Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагарын Байгалмаа |
Хэргийн индекс | 101/2015/01249/И |
Дугаар | 182/ШШ2017/01804 |
Огноо | 2017-09-27 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 182/ШШ2017/01804
2017 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 182/ШШ2017/01804 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч тоотод байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч давхарт ******* ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт болон алдангид 309 299 476 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буянжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянгасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буянжаргалаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК нь ******* ХХК-тай 2008 оны 07 дугаар сарын 23-нд Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж, ******* ******* оффис-ын 1 дүгээр давхарт үйлчилгээний талбай захиалсан. Анх 206 м.кв талбайг 1,890 ам.доллар буюу 1 ам.долларыг 1,156 төгрөгөөр тооцож худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Компанийн зүгээс төлбөр тооцоог гэрээнд заасны дагуу цаг хугацаанд нь бүрэн төлж дуусгасан. Барилгын явц удааширсны улмаас гэрээнд заасны дагуу ******* ХХК нь 2009 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулж чадаагүй. Гэтэл 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр талбайг хүлээлгэж өгсөн. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд заасны дагуу ******* ХХК нь 289,14 м.кв талбайг хүлээлгэж өгөх ёстой байсан. Гэтэл хүлээж авсны дараа эрх бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр хэмжилт хийлгэхэд 253,55 м.кв буюу 35,89 м.кв-р дутсан. Ингээд талбайн хэмжээнд доголдол байна, хэмжээ дутуу байна гэдгийг нэхэмжлэгч мэдсэн. Анх гэрээ байгуулахдаа ******* ******* ХХК-ийн нэрээр биш, И.Батбаяр нь төлөөлж гарын үсэг зурж, ******* ******* ******* ХХК-ийн тамга дарагдсан нь 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ******* ХХК-тай, ******* ******* ******* ХХК гэрээ байгуулсан гэсэн үг юм. ******* киви ******* болон ******* ******* ХХК нь 1 өмчлөгчтэй компаниуд юм. Үүргээ гүйцэтгэж дуусаад тус барилгын ашиглалтанд орох хугацааг хүлээсэн. 2014 оны 04 дүгээр 04-ний өдөр 2 талаасаа тооцоо нийлсэн акт үйлдэж, гэрээгээ дүгнэж, талбайгаа хүлээлцэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан. Энэ барилга 2009 онд багтааж ашиглалтанд орно гэж бүх хөрөнгөө зарцуулж, үйл ажиллагаагаа зохицуулсан байтал бүтэн 2 жилийн дараа ашиглалтанд орсноор манай компанид хүндрэл учруулсан, мөн хүлээж авсан талбай нь хэмжээндээ хүрээгүй, эд хөрөнгийн доголдолтой байсан. Ийм учраас нэхэмжлэгч хохирсон гэж үзээд шүүхэд 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний 3.2-т заасныг үндэслэн хугацаа хэтэрсэн 2010 оны 03 дугаар сарын 01-нээс 2014 оны 04 дүгээр сарын 03-ныг хүртэл нийт 1428 хоног байгаа бөгөөд алдангид 111 198,36 ам.доллар, 1 хоногт 77,87 ам.доллар болсныг гэрээ байгуулах өдрийн Монгол банкны ханшаар буюу 1 ам.доллар 1 156,24 төгрөгөөр тооцсон. Нийт алдангийн хэмжээг дээрх хоногоор тооцоход 128 571 991,76 төгрөг болж байгаа юм. Дараа нь ашиглалтанд орох өдөр буюу талбайг хүлээж авах үед өмнөх гэрээгээ шинэчлэх шаардлага гаргасан. Учир нь ******* ******* ******* ХХК нь анх гэрээ байгуулж байсан бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг ******* ******* ХХК-ийн нэр дээр гаргах шаардлага үүсэж, гэрээ байгуулсан. Мөн гэрээнд үйлчилгээний талбайн хэмжээнд өөрчлөлт орсон, мөн төлбөрийг төгрөгт шилжүүлж өөрчлөлт оруулсан. Энэ гэрээнд заасны дагуу захиалагч тал 289,14 м.кв талбайг хүлээж авах ёстой байтал 35,89 м.кв талбайгаар дутсан. Тэгэхээр 1 м.кв нь 1 890 ам.доллар буюу нийт 67 832,1 ам.доллар болж байгаа. Үүнийг 1 156,24 төгрөгт шилжүүлэхээр 78 430 187,3 төгрөг болж байгаа юм. Ийм учраас алданги болон дутуу талбайн үнийг нэмж нийт 207 002 178,9 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа мэргэжлийн байгууллагаас шинжээч томилогдсон. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч тухай бүрт нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилж байсан. 2017 оны 02 дугаар сарын 15-нд нэхэмжлэл гаргах үеийн буюу 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Монгол банкны ханшаар буюу 1 940 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Ингээд нийт 215 000 774,58 төгрөг болсон. Ханшийн зөрүү 87 175 066,3 төгрөг болсон тул үүгээр нэмэгдүүлэн нэхэмжлэлийн шаардлага 309 299 476,9 төгрөг болж өөрчлөгдсөн. Анх ******* ******* ******* ХХК нь гэрээ байгуулсан боловч ******* ******* ХХК-ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг гаргуулсан. Энэ нь ******* ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-д шаардах эрх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах эрхийг олгосон тухай тус компанийн Зөвлөлийн хурлын тогтоолыг хэрэгт өгсөн. Үүний дагуу ******* ******* ХХК нь тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болж нэхэмжлэгчээр явж байгаа юм. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт 2-3 удаа гарсан. Гэхдээ 1 дүгнэлт нь шинжээч нарыг гарын үсэг зуруулаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болсон. Нөгөө 2 дүгнэлт нь хүчин төгөлдөр байгаа. Инчко ХХК болон Тоонто гранд ХХК-ийн хэмжилт хийсэн дүгнэлтүүд байна. Тэгэхээр шүүх эдгээр мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэж дутуу талбайн мөнгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь хэмжилт хийсэн стандартын талаар маргадаг. Стандартчилал хэмжил зүйн газраас авсан бичигт Монгол улсад үйлчилгээний зориулалттай талбайг хэмжиж, тооцох нэгдсэн стандарт байхгүй, хэрэв хэмжиж тооцохоор бол Олон нийт, иргэний барилгын норм ба дүрмийн 31.03.03 гэсэн барилгын норм дүрмийг мөрдөх нь зүйтэй гэсэн байдаг. Инчко ХХК-ийн дүгнэлт нь 31.03.03 норм ба дүрмийн дагуу хэмжсэн учир хэмжилтэнд эргэлзээ байхгүй, зөв хэмжсэн гэж үзэж байна. Харин сүүлд хэмжсэн шинжээч Тоонто гранд ХХК нь аль аль дүрэм, стандартын дагуу хэмжиж дүгнэлт гаргасныг зөв хэмжсэн гэж үзэж байна. Хариуцагч 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр талбайг хүлээлгэн өгч, нэхэмжлэгч хүлээж авч, талууд акт үйлдсэн учир энэ үе хүртэл алдангийг тооцож нэхэмжилсэн. Гэрээнд заасан хэмжээгээр алдангийг нэхэмжилсэн учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. 2008 оны гэрээнд 2014 оны 04 дүгээр сарын 04-нд нэмэлт өөрчлөлт орсон, нэг л гэрээний асуудал яригдаж байгаа. Нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу 289,14 м.кв талбай гэж итгэж хүлээж авсан бөгөөд хэмжиж авах боломжгүй. Мэргэжлийн байгууллагаар хэмжүүлсний дараа доголдолтой гэдгийг мэдсэн, Орон сууц, барилгын баталгаат хугацаа нь Барилгын тухай хуулиараа 3 жилийн хугацаатай. Тэгэхээр гомдлын шаардлага буюу 6 сарын хугацааг энд тоолох шаардлагагүй. Иймд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн зүйл байхгүй. 2014 оны 04 дүгээр сарын 04 хүртэл энэ гэрээ хэрэгжиж байсан, үүний дагуу төлбөр тооцоо хийгдсэн. Гэрээнд алдангийн хэмжээг хэрхэн тооцохыг зааж өгсөн байгаагаас харахад алдангийг нэхэмжлэх нь зүйн хэрэг юм. Хариуцагч объектыг хүлээлгэж өгөөгүй нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагч ******* ХХК-иас шүүхэд болон өмгөөлөгч Э.Уянгасайханаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК нь ******* ХХК-д холбогдуулан 2008 оны 07 дугаар 23-ны өдөр байгуулсан гэрээний 3.2-т зааснаар алданги нэхэмжилсэн. Гэтэл гэрээний заалтад алдангийг гэрээний нийт үнийн дүнгийн тодорхой хувиар тооцохоор талууд тохиролцсон байдаг. Энэ нь Иргэний хууулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан алданги юм уу эсхүл 232.5.-д заасан торгууль юм уу гэдэг нь эргэлзээтэй байгаа. Хуульд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс гэж тодорхой заасан. Тиймээс энэ нь хуульд нийцээгүй учир алдангийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч Инчко ХХК-иар хэмжилт хийлгэж, талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу доголдлыг ирүүлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэл болгосон. 2013 оны 07 дугаар сарын 23-нд захиалагчид хүлээлгэж өгөх ёстой барилгыг улсын комисс хүлээж авсан. Өөрөөр хэлбэл 2008 оноос хойш хүлээсэн иргэд, аж ахуйн нэгжүүд тус өдрөөс талбайг бүрэн ашиглах боломж нээгдсэн. 2013 оны 8 дугаар сараас хойш талбайг ашиглаж байсан. Хуульд заасан доголдлыг илрүүлэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ. 2014 оны 04 дүгээр 04-нд талбайг хүлээж авсан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба 343.9.-д зааснаар доголдлыг 6 сарын дотор илрүүлж, ******* ХХК-д мэдэгдсэн бол түүнээс 3 жилийн хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тоологдох байсан. Тэгэхээр догодлыг 6 сарын дотор илрүүлээгүй учир энэ шаардах эрхээ алдсан байна. Талууд талбайн хэмжээг тодорхойлоод гэрээ байгуулсан. Мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэх бүрэн боломжтой байсан. Учир нь хүний нүдэнд ил харагддаггүй буюу далд шугам хоолойн гэмтэл биш учир хүлээж аваад мэдэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл 6 сарын дотор ******* ХХК-д мэдэгдээгүй учир хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй. Үүнээс гадна 2014 оны 04 дүгээр сард гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байгуулсан байдаг. Гэтэл талуудын хооронд үүрэг 2008 онд үүссэн, энэ нь талбайн хэмжээ болон үнийн дүнд өөрчлөлт орж 2014 онд өөрчлөгдсөн гэрээ байгуулагдсан. 2014 онд байгуулсан гэрээнд 2013 оны 4 дүгээр улиралд багтааж хүлээж авна гэж зааснаас харахад уг талбайг нэхэмжлэгч ашиглаж байсан нь харагдаж байна. Тиймээс алданги тоолох эрх зүйн үндэслэлгүй. 2014 онд талбайн хэмжээг томсгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд төгрөгөөр илэрхийлсэн гэрээ хэрэгтэй байдаг гэсэн нэхэмжлэгчийн хүсэлтээр өөрчлөлт орсон. 2008 оны гэрээний 3.2-д заасан алдангийн зохицуулалтыг 2014 оны гэрээндээ заагаагүй нь талууд хоорондоо алданги тооцохгүй байх зарчмаар гэрээнд өөрчлөлт оруулж байгуулсан. ******* ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 23-нд хүлээлгэж өгсөн бөгөөд үүнийг 2014 оны 04 дүгээр сарын 04-нд байгуулсан гэрээнд баталгаажуулж, хүсэл зоригоо илэрхийлэн оруулж өгсөн. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.6.-д заасан алдангийн шинж, чанар харагдахгүй байна. Хуулийн заалтанд нийцэхгүй байх тул төлөх үндэслэл байхгүй. Өөрчилсөн гэрээгээрээ талууд алдангийн зохицуулалтыг авч хаясан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан дутуу талбайн үнэ болон хугацаа хэтрүүсний алдангид 207 002 178 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлэн нийт 309 299 476 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Дээрх нэхэмжлэлийг хариуцагч тал нь үл зөвшөөрч, нэхэмжлэгчид үйлчилгээний талбайг бүрэн хүлээлгэн өгсөн, хүлээн авснаас хойш хуульд заасан хугацааны дотор гомдол гаргаж байгаагүй, алданги нэхэмжилсэн нь хуульд нийцээгүй гэж тайлбарлан маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.
1. Хариуцагч ******* ХХК болон ******* ******* ******* ХХК нь харилцан тохиролцож Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай барилгаас 1 дүгээр давхарт 206 м.кв талбайг нэг м.кв-ыг 1 890 ам.доллараар тооцон худалдаж авахаар, ******* ХХК нь 2009 оны 4 улиралд багтаан уг талбайг хүлээлгэн өгөхөөр 2008 оны 07 дугаар сарын 23-нд Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
2. Хэрэгт 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01 тоот ******* ******* ******* ХХК-ийн Зөвлөлийн хурлын тогтоол авагдсан ба уг тогтоолоор дээрх ******* ХХК болон ******* ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2008 оны 07 дугаар сарын 23-нд Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-ний шаардах эрхийг бүхэлд нь ******* ******* ХХК-д шилжүүлж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.3., 123.6.-д зааснаар худалдан авагч ******* ******* ******* ХХК-ийн эрх, үүрэг ******* ******* ХХК-д шилжсэн байх ба тус компани нь дээрх гэрээний дагуу эрх, үүргийг хэрэгжүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Энэ нь хэрэгт авагдсан 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 14/01 тоот ******* ******* ******* ХХК-иас 289,14 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай ******* ******* ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021680 дугаарт бүртгэгдсэн 000301162 тоот үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой аливаа бүхий л шаардах эрхийг ******* ******* ХХК-д шилжүүлсэн Шаардах эрх шилжүүлэх тухай албан бичиг, 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Шаардах эрх шилжүүлэх гэрээ зэргээр ч нотлогдож байна.
3. Нэхэмжлэгч талаас гаргасан 1 дүгээр хавтаст хэргийн 18-25, 87-89 дугаарт талд авагдсан төлбөрийн тооцоо, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, ******* ХХК-ийн орлогын ордерийн тасалбар, Худалдаа хөгжлийн банкны мемориалын баримт, дотоод мөнгөн шилжүүлэг, харилцагчийн гүйлгээ, 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн талуудын хооронд байгуулсан 09/02 тоот Худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтуудаар ******* ******* ******* ХХК болон ******* ******* ХХК-иудаас ******* ХХК-д 2008 оны 07 дугаар сарын 23-наас 2013 оны 10 дугаар сарын 08-ны хооронд нийт 620 666 197 төгрөгийг төлсөн байх ба үйлчилгээний талбайн үнэд дээрх төлбөрийг бэлнээр болон бэлэн бусаар /бартераар/ төлсөн талаар хариуцагч ******* ХХК маргаагүй байна.
4. Зохигчид 2014 оны 04 дүгээр сарын 04-нд 08/07/23 тоот Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний 1.1-д Peace tower-т 1 дүгээр давхрын 104 тоот цэвэр талбай 247,07 м.кв, дундын өмчлөлийн талбай 42,07 м.кв, нийт 289,14 м.кв талбайтай, 1 м.кв-ын үнийг цэвэр талбайд 2 185 293 төгрөг, дундын өмчлөлийн талбайд 578 120 төгрөгөөр тооцохоор, 1.2-т гэрээний төлбөр тооцоо хийгдсэн тухай тэмдэглэлтэй хавсралт, 2 тал харилцан тохиролцож өөрчлөлт оруулсан өрөөний зохион байгуулалтын зураг зэрэг нь гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байхаар, 2.1-д үйлчилгээний заалны төлбөрийн 78 хувь 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 07/23/08 тоот гэрээний дагуу бэлнээр болон бартераар төлсөн тухай тус тус заасан байна.
Үүнээс үзэхэд талууд 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-г үргэлжлүүлэн, гэрээний зүйл болох үйлчилгээний талбайн хэмжээг цэвэр талбай, дундын өмчлөлийн талбай гэж ялган, нийт талбайн хэмжээг 289,14 м.кв болгон нэмэгдүүлж, нэгж талбайн үнийг төгрөгөөр тооцон, өрөөний зохион байгуулалтын зургийг өөрчилсөн тухай зааж гэрээнд өөрчлөлт оруулсан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-ний хугацаа тус гэрээний 3.1-д зааснаар 2009 оны 4 дүгээр улиралд 206 м.кв талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгснөөр дуусгавар болох ёстой байсан боловч түүнээс хойш 2013 оны 10 дугаар сарын 08-ныг хүртэл ******* ******* ХХК-иас талбайн үнийг төлж байсан байдал мөн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2., 221 дүгээр зүйлийн 221.4.-т заасны дагуу гэрээнээс татгалзаагүй зэргээс үзэхэд талууд дээрх гэрээгээ 2014 оны 04 дүгээр сарын 04-нийг хүртэл буюу 289,14 м.кв талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх хүртэл хугацаагаар мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.2.-т заасны дагуу үүргийг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож харилцан тохиролцож үргэлжлүүлсэн байна.
5. Хариуцагч тал нь гэрээний дагуу төлбөр тооцоо дууссаныг батлан Peace tower-т 1 дүгээр давхрын 104 тоот, нийт 289,14 м.кв үйлчилгээний талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн нь 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн талуудын хооронд үйлдсэн Гэрээ дүгнэсэн акт, 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр олгогдсон, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021680 дугаарт бүртгэгдсэн 000301162 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэргээр нотлогдсон бөгөөд хариуцагч талын 2013 оны 08 дугаар сарын 23-нд барилгыг улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш нэхэмжлэгч нь уг талбайг ашиглаж байсан гэх тайлбар баримтаар нотлогдоогүй, энэ талаар гэрээнд заагаагүй, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй, энэ үүргээ биелүүлэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох баримтгүй байна.
6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-ний 3.2-т Байр ашиглалтанд орох хугацаа 60 хоногоос илүү хугацаагаар хойшлогдсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувиас тооцон 0,1 хувьтай тэнцэх алданги хөрөнгө оруулагчид төлнө гэсний дагуу үйлчилгээний талбайг шилжүүлэх хугацааг хэтрүүлсэн гэж тодорхойлон 2010 оны 03 дугаар сарын 01-нээс 2014 оны 04 дүгээр сарын 03-ныг хүртэл 1428 хоногийн алдангийг нэхэмжлэл гаргах үеийн 1 ам.долларын төгрөгтэй харьцах ханш болох 1 940.20 төгрөгөөр тооцон 215 747 058 төгрөг нэхэмжилсэн боловч талуудын хоорондох анхны гэрээний хугацаа үргэлжлэн 2014 оны 04 дүгээр сарын 04-нийг хүртэл үүрэг дуусгавар болоогүй байсан, түүнчлэн гэрээний дээрх заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д ...хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцээгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь алданги тооцон шаардах эрхгүй болно.
7. Хэрэгт авагдсан шинжээч Тоонто гранд ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 033 тоот дүгнэлтээр нэхэмжлэгчийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 54 дүгээр байрны 101 тоотод байршилтай худалдаа үйлчилгээний нийт талбай 251,41 м.кв, үүнээс дундын өмчлөлийн зориулалтаар ашиглаж буй талбай 41,70 м.кв, үйлчилгээний зориулалтаар ашиглах талбай 209,78 м.кв буюу дундын өмчлөлийн зориулалтаар ашиглаж буй талбай нь 0,37 м.кв-р, үйлчилгээний зориулалтаар ашиглах талбай нь 37,36 м.кв-р дутуу болохыг тогтоосон байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д ...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө...ийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх...үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба хариуцагч ******* ХХК нь 37,73 м.кв-р дутуу буюу 251,41 м.кв талбайг нэхэмжлэгчид шилжүүлсэн нь гэрээний үүргээ зөрчсөн байна.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1., 254.4.-т зааснаар эд хөрөнгийн доголдлын талаар худалдан авагч буюу нэхэмжлэгч нь дээрх гэрээг цуцлах тухай шаардлага гаргах, гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй байна.
Талуудын хооронд үйлдсэн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Гэрээ дүгнэсэн акт-д ...Peace tower оффис худалдаа үйлчилгээний төвийн 1 дүгээр давхрын 104 тоот 289,14 м.кв оффис худалдаа үйлчилгээний талбайг гэрээний дагуу иж бүрэн барьж өмчлөгчид хүлээлгэн өгсөн. Хөрөнгө оруулагч буюу өмчлөгч нь хүлээн зөвшөөрч талбайг хүлээн авсан болно гэж заасан байна.
Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч тал нь 2014 оны 04 дүгээр сарын 04-нд анхны буюу 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-нд талбайн хэмжээ 206 м.кв байсныг нэмэгдүүлэн 289,14 м.кв болгон өөрчлөлт оруулан нийт талбайг хүлээж авахдаа, улмаар 2014 оны 04 дүгээр сарын 15-нд өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээг авах үедээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Дэд бүтцийн яамнаас баталсан Олон нийт иргэний барилгын норм ба дүрэм БНбД 31.03.03, Стандарт хэмжил зүйн газрын Зөвлөлийн 2009 оны 52 дугаар тогтоолоор баталсан Орон сууцны дотор талбайг тооцох аргачлал Монгол Улсын стандарт MNS 6058:2009 зэрэг норм, стандартын дагуу эрх бүхий байгууллагаар талбайн хэмжээг тодорхойлон хэмжүүлэх боломжтой байсан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.-д Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заасны дагуу нэхэмжлэгч нь худалдан авч байгаа талбайн хэмжээ дутуу байгаа доголдлын талаар мэдэх боломжтой гэж үзнэ.
Нөгөө талаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2.-т зааснаар хариуцагч нь уг талбай нь хэмжээндээ хүрэхгүй байгааг мэдсээр байж нуун дарагдуулан нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь дутуу талбайн үнэд төлсөн 93 552 419 төгрөг, гэрээний хугацаа хэтрүүлсэний алдангид 215 747 057 төгрөгийг тус тус дээрх үндэслэлүүдээр шаардах эрхгүй байх тул хариуцагч ******* ХХК-иас 309 299 476 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 704 457 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6., 255 дугаар зүйлийн 255.1.1.-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт болон алдангид 309 299 476 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 704 457 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА