| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 171/2021/0144/Э |
| Дугаар | 0062 |
| Огноо | 2021-10-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 0062
Б.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор С.Б
Шүүгдэгч Б.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О
Нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолтой Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.М түүний өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, И овогт Б-н М.
Б.М нь 2020 оны 05 дугаар сарын 20-29-ний өдрийн хооронд аймгийн сумын багийн тоотод оршин суух Г.С-н гэрт хууль бусаар нэвтэрч 210.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг мөнгөн аягыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч И овогт Б-н Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 3 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жил 3 сар 2 хоногийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 6 жил 3 сар 2 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгийн цагдан хоригдсон 120 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо:
... миний бие 2020 оны 05 дугаар сарын 20-оос 2020 оны 05 дугаар сарын 29-ний хоорондох хоёр ширхэг мөнгөн аяга хулгайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өөрийн хийсэн алдааг дахин давтаж гаргахгүй, хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна, хөнгөн ялаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо:
... Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар түүнийг гэм хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хор хохирлын хэмжээ бага, учруулсан хохирлыг биет байдлаар бүрэн хүлээлгэн өгсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй байгаа зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг анхаарч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн шүүгдэгч Б.Мд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөлийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг хэрэглэн ялыг өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр өөрчлөлт оруулж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Б дүгнэлтдээ: ... Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “И” овогт Б-н Мд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 05 дугаар сарын 20-29-ний өдрүүдийн хооронд аймгийн сумын багийн тоотод оршин суух иргэн Г.С-н гэрт хууль бусаар нэвтэрч 2 ширхэг мөнгөн аягыг хулгайлан авч 210.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгч Б.Мгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.С-д 210.000 төгрөгийн хохирол учирсан нь “Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн хувьд шууд санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд анхан шатны шүүх Б.Мг бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байна.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх тухай зохицуулалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд хуульчилсан бөгөөд шүүх энэхүү зохицуулалтыг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хувийн байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан.
Анхан шатны шүүх хуульд заасан дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял /хоёр жилээс найман жил хүртэл/-ын доод хэмжээгээр буюу хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.
Шүүгдэгч Б.М нь урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, ял шийтгүүлж байсан бөгөөд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялын хэмжээ нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Х.О нарын гаргасан “...ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх буюу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 3 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 6 жил 3 сар 2 хоногоор тогтоосон байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан “хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих тухай” дээрх зохицуулалтад хамаарахгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР