Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 1453

 

 

МАГАДЛАЛ

 

2019.08.02                                                Дугаар 1453                                     Улаанбаатар хот

 

 

 

“МД” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/01027 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “МД ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Э Э П ” ХХК, Э.М нарт холбогдох,

 

Хариуцагч Э.М-ын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 36 008 801 төгрөгийг баталгаа гаргасан “Э Э П ” ХХК болон Э.М нараас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах,          100 000 000 төгрөгийг гаргуулах, баталгааны хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Э.М-ын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Т,

Хариуцагч Э.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон “Э Э П ” ХХК-ийн төлөөлөгч В.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Э.М-тай дүр үзүүлсэн хэлцэл 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хийсэн бөгөөд тус хэлцэлийн дагуу Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 хороолол, 30 дугаар байр, 244 тоот хаягт байрлах, Ү-2204065882 тоот улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууцыг Э.М-ын өмчлөлд шилжүүлсэн. Дээрх гэрээг дүр үзүүлж хийсэн хэлцэл гэдгийг талууд хүлээн зөвшөөрч, үр дагаврыг нь арилгаж, “МД ” ХХК буцаан өмчлөлдөө шилжүүлэхийг Э.М-аас шаардсан. Э.М нь хүчин төгөлдөр бус хэлцэлийн үндсэн дээр шилжүүлэн авсан дээрх орон сууцыг “МД ” ХХК-д буцаан шилжүүлэх гэсэн боловч тус орон сууцыг “ЖЭБК  ” ББСБ ХХК-д            36 008 801 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан байсан тул “МД ” ХХК нь Э.М-ын өмнөөс түүний хүлээсэн зээлийн үүргийг гүйцэтгэсэн. “МД ” ХХК нь Э.М-ын авч ашигласан зээлийн үүргийг түүний өмнөөс гүйцэтгэхдээ Э.М-ыг дээрх төлбөрийг буцаан төлөх төлбөрийн баталгаа болгож “Э Э П ” ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц буцаан худалдан авах болзолтой худалдах, худалдан авах гэрээг байгуулж, “Э Э П ” ХХК тус гэрээнд заасан орон сууцыг буцаан худалдан авах болзол тавьж хэлцэл хийсэн. Гэтэл дээрх гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгө нь улсын бүртгэлийн гэрчилгээгүй ямар ч баталгаагүй зөвхөн Захиалгын гэрээ л байгаа энэхүү гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд Э.М-ын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 36 008 801 төгрөгийг төлбөрийн баталгаа гаргасан “Э Э П ” ХХК болон Э.М нараас гаргуулж, “МД ” ХХК-д олгож хохиролгүй болгож     өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Э.М нь “МД ” ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 1-ний өдөр                     Ү-2204065882 дугаарын бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 30 дугаар байр, 244 тоот хаягаар байрлах орон сууцыг 65 000 000 төгрөгөөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хуульд заасан журмын дагуу татвар төлөгдөж, гэрээ нотариатаар баталгаажуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Уг орон сууц нь Г.Э ба “МД ” ХХК нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу “МД ” компанийн өмчлөлд шилжиж ирсэн. Иргэн Г.Э нь дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6740 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн иргэний хэргийн шүүх хуралдааны 001/XT2016/00250 тоот тогтоолоор иргэн Г.Э ба “МД ” ХХК нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон.МД ” ХХК нь ажиллаж байсан компанид гэрээний дагуу ажлын хөлсийг төлөхгүй зайлсхийж байсан тул компанийн удирдлагын зүгээс уг байрыг “ЖЭБК  ” ББСБ ХХК-д 2016 оны 2 дугаар сарын өдөр зээлийн гэрээ байгуулж, сарын 3.5 хувийн хүүтэй 26 500 000 төгрөгийн зээл авсан. Уг зээлийн зориулалтыг “Э Э П ” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан ба зээлийн эргэн төлөлтийг бүрэн хариуцахаар тохиролцсон. Үүний дагуу “МД ” ХХК нь Э.М-аас байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж орон сууцны өмчлөлийг шилжүүлэхийг хүссэн. “МД ” ХХК нь гэрээний дагуу ажлын хөлсийг “Э Э П ” ХХК-д төлөхгүй удааж байсан тул нь “Э Э П ” ХХК нь Э.М-ын өмчлөлийн байрыг “ЖЭБК  ” ББСБ-д барьцаалж санхүүжилт авсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийг бүрэн хариуцахаар тохиролцсон. Э.М зээлийн гэрээний дагуу “ЖЭБК  ” ББСБ-д зээлийн үндсэн төлбөр, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 36 008 801 төгрөгийн төлбөртэй болсон. Э.М нь уг зээлийг аваагүй ба зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг “Э Э П ” ХХК нь бүрэн хариуцахаар тохиролцсон “Э Э П ” ХХК нь харилцагч “МД ” ХХК нь гэрээнд заасан гүйцэтгүүлсэн ажлын төлбөрийг төлөөгүйгээс болж зээл авах, төлбөрийн дарамтанд орсон. “МД ” ХХК нь дээрх гэрээтэй холбоотой ямар нэгэн төлбөр нэхэмжлэхгүй талаар баталгаа гаргаж орон сууц худадах, худалдан авах гэрээг цуцласан тул “МД ” ХХК-ийн Э.М-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагч “Э Э П ” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “Э Э П ” ХХК нь “МД ”    ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба гэрээг дуусгавар болоход 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж жил бүр сунгаж ажиллаж ирсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үл хөдлөх хөрөнгийн татварын тухай хуулийн дагуу 2 хувийн татвар төлөгдсөн. Иргэний эрх зүйн харилцаа үүссэн байгаа. Өмчлөгчийн хувьд Э.М нь өөрийн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй бөгөөд үүний дагуу “ЖЭБК  ” ББСБ ХХК-д 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулсан байдаг бөгөөд эдгээр гэрээнүүд нь бүгд хүчин төгөлдөр. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан орон сууц буцаан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Эдгээр гэрээнүүд бүгд хүчин төгөлдөр юм. МД  ХХК нь н.Э  гэж хүнээс худалдах худалдан авах гэрээ байгуулан өөрийн өмчлөлд шилжүүлж авсан байдаг. н.Э  нь МД  ХХК-ийг шүүхэд өгч өмчлөх эрхийг өөрт шилжүүлэн авсан байдаг. МД  ХХК нь Э.М-д тус байрыг худалдсан болохоор бага зардлаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд буцаагаад худалдан авахыг хүссэн байдаг. Хэрэгт авагдсан баримтад баталгаа байдаг. Тус баталгаанд Э.М нь 2015 оны 08 сарын 01-ний өдөр байгуулсан гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл байсан. Нөгөө талаас МД  ХХК нь Э.М-д ямар нэгэн байдлаар шүүх цагдаагаар явахгүй гэсэн баталгаа гаргасан байдаг. Тухайн үед н.БИ захирал нь компанийн тухай хууль болон дүрэм хөдөлмөрийн гэрээг зөрчин орон сууцыг худалдсан байдаг. Үүний дагуу нотлох баримт гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх хангасангүй. МД  ХХК нь 2018 онд Хувьцаат компани болсон бөгөөд санхүүгийн зохицуулах хорооны хяналтад байдаг бөгөөд эдгээр доголдолууд илрэхээр компанийн тухай хуулиар 65,000,000 төгрөгийн торгууль төлж таарах байсан. Тэгэхээр Э.М-тай байгуулсан гэрээгээр 20,000,000 төгрөгийн торгууль төлөхийг хүссэн байдаг. Э.М нь МД  ХХК-ийн хуулийн ажилтанд н.У-д  итгэмжлэл олгож гэрээ байгуулах эрх олгосон байдаг. Э.М анх гэрээ байгуулахдаа итгэмжлэл өгөх эрхээ хууль ёсны дагуу олж авсан байдаг бөгөөд талуудаас энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Энэ гэрээ хүчин төгөлдөр байгаа учраас түүний дараа дараагийн гэрээ мөн хүчин төгөлдөр гэж үзэж байна. Тэгэхээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Э Э П  ХХК-ийн хувьд МД  ХХК-д 2014 оноос хойш ажил гүйцэтгэх гэрээ гүйцэтгэсээр ирсэн. Энэ компани одоогийн байдлаар манайд 107,000,000 төгрөгийн өртэй явж байгаа. Энэ гэрээ нь СБД-ийн ИХАШШ-д иргэний хэрэг үүссэн байгаа бөгөөд үүнийг шүүхэд гаргаж өгсөн. Компанийн зүгээс нэхэмжлэгч орон сууц буцаан худалдах худалдан авах гэрээг хүчингүй гэж үзэж байгаа учраас бид сөрөг нэхэмжлэл гаргаагүй. “Э Э П ” ХХК-ийн хувьд ямар нэгэн батлан даалт баталгаа хэн нэгэнд гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 2 дугаар сарын    17-ны өдөр Э.М нь “ЖЭБК  ” ББСБ ХХК-тай сарын 3.5 хувийн хүүтэй 26.5 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр “МД ” ХК нь Э.М-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцлах гэж үзсэн бөгөөд дараа нь дээрх орон сууцыг буцаан худалдах авах хүсэл зориг илэрхийлсэн. Э.М нь орон сууцыг худалдан авах хүсэл зоригийг нь хүлээн авсан бөгөөд талууд тохиролцсоны үндсэн дээр “МД ” ХК нь Э.М-ын зээлийн гэрээний дагуу “ЖЭБК  ” ББСБ-д зээлийн үндсэн төлбөр, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 36.008.801 төгрөгийн төлбөрийг төлж бэлнээр 20 000 000 төгрөг өгсөн тухай санхүүгийн баримт үйлдсэн бөгөөд дээрхи төлбөрийг “МД ” ХХК нь өгөөгүй болно. Э.М нь МД  ХХК-ийн хуулийн мэргэжилтэн Э.У-д  итгэмжлэл хийж орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулах болон холбогдох үйлдэл хийх эрхийг олгосон. Уг итгэмжлэлд байрны үнийг 20 000 000 төгрөг гэж зааж орон сууц худалдах, худалдан авах гэрээний агуулгын талаар ноцтой төөрөгдөж тусгасан байна. Учир нь “МД ” ХХК-ийн ЖЭБК   ББСБ-д төлсөн 36 008 801 төгрөгийг байрны үнэд шингэсэн гэж ойлголттой байсан. Үүнээс үзэхэд “МД ” ХХК ба түүний хуулийн мэргэжилтэн Э.Удвал нар үгсэн хуйвалдаж Э.М-ыг ноцтой төөрөгдөлд оруулж хүчин төгөлдөр бус гэрээ байгуулах замаар Э.М-ын өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар авсан байна. Иймд худалдах, худалдан авах гэрээний агуулгын талаар ноцтой төөрөгдсөн байсан тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т заасны дагуу Э.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвалын “МД ” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож Ү-2204065882 дугаарын бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 хороо, 12 хороолол, 30 байр, 244 тоот хаягаар байрлах орон сууцыг иргэн Э.М-ын өмчлөлд шилжүүлж, хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Иймээс Э.М нь ноцтой төөрөгдөлд орсоны улмаас “МД ” ХХК-тай өөртөө илт хохиролтой орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Э.М ба “МД ” ХХК нарын хооронд байгуулсан баталгааны хэлцлийг хүчин төгөлдөр бус тооцуулж өгнө үү. Дээрх гэрээ нь бусдыг төөрөгдөлд оруулсан гэж үзэж байгаа учраас гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлтэй юм. Уг барилга нь гуравдагч этгээдэд шилжиж цааш гуравдагч этгээдээс шилжүүлсэн учраас “МД ” ХХК-иас тухайн байрны зах зээлийн үнийн дүнгээр 100 000 000 төгрөг гаргуулах, мөн “МД ” ХХК-ийн хүсэлтээр Э.М-ын гаргаж өгсөн баталгааг хүчингүй болгож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан гэжээ.  

Нэхэмжлэгч МД ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Талуудын хооронд байгуулж байсан 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн баталгаа нь хүчин төгөлдөр юм. Энэ баталгаагаар талууд 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эд хөрөнгө худалдах худалдан гэрээг дүр үзүүлсэн хэлцэл гэж өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч талын ярьж байгаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хэлцэл нь өөрөө заавал шүүхээр тогтоолгох ч юм уу, хэн нэгэн эрхтэй этгээдийн тогтоодог хэлцэл биш үр дагавар нь бол анхнаасаа байгуулсан цагаасаа ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй учраас талууд үүнийг илэрхийлэн баталгаа гарган тодорхойлсон байдаг. Түүнээс биш ямар нэгэн эрхгүй этгээдээр хүлээн зөвшөөрүүлснээр тэр хэлцэл хүчин төгөлдөр бус гэж илэрхийлэхгүй. Хариуцагч талаас баталгаанд зааснаар Э.М-тай холбоотой шүүхэд гомдол гаргахгүй, санхүүгийн үүрэг хүлээхгүй гэж байна. МД  ХК-иас нэхэмжилж байгаа           100 000 000 төгрөг бол бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй. Дээр нь баталгааг ямар үндэслэлээр хүчингүй болгуулах гэж байгаа нь тодорхойгүй. Гэтэл МД  ХХК-ийн зүгээс баталгаанд заасан нөхцөлийг зөрчсөн гэж ярьдаг боловч тийм зүйл байгүй. Орон сууцыг буцаан шилжүүлэхтэй холбоотой бүхий л татвар хураамжийг төлнө гэсэн МД  ХХК төлсөн байгаа баримтаар бүгд байгаа. Мөн 65 000 000 төгрөгийн дүр үзүүлсэн хэлцлээр ямар нэгэн байдлаар шүүхэд хандахгүй гэснээр шүүхэд хандсан зүйл байхгүй. Энэ баталгаа нь Иргэний хуулийн ямар заалтаар хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа юм уу эсхүл хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзэж байгаа юм уу тодорхойгүй учраас талуудын хооронд хийсэн тохиролцоо нь хүчин төгөлдөр юм. Хариуцагчийн гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Э.М-аас 36 008 801 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МД ” ХХК-д олгож, үлдсэн Э Э П  ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч МД  ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, орон сууцны зах зээлийн үнэ 100 000 000 төгрөгийг гаргуулах, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр иргэн Э.М ба МД  ХХК нарын хооронд байгуулагдсан баталгааны хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох хариуцагч Э.М-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч МД  ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 338 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МД  ХК-д олгож, хариуцагч Э.М-аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 328 150 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, зарим нотлох баримтыг буруу үнэлсэн, зарим нотлох баримтыг огт үнэлээгүйгээр хэргийг шүүх шийдвэр гаргасан бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч Э.М нь хуульд заасны дагуу дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүх зарим нотлох баримт буруу үнэлсэн, зарим нотлох баримтыг үнэлээгүй. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д "иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдил бий болох" гэж иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл, 13 зүйлийн 13.1-т "Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх. үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ", 39 дүгээр зүйлийн 39.1-т "Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ" гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 зүйлийн 37.1-т "Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай, оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлэх, үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", 40.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэсний дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “МД ” ХХК нь хариуцагч “Э Э П ” ХХК, Э.М нарт холбогдуулан Э.М-ын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 36 008 801 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, хариуцагч Э.М нь орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 100 000 000 төгрөгийг гаргуулах, баталгааны хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хариуцагч “Э Э П” ХХК нь хэн нэгэнд баталгаа, батлан даалт гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч болон хариуцагч Э.М нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл болох талаар талууд маргаагүй, хариуцагч Э.М нь тухайн гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Их тойруу гудамж 30 дугаар байр, 244 тоот, 54,77 м.кв талбай бүхий орон сууцыг 26 500 000 төгрөгийн зээлд барьцаалан, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “ЖЭБК   ББСБ” ХХК-тай зээл, барьцааны гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нь орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар Э.М-ын зээлийн төлбөр 36 008 801 төгрөгийг зээлдүүлэгчид төлсөн зэрэг үйл баримт тогтоогджээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн заримыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Харин хэргийг шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хариуцагч “Э Э П” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь буруу боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон хариуцагч “Э Э П” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн гаргасан “...хэрэгт цугларсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй...” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/01027 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.М-аас 36 008 801 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МД ” ХХК-д олгож, “Э Э П” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад хариуцагчаас төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 328 150 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                            ШҮҮГЧИД                                   А.МӨНХЗУЛ

 

                                                                    М.НАРАНЦЭЦЭГ