрэг хүлээсэн. Энэ үүргийнхээ хүрээнд үүрэг биелэгдсэн гэж үзэж байгаа.

ХЦ ХХК Х.Б- нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр орон сууц захиалах гэрээ хийгдээд тухайн гэрээгээр орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахыг талууд харилцан тохиролцсон. Үүнээс хойш Ж.Т- бол энэ харилцаанаас гарсан. Үүнээс хойш яагаад орон сууц ашиглалтад ороогүй, ямар шалтгаанаар Х.Б-д байрыг нь өгөхгүй байгаа талаар сайн мэдэхгүй байна. 2023 оны 4 дүгээр сард Бат-Эрдэнээс хариуцагч Ж.Т-гоос 46,000,000 төгрөг, алданги 23,000,000 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэл гаргасан. Мөнгө шаардаж байгаа хууль зүйн үндэслэл бол тухайн орон сууцыг өнөөдрийн байдлаар шилжүүлж аваагүй гэдэг тайлбарыг гаргаж байгаа. ХЦ ХХК-тай очиж уулзахаар энэ асуудлыг манай борлуулалтын менежертэй эсхүл Ж.Т-той очиж уулз гэж нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ тодорхойлсон байсан. Бидний зүгээс энэ үндэслэлийг үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Яагаад гэвэл хүчин төгөлдөр Эрх шилжүүлэх гэрээгээр орон сууцыг шилжүүлчихсэн, гэрээ хүчин төгөлдөр байгаа. Тэгэхээр энэ гэрээний дагуу Иргэний хуулийн 126.3-т зааснаар шаардах эрх шилжчихсэн байгаа тул ХЦ ХХК болон Х.Б- нарын хооронд үүссэн, нэг талаас орон сууц хүлээлгэж өгөөгүй, нөгөө талаас төлбөрийн асуудал өөрөөр үүссэн байгаа. Энэ харилцаанд Ж.Т- ямар ч хамааралгүй гэж үзэж байна. Тухайн гэрээний дагуу орон сууцыг хүлээлгэж өгөх үүрэг нь ХЦ ХХК-д хадгалаастай байгаа гэж үзэж байна. Мөн эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна. Т той холбоотой ямар нэгэн маргаан үүссэн гэж үзэхгүй байгаа. Хэдийгээр гэрээ цуцална гэдэг мэдэгдэл ирүүлсэн боловч энэ нь гэрээ цуцлах үндэслэл болохгүй байна. Яагаад гэвэл гэрээний төлбөр 100 хувь төлөгдчихсөн байгаа учраас үндэслэл болохгүй. Мэдэгдэл дээрээ 51,000,000 төгрөгийг буцааж ХЦ ХХК-аас гаргуулж өгнө үү гэж шаардсан байсан. Энэ мөнгийг нь ч гэсэн одоо хүртэл өгөөгүй. Тэгэхээр өнөөдрийн маргаанд Ж.Т- бол хариуцагч биш. Хариуцагч нь ХЦ ХХК байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч О.Бшүүхэд гаргасан тайлбартаа:Ж.Т- нь 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр манай компанитай орон сууц захиалах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр А блокийн 4 давхарт 34.78 м.кв байр худалдаж авсан. Нийт 34,780,000 төгрөгөөр худалдаж авсан байгаа. Энэ мөнгийг 2,3 удаагийн төлөлтөөр төлж 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төлбөр тооцоо дууссан тухай актыг буюу төлбөр тооцоо байхгүй гэсэн баримтаар баталгаажсан байгаа. Үүний дараа Ж.Т- нь Х.Б-д орон сууцыг шилжүүлэх гэрээ хийхийг манайд компанид санал тавьсан. Нэгэнт төлбөр тооцоо дууссан байсан учраас манай тал зөвшөөрсөн учраас Ж.Т- Х.Б- нар нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ хийж, Х.Б-ийн нэр дээр шинээр Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ байгуулж 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ хийсэн. Энэ гэрээний 3.1-т төлбөр авагч дараах төлбөр авагч нь дараах байдлаар төлбөр авна гээд Ж.Т- Хаан банк 5030710610 гэсэн данс руу шилжүүлэхийг зөвшөөрсөн. Үүний дагуу Х.Б- 46,000,000 төгрөгийг төлсөн юм байна гэдэг нь харагдаж байгаа. Тэгээд Б 2020 онд орон сууц ашиглалтад орохгүй байна гэдэг үндэслэлээр гэрээгээ цуцалъя, мөнгөө авъя гэсэн. Манай талаас нэгдүгээрт төлөх мөнгө байхгүй, хоёрдугаарт энэ таны төлсөн мөнгө манай дансанд ороогүй, Ж.Т- гэдэг хүний данс руу хийсэн байгаа тул мөнгө авсан хүнтэйгээ учраа ол гэж хэлсэн. Одоо энэ байр сүүлд гэрээ байгуулсан хүний өмч буюу Х.Б- гэрээнээс татгалзсан учраас манай компани дараагийн хүн рүү байрыг шилжсэн байгаа гэв.

5.Нэхэмжлэгчээс шүүхэд: эрх шилжүүлэх гэрээ(хх6), ХХБ 20198.09.10-ны өдрийн дотоод шилжүүлгийн маяг(хх7-8), 2019.09.10-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ(хх9-12), итгэмжлэл(хх42),

6.Хариуцагчаас шүүхэд: Итгэмжлэл(хх26), төлбөр тооцоо дууссан тухай мэдэгдэл (хх74),

7.Гуравдагч этгээдээс шүүхэд: хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ(хх56), Компанийн дүрэм(хх57-58),итгэмжлэл(хх55), орон сууц захиалагч гэрээгээ цуцлах тухай хүсэлт(хх65),

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Б- хариуцагч Ж.Т-д холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 46,000,000 төгрөг, алданги 23,000,000 төгрөг нийт 69,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч Ж.Т- Эрх шилжүүлэх гэрээгээр үл хөдлөх хөрөнгийн эрхийг Х.Б-д шилжүүлсэн, энэ гэрээнд зааснаар ХЦ ХХК нь Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-г Х.Б- байгуулсан тул би үүргээ гүйцэтгэсэн. Шүүхийн энэ маргааны хувьд би хариуцагч биш учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

8.Нэхэмжлэгч Х.Б- 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Ж.Т-той харилцан тохиролцож Баянзүрх дүүрэг, *дугаар хороо *дугаар цэргийн хотхонд байрлах ЭА ХХК-ийн 2036 м.кв газар дээр ХЦ ХХК-ийн гүйцэтгэн барьсан Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, *дугаар хотхон, *айлын орон сууцны А блокийн 4 дүгээр давхар 34.78 м.кв талбайтай, *тоотод байрлалтай, 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцжээ.

8.1.Улмаар хариуцагч Ж.Т- нь ХЦ ХХК-тай байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ-г 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээг нэхэмжлэгч Х.Б-тэй байгуулсан байна.

8.2.Дээрх гэрээний 3 дугаар зүйлд ...Төлбөр авагч нь Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ-г төлбөр төлөгчид 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор шилжүүлнэ. Энэ тохиолдолд төлбөр төлөгч Шинэ 72 үйлчилгээний төвтэй орон сууц төслийг хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч 5264804 регистрийн дугаартай ХЦ ХХК нарын хооронд Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ байгуулагдсанаар гэрээ шилжүүлсэнд тооцно.

8.3.Гэрээний 4 дүгээр зүйлд: Төлбөр төлөгч нь Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-г шилжүүлэн авсны төлбөр нийт 46,000,000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хаан банкны 50***** тоот дансанд Ж.Т- дансанд төлнө. гэж тохиролцжээ.(хх6)

8.4.Нэхэмжлэгч Х.Б- нь Худалдаа хөгжлийн банкны 45***** тоот данснаас 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч Ж.Т-гийн Хаан банкны 50***** дансанд 46,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан дотоод шилжүүлгийн маягтаар нотлогдож байна.(хх7-8)

8.5.Шүүхийн хэлэлцүүлэгт Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс ...нэхэмжлэгч Х.Б- хариуцагч Ж.Т-той эрх шилжүүлсэн гэрээний дараа Х.Б- нь Орон сууц захиалагч гэрээ-г цуцлах хүсэлтийг гаргаснаар дараагийн хүнд орон сууцыг шилжүүлсэн гэж тайлбарласан.

8.6.Эрх шилжүүлэх гэрээг үндэслэн нэхэмжлэгч Х.Б-, Н.Э, Б.А нар нь Баянзүрх дүүрэг, *дугаар хороо *дугаар цэргийн хотхонд байрлах ЭА ХХК-ийн 2036 м.кв газар дээр баригдах Шинэ *хотхон *айлын орон сууцны сууцны А блокийн *дүгээр давхар 34.78 м.кв талбайтай, *тоотод байрлалтай, 2 өрөө орон сууцыг худалдан авахаар 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр №2019/ -Т тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-г ХЦ ХХК-тай байгуулжээ.

8.7.Дээрх үйл баримтаас үзэхэд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно., 123 дугаар зүйлийн 123.6-д Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ. гэж зааснаар хариуцагч Ж.Т- нь маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг Эрх шилжүүлэх гэрээгээр нэхэмжлэгч Х.Б-д шилжүүлсэн байна.

8.8.Иймд хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараас дүгнэхэд хариуцагч Ж.Т- нь нэхэмжлэгчид Х.Б-д хуульд зааснаар шаардах эрхээ шилжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

8.9.Нэхэмжлэгч өөрт хохирол учирсан гэж үзвэл хохирлоо буруутай этгээдээс жич нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй болно.

8.10.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,405 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Ж.Т-гоос 69,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Х.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,405 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ