Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2017/00393

 

 

 

 

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2017/00393

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт Батбямбын *******т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.*******, хариуцагч Б.*******, түүний өмгөөлөгч Ц.Батхүү, гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.*******гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гуайгаас 5 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй авч хариуцагч Б.*******т 2 сарын хугацаатай зээлүүлсэн. Тухайн үед Б.******* нь сарын 5 хувийн хүүтэй зээл хайж байсан ба хэрэв би зээл өгөөгүй бол энэ хүн 5 хувийн хүүтэй мөнгө зээлээд өдийд төлөөд л явж байх байсан шүү дээ. 2014 оны 12 дугаар сарын 27-нд дансаар төлсөн 100 000 төгрөгийг нь гуайд өгсөн. 2015 оны 1 дүгээр сарын 27-нд хүү төлөх ёстой атал төлөөгүй. Б.******* нь 2015 оны 02 дугаар сарын 18-нд гуайтай уулзаж таны мөнгийг өгч чадахгүй байна гээд 100 000 төгрөгийг өгөхөд гуай надад амлалт бичээд ирвэл бодъё гэж хэлсэн байдаг. Б.******* нь 2015 оны 03 дугаар 01-нд 100 000 төгрөгөө өгөхдөө би 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэхэд 5 000 000 төгрөгөө бүгдийг нь өгнө гэж хэлээд түүнээс хойш алга болсон. Би Солонгос улсад сурахаар явсан ба маш олон удаа Б.*******ээс зээлээ шаардаж утсаар ярьж байсан, зээл хөөцөлдөж байна, удахгүй гэж надад хэлдэг. Ингээд би сургуулиасаа 7 дугаар сард чөлөө аваад ирээд Б.*******тэй уулзах гэтэл утсаа авдаггүй, телевизэд байх гэрт нь очиход нүүчихсэн гэсэн. Тиймээс би өөрийн таньдаг ******* ахад хандаж, болсон явдлын талаар хэлээд 2015 оны 07 дугаар сарын 01-02-ны өдөр ******* ах болон Б.******* нартай уулзахад 7 дугаар сард мөнгөө төлнө гэж надад хэлсэн. Ингээд 2015.07.07-ны өдөр 400 000 төгрөг, 2015.07.08-ны өдөр 800 000 төгрөг төлсөн бөгөөд эдгээр нь өмнөх саруудын хүүнд тооцогдон үндсэн зээлээс 500 000 төгрөг хасагдсан. 2015.08.07-ны өдөр 600 000 төгрөг, 2015.09.12-ны өдөр 600 000 төгрөгийг дансаар төлсөн. Үүнээс тооцоход 9 дүгээр сард үндсэн зээл 4 000 000 төгрөг болсон байсан. 2015.10.27-ны өдөр хүүнд 3 500 000 төгрөгийг үлдэгдэлтэй байсан. 2015.11.16-ны өдөр 500 000 төгрөг төлсөн бөгөөд үүний 300 000 төгрөг нь үндсэн зээлээс хасагдсан. 2015.12.28-ны өдөр 260 000 төгрөгийг төлсөн бөгөөд үүнд Сараагаас хүүнд гэж бичсэн байгаа. 2016.01.27-ны өдөр 1 000 000 төгрөгийг төлсөн, үүнээс 900 000 төгрөг нь үндсэн зээлээс хасагдсан. 2016.03.27-ны өдөр 340 000 төгрөг төлснөөс 140 000 төгрөг нь үндсэн зээлээс хасагдсан. Тэгээд үндсэн зээлээс 2 000 000 төгрөгийг үлдэгдэлтэй байсан. Түүнээс хойш 2016.04.27-ноос 2016.11.27-ны өдөр хүртэл чимээгүй байж байгаад 2016.11.15-ны өдөр 300 000 төгрөгийг дансаар төлсөн. гуай надтай мөн адил тооцоо хийдэг байсан. Нийтдээ зээл, хүүнд 4 900 000 төгрөг төлсөн. Тиймээс нэхэмжлэлийн үнийн дүн болох 3 200 000 төгрөгөөс 600 000 төгрөгийг хасч, үлдэх үндсэн зээлд 2 000 000 төгрөг, хүүний үлдэгдэл 600 000 төгрөг буюу нийт 2 600 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б.*******ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр С.******* эгчээс 5 000 000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Тус мөнгийг би дараахь байдлаар төлсөн. Үүнд: 2014.12.27-ны өдөр 100 000 төгрөг, 2015.02.27-ны өдөр 100 000 төгрөг, 2015.03.27-ны өдөр 100 000 төгрөг, 2015.07.07-ны өдөр 400 000 төгрөг, 2015.07.08-ны өдөр 600 000 төгрөг, 2015.08.07-ны өдөр 600 000 төгрөг, 2015.09.12-ны өдөр 600 000 төгрөг, 2015.11.16-ны өдөр 500 000 төгрөг, 2015.12.28-ны өдөр 260 000 төгрөг, 2016.01.27-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016.03.10-ны өдөр 340 000 төгрөг, 2016.11.15-ны өдөр 300 000 төгрөгийг тус тус төлж үндсэн зээлээс 4 900 000 төгрөгийг төлж барагдуулсан. Тиймээс би үндсэн зээлийн төлбөрт 100 000 төгрөг төлнө. ******* эгч надад тус болж мөнгө зээлүүлсэн учир хүү гэж нэмж 900 000 төгрөгийг төлөх боломжтой. Нийтдээ 1 000 000 төгрөгийг төлнө. 5 000 000 төгрөгийг зээлэхдээ 2 хувийн хүү тооцох талаар ярьж байсан. Гэхдээ бид зээлийн гэрээг бичгээр хийгээгүй. Өмгөөлөгч гээд ******* гэдэг хүнтэй ирж намайг айлгаж дарамталсан. Тэгээд тэр баталгааг бичиж өгсөн. Би ******* эгчээс л 5 000 000 төгрөг авсан, гуайгаас мөнгө аваагүй, гуайд мөнгөө өгөөрэй гэсний дагуу зарим төлөлтийг өгч байсан. Тэр хүн надаас мөнгийг чинь өгнө гэсэн амлалт бичүүлж авсан. Би бусад хэсгийг нь төлөх боломжгүй байна гэв.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2 300 000 төгрөг, зээлийн хүүд 900 000 төгрөг, бүгд 3 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү төлөхөөр тохиролцоогүй, зээлээс 100 000 төгрөгийг төлөх ёстой, мөнгө зээлүүлж тусалсан тул 900 000 төгрөгийг нэмж, нийт 1 000 000 төгрөг төлнө, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.*******ийн хүсэлтийн дагуу 5 000 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 27-нд зээлүүлсэн болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон ба хариуцагч Б.******* нь уг мөнгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан талаар маргаагүй байна.

Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэсний дагуу мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч тал нь иргэн гаас 5 000 000 төгрөгийг авч сард 2 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатайгаар хариуцагчид зээлүүлсэн, 2016 оны 4 дүгээр сарын 11-нд зээлийн гэрээг хийж, 4 дүгээр сард багтаан зээлийг төлж дуусгахаар тохирсон гэж тайлбарлан үндсэн зээлд 2 300 000 төгрөг, зээлийн хүүд 2016 оны 4 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 27-ныг хүртэл 900 000 төгрөг нэхэмжлэхдээ 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хариуцагч Б.*******ийн гарын үсэг бүхий Зээлийн төлбөрийг барагдуулах хэлцэл гэсэн баримтыг үндэслэн, гэрч гийн мэдүүлгээр гэрчлүүлэн мэтгэлцэж байна.

3. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т ...Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч С.******* нь 2014 оны 11 дүгээр сарын 27-нд 5 000 000 төгрөгийг хариуцагчид зээлүүлэхдээ зээлийн гэрээг хуульд заасны дагуу бичгээр байгуулаагүй байх бөгөөд дээрх 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хариуцагч Б.*******ийн гарын үсэг бүхий ...5 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэйтэйгээр зээлдсэн нь үнэн болно. Зээлийн төлбөрөөс 4 000 000 төгрөгийг дансаар төлсөн болно...үлдэгдэл төлбөр 2 300 000 төгрөгийг 4 дүгээр сард багтаан төлөх баталгаа гаргав. Төлбөрийг бүрэн төлөх болно гэсэн нэг талын Зээлийн төлбөрийг барагдуулах хэлцэл, 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б.*******ийн гарын үсэг бүхий Амлалт гэх баримтууд нь талуудын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулсныг илэрхийлэх, хариуцагч зээлийн хүүг төлөх үүргийг хүлээсэн хуульд заасан үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн гэрч гийн мэдүүлэг нь зохигчдын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэх үйл баримтыг нотлох үндэслэл болохгүй байна.

Иймд талуудын хооронд амаар байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т заасан шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу зээлийн гэрээний хариу төлбөр болох зээлийн хүүг тооцон хариуцагчаас нэхэмжлэх эрхгүй байна.

4. Хариуцагч Б.******* нь 2014 оны 12 дугаар сарын 27-ноос 2016 оны 11 дүгээр сарын 15-ныг хүртэл хугацаанд нийт 12 удаагийн төлөлтөөр 4 900 000 төгрөг төлсөн нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгч С.*******гийн ХААН банк дахь 5014145414 тоот, хариуцагч Б.*******ийн ХААН банк дахь 5007340193 тоот дансны хуулгууд, Худалдаа хөгжлийн банкны 3764186 дугаартай гүйлгээний мэдэгдэл зэрэг баримтуудаар нотлогдож, талууд энэ талаар маргаагүй байна.

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэсний дагуу хариуцагч Б.******* зээлийн гэрээний үүргээс 4 900 000 төгрөгийг төлж, 100 000 төгрөгийн үүргийг биелүүлээгүй байх тул 100 000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлтэй.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч Б.******* нь шүүх хуралдааны явцад зээлийн гэрээний үүрэг 100 000 төгрөг дээр нэмж 900 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчаас 1 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйпийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3.-д заасныг баримтлан хариуцагч Б.*******ээс 1 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 200 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА