Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 125/2017/0002/з |
Дугаар | 121 |
Огноо | 2018-03-19 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 121
Д.Ц-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Х.Батсүрэн
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар “Д.Ц-г ажлаас чөлөөлөх” тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах”
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2017/0799 дүгээр магадлал,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар шийдвэрээр: Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар “Д.Ц ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, 28 дугаар зүйлийн 28.2.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн “...урьд эрхэлж байсан албан тушаал болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2017/0799 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Д.Ц-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хариуцагч Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр би Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2017/0799 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т заасан эрхийнхээ дагуу дараах гомдлыг гаргаж байна.
4. Нэхэмжлэгч Д.Ц нь Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар “Д.Ц- ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулахыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
5. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Ховд аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, хөдөлмөрийн хэлтсүүд нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулж орон тоо бүтэц цомхтголд орж улмаар өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний орон байхгүй болсон. Хавтаст хэргийн материалд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаалаар гарсан Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог баталсан баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагын хүрээнд нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтууд авагдсан.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан эрхийнхээ дагуу Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн гэх орон тоо байхгүй болох нь гэрч П.Батнасангийн ”...одоо Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоонд Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн гэх орон тоо байхгүй....” гэх мэдүүлэг, гэрч П.Алтанцэцэгийн “...Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн гэх албан тушаал байхгүй, батлаагүй юм...” гэх мэдүүлэг зэргээр нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Гэтэл нэхэмжлэгч Д.Ц нь бүтэц орон тоо нь байхгүй болсон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн “Өргөдөл, гомдол” хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, тодруулсан байна.
7. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар Д.Ц- “...Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон зохион байгуулагдаж, зарим нэг ажлын байр бүтцийн өөрчлөлтөөр хасагдаж цөөрсөн...” гэх үндэслэлээр өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн. Гэтэл нэхэмжлэгч Д.Ц нь урьд эрхэлж байсан Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн “Өргөдөл, гомдол” хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан учраас хариуцагчаа зөв тодорхойлоогүй байна гэж үзэж байна.
8. Өөрөөр хэлбэл Засгийн газрын тогтоолын дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаалаар бүтэц орон тоог баталсан нь хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон байхад Ховд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн авах боломжгүй юм. Мөн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаал нь хууль зөрчөөгүй бөгөөд тухайн үед нэхэмжлэгч Д.Ц нь хүлээн зөвшөөрч 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
9. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2017/0799 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримт хангалтай биш байхад хэргийг хянан шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
11. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал дээрх хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т заасантай нийцжээ.
12. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаалыг үндэслэн нэхэмжлэгч Д.Ц- Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
13. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх шийдвэртээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан өөр өөр үндэслэлийг заасан бөгөөд нэхэмжлэгч нь “...ажлын байр хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж, харин хариуцагч нь “...ажлын байр бүтцийн өөрчлөлтөөр хасагдан цөөрсөн...” гэж тус тус маргажээ.
14. Харин Нийгмийн халамж үйлчилгээний болон Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон өөрчлөн зохион байгуулагдсанаар нэхэмжлэгчийн урьд өмнө эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдсан, эсвэл чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн аль нь болохыг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
15. Тухайлбал, Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний ямар чиг үүрэг нь шинэ бүтцээр бий болсон “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалын чиг үүрэгт нэгтгэгдсэн нь тодорхой бус байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн албан тушаалд томилогдсон Б.Пүрэвсүрэнг гуравдагч этгээдээр татан оролцуулсан нь ойлгомжгүй болжээ.
Мөн анхан шатны шүүх нотлох баримт хангалттай биш байхад “...хамгийн илүү шаардлага хангаж байгаа ажилтныг шалгаруулж аваагүй нь буруу...” гэсэн атлаа “...орон тоо байхгүй...” гэх зөрчилтэй дүгнэлт хийжээ.
16. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, эсхүл орон тоо цөөрсөн эсэхтэй хамааралтай нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлж, маргааны үйл баримтыг зөв тодорхойлох шаардлагатай талаарх давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байна.
17. Иймд, магадлалд заасан ажиллагааг бүрэн гүйцэтгэж, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх нь зөв байх тул магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2017/0799 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаярын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ