Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1030

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 189/ШШ2019/00007 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэлтэй,

хариуцагч А.Ц, “Уцтс” /УЦТС/, Х.Майрагүль нарт холбогдох,

итгэмжлэл, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, газрын гэрчилгээг сэргээлгэх тухай иргэний хэргийг,

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Ж

Хариуцагч: А.Ц,

Хариуцагч УЦТС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Э,

Хариуцагчийн УЦТС-ийн өмгөөлөгч: Э.Э,

Хариуцагч: Х.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Ц нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.О нь 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А.Цд олгосон итгэмжлэлийг хүчингүй болгуулах, 2013 оны 07 сарын 31-ний өдрийн Б.Оээс УЦТС-д газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Б.Оийн 2012 оны 11 сарын 06-ны газар эзэмших эрхийн 000417351 дугаартай, нэгж талбарын 18668296939055 дугаар бүхий 800 м.кв газрын гэрчилгээг сэргээлгэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.О нь өөрийн эзэмшлийн Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Уурхайчдын 2 дугаар гудамжны 20-12150 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө байршиж буй 182 м.кв бүхий газрыг 42 м.кв автомашины зогсоолын хамт УЦТС-д 200 000 000 төгрөгөөр зарахаар иргэн А.Цд итгэмжлэл олгосон байдаг. Уг газар дээрх үл хөдлөх хөрөнгийн эзэн Б.Баярсайхан нь өөрийн үл хөдлөх хөрөнгөө УЦТС-д 200 000 000 төгрөгөөр, чиний газрыг 200 000 000 төгрөгөөр буюу нийт 400 000 000 төгрөгөөр зарахаар УЦТС-ийн захирал Ч.Саранжавтай тохирсон учир 200 000 000 төгрөгөөр газраа зарчих гэж Б.Од хэлсэн. Б.О нь өөрийнхөө газрыг зарчихсан гэж ойлгосон, энэ талаар хариуцагч А.Ц мэдэж байсан. Учир нь хариуцагч А.Ц нь Налайх дүүргийн Газрын албатай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хийсэн байдаг. Нэхэмжлэгч Б.О нь уг гэрээг хийхээр А.Цд итгэмжлэл олгохоор Налайх дүүргийн нотариатч Х.Майрагүль дээр хариуцагч А.Цтай хамт очсон. Тэгэхдээ нэхэмжлэгч Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Уурхайчдын 20-12150 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрх шилжүүлэх итгэмжлэл олгохыг тодорхой хэлсэн. Гэтэл Х.Майрагүль нь итгэмжлэл олгож байгаа этгээдийн хэлсэн зүйлийг бичээгүй, өөр утга агуулгатай, мөн УЦТС гэхийг УБЦТС ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурах гэж ташаа бичсэн нь Налайх дүүргийн Газрын албанаас авсан архивын лавлагаагаар тогтоогдсон. Мөн итгэмжлэлийн агуулгад Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Уурхайчдын 20-12150 тоот хаягт байрлах 182 м.кв газар, мөн 42 м.кв автомашины зогсоол зэргийг 200 000 000 төгрөгөөр худалдах эрхийг олгож байна гэж бичихийг төлөөлөн баримт бичиг үйлдэх гэж бичсэн. Тухайн үед Б.О нь өөрийн санааг тодорхой хэлсэн байхад тодорхой бус агуулга бүхий итгэмжлэл хийж, төлөөлүүлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байна. Нотариатын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д тэмдэглэл нь гаргацтай, утга агуулгын хувьд ойлгомжтой, үг үсгийн засваргүй, энэ зүйлийн 35.6-д зааснаас бусад тохиолдолд оруулгагүй байна гэж заасан байхад нотариатчийн тэмдэглэл нь утга агуулгын хувьд ойлгомжгүй тэмдэглэл гаргасан байдаг. Нэхэмжлэгч Б.О нь Газрын албанаас лавлагаа авч үзээд хариуцагч А.Цгаас миний газрыг үнэ төлбөргүй шилжүүлсэн гэхэд би тухайн үед түүнийг сайн мэдээгүй. Тэр өдөр УЦТС-ийн мэргэжилтэн О.Батсүх, нотариатч Х.Майрагүль нар намайг дуудаад шууд гарын үсэг зур гэсэн. Би тэр гэрээг уншаагүй гарын үсэг зурсан гэх хариулт өгсөн. Ямар ч хүн өөрийнхөө өмчлөлийн газрыг хэнд ч үнэ төлбөргүй шилжүүлэхгүй. Гэтэл хариуцагч А.Ц нь нэхэмжлэгчийн 200 000 000 төгрөгийн үнэ бүхий газрыг үнэ төлбөргүй шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн байна. Мөн өнгөрсөн 5 жилийн хугацаанд нэхэмжлэгч уг газраа ашиглаж байсан бол их хэмжээний ашиг олох байсан. Б.Оийн зүгээс УЦТС-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Баярсайханд 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр уг асуудлыг шийдэж өгөхийг хүссэн боловч шийдэж өгөх боломжгүй гэх хариуг өгсөн. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, мөн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт “Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Налайх дүүргийн иргэн Б.О нь УЦТС-д 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 20-12150 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө байршиж байгаа 182 м.кв газар болон авто машины зогсоолын 42 м.кв газрын хамт өөрийгөө төлөөлөн УЦТС-тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийх эрхийг олгосон. Б.Отэй гэрээний нөхцөл, үнэ төлбөрийн талаар түүний өмчлөлийн газрыг УБТЦС ТӨХК-д 200 000 000 төгрөгөөр худалдана. Төлбөрөө хугацаа тогтоохгүй хэсэгчлэн хийх болно гэж тохиролцож ярилцсан. Гэтэл өнөөг хүртэл газрын төлбөр 200 000 000 төгрөг орж ирээгүй байгаа нь үнэн. Б.Од 2013 оны 07 дугаар сарын 31-ний газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг өгөөгүй болно. Иргэний хуульд заасны дагуу гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцож тухайн эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн. Би УЦТС-тай газрыг 200 000 000 төгрөгөөр худалдсан, харин гэрээний үнийг заасан гэж бодсон. Би тэр гэрээг уншаагүй. УЦТС-ийн гэрээний мэргэжилтэн О.Батсүхэд итгээд гарын үсэг зурсан юм. Харин энэ гэрээний архивын хуулбарыг аваад гэрээнд газрыг үнэгүй шилжүүлнэ гэснийг хараад гайхаж, газрын үнэ 200 000 000 төгрөгийг өгөхгүй байгааг ойлгосон. Би УЦТС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх захирал нарт 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэрээний биелэлтийн талаарх гомдол шаардлага гаргах тухай албан хүсэлт гомдол гаргасан боловч 2018 оны 08 дугаар сарын 29-нд УЦТС-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан нь 1/2163 дугаар албан тоотоор миний гомдлыг эс зөвшөөрсөн хариу ирүүлсэн. Б.О манай нөхрийн дүү тул надад та Б.Баярсайхан эгчийн өмнөөс итгэмжлэлээр үл хөдлөх хөрөнгийг нь худалдан борлуулах үйл ажиллагааг хийж байгаа учир миний хүсэл зоригийг илэрхийлж, газрыг худалдаарай гэж хэлсэн юм. Иймд би Б.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Х.Майрагүль шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбартаа: Хариуцагч А.Ц нь 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн УЦТС-д газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хийхэд учраа мэдэхгүй байхад нь УЦТС-ийн хуулийн мэргэжилтэн О.Батсүх хуурч хийсэн мэтээр ярьж байна. Би өнгөрсөн 13 жилийн хугацаанд нотариатын ажил эрхлэхдээ Б.О, А.Ц, Б.Гүррагчаа, Б.Баярсайхан нарын бичиг баримтыг олон удаа гэрчилж байсан. Өмнө нь Б.О, А.Ц нар ийм асуудал удаа дараа гаргаж байсан учраас баримт бичгийг гэрчлэх бүрт та нар өмнө нь гомдол гаргаж, хэл ам гаргадаг шүү, нотлох, нотлуулах хүн нь хаана байна, бүх зүйлээ тодорхой бичээрэй гэж байнга шаардлага тавьдаг байсан. Итгэмжлэлийг хийлгэхдээ Б.О, А.Ц хоёр манай ажил дээр хамт ирээд манайх өр төлбөрт ороод яах учраа мэдэхгүй байна. Хэрэв энэ газрыг УЦТС худалдаж авахаар болчихвол их хэмжээний өрнөөс гарах боломжтой гэж хэлж байсан. А.Цгийн нөхөр Б.Гүррагчаа нь дутуу барьсан байшингаа газартай нь хамт УЦТС-д 200 000 000 төгрөгөөр зарахаар боллоо гээд надад хэлж байсан. Түүний дараа А.Ц итгэмжлэл хийлгэх үед Б.О нь ажлаасаа ирсэн гээд их яарч байсныг тод санаж байна. Тэр үед итгэмжлэл хийхэд би туслах Б.Мягмарнаранд итгэмжлэлийн утгыг нь тодорхой бичүүлээрэй гэж хэлсэн. Тэд хоорондоо тохироод гэрээгээ хийгээд дууссан. Б.О завгүй учраас би өмнөөс нь гарын үсэг зурна гэж хэлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч УЦТС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай байгууллага нь Налайх дүүргийн ХҮТөвийн барилга барих зураг төсөл боловсруулах гэрээг 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Билгүүн шугар” гэх компанитай байгуулсан. Байшингийн байршил, геодези зураглал, шугам сүлжээ татах зэргээс барилгын төсөв гардаг ба төслийн нийт тооцоо 200 000 000 төгрөг гэсний дагуу ТУЗ-ийн шийдвэрээр манай байгууллагын худалдан авах төлөвлөгөөний төсөвт тусгагдсан. Манай байгууллагаас төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулж, 80 000 000 төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй ажил гүйцэтгэх гэрээг 2 удаа нээлттэй тендер зохион байгуулах талаар хуульд заасан байдаг. Манай байгууллагын ТУЗ-ийн шийдвэрээр худалдан авах төлөвлөгөөний төсөвт 200 000 000 төгрөг тусгагдсан тул үнэлгээний хороог байгуулж, уг хороо нь гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэгтэй байсан. Үнэлгээний хорооноос гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар 2 удаа нээлттэй тендер зохион байгуулж, Амжилтгүй болсон гэсэн дүгнэлтийг гаргасан ба амжилтгүй болсон тохиолдолд шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэнэ гэх онцгой журмыг зохицуулсан байгаа. Иймээс байгууллагын гүйцэтгэх захиралтай А.Ц, Б.О, Б.Гүррагчаа, Б.Баярсайхан нар уулзан 200 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийхээр тохиролцсон. Манай байгууллагын захирал тухайн хүмүүстэй уулзаж үзээд итгэл үнэмшил төрсөн учир худалдаж авахаар тохиролцож газрыг хуулийн дагуу шилжүүлж авсан. Уг газар болон үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг урьдчилан төлсөн байдаг. Нэхэмжлэгч тал анх УЦТС-ийн захиралтай 400 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэдэг. Гэтэл худалдан авах төлөвлөгөөний дагуу 200 000 000 төгрөг төсөвт суулгаж, захиалагч уг мөнгийг өөрчлөх эрхгүй. Энэ тухай Төсвийн тухай болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан. Захиалагч нь төсөвт өртөгөөс хэтэрсэн үнийн саналтай бараа, үйчилгээг хориглодог. Манай байгууллагын захирал тохиролцсоны үндсэн дээр энэ хүмүүс гэр бүлийн хүмүүс, садан төрлийн холбоотой юм байна гэж итгэл үнэмшил төрөөд уг хөрөнгийг авахаар шийдсэн. Гэхдээ уг хөрөнгө шугам сүлжээнд холбогдоогүй, автомашин угаалгын зориулалтаар ашиглах байсан байшинг нийт 159.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар засвар үйлчилгээ хийж, Налайх дүүргийн ХҮТөв болгосон. Би тухайн үед худалдан авах тендер шалгаруулах үйл ажиллагаагаар мэргэшсэн ажилтнаар ажиллаж байсан. Тэр үед цэвэр бетон, битүү карказан угсралттай өрхийн эмнэлэг барих барилгын төсөв 200 000 000 төгрөгийн өртөг бүхий төсөл орж ирдэг байсан. Гэтэл энэ барилга нь тоосгоор баригдсан, өртөгийн хувьд маш доогуур үнэлгээтэй байсан. Мөн инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, ус, дулаан, тог цахилгаан нь шийдэгдээгүй, дээвэр, гадна фасад болон дотор засвар хийгдээгүй барилга байсан. Бидний зүгээс энэ газар, барилгыг худалдаж авах, засвар үйлчилгээ хийх зэрэгт 359.000.000 сая төгрөг зарцуулсан. Улсын төсөвт үүнтэй ижил төрлийн байшин барилга 200 000 000 төгрөгийн төсвөөр хийгддэг гэдгийг тендерийн нэгдсэн сайтаас харж болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар Б.Оийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Ц, УЦТС, Х.Майрагүль нарт холбогдох итгэмжлэл, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 280 800 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.О давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч болон зарим хариуцагч нараас удаа дараа хүсэлт гаргаж хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримт болох Багахангай дүүргийн шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №189/ШШ2019/00012 дугаартай хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжийн 3-р хэсэгт УЦТС-нд даалгасан ... УЦТС-нь “УТЦТС” ТӨХК-ийн 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ТС-23/2012 тоот тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, хурлын тэмдэглэл зэргийг шүүхэд огт гаргаж өгөөгүй байхад “Билгүүн шугар” гэх өөр нэртэй компанитай байгуулсан /гэрээн дээрээ “Билгүүн Шонхор” ХХК гэсэн байсан/ 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээ болон хэрэг хянан шийдвэрлэхэд ая холбогдолгүй материалуудыг үндэслэн шийдвэр гаргасан.

2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б.Оээс А.Цд олгосон итгэмжлэлд “УБТЦС ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурах Нийслэлийн Газрын албанд төлөөлөн миний өмнөөс албан бичиг үйлдэх” гэж бичсэн нь миний хүсэл зоригийг илэрхийлээгүй бөгөөд миний эзэмшлийн Налайх дүүрэг, 1-р хороо, Уурхайчдын 20-12150 тоот хаягт байрлах худалдаа үйлчилгээ эрхлэх зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшиж буй 800 м.кв газрыг огтхон ч дурьдаагүй, “УБЦТС” ХХК гэж байхгүй, намайг төлөөлөн ямар гэрээ болон бусад эрхийн актад гарын үсэг зурах нь тодорхойгүй, Нийслэлийн Газрын албанд /Налайх дүүргийн газрын албанд бус/ юуг төлөөлөн албан бичиг үйлдэх зэрэг ямар ч ойлгомжгүй тодорхой бус байхад нотариатч Х.Майрагуль нь Нотариатын тухай хуулийн 21-р зүйлийн 21.2.1-д заасан үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдолыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүргээ биелүүлээгүй байхад шүүх анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн

Мөн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна. Мөн хуулийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байхаар заасан гэсэн нь маш ойлгомжгүй тус хуульд ийм заалт байхгүй байгаа нь шүүхийн шийдвэрийг бүр л ойлгомжгүй болгож байна.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч А.Ц, УЦТС болон Х.Майрагүль нарт холбогдуулан 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн итгэмжлэл, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч А.Ц нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч УЦТС болон Х.Майрагүль нар итгэмжлэл, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хуулийн дагуу хийгдсэн, нотариатын үйлдэл хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “төлөөлөгч буюу зуучлагч нь төлөөлүүлэгч буюу үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг хангалттай илэрхийлж чадаагүйгээс төөрөгдөлд оруулсан хэлцэл хийсэн гэж үзэж, нэхэмжлэгч Б.О, хариуцагч А.Ц нарын 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн итгэмжлэл, 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хариуцагч А.Цны УЦТС-тэй байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна гэж тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч А.Ц, УЦТС-ийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүү нар Налайх дүүргийн Газрын албанд Б.Оийн эзэмшлийн 800 м.кв газраас 224 м.кв газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлт гаргаж, А.Ц нь УЦТС-ийн гэрээ байгуулах, газрын гэрчилгээ авах итгэмжлэлтэй Очирпүрэвийн Батсүхтэй 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн нь зохигч болон гэрч О.Батсүх, Б.Мөнх-Эрдэнэ нарын тайлбарууд, кадастрын зураг, бүртгэл хяналтын карт, 2013 оны нотариатын бүртгэлийн дэвтрийн 694 дүгээрт бичигдсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр маргаан бүхий газрыг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон байна. /хх 9-17/

Нэхэмжлэгч Б.О нь 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч А.Цд өөрийгөө төлөөлөн хариуцагч УЦТС-д Улаанбаатар хот Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 20-12150 тоотод байрлах 182 м.кв газар болон 42 м.кв талбай бүхий автомашины зогсоолын зориулалттай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхтэй итгэмжлэлийг олгосон байна. Уг итгэмжлэлийн дагуу хэлцэл хийгдсэн үйл баримтын талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хариуцагч А.Ц, УЦТС, Х.Майрагүль нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Мөн анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар зөв тайлбарласан боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь УЦТС-ийн зохих шийдвэр гараагүй байхад гэрээ хэлцэл хийсэн буюу төлөөлөх эрхгүй байсан гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Хариуцагч УЦТС-ийн байгууллагыг өөрийг нь төлөөлөх эрхгүй этгээд гэрээ хийсэн, үүнтэй холбоотойгоор ашиг сонирхол зөрчигдсөн гэх асуудлаар ямар нэг гомдол, санал гараагүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр олгосон итгэмжлэлийг өөрийг нь төлөөлөн Нийслэлийн газрын албанд төлөөлөн албан бичиг үйлдэх гэж бичсэн нь хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй гэх гомдол гаргажээ. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар бусдыг төлөөлж байгаа этгээд төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно” гэж заасан. Өөрт нь олгогдсон итгэмжлэлийг хүсэл зоригоос гадуур байдлаар ашиглаж буруу гэрээ, хэлцэл байгуулж өөрт нь хохирол учруулсан гэж үзэж байгаа бол мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт зааснаар гэм хорыг төлөөлөгчөөр арилгуулахаар шаардах эрх нь нээлттэй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 189/ШШ2019/00007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Оээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                             ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН