| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2023/02602/И |
| Дугаар | 101/ШШ2023/05191 |
| Огноо | 2023-11-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2023/05191
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Д.Ганболд, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.С нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, Б.Ч
Гэм хорын хохиролд 16,328,030 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд. Нэхэмжлэгч Ц.С, өмгөөлөгч Д.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгсэд төлөөлөгч Ганбат, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгч ******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, зохигчдын хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.С хариуцагч Б.Чд холбогдуулан гэм хорын хохиролд 16,328,030 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Ц.С миний бие 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 21:10 цагт Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө АПУ ХХК-ийн хойд уулзвар 00-000 улсын дугаартай тоёота приус маркийн авто машиныг жолоодон явсан Б.Ч нь гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөж эрүүл мэндэд хохирол учруулсан.
Хэрэг бүртгэлтийн хэргийн ажиллагааны явцад Б.Ч Монгол УЛсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан Жолооч уулзвараар баруун зүүн тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийн явган хүний гарцаар хөндлөн гарч яваа зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Б.Чийг хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 33 дугаар тогтоолоор хааж, учирсан хохирлоо шүүхээр нэхэмжлэхийг заасан болно.
Ц.С миний биед учирсан гэмтлийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 15227 дугаар шинжээчийн дүгнэлтээр хөнгөн, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 39 тоот шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр , 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 125 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэж дүгнэсэн нь зөрүүтэй ч өөрийн эрүүл мэндийн байдлыг сайжруулахын тулд буруутай этгээд Б.Чээс хохирлоо түргэн шуурхай гаргуулах үүднээс гомдол гаргаагүй шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.Энэхүү Б.Чий үйлдлээс зүүн хөлийн бэхэлгээ жийргэвчээ авсан ч хөл маань хангалттай тэнийдэггүй, хазгай гишгэдэг болсон. Б.Чий эцэг Баярмагнай хохирлоо төлнө гэсээр өнөөдрийг хүрлээ. Надад эмчилгээний болон шүүх эмнэлэг, цагдаа явахад гарсан зардал 2,113,030 төгрөг, эд материалын хохиролд 815,000 төгрөг, олох ёстой байсан орлого, түрээсийн төлбөр 9,400,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол-3,000,000 төгрөг нийт 16,328,000 төгрөгийн хохирол учирсан тул хариуцагч Б.Чээс гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч Б.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Миний бие авто машин жолоодож яваад Ц.Сгийн биед хөнгөн гэмтэл учруулсан, үүнтэй холбоотойгоор зөрчлийн арга хэмжээ авагдсан. Өөрөөр хэлбэл энэ үйлдлийг гэмт хэргийн шинэгүй гэж үзээд прокурор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болсон. Тухайн нэхэмжлэлд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Учир нь нэхэмжлэгчийн эмчилгээний зардал гарсантай холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 12 дугаар сарын 27-ны өдөр 200,000 төгрөгийг нийт 700,000 төгрөгийг төлсөн.Нэхэмжлэгчийн одоо гаргаж буй нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй байна. Ц.С нь анх хэргийн улмаас ажиллах чадвараа өөрийнх нь хэлсэн шиг удаан хугацаанд алдаагүй ба нэхэмжлэлд бүрдүүлж өгсөн дансны хуулга дээр 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажлаа хийж орлого орж ирсэн байдаг ба нэхэмжлэлд дурдагдсан шиг удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдаагүй байсан.Мөн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ажлын шинэ жилд оролцож бүжиглэж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд тавьсан байсан. Нэхэмжлэгчид тохиолдсон гэмтлийн зэрэг нь хөнгөн байсан ба нэхэмжлэлд дурдагдсан шиг удаан хугацаагаар хөдөлмөрийн чадамжаа алдаагүй гэж үзэж байна .иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ганбат шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага нь зам тээврийн ослоос хохирсон гэм хорын хохирол нэхэмжилж байгаа эмчилгээний зардалд мөрдөн байцаалтын шатанд төлсөн 700,000 төгрөгийг хасаад 1,413,000 төгрөгийг, нүдний шилний үнэ 95,000 төгрөг, өмгөөллийн зардал 1,000,000 төгрөг нийт 2,508,000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Тухайн үед өмсөж явсан куртикийг 720,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Түрээсийн төлбөрт 9,400,000 төгрөгийг нэхэмжилдэг. Түрээсийн төлбөр төлж байсан баримт болон хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа орлогынхоо хэмжээгээр улсад татвар төлдөг зэрэг тайлан баримтыг мөн нэхэмжлэлийн шаардлагадаа ирүүлээгүйгээс энэ бүх нөхцөл байдлаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал тавьдаг. Өөрөөр хэлбэл саяны гаргасан нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагаа хасаагүй зэргээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна гэж үзэж байна гэв.
4.Нэхэмжлэгчээс шүүхэд:Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт(хх4),голомт банкны тодорхойлолт (хх5),2023.03.16-ны өдрийн 021711 дугаар шийтгэлийн хуудас(хх6), Б.Ч шийтгэлд 100,000 төгрөг төлсөн Хаан банкны депозит хуулга(хх7), иргэний үнэмлэхийн лавлагаа(хх8), 2023.02.17-ны өдрийн №11 дугаар Прокурорын тогтоол(хх9), 2023.02.17-ны өдрийн №33 дугаар Прокурорын тогтоол(хх9-10), ******* ХХК -ийн 2022.11.23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт(хх25-30), ажлын байрны түрээсийн гэрээ(хх31-33), нэхэмжлэл(хх35), эмнэлгийн үзлэг, эм худалдан авсан-е баримт(хх39-60,63-69), ******* ХХК-ийн зарлагын баримт(хх61-62), зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал(хх71-73), өмгөөллийн хөлс төлсөн тасалбар(хх74), Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.11.20-ны №15227, 2023.01.23-ны №125 дугаар шинжээчийн дүгнэлт(хх75-81), гэрэл зураг(хх124-152),томографын шинжилгээ(хх153),Ц.С Хаан банкны депозит хуулга(хх175-185) зэргийг нотлох баримтыг шаардлага ханган гаргаж өгсөн.
5.Хариуцагчаас шүүхэд: иргэний үнэмлэхийн лавлагаа(хх89), итгэмжлэл(хх94) зэргийг гаргаж өгсөн.
6.Шүүхээс зохигчийн хүсэлтээр эд мөрийн баримтад үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн болно. (хх157)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.С нь ...Зам тээврийн ослын улмаас хариуцагч миний эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учруулсан тул эмчилгээний болон шүүх эмнэлэг, цагдаа явахад гарсан зардал 2,113,030 төгрөг, эд материалын хохиролд 815,000 төгрөг, олох ёстой байсан орлого, түрээсийн төлбөр 9,400,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 3,000,000 төгрөг нийт 16,328,030 төгрөгийг хариуцагч Б.Чээс гаргуулна. гэж шаардсан.
Нэхэмжлэгч иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагчаас мөрдөн байцаалтын шатанд 700,000 төгрөг төлснийг хүлээн зөвшөөрч шаардлагаа багасгаж, бусад шаардлагаа дэмжсэн.
Хариуцагч Б.Ч эмчилгээний зардалд 1,413,030 төгрөгийг, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөгийг, нүдний шилний үнэ 95,000 төгрөгийг нийт 2,508,030 төгрөг төлөхийг зөвшөөрч, куртикээ өөрөө шонгийн мод мөргөж урсан учир, бусад шаардлага нь баримтаар тогтоогдохгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх бүрэлдэхүүн, хариуцагчаас гэм хорын хохиролд 15,628,030 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,228,030 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 12,400,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт,зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
7. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-д учруулсан хохирлыг арилгуулах аргаар зөрчигдсөн эрхийг хамгаална гэсэн зохицуулалт болон энэ хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан эд хөрөнгийн болон эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.
8. Хариуцагч Б.Ч нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 21:10 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, АПУ ХХК-ийн хойд замд тоёота приус-20 маркийн 00-000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө гэж заасны Ц.Сг мөргөж биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь зам тээврийн ослын тодорхойлолт, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох №0241711 дүгээр шийтгэлийн хуудас, торгууль төлсөн банкны депозит хуулга зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Энэхүү үйл баримтын талаар буюу гэм буруугийн талаар хариуцагч маргаагүй, гэм хор учруулснаа зөвшөөрсөн.(хх71-73)
8.1. Тээврийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор хариуцагч Б.Чийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг зөрчлийн шинжтэй гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж, иргэн Ц.Сг ослын улмаас өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Б.Чээс нэхэмжлэх эрхтэйг дурджээ.(хх10-11)
9. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй., энэ хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж заажээ.
9.1. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №15227 дугаар шинжээчийн, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 125 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн ... Ц.Сд тархины доргилт, зүүн дээд зовхинд цус хуралт, баруун тохой, зүүн шилбэ, өвдөгний цус хуралт, зүүн шилбэний урд чагтан холбоосны суналт гэмтлүүд тогтоогдлоо гэх дүгнэлтүүд хэрэгт авагдсан.(хх75-84)
9.2. Хариуцагч Б.Ч мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардал 700,000 төгрөгийг төлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч 2,113,030 төгрөг гаргуулах шаардлагаас хасаж, үлдэх 1,413,030 төгрөгийг, өмгөөллийн хөлсөнд төлсөн 1,000,000 төгрөгийг, нүдний шилний үнэ 95,000 төгрөгийг нийт 2,508,030 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
9.3. Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор томилогдсон ******* ХХК-ийн шинжээчийн ТХҮ-922/5090 дүгнэлтээр ...явган зорчигч Ц.Сгийн өмсөж явсан хар хөх өнгийн захны дотор талд Salco гэж бичигдсэн куртикэнд ослын улмаас учирсан хохирлын үнийг 720,000 төгрөг гэж хэрэглэж байсан дундаж ханшаар тогтоосон байна.(хх29-30)
9.4. Хариуцагч нь нэхэмжлэгчийг өмсөж явсан куртикээ өөрөө гэрлийн шонд гогцоолдон урсан энэ ослоос болоогүй гэж маргах боловч, баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
9.5. Хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд мөрдөн байцаах шатанд маргаагүй, хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагчаас куртикний үнэ 720,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
10. Нэхэмжлэгч нь олох ёстой байсан орлого, түрээсийн төлбөр 9,400,000 төгрөгийг, сэтгэл санааны хохирол 3,000,000 төгрөгийг нийт 12,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж шаардсан.
10.1. Нэхэмжлэгчээс Гранд руби ХХК- д /Ruby Hair beauty design center/- д маникюрын зориулалттай өрөөг түрээслэн ажиллуулдаг, сарын түрээсийн төлбөр 650,000 төгрөг төлдөг талаарх албан тоот, түрээсийн гэрээ, нэхэмжлэх, 2022 оны 01 дүгээр сараас 12 дугаар сард түрээсийн төлбөр төлөгдсөн кассын орлого баримтаар гаргаж өгсөн.(хх31-38)
10.2. Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч хэдий хугацаанд өвчтэй байсан талаарх эмчийн магадалгааг, олсон орлогод Татварын ерөнхий хуульд зааснаар хуулиар тогтоосон хугацаанд татвар төсөвт төлсөн эсэх, хүн амын орлогын албан татвар төлсөн эсэх талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, баримтаар нотлоогүй болно. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар орлого олдог байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул 9,400,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
10.3. Нэхэмжлэгч сэтгэл санааны хохирол 3,000,000 төгрөг гаргуулахыг хариуцагчаас шаардсан.
10.4. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2.-т Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана., энэ хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ. гэж заажээ.
10.5. Хэрэгт авагдсан баримт, шүүх хуралдаанаар хэлэлцсэн талуудын тайлбараар нэхэмжлэгч тал сэтгэл санааны хохирлыг шаардах шаардлагыг хэрхэн тооцсон талаар тайлбарлаагүй нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, мөнгөн дүнг өөрийн саналаар гаргасан гэж тайлбарлаж байх тул энэ талаар гаргасан шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгов.
10.6. Нэхэмжлэгч Ц.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд зааснаар шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлүүдийг дүгнээд хариуцагч Б.Чээс 3,228,030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлээс үлдэх 12,400,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 239,590 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 66,599 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Тус иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, зохигчдын хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийн хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Чээс 3,228,030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Сд олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,400,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дуугар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 239,590 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 66,599 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД
Т.ЭНХЖАРГАЛ