Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагарын Байгалмаа |
Хэргийн индекс | 182/2016/01701/И |
Дугаар | 182/ШШ2017/01955 |
Огноо | 2017-10-18 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 182/ШШ2017/01955
2017 оны 10 сарын 18 өдөр | Дугаар 182/ШШ2017/01955 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******,
Хариуцагч: Ч ******* ******* ХХК-д тус тус холбогдох,
дугаарыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, уг дугаарын эзэмших эрхийг шилжүүлэх, шилжүүлэн бүртгэхийг даалгах тухай иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Оюунтунгалаг, хариуцагч Т.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чинхүүн, гэрч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэжлэгч Б.*******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагаас гаргасан тайлбартаа: Иргэн Б.******* нь ******* ******* компанитай гэрээ байгуулан дугаарыг 2005 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш ашигласан. Үүнээс хойш 2007 оны 11 дүгээр сарын 08, 2011 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тус тус шинэчилсэн гэрээг ******* ******* компанитай байгуулж байсан. Б.******* нь хүнд өвчтэй, өвчний улмаас эмчилгээний төлбөрт бага бус мөнгө шаардагдаж байсан. 2014 оны 10 дугаар сарын 21-нд Т.*******тэй н.Батзоригоор зуучлуулж, утасны дугаараа барьцаалж, зээл олгооч гэсэн хүсэлт тавьж, биечлэн уулзаж 6 000 000 төгрөгийг зээлж авсан байдаг. Ингэхэд дугаарыг барьцаалж байгаа ч гэсэн өөрийн нэр дээр эзэмших эрхийг түр шилжүүлж, зээл төлсний дараа буцааж Б.*******ийн нэр дээр шилжүүлж өгнө гэсэн болзлыг зөвшөөрвөл 6 000 0000 төгрөгийн зээл өгнө гэсний дагуу Б.*******, Т.******* нар тохиролцож зээлээ авч, өгөлцсөн. Тухайн өдөр Б.******* тодорхой хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* компани дээр ирж Т.*******д дугаараа шилжүүлж өгсөн байдаг. 2014 оны 10 дугаар сарын 21-нээс 2015 оны 06 дугаар сарын 05-ныг хүртэл хугацаанд зээлийнхээ хүүгийн төлбөрт нь хүнээр дамжуулж 7 000 000 орчим төгрөгийг өгсөн. 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэхэд зээлийн төлбөрийг бүрэн төлж дууссан байгаа. Б.******* нь 6 000 000 төгрөгөөс гадна дахин хүсэлт тавьж 14 000 000 төгрөг зээлж авсан, ингэхдээ мөн л УНУ Lexus LX470 маркийн авто машиныг барьцаалж, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зээлж авсан. Мөн өмнөх утас барьцаалсан болзлын адил уг машиныг Т.*******ийн нэр дээр шилжүүлсэн. Ингээд нийт 20 000 000 төгрөгийг Т.*******ээс зээлж авсан бөгөөд үүнийгээ 2015 оны 04 дүгээр сарын 15-нд 10 000 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 05-нд 10 000 000 төгрөгийг тус тус төлсөн. Б.******* нь ХХК-д хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд тус төлбөрийг Б.*******ийн өмнөөс тус компаниас төлж барагдуулсан. Т.******* нь 2015 оны 06 дугаар сарын 19-нд машиныг нь буцаан Б.*******ийн нэр дээр шилжүүлсэн. Тухайн өдрөө ******* компани дээр очиж дугаар шилжүүлэх гэтэл ажлын цаг дууссан учир маргааш шилжүүлье гээд түүнээс хойш өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй учир шүүхэд хандсан. Т.*******ийн нэр дээр дугаарын гэрээ шилжсэн боловч хэрэглэж, ашиглаж, эзэмшиж байсан хүн нь Б.******* өөрөө байсан. Б.******* өөрөө утасны төлбөрөө төлдөг. Харин 2016 оны 11 дүгээр сараас сим картыг хариуцагч шинээр сэргээж авсан учир Б.******* уг дугаарыг эзэмшиж ашиглах ямар ч боломжгүй болсон. Б.******* зохих ёстой үүргээ гүйцэтгэж зээлээ төлсөн тул барьцаалсан дугаарыг хариуцагч нь буцааж шилжүүлээгүй эрхийг нь зөрчсөн. Хариуцагч ******* ******* ХХК-ийн хувьд тухайн үед иргэн Б.******* нь тодорхой хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан үедээ дугаарын эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулах гээд очиход нь тус компанийн ажилтан гэрээг бүртгэх ёсгүй байсан гэж үзэж байгаа. Тийм учраас талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, Б.*******ийг дугаарын эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, хариуцагч Т.*******д дугаарын эзэмших эрхийн гэрээг Б.*******ийн нэр дээр эргүүлэн шилжүүлэхийг даалгаж, мөн ******* ******* ХХК-д дугаарын эзэмших эрхийн гэрээг Б.*******ийн нэр дээр буцаан бүртгэхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Б.******* нь утсаа худалдаагүй, ийм гэрээ хийсэн гэсэн баримт ч байхгүй, бас зээлийн хүү төлсөн гэдэг баримт ч байдаггүй. Б.******* 7 000 000 төгрөг хүүнд төлсөн боловч баримт авч үлдээгүй юм билээ. Тодорхой хэмжээгээр хүү авч байсан гэдгээ итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөвшөөрсөн. 2016 оны 11 дүгээр сар хүртэл энэ дугаарыг эзэмшиж байсан гэдэг нь Б.******* эзэмшиж байсан нь түүний эхнэр н.Булганхишигтэйгээ харьцаж байсан мобикомын лавлагаагаар тогтоогдоно. Гэрч А.Батзориг нь тухайн үед болсон явдлыг мэдүүлсэн. Гэрч Ө.Энхтөр нь зээлийн мөнгийг төлж өгсөн гэдгийг мэдүүлсэн. Б.******* нь нийтдээ 20 000 000 төгрөг зээлсэн, түүндээ машин, утас 2-оо барьцаалсан, түүнээс биш 10 000 000 төгрөгөөр утсаа худалдсан зүйл огт байхгүй гэв.
Хариуцагч Т.*******ээс шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулгаас гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Б.*******, Т.******* нарын хооронд зээлийн гэрээ хийгдээгүй. Нэхэмжлэлийн шаардлагад зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах гэж байна. Тэгэхээр Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон зээлийн гэрээний үүрэг буюу зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Уг харилцааны үүрэг болох барьцааны зүйл дугаарын эзэмших эрхийг барьцаалсан үйл баримт тогтоогдоогүй. Харин Т.******* нь Б.*******ийн дугаарын утсыг өөрөө 10 000 000 төгрөгөөр худалдаж авсан. 2014 оны 10 дугаар сарын 21-нд ******* ******* ХХК-ийн дотоод журмын дагуу эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг хийсэн. Ингээд уг дугаарыг худалдаж авсан. Харин УНУ Lexus LX470 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалах гэрээг хийсэн. Б.******* түр ашиглуулаач гэсний дагуу ашиглаж байсан. Зээлийн гэрээний үүрэг дуусаад Т.******* өөрийн эзэмшилдээ ашигласан. Талуудын хооронд зээлийн гэрээг бичгээр хийсэн үйл баримт тогтоогдохгүй байгаа учир зээлийн гэрээний үүргийг хангах нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж, Б.*******д шаардах эрх үүссэн үйл баримт тогтоогдохгүй байна. Зээлийн гэрээний барьцаанд дугаарын эзэмших эрхийг барьцаалсан. Энэ зээлийн гэрээ дуусгавар болоход энэ дугаарыг буцааж Б.*******ийн нэр дээр шилжүүлэх гэсэн гэрээ хэлцэл, факт байхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Манайх 30 000 000 төгрөгийн асуудал ярьж байгаа. Худалдах худалдан авах гэрээний дагуу 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаар шилжүүлэх гэрээний дагуу 10 000 000 төгрөгийг Б.*******д олгосон. Мөн дээр нь автомашиныг барьцаалж 20 000 000 төгрөгийн зээл өгсөн. 2015 оны 04 дүгээр сарын 16-нд н.Болорчимэгийн дансанд 10 000 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 05-нд 10 000 000 төгрөг тус тус төлснийг зөвшөөрч байгаа. Мөн өдрөө Автотээврийн үндэсний төв дээр очиж барьцаалсан УНУ улсын дугаартай автомашиныг Б.*******ийн нэр дээр шилжүүлсэн. Т.******* 10 000 000 төгрөгөөр дугаар худалдаж авсан нь эрх шилжүүлэх гэрээгээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чинхүүнээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Б.******* болон Т.******* нарын хооронд тухайн үед харилцан тохиролцож хийгдсэн хэлцлээс энэхүү маргаан үүдэлтэй. Үйлчилгээний журмын дагуу үйлчилгээ үзүүлж, гэсэн дугаарыг Б.*******ийн өөрийнх нь хүсэлтийн дагуу Т.*******ийн нэр дээр эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна гэж үзэж байна. Үүнд манай байгууллагын буруутай байдал баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан манай ******* ******* ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Т.*******тэй байгуулсан дараа төлбөрт дугаарын эзэмших эрхийг гэрээг шилжүүлэх тухай хууль бус хэлцлийг хүчингүйд тооцуулан дугаарыг эзэмших эрхийн гэрээг Б.*******ийн нэр дээр шилжүүлж бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагаа өөрчлөн зээлийн гэрээний үүргийг биелүүлж мобикомын дугаарыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, уг дугаарын эзэмших эрхийг шилжүүлэх, шилжүүлэн бүртгэхийг даалгахаар хариуцагч ******* ******* ХХК болон хариуцагч Т.******* нарт холбогдуулан гаргажээ.
Дээрх нэхэмжлэлийг үл зөвшөөрч, хариуцагч Т.*******ээс, нэхэмжлэгчийн эзэмшлийн дугаарыг 10 000 000 төгрөгөөр худалдан авсан, бидний хооронд ямар ч зээлийн гэрээ тохиролцоо хийгдээгүй, барьцаанд уг дугаарыг барьцаалсан зүйлгүй, УНУ Lexus LX470 маркийн машиныг барьцаалж 20 000 000 төгрөг зээлснийг төлсөн гэж, хариуцагч ******* ******* ХХК-иас, нэхэмжлэгч Б.******* нь өөрийн хүсэл зоригийн дагуу Т.*******д өөрийн эзэмшлийн дугаарыг шилжүүлэх гэрээг хийсэн нь манай байгууллагад хамааралгүй гэж тус тус тайлбарлан маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1. Хэрэгт 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10 000 000 төгрөгийн дүн бүхий хариуцагч Т.*******ийн гарын үсэгтэй т ХХК-иас бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ХААН банк дахь А.Болорцэцэгийн 5099105060 тоот дансанд т ХХК-иас 10 000 000 төгрөг шилжүүлсэн тухай ХААН банкны 19100501 тоот шилжүүлгийн мэдээлэл, 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10 000 000 төгрөгийн дүн бүхий хариуцагч Т.*******ийн гарын үсэгтэй т ХХК-иас бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, мөн өдрийн т ХХК-ийн 10 000 000 төгрөгийн дүн бүхий бэлэн мөнгөний зарлагын баримт авагдсан ба уг баримтуудаар хариуцагч Т.*******д 2015 оны 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 15-ны хооронд нийт 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******ээс төлсөн талаарх үйл баримт нотлогдож, талууд энэ талаар маргаагүй байна.
2. Дээрх ХААН банкны 19100501 тоот шилжүүлгийн мэдээллийн гүйлгээний утга гэсэн хэсэгт ...*******д зээл төлөв, *******ээс... гэж, 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн т ХХК-ийн мөнгөний зарлагын баримтад ...гүйлгээний утга: ******* даргын өмнөөс зээл төлөв... гэж, бэлэн мөнгө олгохыг хүссэн Т.*******ийн өргөдөлд ...*******ийн үлдэгдэл төлбөрийг бүрэн хааж дуусгав...гэж тус тус бичигдсэн, гэрч А.Батзоригийн ...Би...*******тэй утсаар яриад дугаарыг барьцаалж зээл өгөөч гэж хэлсэн.Тэгээд Тэди төв дээр Б.******* ах бид 2 хамт очсон. Гэтэл Т.******* нь уг дугаарыг миний нэр дээр шилжүүлбэл зээл өгнө гээд...уг дугаарыг Т.*******ийн нэр дээр шилжүүлж өгсөн...Уг дугаарыг барьцаалаад Б.******* ах, Т.*******ээс 5 000 000 бил үү 6 000 000 төгрөг авч байсныг мэднэ...Буцааж төлөхгүй байна гээд над руу Т.******* ярьдаг байсан. т ХХК дээр ******* ах ажил хийдэг байсан, уг компанийн захирал н.Энхтөр гэдэг хүнээс ******* ах цалин гэж авах байсан 20 000 000 төгрөгийг бүгдийг нь ...очиж авсан гэж Т.******* ярьж байсан... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Энхтөрийн ...******* нь Т.*******ээс авсан зээлээ төлөхөөр манай компанид хүсэлт гаргасны дагуу түүний зээлийн төлбөрт нийтдээ 20 000 000 төгрөгийг Т.*******ийг манай нягтлан бодогчийн өрөөнд оруулж байгаад гарын үсэг зуруулаад өгсөн...******* нь надтай 2-3 удаа уулзаж би *******д мөнгө зээлсэн, мөнгө авах ёстой, танаас ав гэсэн гээд ярьж байсан...би авсан зээлийг нь дууссан шүү гээд гарын үсгийг нь зуруулсан... гэсэн мэдүүлэг, хариуцагчийн итэгмжлэгдсэн төлөөлөгчийн ...Сард 0,5 хувийн хүүтэй зээлүүлсэн, хүүг нь биеийн байдлыг нь бодоод дутуу авсан, бүрэн өгөөгүй... гэх тайлбар зэргийг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч Б.******* нь хариуцагчаас 2014 оны 10 дугаар сард нийт 20 000 000 төгрөг зээлж, зээлийн үүргийг хангуулахаар өөрийн эзэмшлийн дугаарыг ашиглан үйлчилгээ авах эрх, УНУ Lexus LX470 маркийн машиныг Т.*******ийн нэр дээр шилжүүлсэн байна.
Энэ нь Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Тээврийн хэрэгслийн лавлагаа, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаарын эрхийг шилжүүлэх тухай Гэрээ шилжүүлэх баримт нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Хариуцагч нь зээлүүлсэн 20 000 000 төгрөгөөс гадна дугаарыг 10 000 000 төгрөгөөр худалдан авч гэрээг өөрийн нэр дээр шилжүүлсэн гэх боловч, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй байна.
Хариуцагч ******* ******* ХХК-иас гаргасан гэх тоон дугаарлалт, уг дугаарын сим карт, дугаарыг ашиглан үйлчилгээ авах эрх нь хамтдаа гэрээний зүйл болох бөгөөд зохигчдын тайлбараар болон хэрэгт авагдсан Ньютел ХХК-ийн 182 дугаар кассын тэмдэг бүхий 99094005 дугаарын 2016 оны 10 дугаар сарын 01-нээс 11 дүгээр сарын 30-ны хоорондох хугацааны ярианы дэлгэрэнгүй лавлагаа зэргээр үүрэн телефоны дугаарын сим карт, дагалдах бусад хэрэгслийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлэн өгөөгүй, одоо нэхэмжлэгчид байгаа болох нь нотлогдсон байна.
Өөрөөр хэлбэл дугаарын сим карт, дагалдах бусад хэрэгслийг хүлээж аваагүй тохиолдолд уг дугаарыг ашиглан ******* ******* ХХК-иас үйлчилгээ авах бодит боломж бүрдэхгүй юм.
Үүнээс үзэхэд гэрээний зүйлийг худалдан авагчаас худалдагчид бүрэн шилжүүлсэн гэж үзэх боломжгүй буюу талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дугаарын эрхийг шилжүүлэх тухай Гэрээ шилжүүлэх баримтыг талууд үйлдсэн нь дугаарыг ашиглах эрхийг нэхэмжлэгчээс хариуцагчид худалдсан гэж үзэх боломжгүй юм.
Түүнчлэн хариуцагч нь дээрх дугаарын эрхийг худалдаж авсан үнэ гэх 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн нь баримтаар нотлогдоогүй бөгөөд гэрч ын мэдүүлэг нь дээрх үйл бармитыг нотлох үндэслэл болохгүй байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
4. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1.-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмчлөлийн УНУ Lexus LX470 маркийн автомашиныг 2014 оны 10 дугаар сард хариуцагч Т.*******д шилжүүлсэнийг 2015 оны 05 дугаар сарын 05-нд хариуцагч Т.*******ээс Б.*******д буцаан шилжүүлсэн нь Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Тээврийн хэрэгслийн лавлагаа-р нотлогдсон байх ба энэ талаар талууд маргаагүй байна.
5. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1.-д ...бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэж, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д Иргэний гүйлгээнээс хасагдаагүй бусдын өмчлөлд шилжүүлж болох бодитой байгаа...шаардах эрх, ...эдийн бус хөрөнгө нь барьцааны зүйл байж болно гэж, 8 дугаар зүйлийн 8.1.-д Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцаа нь хуульд зааснаар, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр үүснэ, 9 дүгээр зүйлийн 9.1.-д Гэрээний үндсэн дээр үүсэх барьцааны эрх нь барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд барьцааны гэрээг бичгээр байгуулснаар үүснэ, 9.2.-т Гэрээний үндсэн дээр үүсэх барьцааны үед барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлж болно гэж тус тус заасан байна.
Үүнээс үзэхэд талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч ******* ******* ХХК-ийн ажилтныг байлцуулан үйлдсэн дугаарын эрхийг шилжүүлэх тухай Гэрээ шилжүүлэх баримтаар Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.-д заасан барьцааны гэрээг талууд мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2.-д зааснаар байгуулсан гэж үзэхээр байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Б.******* нь 2014 оны 10 дугаар сарын 21-нд хариуцагчаас мөнгө зээлэхдээ өөрийн эзэмшилд бүртгэлтэй, ******* ******* ХХК-ийн үүрэн холбооны дугаарыг ашиглан үйлчилгээ авах эрхийг барьцаалсан байна.
6. Нэхэмжлэгч Б.******* 2014 онд хариуцагч Т.*******ээс зээлсэн 20 000 000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 05-нд төлж дуусгасан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байх тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1.-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон байна.
Иймд 2015 оны 05 дугаар сарын 05-наас хойш талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн үүрэг дуусгавар болсонтой холбоотойгоор Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3.-т ...барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Т.******* нь нэхэмжлэгчид дугаарыг ашиглан үйлчилгээ авах эрхийг шилжүүлэх үүрэгтэй.
7. Хэрэгт ...2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №141021420419 дугаартай Гэрээ шилжүүлэх баримтын зүүн дунд хэсэгт Шилжүүлж буй хэрэглэгчийг төлөөлж гэсэн хэсэгт байрлах шинжилж буй гарын үсэг нь Б.*******ийн гэх гарын үсгийн загвартай бүтцээрээ тохирохгүй... гэсэн хариуцагч Т.*******ийн хүсэлтээр томилогдсон шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2635 тоот шинжээчийн дүгнэлт авагдсан боловч нэхэмжлэгч нь уг баримтыг үйлдсэн талаар болон уг баримтад гарын үсэг зурсан талаар маргаагүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч Т.******* 2015 оны 05 дугаар сарын 05-наас хойшхи хугацаанд дугаарыг эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлээгүй нь өөрийн эзэмшлийн эд хөрөнгөө эзэмших, ашиглахад саад учруулсан гэж үзэж нэхэмжлэгч нь бусдын хууль бус эзэмшлээс дээрх дугаарын үйлчилгээ авах эрхийг шаардах эрхтэй байх тул үүрэн холбооны дугаарыг Б.******* эзэмших эрхтэй болохыг тогтоож, хариуцагч Т.******* болон ******* ******* ХХК-д дээрх дугаарыг Б.*******ийн нэр дээр шилжүүлэх, шилжүүлэн бүртгэхийг даалгуулахаар шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.,58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181 150 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйпийн 115.2.1., 116., 118., дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.,106.2.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ийг дугаарыг эзэмших эрхтэй болохыг тогтоож, уг дугаарын эрхийг Б.*******ийн нэр дээр шилжүүлэх, шилжүүлэн бүртгэхийг хариуцагч ******* ******* ХХК болон хариуцагч Т.******* нарт даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.,58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181 150 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА