Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2023/0374

 

       2023         04           19                                    128/ШШ2023/0374

 

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд,  нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Т*******, гуравдагч этгээд Х.Ө******* нарыг оролцуулан Ю.О*******, Б.Ч******* нарын нэхэмжлэлтэй, ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э******* нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтдээ:  “... иргэн Х.Ө*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Т******* нартай бодит байдал дээр дүгнэлт хийн ярилцаж, кадастрын зураг зөрүүтэй байгаа боловч бодит байдал дээр эзэмшиж байгаа газар объект сууц ямар нэгэн зөрчилгүй байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2003-2004 оны хооронд Нийслэлийн хэмжээнд кадастрын зураг хийгдсэн. Тусгай эрх бүхий компаниуд хийсэн. Энэ нь бодит амьдрал дээр зөрчилтэй байдаг нь харагдаад Х.Ө******* маргаан гаргасан байдаг. Энэ бүхэн шүүхээр шийдэж болохгүй гэж хоорондоо тохиролцоод одоогийн байгаа хашаалсан амьдарч буй талбайн асуудлаа шийдье. Нарийн ширийн зүйлээ болъё гэсэн тохиролцоонд хүрсэн. Миний ойлгосноор Х.Ө******* нь Ю.О*******, Б.Ч******* нарт гомдол гаргахаа болъё гэсэн. Түүнийг үндэслээд Б.О*******, Ю.Ч*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э******* нар Захиргааны хэргийн шүүхэд гаргасан гомдлоо татъя гэсэн. Ийм тохиролцоонд бид хүрээд маргаангүй гэж хариуцагчийн хувьд ойлгоод орж ирж байна” гэв.

Гуравдагч этгээд Х.Ө******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний зүгээс Б.Ч*******, Ю.О******* гэх хоёр хөрштэйгөө ийм маргаан үүсгээд яах вэ, эзэмшиж байгаа газраа байгаагаар нь эзэмшээд явах саналтай байна. Миний хувьд гомдол, санал байхгүй” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ”, 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр товлогдсон шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э******* нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа илэрхийлж энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн.

Мөн нэхэмжлэгч нараас 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр  Х.Э*******од олгогдсон итгэмжлэлээр нэхэмжлэлээс бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрх олгогдсон.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ю.О*******, Б.Ч******* нарын нэхэмжлэлтэй, ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох “******* дүүргийн 12 дугаар хорооны 4 дүгээр гудамж, 287, 267 тоотуудад газар зохион байгуулалт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн шүүхээс нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, 122 дугаар зүйлийн 122.2-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” болохыг тайлбарлаж холбогдох баримтад гарын үсэг зуруулсан болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг үндэслэн Ю.О*******, Б.Ч******* нарын нэхэмжлэлтэй, ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “******* дүүргийн 12 дугаар хорооны 4 дүгээр гудамж, 287, 267 тоотуудад газар зохион байгуулалт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                               А.МӨНХ-ӨЛЗИЙ