Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2023/0399

 

   2023          04           27                                    128/ШШ2023/0399

                                                                                    

                                     

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
А.Мөнх-Өлзий даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Г*******” ХХК /РД:*******/

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О******* /РД:*******/,

            Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хууль эрх зүй, дотоод хяналтын газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч С.Г*******

Гуравдагч этгээд: Б.Т******* /РД:*******/,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ч /РД: / нарын хоорондын “...Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн” гэх зөрчилд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, хариуцагч Л.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э******* нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага:

1.1. Гомдол гаргагч “Г*******” ХХК-аас “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А*******гийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0002262 дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А******* нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.Т*******гээс ирүүлсэн гомдлын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 0002262 дугаар шийтгэлийн хуудас гаргажээ.

2.2. Тус Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002262 дугаар шийтгэлийн хуудсаар “Г*******” ХХК-ийн “G” нэртэй дуудлагын хими цэвэрлэгээний газар нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б.Т*******гийн 1,298,000 төгрөгийн үнэ бүхий өдөн куртикийг дуудлагаар авч явж хими цэвэрлэгээний газарт хүлээн авахдаа эдэлгээний байдал, согог гэмтэл, толботой эсэхийг шалгаж аваагүй, ангилан ялгах, цэвэрлэгээнд оруулахдаа куртикний дотор энгэрт байрлах цэвэрлэгээний заавартай танилцаагүй, зааврыг дагаж мөрдсөн эсэх нь тодорхойгүй, угаах болон хатаах явцад логоны өнгө өөрчлөгдөх, логоны төмөр нь барбантай хавирч хувцас эдлэлд гэмтэл үүсгэхээс сэргийлж, цахилгааны товч, логог хамгаалалтын бүрхэвчээр бүрж хамгаалах арга хэмжээ аваагүй, хуурай хими цэвэрлэгээгээр бус усан угаалгаар угаасан болох нь тогтоогдсон бөгөөд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасан “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч хэрэглэгчээс бараа, ажил, үйлчилгээний чанарын доголдлын талаар тавьсан шаардлагыг хуульд заасны дагуу барагдуулах үүрэг хүлээнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 5,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байна.

2.3. Гомдол гаргагч нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд хандан гомдол гаргажээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:   

3.1. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* шүүхэд ирүүлсэн гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1.1. “Бид дараах үндэслэлээр гомдол гаргасан. Нэгдүгээрт шийтгэлийг анх шалгаж байсан үндэслэл, зүйлийг өөрчилсөн тухай үндэслэл болон тайлбарыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад огт танилцуулахгүйгээр өөр зүйл ангиар шийтгэсэн. Тухайлбал Зөрчлийн тухай хуулийн 10.2.5 дахь хэсэгт заасан стандарт зөрчсөн гэсэн зөрчлийг шалгаж байгаад яг шийтгэл оногдуулахдаа бидний шийтгэл гардаж авах өдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр уулзахад Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуульд заасан үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн эрх үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр шийтгэл ноогдуулсан. Энэ нь тухайн захиргааны актыг хууль бус болгож байгаа гэж бид үзэж байна.

3.1.2. Яагаад гэвэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хувьд “Г*******” ХХК нь ямар зөрчилд шалгагдаж байгаагаа мэдэх, тайлбар гаргах хуульд заасан эрхтэй байдаг. Мөн Захиргааны ерөнхий хуулийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд давхар хэрэглэж болох тогтоолтой. Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулахдаа захиргааны акт гаргахдаа захиргааны акт гаргах эрх олгосон хууль, захиргааны актын зүйл заалтын талаар мэдээлэл танилцуулна гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 27.3.2-т заасан заалт байна. Эдгээр заалтууд нь харилцан уялдаатайгаар үйлчлэх ёстой. Тухайн шалгаж байгаа зөрчлийнх нь тухай, зүйл заалтынх нь тухай тодорхой мэдээллийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгөөд түүн дээр үндэслэн мэдээлэл, тайлбар, баримт байвал гаргуулж авах ёстой байсан. Улсын байцаагч ийм зөрчил гаргасан гэж үзэж байна.

3.1.3. “Г*******” ХХК нь хууль тогтоомж, стандарт, хэрэглэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан. Актад заасан шиг хэрэглэгчийн өмнө хүлээсэн үүргээ зөрчөөгүй. Стандарт зөрчөөгүй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон юм шиг байгаа юм. Тэрний үндэслэл дээр зүйлчлэлийг нь өөрчлөөд өөр зүйлээр шийтгэл ноогдуулсан юм шиг байгаа юм.

3.1.4. Болсон процессын хувьд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хэрэглэгч Б.Т*******ээс нийт 9 ширхэг хувцас, эдлэлийг цэвэрлэх захиалга аваад жолооч гэрээс нь очиж авсан. Манайх гэрээс нь очиж авдаг үйлчилгээтэй. Манай хими цэвэрлэгээний газрын туслах менежер 02 дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг 50 минутад жолоочоос ирсэн хувцсыг шалгаж хүлээн авч баримт үйлдэж байгаа бичлэг хэрэгт авагдсан. Энэ дээр үзлэгийн ажиллагаа хийгдээд үзлэгийн ажиллагааны явцад хувцсыг 3 секунд орчим шалгаад хүлээж авч байна гэсэн тэмдэглэл гарсан байгаа. Ингээд 02 дугаар сарын 18-нд куртикийг цэвэрлэгээнд оруулсан. Хиртэлт ихтэй байсан учир өөрийнх нь хувцсан дээрх үйлдвэрийн шошгын зааврын дагуу бүлээн усанд нойтон цэвэрлэгээнд усан угаалгаар угааж цэвэрлэсэн. Машины маркаа бид нэхэмжлэл дээр бичсэн. Энэ машинаар энгийн нунтаг ашиглаж угаасан.

3.1.5. Бид улсын байцаагчид хэрэглэдэг бүх машин механизм, тоног төхөөрөмжүүдээ, E/S20 маркийн усан угаалгын машинаа танилцуулсан. Газар дээр нь бас үзүүлсэн байж байгаа. Дараа нь зориулалтын хатаагч машинд мөн зааврын дагуу хатаасан. Ингээд угаалгын дараах цэвэрлэгээ хийгээд 02 дугаар сарын 19-нд хэрэглэгчид хувцсыг нь хүргэж өгөхөд өд нь бөөгнөрсөн байна гэсэн гомдол гаргасан учир 02 дугаар сарын 21-нд буцаж очоод гэрээс нь авсан. Хэрэглэгч тухайн үед хувцсыг нь буцаж очиж авсан хүнээс та нар яаж өдийг нь зүгээр болгох вэ, яаж бөөгнөрлийг нь арилгах вэ гэж удаа дараа асууж байсан. Үйлдвэр дээр очоод технологич маань шийддэг гэдгийг хэлээд авч явсан байдаг. Ингээд 02 дугаар сарын 21-ний өдөр өдийг зориулалтын хатаагчаар хүйтэн агаараар хатаасан, машиныг байцаагчдаа танилцуулсан байдаг.

3.1.6. Ингээд өдийг тараах ажиллагаа хийгдсэн. Куртик нь хатсан байсан, зөвхөн өд бөөгнөрсөн асуудал байсан тул халаах, индүүдэх, ямар нэгэн түлэх ажиллагаа хийгдээгүй. Яг зориулалтын машинд хийгээд тараасан 72 цагийн бүх бичлэг, 3 камераар тасралтгүйгээр бид улсын байцаагчид гаргаж өгсөн. Энэ бичлэгүүдийн сонгогдсон хэсгүүд нь хэрэгт авагдсан байсан. Хэрэглэгч куртикээ хүлээж аваад 2 дугаар сарын 24-ний өдөр туслах менежертэй утсаар ярихдаа өд нь сайхан тарсан байна. Харин та нар куртикийг задлаад буцаагаад оёсон байна, энэ талаар гомдолтой байна гэж хэлсэн. Манай туслах менежер бид технологийн дагуу ажилласан. Манай компани куртикийг задлаагүй, оёогүй, өдийг л тараасан гэдгээ хэлсэн. Тэгэхэд хэрэглэгч гомдолтой байна куртикний үнийг төлүүлмээр байна гэсэн.

3.1.7. Энэ асуудлыг сүүлд нь улсын байцаагч зөрчлийн хэрэг үүсгэх явцдаа шалгахад Ханбүргэдэй дэлгүүр дээр очиж шалгалтын ярилцлага хийхэд тус дэлгүүрийн худалдагч энэ өдөн куртикний ханцуйны нэг талын оёдол нь буруу талаасаа оёдолтой байдаг. Угаасаа ийм оёдолтой байдаг гэдгийг тайлбарлаж хэлсэн байдаг. Тэгэхээр өд задалсан нөхцөл байдал тогтоогддоггүй. Манай зүгээс өдөн хүрмийг стандартын дагуу угааж цэвэрлэсэн бөгөөд цэвэрлэгээний явцад өдөн хүрэмтэй харьцсан бүх тасралтгүй бичлэгийг улсын байцаагчид гаргаж өгснөө дурдсан. Ийнхүү угааж цэвэрлэх явцад цахилгаан, товч зэрэг бүх төмөр хэсгүүд яг ижилхэн ил байдаг. Гэтэл үүний цахилгаан товч нь биш эмблем нь өөрчлөгдсөн, өнгө нь хувирсан гэсэн гомдол гаргаад байгаа нь үндэслэлгүй. Зөвхөн логоны өнгө хувираад цахилгааны өнгө хувирахгүй байх боломж байхгүй. Бүгд адилхан ил байдаг. Нэг өвөл буюу 11 дүгээр сараас 2 сар хүртэл өмссөн өдөн хүрмийн ханцуй буюу ил хэсэгт байх логоны өнгө нь анх ирэхдээ ямар байсныг мэдэхгүй.

3.1.8. Энэ хувцасны элэгдэл гэмтэлд хамааралгүй гэж үзээд эхнээс нь энгийнээр хүлээж авсан. Нэгэнт хувцасны төмөр эдлэлүүдийн өнгө өөрчлөгдөөгүй байдаг учраас логоны өнгөний өөрчлөлт цэвэрлэгээний технологиос үүссэн биш харин эдэлгээний явцад үүссэн байх өндөр магадлалтай. Хувцсыг халаах, индүүдэх, халуун аргаар цэвэрлэх ямар ч үйлдэл хийгээгүй нь 72 цагийн бүтэн бичлэгээр харагддаг. Иймд гаднах нь халж тэлэгдсэн, урагдсан гэж байгаа хэрэглэгчийн гомдол үндэслэлгүй.

3.1.9. “Г*******” ХХК-г үүргээ хэрхэн зөрчсөнийг, Зөрчлийн тухай хуулийн 10.2.5-д заасан зөрчил гаргасан болохыг тогтоогоогүй. Улсын байцаагч актын үндэслэлдээ дараах зөрчлүүд байна гэж үзсэн. Нэгдүгээрт шалгаж хүлээж аваагүй, хоёрдугаарт нь ангилан ялгахдаа заавартай танилцаагүй, заавар мөрдсөн эсэх нь эргэлзээтэй, гуравдугаарт нь логог хамгаалалтын бүрхэвчээр бүрж хамгаалах арга хэмжээг аваагүй, дөрөвдүгээрт хуурай хими цэвэрлэгээгээр биш усан угаалгаар угаасан гэх зөрчлүүд байна гэж үздэг. Эдгээр нь бүгд хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгддэг. Тухайлбал хэрэгт авагдсан бүрэн бичлэг, үзлэгийн тэмдэглэлээс харахад хувцсыг хүлээж авахдаа нэг бүрийг шалгаж хүлээн авсан бөгөөд Daniel Hechter брэндийн куртикийг хүлээн авахдаа 3 секунд орчим үзэж шалган хүлээн авсан. Хэрэгт авагдсан бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тодорхой тусгагдсан байгаа.

3.1.10. Мөн товч, логог хамгаалалтын бүрхэвчээр бүрхээгүй, хамгаалах арга хэмжээ аваагүй нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл биш бөгөөд энэ бол Г угаалга, цэвэрлэгээний газрын дотоод журмаар нотлогддог. Энэ дотоод журам дээр хуурай хими цэвэрлэгээнд товч, логог хамгаалах арга хэмжээг авна гэж тусгасан байдаг. Усан цэвэрлэгээнд товч, логог хамгаалах арга хэмжээг авна гэж байдаггүй. Тухайлбал 7.2.1.б-д хуурай хими цэвэрлэгээнд хамгаалах арга хэмжээг тусгасан байдаг бол 7.3 буюу тусдаа зүйл дээр усан цэвэрлэгээнд авах арга жагсаасан байдаг. Энэ арга хэмжээн дотор усан угаалгад товч, логог хамгаалах арга хэмжээг авах талаар тусгаагүй.

3.1.11. Улсын байцаагчийн зүгээс хэргийн оролцогч, эсвэл шинжээч биш манай өрсөлдөгчийн нэг болох, хэрэгт хэрхэн оролцож байгаа нь тодорхойгүй М компаниас очиж уулзалт хийгээд бүх бичлэгээ хэрэгт тусгасан байдаг. Уулзалт дээр юу ярьдаг вэ гэхээр М-ийн ажилтан бүх логог даавуугаар хадаж, эсвэл тугалган цаасаар бүрдэг гэж хими цэвэрлэгээнд хийдэг хамгаалалтын аргыг хэлдэг. Тэрүүгээр энэ технологийг зөрчсөн байна хэмээн манайхыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Өөр хими цэвэрлэгээний стандарт, усан угаалгын систем, ямар нэгэн баримт бичигт, эсвэл хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд усан угаалгаар товч логог хамгаалах тухай ямар нэгэн зүйл тусгагдаагүй байдаг учир энэ үүргийг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

3.1.12. Хуурай хими цэвэрлэгээ биш усан угаалгаар угаах нь хууль тогтоомж, гэрээний үүргийн зөрчил биш. Манайх цэвэрлэгээний газар гэдэг нэртэй боловч усан угаалга, хими цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлдэг. Манай дотоод журам дээр бүгдийг нь тусгасан байж байгаа. Сөдөн куртикний зааварт нь хими цэвэрлэгээгээр цэвэрлэхдээ болгоомжтой цэвэрлээрэй гэсэн заалттай. Тийм учраас сөдөн куртикийг нийтлэгдээ угаалга цэвэрлэгээний газруудын хувьд усан угаалгаар угаадаг. Зөрчлийн хавтаст хэргийн 13 дахь талд заавар нь байдаг. Заавраас харах юм бол усан угаалгаар угааж болох заалттай мөртөө хуурай хими цэвэрлэгээнд доогуураа зураастай гурвалжин байгаа. Тиймээс сөдөн куртикийг манайх зааврын дагуу, мэргэжилтэн нь мэдэж байгаа учраас усан угаалгаар угаасан нь зөрчил биш. Харин ч зааврыг нь мөрдсөн гэдгийг давхар нотолж байгаа гэж үзэж байна. Зааврынх нь дагуу цэвэрлэсэн сөдөн куртикийг анхнаас нь нэгтгэн угааж цэвэрлэж байгаа нь бичлэгээс харагдсаар байхад заавартай танилцаагүй, мөрдсөн эсэх нь эргэлзээтэй гэдэг үндэслэлээр хардаж байгаа юм шиг буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

3.1.13. Эцэст нь хэлэхэд зөвхөн хэрэглэгч гомдолтой  байна гэдгээр шийтгэл хүлээлгэж байгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын акт нь үндэслэлгүй, аж ахуй нэгжийг шийтгэсэн нь хэрэглэгчийн эрхийг хамгаална гэж үзэж болохгүй. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар иргэн Б.Т*******ий гомдлыг хүлээн авангуут “Г*******” ХХК руу 2 өөр дугаараас утасдсан. Энийг Л.А******* байцаагч дээр мэдүүлэг өгч байхдаа хэлсэн. 2 өөр газраас утасдаад Б.Т*******ий куртикийг үнийг нь төлж өг, үгүй бол танайхыг 9 сая төгрөгөөр торгоно гэсэн байдлаар сануулж утасдсан. Үүнийг байцаагч Л.А*******гаас асуухад гомдол, мэдээлэл хүлээн авсан ажилтан ярьсан байх гэж хариулдаг. Ямар ч байсан эрх мэдэлтний өмнө аж ахуй нэгж бурууддаг, тавьсан шаардлагыг нь үг дуугүй биелүүлдэг байх гажууд жишгийг биелүүлээгүйн төлөө шийтгэл оногдуулсан байна. Иймээс үндэслэлгүй байна гэж үзэж байгаа юм. Захиргааны шүүх биднийг хамгаална гэж итгэж байна” гэв.

3.2. Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

3.2.1. “Шийтгэлийг ногдуулахдаа анх шалгаж байсан үндэслэл, зүйлийг
өөрчилсөн, тэрхүү өөрчилсөн үндэслэл, тайлбарыг танилцуулаагүй” гэх
тухайд: ШӨХТГ-т иргэн Б.Т*******гээс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр
"Г*******" ХХК-ийн "G" гэх нэртэй хими цэвэрлэгээний газар өдөн
куртик дуудлагаар өгч цэвэрлүүлсэн боловч өд нь бөөгнөрсөн байсан, дахин
цэвэрлүүлэхэд логоны хэсэгт урсан цаашид өмсөхөд нэмж урагдах магадлалтай,
түлсэн, оёог задлаад буцааж оёсон, өд нь цувж гарч байх тул миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэх гомдол ирүүлсэн. Гомдол мэдээлэлтэй танилцаад танилцаад зөрчил үйлдэгдсэн байж болзошгүй тул хэргийн нотлох баримтыг олж тогтоох, зөрчлийн хэрэг, материалд ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор “Г*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ононгоос тайлбар авахад "тухайн куртикийг хуурай хими цэвэрлэгээгээр цэвэрлэсэн.” гэсэн мэдээлэл өгсөн.

3.2.2. Хими цэвэрлэгээгээр цэвэрлэхдээ “Хуурай хими цэвэрлэгээний стандартыг зөрчсөн байж болзошгүй тул Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээж шалгасан. Зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх явцад “Г*******” ХХК- иас ирүүлсэн тухайн куртикийг хүлээн авах, угаах үйл явцыг бичсэн бичлэгт үзлэг хийхэд хуурай хими цэвэрлэгээ бус усан угаалгаар угаасан болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Хуурай хими цэвэрлэгээний ажил үйлчилгээ ерөнхий шаардлага MNS 5353:2004 стандарт дээр зөвхөн хуурай хими цэвэрлэгээний үйлчилгээд баримтална.” гэж заасан.

 3.2.3. Иймд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зөрчлийн 2202000064 дугаартай хэрэг нээсэн бөгөөд зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3-д "Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч хэрэглэгчээс бараа, ажил, үйлчилгээний чанарын доголдлын талаар тавьсан шаардлагыг хуульд заасны дагуу барагдуулах үүрэг хүлээнэ.” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон.

3.2.4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн
этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах,
Эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ.” гэж заасны дагуу зөрчлийн хэргийн материалтай 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цагт ирж танилцах талаар өрөөний 7000-1285 дугаарын утсаар мэдэгдэхэд холбогдогчоос товлосон цагтаа ирнэ гэж мэдэгдсэн. Гэвч 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ирж танилцан, хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

3.2.5 “Г*******” ХХК үүргээ хэрхэн зөрчсөн болохыг улсын байцаагч
тогтоогоогүй” гэх тухайд: Оролцогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, “Г*******” ХХК-иас ирүүлсэн бичлэг, оролцогчоос ирүүлсэн холбогдох нотлох баримтуудаар тухайн өдөн куртикийг “G" хими цэвэрлэгээний газарт хүлээн авахдаа эдэлгээний байдал, согог гэмтэл, толботой эсэхийг шалгаж аваагүй, ангилан ялгах, цэвэрлэгээнд оруулахдаа куртикны дотор энгэрт байрлах цэвэрлэгээний заавартай танилцаагүй, зааврыг дагаж мөрдсөн эсэх нь тодорхойгүй, угаах болон хатаах явцад логоны өнгө өөрчлөгдөх, логоны төмөр нь барбантай хавирч хувцас эдлэлд гэмтэл үүсгэхээс сэргийлж цахилгааны товч, логог хамгаалалтын бүрхэвчээр бүрж хамгаалах арга хэмжээ аваагүй, хуурай хими цэвэрлэгээгээр бус усан угаалгаар угаасан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан дүрс бичлэгээр тогтоогдсон.

3.2.6. Иймд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч хэрэглэгчээс бараа, ажил, үйлчилгээний чанарын доголдлын талаар тавьсан шаардлагыг хуульд заасны дагуу барагдуулах үүрэг хүлээнэ.” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу шийтгэлийг оногдуулахаар шийдвэрлэсэн. “Гүүд шэйринг” ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.3. Хариуцагч Л.А******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

3.3.1. “Иргэн Б.Т*******ээс 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Г*******” ХХК-ийн G гэдэг нэртэй хими цэвэрлэгээнд өдөн куртик дуудлагаар өгч цэвэрлүүлсэн. Гэтэл өд нь бөөгнөрсөн, чийгтэй байсан тул дахин гомдол гаргаж цэвэрлүүлсэн. Цэвэрлүүлсний дараа логоны хэсэгт урсан, цоолсон, цаашид өмсөхөд нэмж урах магадлалтай, түлсэн оёог нь задлаад буцааж оёсон, өд нь цувж байна, миний энэ хохирлыг барагдуулж өгнө үү гэсэн гомдол мэдээллийг ирүүлсэн.

3.3.2. Энэ гомдол мэдээллийн дагуу тус компанийн гүйцэтгэх захирал Н.Ононгоос тайлбар авдаг. Манайх энэ куртикийг хуурай хими цэвэрлэгээгээр цэвэрлэсэн. Ийм зөрчил гаргаагүй гэдэг тайлбарыг өгсөн. Үүний дагуу шалгахад стандартыг зөрчсөн байж болзошгүй байх тул зөрчлийн хэрэг нээж шалгасан. Ингээд зөрчил шалган шийдвэрлэх явцдаа Ханбүргэдэй дэлгүүрийн Daniel Hechter гэдэг тасгийн ижил төрлийн бараануудад очиж үзлэг хийсэн. Тэгэхэд ижил төрлийн куртикуудын хувьд дотор ханцуйны дотор талын оёог гаднаас нь оёдог болох нь тогтоогдсон. Мөн логог нь харьцуулж үзэхэд логоны өнгө нь өөр байсан. Тухайн куртиктэй холбоотойгоор нотлох бусад гаалийн мэдүүлгийн гэх мэт мэдээллүүдийг гаргуулж авсан.

3.3.3. Ингээд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч томилуулж куртикийг шилжүүлсэн. Энэ дотроос нь задалсан, өд нь цувж байгаа энэ асуудлыг тодорхойлох боломжгүй. Гэхдээ дулааны элчинд үйлчлэлээр үүссэн өнгөц түлэгдэлт байна. Үүссэн цооролт, гэмтлүүд нь хатуу иртэй зүйлтэй харилцан үйлчлэхэд үүссэн гэмтлүүд байна гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон.

3.3.4. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд  “G” хими цэвэрлэгээний газар очиж танилцсан. Хатаагчаас гарч ирэхдээ гар хүрэхийн эцэсгүй халуун маш халуун байдалтай байдаг юм байна лээ. Анх дуудлагаар хүлээж авахдаа хүлээж авсан баримт үйлддэггүй, тэгээд яг хими цэвэрлэгээ дээр нь ирэхээр үзэж хараад баримтыг үйлддэг. Тэгэхдээ яг энэ хэрэгт авагдсан сиди, бичлэгээс нь үзэхэд хальт  хараад л хийчхэж байгаа юм. Тэнд эргүүлж тойруулж үзээд хаана ямар гэмтэл согог байна, энэ бүгдийг нарийвчилж үзээгүй.

3.3.5. Хэрвээ тэнд нарийвчилж үзээд үнэхээр тэнд гэмтэл согог байсан бол баримт дээр гэмтэл хэсэг гэж байгаа шүү дээ. Гэмтэлтэй хэсэг толботой хэсэг гээд тэр дээр энэ газар нь ийм түлэгдэлттэй, энд нь ингээд цоорсон, толботой байсан ийм хэсгүүд тодорхой бичсэн байдаг юм байна лээ. Гэтэл энэ дээр тэмдэглээгүй байгаа нь тухайн үед тийм гэмтэл түлэгдэлт байгаагүй гэж үзэхээр байгаа юм.

3.3.6. Хими цэвэрлэгээний газарт очоод 2 ажилтнаас нь, тухайн үед куртикийг хүлээж авсан ажилтнуудаас мэдүүлэг авсан. Хүлээж авчхаад хими цэвэрлэгээний хэсэг рүү оруулахдаа бас яг машин руу хийж угаахдаа дотор талын лого, ямар тэмдэглэгээтэй байгаа юм, яаж угаах юм гэдгийг ерөөсөө үзэхгүй байгаа байхгүй. Бичлэг дээр нь байгаа. Зүгээр л хар цагаанаар нь ялгаад л хийж байгаа. Тэр хувцасны дотор талд байгаа цэвэрлэгээний заавар дээр энэ эмзэг материал, хуурай юм уу усан угаалгаар угааж болно гэж тэмдэглэсэн байдаг юм. Гэхдээ энэ эмзэг материал учраас энийг бас усан угаалга биш хими цэвэрлэгээгээр угаах нөхцөл байсан байх гэж бодож байна. Гэхдээ өөрсдөө эхлээд хуурай хими цэвэрлэгээгээр угаасан гэж үздэг юм. Тэгээд зөрчил шалган шийдвэрлэх явцад энэ нь тогтоогдохгүй, усан угаалгаар угаасан болох нь тогтоогддог. Шинжээчийн дүгнэлт, оролцогчийн мэдүүлэг энэ бүгдийг үндэслээд энэ торгуулийн арга хэмжээг авсан. Стандартын шаардлагыг хангасан тохирлын гэрчилгээ авсан ганцхан хими цэвэрлэгээний газар нь “М” байдаг учраас албан бичгээр хандсан”  гэв.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.4.1. Эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, “Г*******” компанийг хэрэглэгчийн куртикт гэмтэл учруулсан байна, чанарын шаардлага хангаагүй, дотоод журамд нийцээгүй зөрчил учруулсан энэ үйлдэл нь зөрчлийн шинжтэй эсэхийг шалган тогтоож, зөрчлийн шинжийг харгалзан Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

3.4.2. Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар “Г*******” компанийн энэ буруутай үйл ажиллагааны улмаас хэрэглэгчийн цэвэрлүүлэхээр өгсөн куртикт гэмтэл учирсан. Анх куртикийг хэрэглэгчээс хүлээлгэн өгөхөд үүсээд байгаа гэмтэл байгаагүй нь тогтоогдсон. Мөн энэ зөрчлийн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тухайн гэмтэл нь яг ямар нөлөөллийн улмаас үүссэн гэдэг тал дээр бол тодорхой шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ тухай холбогдох мэргэжлийн хүмүүсээр  дүгнэгдсэн шинжээчийн дүгнэлт байдаг.

3.4.3. Өөрөөр хэлэх юм бол тухайн куртикийг 2021 оны 11 дүгээр сард авсан. Тухайн хими цэвэрлэгээнд өгсөн хугацааны хувьд бол 2022 оны 02 дугаар сарын 18-нд өгсөн. Тэгэхээр энэ хугацаанд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаад байгаачлан яг энэ үүсээд байгаа гэмтэл үүсэх боломжтой байсан юм шиг ийм зүйл яриад байна. Гэтэл логикийн хувьд бодоход ч гэсэн ямар ч боломжгүй ийм зүйл байгаад байгаа.Гэтэл “Г*******” компаниас өөрсдийн энэ үйлдэл болоод гуравдагч этгээдэд учирсан хохирлыг хүлээн зөвшөөрөөгүй.

3.4.4. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэхээс өмнө болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд ч гэсэн өөрсдийнхөө хэрэглэгчид хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй. Энэ үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөлийн шинжийг хангаж байгаа юм. Мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.1-д хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар яг ямар зарчим баримтлах вэ гэдгийг зааж зохицуулж өгсөн байдаг. Энд зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил үйлчилгээ чанарын зохих шаардлагыг хангасан байх зарчмыг  баримталж ажиллахаар заасан. Тэгэхээр “Г*******” компанийн чанаргүй ажил үйлчилгээний улмаас хэрэглэгч хохироод байгаа энэ үйл баримтыг  шүүхээс анхаарч үзэж энэ гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

3.5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

3.5.1. “Гуравдагч этгээд Б.Т*******ээс тухайн цэвэрлэгээнд өгсөн хувцас буюу куртикийг анх өгөхдөө мэдээж мэргэжлийн үйлчилгээний байгууллагаар цэвэрлүүлж байгаа гэдэг утгаар дуудлагын ажилтанд нь хүлээлгэж өгсөн. Тухайн дуудлагын ажилтан тухайн эд хэрэгслийн гэмтэлтэй байна уу, үгүй юу гэдгийг ямар нэгэн байдлаар шалгаж аваагүй. Тэгээд тухайн куртикийг хими цэвэрлэгээгээр цэвэрлэж ирснийх нь дараагаар тэр нь өөрөө яг шаардлага хангахааргүй, зориулалтын дагуу цэвэрлээгүйгээс шалтгаалаад өд нь бөөгнөрсөн мөн нойтон ирсэн.

3.5.2. Энэ байдлын учир шалтгааныг нь асууж тодруулаад дахиж цэвэрлүүлэхээр явуулсан. Тэгээд гомдлыг нь шийдвэрлээд дахиад цэвэрлээд ирлээ гэхдээ өмнөхөөсөө илүү гэмтэлтэй болгоод ирсэн байсан. Энэ дахиж авч явахдаа мөн ямар нэгэн байдлаар тухайн куртикний энэ гэмтэлтэй байна уу, үгүй юу гэдгийг нь дахиж шалгаж авч яваагүй. Нэгэнт гуравдагч этгээд өөрийн эрх ашгийн хүрээнд үйлчилгээний байгууллагаас авсан куртикээ цэвэрлэхдээ норм стандартын шаардлага хангахгүйгээр цэвэрлэснээс шалтгаалж миний куртикт ийм гэмтэл учирлаа, надад энэ хэмжээний хохирол учирлаа гэдэг байдлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаад үүнтэй холбоотойгоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад Г гээд компанийн цэвэрлэгээний компанийнх нь дотоод журам дээр нь нарийвчлаад тусгайлан заасан байна лээ.

3.5.3. Цэвэрлэгээний газар нь хувцсыг хүлээж авахдаа шалгаж авах ёстой. Шалгаж авахдаа тухайн угааж байгаа бүтээгдэхүүн хувцас нь ямар нэг гэмтэлтэй байх юм бол энэ талаар тэмдэглэл үйлдэх, зургаар баталгаажуулаад энэ талаар үйлчлүүлэгчид мэдэгдээд, хэрвээ зөвшөөрсөн тохиолдолд энэ цаашид үргэлжлүүлээд угааж цэвэрлэх ёстойг нарийн зохицуулсан байдаг юм байна лээ. Тэгэхээр энэ нэхэмжлэгчийн дурдаад байгаа бид нар ингээд шалгасан, аваад хэрэгт авагдсан бичлэгээр 3 секундийн дотор шалгасан гээд байгаа юм. Гэтэл 3 секундийн дотор яг энийг хараад нүдээр тогтоох боломжтой юу гэдэг нь эргэлзээтэй.

3.5.4. Мөн куртикний яг гэмтэлтэй байсан уу, үгүй юу гэдэгт шинжээчийн дүгнэлт дээр гэмтэлтэй байсан гэдэг нь, гэмтэл ямар нэгэн байдлаар гарсан гэдэг нь тогтоогддог. Энэ нь яг юунаас үүдсэн бэ гэдэг нь нарийн хэлэх боломжгүй гэдэг дүгнэлт байсан. Тэгэхээр үйлчилгээний байгууллага тухайн куртикийг авахдаа яг ямар гэмтэлтэй байсан бэ? Хэрвээ гэмтэл байсан бол энийг зургаар баталгаажуулаад авах ёстой. Гэмтэл байгаагүй учраас 3 секундийн дотор тэрийг цааш нь дамжуулаад угаалгын машинд хийсэн. Анх өгөхөд гэмтэл байгаагүй юм байна. Ямар нэгэн байдлаар угааж цэвэрлээд нойтон ч бай, хуурай ч бай цэвэрлэгээ хийсний дараа гэмтэл гарсан нь тодорхой шинжээчийн дүгнэлтээр гарч байна.

3.5.5. Хэрэглэгчийн зүгээс гол шаардлага нь өөрийнхөө хохирлыг барагдуулахын тулд л Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гарсан шийдвэр нь мөн хэрэглэгчийн гомдлыг барагдуулаагүй гэдэг нэг үндэслэл байгаа учраас бусад шалтгаануудыг эрх бүхий улсын байцаагч хуульд заасан эрхийнхээ хүрээнд шалгасан гэж үзэж байна. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын энэ маргаан бүхий актыг хуулийн хүчин төгөлдөр, хууль зөрчөөгүй шийдвэр гэж үзэж байна.

3.5.6 Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан энэ шаардлагыг нэхэмжлэгч биелүүлчих байх гэдэг үүднээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаад хохирлыг барагдуулах ёстой гэдэг үүднээс хандаж гомдлоо шийдвэрлүүлэхээр явсан байгаа. Энэ хуульд заасан үүргийг нэхэмжлэгч “Г*******” компани маань хэрэгжүүлээгүй. Гуравдагч этгээд Б.Т******* буюу үйлчлүүлэгчийн гомдлыг шийдвэрлээгүй, хохирлыг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байгаа нь өөрөө шийтгэлийн хуудас үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх гомдол, түүний үндэслэл, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
  2. Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч Л.А******* нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.Т*******гээс ирүүлсэн гомдлын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 0002262 дугаартай шийтгэлийн хуудсаар “Г*******” ХХК нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасан “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч хэрэглэгчээс бараа, ажил, үйлчилгээний чанарын доголдлын талаар тавьсан шаардлагыг хуульд заасны дагуу барагдуулах үүрэг хүлээнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
  3. Гомдол гаргагчаас “...“Г*******” ХХК нь үйлчилгээний үйл ажиллагаандаа стандарт, дүрэм журмыг биелүүлсэн, хэрэглэгчийн тавьсан /хувцсыг бүрэн хатааж өгөх/ шаардлагыг биелүүлсэн байхад манай компанид хамаарахгүй /оёдол задалж оёсон, бараагаа шалгаж аваагүй, гаднах лого халж тэр хэсэгтээ түлэгдсэн, хувцсыг шинэ хувцсаар сольж өг гэх/ хууль бус шаардлагыг нь биелүүлээгүй гэх үндэслэлээр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасан үүргээ зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй ...” гэж, хариуцагчаас “.... оролцогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, “Г*******” ХХК-аас ирүүлсэн бичлэг, оролцогчоос ирүүлсэн холбогдох нотлох баримтуудаар тухайн өдөн куртикийг “G” хими цэвэрлэгээний газарт хүлээн авахдаа эдэлгээний байдал, согог гэмтэл, толботой эсэхийг шалгаж аваагүй, ангилан ялгах, цэвэрлэгээнд оруулахдаа куртикний дотор энгэрт байрлах цэвэрлэгээний заавартай танилцаагүй, зааврыг дагаж мөрдсөн эсэх нь тодорхойгүй, угаах болон хатаах явцад логоны өнгө өөрчлөгдөх, логоны төмөр нь барбантай хавирч хувцас эдлэлд гэмтэл үүсгэхээс сэргийлж, цахилгааны товч, логог хамгаалалтын бүрхэвчээр бүрж хамгаалах арга хэмжээ аваагүй, хуурай хими цэвэрлэгээгээр бус усан угаалгаар угаасан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан дүрс бичлэгээр тогтоогдсон. Иймд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасан “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч хэрэглэгчээс бараа, ажил, үйлчилгээний чанарын доголдлын талаар тавьсан шаардлагыг хуульд заасны дагуу барагдуулах үүрэг хүлээнэ” гэсэн заалтыг зөрчсөн ...” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

            4. Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч хэрэглэгчээс бараа, ажил, үйлчилгээний чанарын доголдлын талаар тавьсан шаардлагыг хуульд заасны дагуу барагдуулах үүрэг хүлээнэ.” гэж тус тус заажээ.

            5. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл гомдол гаргагч хуулийн этгээдэд зөрчлийн шийтгэл оногдуулахдаа “гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй” гэх урьдчилсан нөхцөл хангагдсан эсэхийг шалгах нь хариуцагчийн үүрэг боловч шийтгэлийн хуудсын үндэслэл болсон зөрчлийг “Г*******” ХХК гаргасан болохыг нотлох баримтаар тогтоогоогүй байна.

            6. Тодруулбал “Гүүдклининг” угаалга, хими цэвэрлэгээний газрын дотоод журмын /хэргийн 1 дүгээр хавтас, 110 дахь тал/ 7.3 “Усан угаалгад хийгдэх ажил, чиг үүрэг” 7.3.1 “Усан угаалгын ажилтан дараах дэс дарааллын дагуу ажлыг хийж гүйцэтгэнэ”, а) Өглөө бүр ажилдаа ирэхдээ хамгийн эхэнд гэрэл цахилгаа, уурын бойлер, тоног төхөөрөмжийн мотор асааж усыг залгана, b) Өмнөх өдрийн усан угаалгад ирсэн хувцас эдлэлийг угаалгын машинд хийнэ. Ингэхдээ хатаалттай эсэхийг заавал шалгана, c) Өмнөх өдөр нь угааж сагсанд хийсэн хувцсыг эвхэж савлана, d) Тухайн өдөр гарах ёстой хими цэвэрлэгээний хувцсыг цэвэрлэж, шалгасны дараагаар бүртгэл хяналтын ажилтанд хүлээлгэн өгнө, e) Байгууллагын хүргэлтийн цагаан хэрэглэлийг индүүднэ, савлана, f) Цэвэр усны нөөцийн савд ус байгаа эсэхийг тогтмол шалгаж, угаалгын машин хий сорохгүй байх дээр анхааран ажиллана, g) Бүртгэл хяналтыг ажилтан шалгасны дараагаар буцаагдвал дахин цэвэрлэнэ” гэж тоочин заасан байх бөгөөд хариуцагчийн зүгээс гүйцэтгэгчийн үүргээ буюу гомдол гаргагч “Г*******” ХХК нь хэрэглэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн эсхүл биелүүлээгүй талаар дүгнэхийн тулд юуны өмнө “гүйцэтгэгчийн үүрэг” гэдэгт ямар үүргийг хамааруулан шалгасан эсэх нь тодорхой байх ёстой.

            7. Маргааны гол зүйл нь гуравдагч этгээд Б.Т*******ий 1,298,000 төгрөгийн үнэ бүхий өдөн куртикийг дуудлагаар авч, хими цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлэхдээ гэмтэл гаргасан, өмсөх боломжгүй болсон тул гомдол гаргагчаар хохирлыг төлүүлэхтэй холбоотой байхад гомдол гаргагч нь үйлчилгээгээ зохих ёсоор үзүүлээгүйгээс дурдсан нөхцөл байдал үүсэж, гуравдагч этгээдэд бодит хохирол учирсан болохыг хариуцагч хуульд заасан журмын дагуу бүрэн шалгаж тогтоох ёстой байжээ.

            8. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1.“Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.”, 2.“Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ.”, 4.11 дүгээр зүйлийн 1.“Эрх бүхий албан тушаалтан хүн, эд зүйл, баримт бичиг, ургамал, мал амьтанд шинжилгээ хийлгэнэ.” гэж заасны дагуу хариуцагч нь “Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэхээс бусад тохиолдолд шинжээч оролцуулах тухай” эрх бүхий албан тушаалтны тогтоолыг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гаргасан байна.

            9. Улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1098 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас, 94 дэх тал/-ийн дүгнэлт хэсгийн 1 дэх заалтаар “... Ханцуйн дотор талын оёдлыг ханзалж, буцааж оёсон эсэхийг тогтоох боломжгүй.”, 4 дэх заалтаар “Шинжилгээнд ирүүлсэн хар куртиканы өд гэх зүйл нь хими цэвэрлэгээнээс болж цувж байгаа эсэхийг тодорхойлох боломжгүй байна.” гэж дүгнэсээр атал шинжээчийн дүгнэлтийг үл харгалзан куртикийг халууны аргаар хатаасан хими цэвэрлэгээний газрын үйл ажиллагаанаас гэмтэл үүссэн гэж гомдол гаргагчийг шууд буруутгасан нь үндэслэлгүй.

            10. Өөрөөр хэлбэл “энгийн арга”, “дулааны арга” гэдэгт хариуцагч юуг хамааруулж ойлгож байгаа нь тодорхойгүй бөгөөд түүний “... Энгийн аргаар хатаах гэдэг нь 55 градусаас нэлээн л өндөр градус байгаад байгаа юм. Тэгээд дээрээс хэрвээ хамгаалах хэрэгсэл, бусад газар даавуу оёсон байдаг. Тэгээд дараа нь авчихдаг юм байна лээ. Энэ хамгаалалтыг хийх байсан. Ялангуяа энэ лого маань төмөр, дулааныг маш сайн дамжуулдаг...” гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбараас өөрөөр куртикийг аль аргаар хатаасан эсэх талаарх баримт байхгүй, зөвхөн гэрч Х.Хүдэрчулууны мэдүүлэгт үндэслэн куртик хатаасан арга нь “энгийн арга”, “дулааны арга”-ын аль нь болохыг тодорхойлох боломжгүй юм.

            11. Түүнчлэн куртиканд байх гэмтэл нь хэзээ, ямар байдлаар, хэрхэн үүссэн эсэх, гомдол гаргагчийн ямар буруутай үйл ажиллагаанаас бий болсон эсэхийг шалгаж, хөдөлбөргүй тогтоосон баримт зөрчлийг шалгасан баримтад байхгүй, хэрэгт авагдсан бичлэгээс үзэхэд мөн тогтоогдохгүй, тогтоогдох боломжгүй гэдгийг гуравдагч этгээдээс мөн тайлбарлаж байхад цэвэрлэгээнд өгч буй куртикийг хүлээж авахдаа зөвхөн “гэмтлийг шалгаагүй” гэх үндэслэлээр хими цэвэрлэгээний газрыг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн буруутгаж хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцээгүй байна.       

            13. Иймд дээрх үндэслэлүүдээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч Л.А*******гийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0002262 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2, 4.11 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “Г*******” ХХК-ийн гомдлыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А*******гийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0002262 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан “Г*******” ХХК-д олгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.МӨНХ-ӨЛЗИЙ