2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2560

 

 

 

 

 

 

 

 2025        11           12                                  2025/ШЦТ/2560

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сүххуяг,

улсын яллагч М.Ариунцэцэг,

шүүгдэгч *******,*******нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2506 00312 0273 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

1. Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ....... аймаг Мөрөн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт .............................. тоотод оршин суух хаягтай,

Урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөний ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 38 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 704 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, .......................Б.Э

2. Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ....................... тоотод оршин суух хаягтай,

Урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, ...................................*******

 

Холбогдсон хэргийн талаар:

2024 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө ............... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ....... хотхоны ......байрны зогссол дээр байсан Г.Л-ийн эзэмшлийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг халиваар зүсэж устгасны улмаас 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт

Б.Э нь гүйцэтгэгчээр хамтран оролцож үйлдсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

******* нь хамжигчаар хамтран оролцож үйлдсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч************** нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохоо илэрхийлж мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно. 

Хавтас хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт ......... дугаараас 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 07 цаг 11 минутад “Машины 4 дугуйг хутгаар хагалсан байна” гэх дуудлага хүлээн авсан, шийдвэрвэрлэлтийн мэдээлэл хэсэгт: Лхагвагэрэлээс мэдүүлэг авч материалжуулан, хяналтын камераас 2 минутын бичлэг хийж баримтжуулав” гэсэн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4 дэх тал/,

Хяналтын камерын бичлэгээс хэргийн газарт *******-гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн байдал, дугуйг зүссэн байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-14 дэх тал/,

Хохирогч Г.Л-ийн өгсөн “Би 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр .........  хорооны нутаг дэвсгэрт байрлах ........хотхоны ...... байрны гадаа 22 цагийн үед машинаа тавиад гэртээ орсон, өглөө 7 цагийн үед гараад машинаа халаах гээд гартал миний машины 4 ширхэг дугуйг нэг юмаар зүссэн байсан. Харин обуданд гэмтэл гараагүй байсан. Машин тавьсан газар хяналтын камертай байсан. Би 2024 оны 11 сард нэг ширхэгийг нь 200,000 төгрөгөөр худалдан авч байсан 225/60В17 гэсэн хэмжээтэй дугуй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дэх тал/,

“Дамно” ХХК-ий 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн БЗДЗ-25-04 дугаартай “225/60/17 хэмжээтэй 2014 оны 11 дүгээр шинээр авсан гэх 4 ширхэг дугуйг 1 ширхэгийг 200,000 төгрөгөөр тооцож, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 800,000 төгрөг үнэлэв” гэсэн шинжээчийн дүнэлт  /хх-ийн 29-30 дахь тал/,

Б.Э-ий сэжигтнээр өгсөн “2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр найзуудын хамт караокед сууж байгаад 23 цагийн үед танил ах Б рүү залгаад намайг аваач гэж дуудсан. Б ахыг ирэхээр нь хамт таксинд явж байтал Б ах нэг байрны гадаа ирээд надад хар өнгийн машин зааж өгсөн. Тэгэхээр нь би Б ахыг та жаахан цаанаа зогсож бай би буучихаад ирье гэж хэлээд машинд байсан автеркыг авч буугаад тухайн машины 4 дугуйг хагалчихсан. Тухайн үед би согтуу зориг орчихсон байсан болохоор хагалчихсан. Би бор өнгийн савхи болон ногоон өмдтэй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дахь тал/,

Б.Э-ий яллагдагчаар өгсөн “Би тогтоолд заасан гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 76 дахь тал/,

*******-гийн гэрчээр өгсөн “2024 оны 12 дугаар сарын 24-ний шөнө ................. хороо ............. буюу хохирогчийн байрны гадаа ирээд ................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг хайж олоод дугуйг нь хагалах гэж байгаад болиод явах гэтэл надтай хамт байсан танил дүү Э нь жижиг зүсчихье гэж хэлээд тухайн машины 4 дугуйг зүссэн. Анх 2024 оны 12 дугаар сарын дундуур тухайн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан, цагдаа дээр араас нь ирж мөргөсөн болохоор миний буруу болсон юм. Тэгээд би хохирол төлөөд салж байсан. Үнэлгээний газар байж байхдаа тухайн ........ дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн мэдээллийг харж аваад 2024 оны 12 дугаар сарын 24-ний шөнө дүү Э-ий хамт шоглох гэж очсон. Би өөрөө жаахан айгаад явах гэтэл Эрмүүн нэгэнт энд ирсэн юм чинь 4 дугуйг нь жижиг цоолъё гэж хэлээд машинаас буугаад төд удалгүй болчихлоо гээд ороод ирсэн. Анх санааг би гаргасан. Тэгээд Э дугуйг хагалсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 дахь тал/,

*******-гийн яллагдагчаар өгсөн “Тогтоолтой танилцсан. Санал байхгүй. Өмнөх мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 дахь тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт *******-гээс гаргаж өгсөн түүний эзэмшлийн Хаан банкны ... тоот данснаас хохирогч Г.Лийн  эзэмшлийн данс руу 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 200,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга 1 хуудас,

*******-гийн хувийн байдалтай холбоотой Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 дэх тал/, Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111 дэх тал/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64 дэх тал/,

Б.Э-ий хувийн байдалтай холбоотой Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 дахь тал/,Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52 дахь тал/, Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110 дахь тал/, ялтыг шилжүүлэн авч, яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх-ийн 119-120 дахь тал/, хоригдол хүлээлгэн өгсөн тэмдэглэл, ялын тооцоо /хх-ийн 114-116 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогчийн мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлтийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

  Гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол зэргийг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

            *******,*******нар хамтран оролцон 2024 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Серена таун хотхоны 80а байрны зогссол дээр байсан Г.Л-ийн эзэмшлийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг халиваар зүсэж устгасны улмаас 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Г.Лийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, *******,*******нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан байдаг.

Эд хөрөнгө устгасан гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй болгосныг, эд хөрөнгө гэмтээсэн гэж эд хөрөнгөд гэмтэл учруулж, эд хөрөнгийг сэргээж засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дэх заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж буюу 300,000 төгрөгөөс дээш хохирол учирсан байхыг шаардах бөгөөд тус гэмт хэргийн улмаас 800,000 төгрөгийн хохирол тогтоогдсон нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.

Шүүгдэгч Б.Э, ******* нарыг бусдын эд хөрөнгөд халдахдаа уг үйлдлийг хууль бус шинжтэй мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул тэдгээрийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд уг үйлдэл болон учирсан хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг 2 болон түүнээс дээш хүн үйлдэл, зорилгоороо санаатай нэгдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарын үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад ач холбогдолтой.

******* нь өөрийн урьд холбогдсон хэрэг зөрчлийн хохирогчийг зориудаар шоглох хохироох зорилгоор Б.Этэй урьдчилан үгсэн тохиролцож, түүни хамт өөрийн эзэмшлийн тээврийн хэрэ-гслийг жолоодон шөнийн цагаар хохирогчийн амьдардаг байрны гадна очиж, улмаар тээврийн хэрэгслийг хайн олоод хажууд нь зогссон ба*******нь тээврийн хэрэгсэлд байсан халив /отвёртка/-ыг  ашиглан 4 дугуй зүссэн үйл баримт тогтоогдсон байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирчээ.

Гэмт хэрэгт хамтран оролцсон төрөл хэлбэрийг тодорхойлохдоо Б.Э-ийг гүйцэтгэгчээр хамтран оролцсонд тооцсон нь үндэслэлтэй, харин *******г хамжигчаар хамтран оролцсон гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хэрэглэсэн нь хуульд нийцээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

 *******-гийн үйлдлээс дүгнэхэд урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэхээсээ илүү бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэх шинжийг агуулсан байна.

Иймд *******-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг хатгагчаар хамтран оролцож үйлдсэн,

Б.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг гүйцэтгэгчээр хамтран оролцож үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Л-д 800,000 төгрөгийн бодит хохирол тогтоогдсон ба нөхөн төлөгдсөн байх тул *******,*******нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч *******д 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч нараас улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал болгосон ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах гэсэн сонгох ялтай, хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын цогц илрэл бөгөөд энэ нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрдэг.

Тодруулбал, мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдэл, холбогдсон хэргийн зүйлчлэл, уг гэмт хэргийн улмаас учрах хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагавар зэргийг хүлээн зөвшөөрч оролцсон байхыг ойлгоно.

Шүүгдэгч *******,*******нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцвол зохино.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна” гэсэн зарчмыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ баримтлах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй гэх хувийн байдал, урьдын өс хонзонгийн сэдэлтээр бусдыг хатгах замаар гүйцэтгэгчээр хамтран оролцуулж, шөнийн цагаар хүний хөрөнгөд эд зүйл ашиглан халдаж зориудаар устгасан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэх шинж чанар, учруулсан хохирол төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, бүлэглэн үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, оролцооны байдал зэргийг харгалзан

*******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Б.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 704 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 214 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоосон байна.

Дээрх байдлаар тусад нь эдлүүлэхээр тогтоосон 214 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 87 дугаартай шүүгчийн захирамжаар 26 хоногийн хорих ялаар сольжээ.

Б.Э нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Цагдан хорих 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид биечлэн эдэлж байсан.

Тус хорих ангиас Б.Э-ийг шилжүүлэн авчирч энэ хэрэгт 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба дээрх хугацаагаар ялын тооцоог гаргахад эдлээгүй үлдсэн ялын хэмжээ 3 сар 5 хоног болсон ба уг ялын тооцоонд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 87 дугаартай шүүгчийн захирамжаар чл сольж оногдуулсан 26 хоногийн хугацаагаар хорих ялыг оруулаагүй байна.     

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Э-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 2 сарын хугацаагаар хорих ял дээр

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 5 хоногийн хугацаагаар хорих ял,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 87 дугаартай шүүгчийн захирамжаар ял сольж оногдуулсан 26 хоногийн хугацаагаар хорих ял зэргийг нэмж нэгтгэн, түүний эдлэх хорих ялын хэмжээг 6 сар 1 хоногийн хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Эий энэ хэрэгт 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ******* нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг хатгагчаар хамтран оролцож үйлдсэн гэм буруутайд,

..... Б.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг гүйцэтгэгчээр хамтран оролцож үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-д 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Э-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 2 сарын хугацаагаар хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 /гурав/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ял, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 87 дугаартай шүүгчийн захирамжаар ял сольж оногдуулсан 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 6 /зургаа/ сар 1 /хоног/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Э-д оногдуулсан 6 /зургаа/ сар 1 /хоног/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт Б.Э-ий цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүйг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ХАТАНЦЭЦЭГ