Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 0065

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.У, Н.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

   Прокурор                                          Б.Ж

Шүүгдэгч                                           Б.У, Н.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Т.Э, Х.О, С.Б

Нарийн бичгийн дарга                 Б.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолтой, Б.У, Н.Э нарт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.У-н давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Б-н У.

 

Монгол Улсын иргэн, М овогт Н-н Э.

 

Б.У нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр  аймгийн  сумын  дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “Н” салонд иргэн Н.Эийн нүүрэн тус газарт гар утсаараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Н.Э тухайн үед Б.У-н толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н-н Э-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Б-н У-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н У-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сард 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож ялыг хугацаанд нь биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ш рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдаж, Н.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3,36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс 7,065,150 төгрөгийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.У давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн бусдад санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэж гэм буруутгасан. Хэрэгт авагдсан У С нарыг мэдүүлгээр миний үйлдэл /болгоомжгүй/ байсныг нотолж байгаа боловч хохирогчийн худал мэдүүлэгт итгэж, буруу шийдвэрлэлээ.

Шалтгаангүйгээр эргэж харангуутаа цохисон гэж буруутгадаг. Ийм үйл явдал болоогүй, би мэдүүлэгтээ удаа дараа хэлсэн боловч ямар ч шалтгаангүй хүн цохих шаардлага надад байгаагүй. Миний толгой руу цохисон үйлдлийг зогсоох гэж гараа дээш болгох үед түүний гар, толгойн аль нэг хэсэгт гар цохигдсон, утас шидэгдэж нүд нь цохигдсон. Өөрөөр хэлбэл утас шидэгдэж гэмтэл авсан болох нь гэр нарын мэдүүлгээр нотлогдож байхад намайг санаатай гэж үзсэн нь үндэслэлгүй.

Миний биед буюу толгойд гэмтэл учруулж хэд хэдэн удаа санаатайгаар цохисон хохирогчийн үйлдлийг нотлогдохгүй байна гэж цагаатгасан. Гэтэл миний биед гэмтэл учирсан. Учирсныг нотолж шинжээчийн дүгнэлт болон бусад эмнэлгийн баримтыг нотлох баримт гэж үзээгүй үндэслэлээ эргэлзээтэй гэх үгээр үгүйсгэж надад гэмтэл аваагүй гэж дүгнэлт хийсэн нь буруу гэж үзэж байна.

Тухайн хүний цохилтоос болж миний биед гэмтэл учирсан. Энэ буруугаа тухайн үед хүлээж ээж аавд хүртэл хэлж байсан үгнээсээ буцсаныг байх ёстой асуудал мэт шүүх хүлээн авч үзсэнийг буруу гэж үзэж байна. Тухайн үед надад гэмтэл учирсан аргагүйн эрхэнд эмнэлэгт хандаж эмчлүүлснийг миний ээж, аав, гэрч А нар гэрчилсэн байхад уг баримтуудыг үгүйсгэсэн нь үндэслэлгүй.

Хохирогч Э маш их хэмжээний согтолттой өөрийн үйлдлийг мэдэх чадваргүй байсан атлаа мэдэж байсан гэж тайлбар гаргаж, гэрч нарыг байцаагч дээр өмгөөлөгчийн хамт дагуулан очиж өөрийн үйлдлийг далдалж хэргийг шударга бусаар шийдвэрлүүлж байгаад гомдолтой байна. Намайг ухаан мэдрэлгүй согтуу эмэгтэй хаана ч ямар ч гэмтэл учирч болохуйцаар зодож байсан учир хоромхон зуур түүний үйлдлийг таслан зогсооё гэж бодож гараараа хамгаалж өндийн босож ирэхдээ гараа өргөснөөс түүний цохилтонд гар цохигдож утас шидэгдэн нүдийг оносон.

Гэтэл өөрийгөө хамгаалсан үйлдлийнхээ төлөө буруутгагдаж их хэмжээний хохирол төлбөрт оруулж байгаад гомдолтой байна. Хүн зүгээр нуруунд хүрэхэд хүнийг яасан гэж би цохих билээ. Миний биед хүн хүрсний төлөө би цохисон мэт хохирогчийн үйлдэлд итгэн шүүх буруу шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хэргийг шударгаар шүүнэ гэж би итгэж давж заалдах гомдлыг гаргаж байна. Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 182 дугаар тогтоолыг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү... гэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ:

... Хохирогч Б.У-н... “гэр лүүгээ харих замд нилээн өвдөж, би бөөлжсөн. Миний толгой хэсэг рүү гараараа хүчтэй нилээн хэд цохисон, тэр шөнө бөөлжөөд хамарснаас цус гараад, тэгээд би маргааш нь эмнэлэгт үзүүлэхэд тархи доргисон байна, мөн хаван үүссэн байна гэж хэлээд 7 хоног бариа хийлгэ гээд эмчилгээ бичиж өгсөн” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Б-н... “Охин У над руу залгаад “ааваа та гараад ирээч, Н салонд очсон чинь манай ажлынхан уучихсан байна, тэгээд миний толгой руу Б эгч цохичихлоо, миний толгой өвдөөд явж чадахгүй байна, та ирээд аваач гэсэн, тэгээд цагдаа дуудмаар байна” гэсэн зүйл утсаар хэлсэн. ...Манай охин гэртээ очоод байж байтал “толгой дүүрч өвдөөд байна, бөөлжис хүрээд байна” гэсэн. Тэгээд эм өгсөн, жин тавиулаад гэрт нь хэвтүүлсэн” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.У-н ...”манай охин гэртээ ирэхдээ толгой өвдөөд, дотор муухай оргиод байна гээд өвчин намдаах эм өгсөн. ...Тэгээд толгой тархиа бариулж байж гайгүй болсон” гэх мэдүүлгүүд мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаар авагдсан байна.

Дээрх хохирогч болон гэрчийн мэдүүлгийн эх сурвалж нь шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 88 дугаартай “...Б.У-н биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Шинэ гэмтэл байна” гэх дүгнэлтээр тогтоогдож байгаа болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Э нь Б.У-н толгой руу цохисон үйлдэл хийгээгүй болохыг шууд гэрчүүд мэдүүлсэн, мөн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байх тул... гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Тухайн үйл факт болсон гэх өрөөнд шүүгдэгч нараас гадна хөмсөг шивж үйлчилгээ үзүүлж байсан гоо сайханч, хөмсгөө шивүүлж орон дээр хэвтэж байсан үйлчлүүлэгч нараас өөр хүнгүй байсан ба тухайн гэрчүүдийн мэдүүлэг үйл явдлыг тодорхой харсан, хэн аль нь бие биенээ цохисон үйлдлийг гэрчилж мэдүүлээгүй, зөвхөн үйл явдал дууссаны дараа Б.У газраас утсаа аваад гарч гүйсэн, эргээд харахад Б эгчийн нүүр нь цус болсон байсан гэж мэдүүлсэн байхад “...Н.Э нь Б.У-н толгой руу цохисон үйлдэл хийгээгүй болохыг шууд гэрчүүд мэдүүлсэн” гэж үндэслэлгүйгээр нотлох баримтыг гуйвуулан дүгнэлт хийсэн.

Мөн анхан шүүх нь “... хохирогч Б.У, гэрч Д.Б, Ц.У, С.А нарын мэдүүлгийг хэрхэн няцаасан тухай хууль зүйн дүгнэлтээ хийгээгүй байна. Хохирогч Б.У тухайн үйл явдал болох үед өөрийн биед учирсан /толгой өвдөх, дотор муухайрч бөөлжих/ гэмтлээс илүүтэй хамраас нь цус гарч ил харагдах шархтай Н.Эийн эрүүл мэндэд анхаарч эмнэлэгт хандах, цагдаа дуудах талаар хэлж байсан мэдүүлгийн эх сурвалжийг шүүх анхаарч, нотлох баримтыг харьцуулан болсон үйл явдлыг сэргээн дүгнэлт хийж, үнэлж чадаагүй.

Мөн шүүхээс шинжээч эмчийн үзлэгээр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1-ийн 8-д заасан “Тархи доргилтын дараах үлдэц: 2 нүдний аньсаганы зай өөр өөр болж, хамар-уруулын нугалаас гөлийн, нүдний зовхи ба гар хуруу чичирч, шөрмөсний рефлекс ихсэн, судасны агшил, тэлэлтийн хямралын шинж илрэх” гэх шинжүүдээс илрээгүй, шинжээч эмч уламжлалт эмчийн эмчилгээний болон гэмтлийн эмчийн оношид тулгуурлан дүгнэлтээ гаргасан гэж тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүйгээр дүгнэсэн.

Тархины доргилт гэмтлийн үед хүний эрүүл мэндэд үүсэх дээрх шинжүүдээс бүгд илрэх албагүй бөгөөд дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ хэсэгт: 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн гавлын ясны 2 байрлалын рентген зурагт хуруу дардасны шинж тархмал илэрсэн гэж бичигдсэн бөгөөд энэ нь анагаахын шинжлэх ухаанд тархи хавагнасан шинжийг илэрхийлдэг байна.

Мөн Симптом Манна /+/ гэдэг шинж нь тархины битүү гэмтлийн үед үүссэн шинж бөгөөд эдгээр гэмтлийн үед үүссэн өвчний шинжээр хохирогч Б.У-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг шинжээчийн хувьд тогтоосон байхад ямар ч нотлох баримтаар харьцуулсан дүгнэлт хийлгүйгээр шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үндэслэлгүйгээр дүгнэлт хийсэн байна.

Хохирол төлбөрийн тухайд хохирогч Н.Э шүүгдэгч Б.У-с эмчилгээний зардал, цаашид гарах зардал болон ажилгүй байсан хугацааны цалин нийт 7.232.250 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч үзлэг оношилгоо болон эмийн зардалд 455.000 төгрөг төлсөн. Хохирогчийн нэхэмжлэлдээ хавсаргасан нийт баримтуудаас 459.400 төгрөгийн хэсгийг шүүх хангах үндэстэй гэж шүүх үзсэн ба нүдний хагалгааны цаашид гарах төлбөр 4.391.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 2.226.000 төгрөг, шатахууны 250.000 төгрөг зэргийг хэлэлцэх үндэслэлгүй, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж хэлэлцэхгүй орхисон.

Шүүх хохирлын хэмжээг тооцохдоо 459.400 төгрөгийн хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба хохиролд 455.000 төгрөг төлсөн, зөрүү 4400 төгрөг төлөгдөөгүй байхад тогтоолын 6 дугаар заалтад “...төлөх төлбөргүй” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Мөн хохирогч Н.Э нь эмчилгээ оношилгооны 459.400 төгрөг, нүдний хагалгааны цаашид гарах төлбөр 4.391.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 2.226.000 төгрөг, шатахууны 250.000 төгрөг, нийт 7.326.400 төгрөг нэхэмжилсэн байхад 7.232.250 төгрөг нэхэмжилсэн гэж, тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтад “... 7.065.150 төгрөгийн /6.867.000 төгрөг байхад/ хэсгийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж” шийдвэрлэсэн нь хохирлын хэмжээг буруу тооцож тодорхойлсон байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 19.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 19.3 дугаар зүйлийн 3, 4.2, 6 дугаар хэсэгт заасныг удирдлага болгож Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Эт холбогдох хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж илтэд үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Ж дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        

            Шүүгдэгч Б.У, Н.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.У-н давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэл зэргийг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзлээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.У-г 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр  аймгийн сумын  баг  байранд үйл ажиллагаа явуулдаг “Н” салонд иргэн Н.Эийн нүүрэн тус газарт гар утсаараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Н.Эийг тухайн үед  Б.У-н толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Эт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.У-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байхыг шаардана.

 

Гэтэл шүүгдэгч Б.У, Н.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй байна.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал хууль ёсны байдлыг дүгнэн шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүд болох хохирогч Б.У, гэрч Д.Б, Ц.У, С.А нарын мэдүүлгүүдийг хэрхэн няцаан үгүйсгэсэн үндэслэл тодорхойгүй байна.

 

             Түүнээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэж заасан.

            

             Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т  “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор гүйцэтгэнэ... ” гэсэн хугацааг шүүгдэгчийн санхүүгийн байдалд тохируулан  илүү боломж олгох байдлаар сунгаж тогтоох эрх хэмжээг шүүхэд олгосон заалт юм.

 

             Гэтэл анхан шатны шүүх торгох ялыг хэсэгчлэн биелүүлэх хугацааг 3 сар буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаатай адил хугацаагаар тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан боломжийг шүүгдэгчид олгосон гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Мөн шүүх шийтгэх тогтоолын удирдлага болгох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 19.3 дугаар зүйлийн 3, 4.2, 6 дугаар зүйлүүд буюу Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх журмын заалтуудыг баримталсан нь ойлгомжгүй байх бөгөөд шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ хайхрамжгүй алдаа гаргасан байна.

 

            Дээрхээс гадна шүүх хохирлын хэмжээг бодитой тогтоогоогүй, буруу  тооцсон, шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олговол зохих хэсгийг гаргуулалгүйгээр шүүгдэгч нь төлөх төлбөргүй гэж дүгнэж шийдвэрлэсэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд заасан шийтгэх тогтоолд тавигдах шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

            Шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч Б.У-н гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, прокурорын эсэргүүцэлд дурьдсан ... гэрчийн мэдүүлгүүдэд дүгнэлт хийгээгүй, хохирлыг буруу тооцсон ... гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1. 3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.У, Н.Э нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч Б.У-н давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, прокурорын эсэргүүцэлд дурьдсан ... гэрчийн мэдүүлгүүдэд дүгнэлт хийгээгүй, хохирлыг буруу тооцсон ... гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА