Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1029

 

 

 

 

 

 

 

 

 

А.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/00839 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Оийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Б, Д.В нарт холбогдох,

Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Ойчид 1 дүгээр гудамж, 12 тоот хаягт байршилтай 700 м.кв талбай бүхий газрыг бусдад худалдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, уг газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хариуцагч нараас гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, уг газрын өмчлөгчөөр тогтоолгох, уг газрын өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Бийн нэр дээр гаргуулахыг даалгах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б,

Хариуцагч Д.Б, Д.В,

Хариуцагч нарын өмгөөлөгч: М.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.О нь аав Б.Амгалан, ээж Л.Бадамгарав, хүү М.Содбилэг нарын хамт Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо, Ойчдын 1 дүгээр гудамж, 12 тоот хаягт байршилтай 700 м.кв газрыг эзэмшдэг хууль ёсны хамтран эзэмшигч юм. 2004 оны сүүлээр нэхэмжлэгч нь Дорнод аймагт амьдрахаар явсан. 2013 онд Улаанбаатар хотод буцаж ирсэн. 2018 оны хавар хажуу айлынх нь хүмүүс А.О рүү залган хажуу айлын чинь хүмүүс байна, газрыг чинь танай ааваас худалдан авсан, газар эзэмших эрх шилжүүлэх баримт бичигт гарын үсэг зураач гэсэн. Тэр дагуу хариуцагч нартай уулзсан бөгөөд энэ үед ааваас чинь 5 000 000 төгрөгөөр худалдан авсан гэсэн байдаг. А.Оийн хувьд худалдах, худалдан авах хэлцэл хийснийг огт мэдээгүй бөгөөд энэ хэлцлийг хийхдээ түүнээс зөвшөөрөл аваагүй тул худалдах, худалдан авах хэлцэл нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.2, 128.3-т заасныг зөрчсөн, мөн хуулийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. 2005 онд газрыг худалдан авсан талаар хариуцагч нар ярьдаг атлаа одоо 2004 он гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан хэлцэл нь 2005 онд газрыг худалдан авсан нь нотлогдож байгаа тул 2004 онд хэлцэл хийгдсэн гэх тайлбар нь үндэслэлгүй. Үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахдаа хамтран өмчлөгч нарын зөвшөөрөл авах, хэлцлийг нотариатаар батлуулах хуулийн шаардлага тавигдсан бөгөөд үүнийг зөрчсөн тул хэлцэл хүчин төгөлдөр бус. Харин А.О нь 5 000 000 төгрөгийг хариуцагч нарт төлөхөд бэлэн байгаа. Иймд газар худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, уг газрыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж байгаа. Худалдах, худалдан авах хэлцэл хийсний дагуу аав Б.Амгалан нь түүнд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн Нийслэлийн засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэрийг эх хувиар нь хариуцагч нарт шилжүүлэн өгсөн тул түүнийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Худалдах, худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр бус учир хариуцагч Д.Бийг газрын өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг газрын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаа дэмжиж байна. Би 2004 оны 4 дүгээр сард Б.Амгалан, А.О, Л.Бадамгарав нараас Д.Ванчиндоржоор дамжуулан 5 500 000 төгрөгөөр газар худалдан авсан. Газрын гэрчилгээ гараагүй байсан тул шийдвэрийг өгөөд гэрчилгээ гарахаар миний нэр дээр шилжүүлж өгөхөөр болсон. Ээж нь нас бараад охин нь Дорнод аймаг руу нүүсэн, Б.Амгалан Хөвсгөл аймаг явсан байсан тул өмчлөх эрхээ шилжүүлж чадаагүй, аав нь охиноо хайгаад олохгүй байна гэсэн тайлбар хэлээд байсан. Мөнгийг бэлнээр нь ах Д.Ванчиндоржоор өгүүлсэн. Би өөрөө Солонгос улсад байсан юм. Тухайн үед өмчлөгч, хамтран өмчлөгч нар бүгд байсан гэсэн. Газраа зарснаас хойш Дорнод аймаг руу А.О нүүсэн байдаг. Нэг ч удаа эргэж ирээгүй. Бид 2004 оноос хойш газрыг эзэмшиж, ашиглаж байгаа. Тухайн хаягт байрлах байрны цахилгааны төлбөрийг төлж байсан нь баримтаар нотлогдоно. Би 2008 онд Солонгос улсаас ирсэн. Худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед бүгд байсан мөртлөө одоо газар үнэд орсон болохоор газраа буцаан авах гэж ийм үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Харин газрын үнийг төлж худалдаж авсан тул өөрийн өмчлөлд авах хүсэлтэй байна. Газар өмчлүүлэх шийдвэр гарсан боловч гэрчилгээ нь гараагүй байсан. Иймд газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Ванчиндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо, Ойчдын 1 дүгээр гудамж, 11 тоот хаягт  амьдардаг. 2004 онд Л.Бадамгарав гэгч хажуу айлын хүн 5 500 000 төгрөгөөр манай хашаа байшинг аваач гэж гуйсан. Би энэ тухай дүүдээ хэлээд мөнгийг нь авч, хажуу айлдаа орж, Л.Бадамгарав, Б.Амгалан, А.О, М.Содбилэг нар байхад нь 5 500 000 төгрөг тоолж өгөөд гарын үсэг зуруулаад баримт авсан. Мөнгө хүлээлгэн өгөхөд Л.Бадамгарав, Б.Амгалан нар гарын үсгээ зурсан, А.О, М.Содбилэг нарыг хамтран өмчлөгч гэж мэдээгүй учир аав, ээжээр нь гарын үсэг зуруулахад болно гэж бодсон. А.О нь байшингаа зараад нүүхдээ нөхөртэйгөө байсан. А.О байшингаасаа нүүхдээ ханан пийшин буюу зуухаа салгаж авна гэж ээждээ хэлэхээр нь үнэ 25 000 төгрөгийг нэмж өгөөд авч үлдсэн, мөн цахилгааны тоолуурын үнэ 25 000 төгрөгийг бас А.Оийн шаардлагаар ээж төлж байсан учир санаж байна. Эднийх хашаагаа зараад 2004 оны 5 сард бүгдээрээ нүүгээд явсан. Мөнгө өгснөөс хойш 7-9 хоногийн дараа л нүүсэн. Түүнээс хойш уг газар нь хороон дээр ээжийн нэр дээр бүртгэгдэж, тог, хогны мөнгийг ээж бид хоёр ээлжлэн төлж ирсэн. Энэ тухай баримтаа шүүхэд өгсөн байгаа. Тухайн үед мөнгө төлсөн хүн нэрээ бичдэг байгаагүй болохоор баримт дээр ээж, бид хоёрын нэр бичигдээгүй байх шиг байна билээ. Дүүргээс өмчлөлийн гэрчилгээ гарах үед нь нэрийг шилжүүлж өгөхөөр тохирсон боловч Л.Бадамгарав 2009 онд нас барсан, Б.Амгалан, А.О нар олдохгүй байсаар бүтээгүй бөгөөд Б.Амгалантай сүүлд уулзаж, гэрээгээ баталгаажуулж нотариатаар орох үед охин олдохгүй байна гэж байсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасан үндэслэлгүй тул Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Ойчид 1 дүгээр гудамж, 12 тоот хаягт байршилтай 700 м.кв талбай бүхий газрыг худалдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, уг газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг Д.Б, Д.Ванчиндорж нараас гаргуулахыг хүссэн А.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг баримтлан Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Ойчид 1 дүгээр гудамж, 12 тоот хаягт байршилтай нэгж талбарын 18645318025437 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбай бүхий газрын анхны өмчлөгчөөр Д.Бийг бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт даалгаж, Д.Бийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас газрын өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахыг А.От даалгахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 140,400 төгрөг, хариуцагч Д.Боос төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Бид олгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хуулиар олгосон нотлох баримттай танилцах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэй оролцох, мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь хэргийн 150-159 дүгээр талд авагдсан Сүхбаатар дүүргийн газрын албанаас ирүүлсэн  2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 14/405 дугаартай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас ирсэн албан тоот болон хавсралт 9 хуудас нотлох баримт, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 7/2048 тоот албан тоот зэрэг нотлох баримтуудтай танилцуулалгүйгээр шууд шүүх хурлыг товлон хийсэн. Шүүх хурлын тов мэдэгдэхдээ 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цагт гэж утсаар мэдэгдсэн хирнээ хавтаст хэрэгт 09 цагт гэж мэдэгдсэн гэсэн баримтыг үйлдэж хийсэн. Хурлын өдөр хуралдаа ирж байгаа талаар асуусан тэмдэглэлдээ “би цагаа андуурсан байна” гэж худал тэмдэглэл үйлдсэн зэргээс харахад хэрэг шийдвэрлэсэн шүүгч нь хэт нэг талыг баримталж нэхэмжлэгч талыг байлцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна гэж миний бие үзэж байна. Миний бие нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 7/2048 тоот албан тооттой танилцсан бол энэхүү нотлох баримт нь худлаа болохыг гэрчлэх баримтуудыг шүүх хуралд гаргаж өгөх байсан. Өөрөөр хэлбэл тухайн маргаан бүхий газарт эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан талаарх хурууны хээгээр авсан лавлагаа олгогдсон байсан талаар нотлох баримтыг гаргаж өгөх нотлох баримтуудыг шалгуулах ажиллагаануудыг хийлгэх байсан. Нийслэлийн ерөнхий боловсролын 58 дугаар сургуульд дунд ангийн багшаар ажиллаж байсан болох нь зөвхөн 2004 оны 04 болон 08 дугаар саруудад түүнд тус сургуулиас цалин олгож байсан талаарх цалингийн карт нь хэлцэл хийх үед буюу 2005 онд А.Оийг 58 дугаар сургууль багшилж байгаагүй гэдгийг нотолж байхад хариуцагчид ашигтай байдлаар шүүх өөрөө дүгнэлт хийж шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч А.О нь хариуцагч Д.Б, Д.Ванчиндорж нарт холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Ойчид 1 дүгээр гудамж, 12 тоот хаягт байршилтай 700 м.кв талбай бүхий газрыг бусдад худалдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, уг газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай Нийслэлийн засаг даргын шийдвэрийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Д.Б нь уг газрын өмчлөгчөөр тогтоолгох, газрын өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Хэрэгт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчид 1 дүгээр гудамжны 12 тоот хаягт байршилтай 700 м.кв газрыг эзэмших эрхийг Б.Амгалан нь 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Д.Баясгалангаас шилжүүлэн авч, мөн өдөр газар өмчилж авах тухай өргөдөл гаргаснаар Л.Бадамгарав, А.О, М.Содбилэг нарын газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тус газрыг Б.Амгалан болон Л.Бадамгарав, А.О, М.Содбилэг нарт өмчлүүлэх шийдвэр авагдсан байна. /хх 151-159/

Уг шийдвэрийн дагуу Б.Амгалан нь өөрийн гэр бүлийн гишүүдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн дээрх 700 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Д.Бид 5 000 000 төгрөгөөр худалдсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хх 43, 126-128/

Харин газар худалдах, худалдан авах гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүйн улмаас улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Уг хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар болон хэлцлийн үндэслэлээр газрыг бусдын өмчлөлд, эзэмшил ашиглалтад шилжүүлэхдээ хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн А.Оээс зөвшөөрөл авсан эсэх асуудал дээр маргадаг.  

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2005 онд худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэнийг 2018 оны 4 дүгээр сард мэдсэн, аав Б.Амгалан хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг захиран зарцуулахдаа надаас зөвшөөрөл аваагүй тул худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжсэн газрыг Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.2, 128.3, 56.1.1-д заасны дагуу буцаан авна” гэж, хариуцагч нар нэхэмжлэлийн шааардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...худалдах, худалдан авах гэрээг байгуулагдах үед А.О өөрөө байсан тул хэлцлийн талаар мэдэж байсан, нүүж явахдаа түүний шаардлагаар цахилгаан тоолуур болон зуухны үнэ 50 000 төгрөгийг ээжид нь нэмж өгсөн, мөнгийг нь төлж худалдан авсан газраа өмчлөх эрхтэй” гэж тус тус тайлбарласан байна.

Газар өмчлөх эрх худалдах, худалдан авах хэлцлийг байгуулах үед нэхэмжлэгч А.О хамт байлцсан гэсэн хариуцагч нарын тайлбарыг үгүйсгэсэн талаарх баримтыг нэхэмжлэгч гаргаагүйгээс гадна, маргаан бүхий газрыг худалдан авснаас хойш эзэмшиж байсан болохоо нотлох зорилгоор уг газарт байрлаж байгаа хөрөнгөд ашиглагдсан цахилгаан эрчим хүчний төлбөрийг 2004 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2008 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Сүхбаатар салбарт төлж байсан гэх баримтуудыг гаргаж өгсөн, хариуцагч нарыг худалдан авсан газраа тухайн цаг хугацаанд эзэмшиж, ашиглаж байсан бодит байдлыг нэхэмжлэгч баримтаар няцааж үгүйсгээгүй байна.

Түүнчлэн, хэрэгт нэхэмжлэгч А.Оийг 2004 оны 4 дүгээр сараас 8 дугаар сар хүртэл хугацаанд Нийслэлийн ерөнхий боловсролын 58 дугаар сургуульд дунд ангийн багшаар ажиллаж байсан болохыг тодорхойлсон цалингийн тооцооны карт гэх тодорхойлолт авагдсанаас гадна, 2004-2005 онд хариуцагч нар нь маргаан бүхий газрыг эзэмшилдээ авснаас хойш 13 жилийн хугацаанд нэхэмжлэгч А.О өөрийн эрх, ашиг нь зөрчигдсөн болохыг мэдээгүй байсан гэх үндэслэлгүй, уг нөхцөл байдлыг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгч А.О нь хариуцагч Д.Б, Д.Ванчиндорж нараас Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Ойчид 1 дүгээр гудамж, 12 тоот хаягт байршилтай 700 м.кв талбай бүхий газрыг бусдад худалдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, уг газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай Нийслэлийн засаг даргын шийдвэрийг хариуцагч нараас гаргуулахаар шаардах эрхгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Хариуцагч Д.Б нь Б.Амгалангаас 5 000 000 төгрөгөөр газрыг 2004 оны 4 сард худалдан авч, үнийг төлсөн, түүнээс хойш өнөөг хүртэл тухайн газрыг бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа болох нь тогтоогдож байгаа бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна” гэж заасан тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар газрыг өмчлөх эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэгч А.От холбогдуулан гаргасан маргаан бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох Д.Бийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийг улсын бүртгэлд анхны өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Д.Бум-Аюуш давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчиж, шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн...” гэжээ.

            Анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11:30 цагт явуулах шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдсэн боловч нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг товыг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр болгон өөрчилсөн бөгөөд мөн өдөр шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас хүсэлт ирсэн тул шүүх хуралдааныг дахин хойшлуулж 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 09:00 цагт явуулахаар товлон хариуцагч нар шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулсан, нэхэмжлэгч талд хурлын товыг утсаар мэдэгдсэн баримт үйлдсэн байх ба нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй тул шүүх түүний эзгүйгээр шүүх хуралдаан явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлсэн гэж үзэх баримт байхгүй тул хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг шүүх зөрчсөн гэж үзэхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/00839 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А.Оээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

           

                             ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН