Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/56

 

Ч.Мөнхбатад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 166/2021/017/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Г.Давааренчин, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                       Ц.Цэен-Ойдов /онлайн/

          Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021   оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолтой, Чүлтэмийн Мөнхбатад холбогдох, 2118000670152 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн 1975 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бул 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан- Уул аймгийн Дархан сум, 8-р баг, 17-р хороолол, 17 дугаар байрны 14 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Тохной овогт Чүлтэмийн Мөнхбат. /МЖ75021614 регистрийн дугаартай/

Шүүгдэгч Ч.Мөнхбат нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, “Магнолия” супермаркетын гадна 72-90 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор, мөн 2021 оны 01 дүгээр сарын 06, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17-14 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.Мөнхзолбоог байнга буюу 3 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон,

-2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17-14 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.Мөнхзолбоог гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 34.14 дүгээр зүйлийн 2.т заасныг журамлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1.т заасан гэмт хэрэгт шүүгдэгч Тохной овогт Чүлтэмийн Мөнхбатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1.т заасан Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1   болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

-Шүүгдэгч Ч.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Ч.Мөнхбатыг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1., Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.т зааснаар шүүгдэгч Ч.Мөнхбатад оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлж,

-Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж,

-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн тогоог устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж,

-Шүүгдэгч Ч.Мөнхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

... Шүүгдэгч нь дээрх хугацаанд удаа дараа хохирогч Ш.Мөнхзолбоог зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед хөнгөн хохирол учруулсан үйлдлийг байнгын шинжээр нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эсрэг байнга үйлдсэн гэх шинжээр нь тухайн зүйл, хэсгээр хүндрүүлж яллах үндэслэл болсон.

Харин Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг дангаар хангаагүй тохиолдолд тухайн зүйл, хэсгээр яллах үндэслэл болно гэж үзсэн.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн нэг бүлэгт заасан 2 гэмт хэргийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэх шинжүүд нь давтагдаж хүндэрч байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1.т “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж тус тус хуульчилсан бөгөөд Ч.Мөнхбат, хохирогч Ш.Мөнхзолбоо нар нь 2016 оноос хамтран амьдарч байгаа бөгөөд 2 хүүхэдтэй, эхнэр, нөхрийн харилцаатай хүмүүс мөн бөгөөд Ч.Мөнхбат нь эхнэр Ш.Мөнхзолбоог байнгын шинжтэй буюу 2020 оны 10 дугаар сарын 21, 2021 оны 01 дүгээр сарын 06, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрүүдэд 3 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар Ч.Мөнхбат нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Ш.Мөнхзолбоогийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болжээ.

Гэтэл шүүх зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, учир нь шүүгдэгчийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн хүрээнд үйлдэгдсэн шинжтэй ба үүгээрээ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байхад үүнийг үгүйсгэсэн буюу тодруулбал шүүгдэгчийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн хүрээнд үйлдэгдээгүй гэх үндэслэлээ тодорхой тайлбарлаж чадаагүй байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилт болон уг хуулиар хамгаалагдаж буй харилцааны агуулга нь гэр бүлийн хүчирхийлэл илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгах саналтай байна... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Шүүгдэгч нь хохирогчийг 3 удаагийн давтан үйлдлээр зодсон нь тогтоогддог. Сүүлийн үйлдлээр хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан байдаг. Түүний энэхүү үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн гэдэг шинжийг хангаж байгаа. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7-1.1-д заасан зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ч.Мөнхбатад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Прокуророос шүүгдэгч Ч.Мөнхбатыг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, “Магнолия” супермаркетын гадна 72-90 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор, 2021 оны 01 дүгээр сарын 06, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17-14 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.Мөнхзолбоог байнга буюу 3 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1.т зааснаар,

-мөн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17-14 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.Мөнхзолбоог гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 34.14 дүгээр зүйлийн 2.т заасныг журамлан Дархан-Уул аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1.т заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Мөнхбатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1.т заасан Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1   болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Ч.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүнд оногдуулсан торгох ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.т зааснаар өршөөн хэлтрүүлж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийхгүйгээр бодит байдлаас зөрүүтэй, буруу дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, заримыг хөнгөрүүлэн өөрчилж зүйлчилсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь шүүгдэгч Ч.Мөнхбат нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, “Магнолия” супермаркетын гадна 72-90 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор, 2021 оны 01 дүгээр сарын 06, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17-14 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.Мөнхзолбоог байнга буюу 3 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон, мөн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17-14 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.Мөнхзолбоог гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын ажиллагааны үр дүнд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцүүлж явуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1.т заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу шүүгдэгч Ч.Мөнхбатад   холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхдээ прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлтийн агуулгын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тодорхойлсон агуулгаар ойлгох бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тодорхойлжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ. 

Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хэдэн оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж байгаагаа бичээгүй, хариуцлагагүй, хайнга хандсан алдаа гаргасныг дурдах нь зүйтэй.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ч.Мөнхбатад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

                  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                ШҮҮГЧИД                         Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                     Ц.АМАРЖАРГАЛ