Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2023/0505

 

    2023         06           06                                     128/ШШ2023/0505        

 

                              

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч                     А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.О******* /РД:*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А******* /РД:*******/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Э /Өмгөөлөгчийн үнэмлэхийн дугаар: /

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Э, Э.М, Т.З******* нарын хоорондын ажлаас чөлөөлж, албан тушаалд шилжүүлэн томилсонтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Э.М, Т.З*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч О.О******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн О.О*******ийг ажлаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах-аар маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд,

2.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн О.О*******ийг ажлаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай ******* дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч О.О*******ийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс тус хэлтсийн төрийн үйлчилгээний Мишээл нэгдсэн төвийн улсын бүртгэлийн тасгийн иргэний улсын бүртгэгчээр томилжээ.

2.2. Нэхэмжлэгч О.О******* нь дээрх тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын салбар зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 08 дугаар албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариу авсан.

2.3. Улмаар 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Монгол Улсын иргэн О.О******* Нийслэлийн Хан-уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн "Улсын бүртгэгч"-ийн албан ажиллаж байсан. Ингээд үүрэгт ажлаа гүйцэтгээд явж байтал Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар бүхий тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.5 дахь хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалт болон бусад хууль тогтоомжийн холбогдох зохицуулалтыг үндэслэл болгон О.О******* намайг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчийн үүрэгт ажлаас 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс чөлөөлж, тухайн өдрөөс тус хэлтсийн төрийн үйлчилгээний Мишээл нэгдсэн төвийн улсын бүртгэлийн тасгийн иргэний улсын бүртгэгчээр томилохоор шийдвэрлэсэн байдаг.

3.1. Дээрх тушаалыг надад 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдэж танилцуулсан. Тухайн тушаалд О.О******* намайг ямар үндэслэлээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн ажлаас чөлөөлж байгаа талаараа надад урьдчилж мэдэгдээгүй, надтай ямар наг байдлаар зөвшилцөөгүй. Мөн дээр дурдсан ******* тоот тушаалд ажлаас чөлөөлж байгаа үндэслэлээ ч тодорхой дурдаагүй. Миний бие улсын бүртгэлийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллаж байгаа энэ олон жилийнхээ хугацаанд эд хөрөнгийн улсын бүртгэлийн чиглэлээр ажиллаж байгаа. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн болон иргэний улсын бүртгэлийн хийгдэх ажил, хууль тогтоомжийн зохицуулалт, бүртгэлийн систем ч өөр байдаг

3.1.1. Мөн Төрийн албан тухай хуулийн 44.1-д заасны дагуу "Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно" гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл үнэхээр сэлгэн ажиллуулах хэрэгцээ шаардлага байгаа тохиолдолд тэр талаараа албан хаагчтай тохиролцох ёстой. Мөн хуулийн тайлбарт "Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хуний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно" гэж заасан байдаг. Гэтэл дээр дурдсанчлан надтай ямар нэг байдлаар зөвшилцөөгүй, ямар зорилго зайлшгүй шаардлагаар албан тушаал шилжүүлж байгаа талаар тушаалдаа ч тодорхой тусгаагүй болно.

3.1.2. Уг тушаалтай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус зөвлөлөөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №08 албан бичгээр гомдлыг бүхэлд нь хүлээн авахгүй боломжгүй гэсэн шийдвэрийг ирүүлсэн. Иймд хууль зүйн үндэслэлгүйгээр албан тушаалаас чөлөөлж, өөр албан тушаалд томилсон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилохыг даалгаж өгнө үү” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч О.О*******ийг халсан үндэслэлээ хариуцагч тайлбарладаг. Энэ тайлбар дээрээ 2 өөр янзаар тайлбарладаг юм. Нэгдүгээрт энэ хүний мэдлэг ур чадвар болоогүй юм гэдэг зүйлийг хэлдэг юм. Тэгэнгүүтээ бид нар зүгээр байгууллага дотроо шилжүүлчихсэн юм гээд 2 өөр янзаар яриад байдаг. Үүнтэйгээ холбоотой баримтаа бас тусгаагүй. Өөрөөр хэлбэл зөрчилтэй үйлдэл дээр нь арга хэмжээ аваад 03 дугаар сарын 20 хувийн цалинг нь ноогдуулаад байх шиг байгаа юм. Тэгснээ яг тэр хурал дээрээ дахиад сэлгэнэ гээд гаргачхаж байгаа юм. Сэлгэнэ гэж ярьж байснаа сэлгэсэн дээрээ чамд мэдэгдчихсэн шүү дээ, хорооны иргэний бүртгэгч гэж байгаа юм.

3.2.1. Хорооны иргэний бүртгэгчээр тушаал гарсан юм уу гэвэл үгүй. Хорооны иргэний бүртгэгчээр энэ талаар чамд мэдэгдчихсэн шүү дээ гэчхээд Мишээлийн нэг цэг дээр аваачаад тавьчихаж байгаа юм. Ингээд сэлгэчихсэн юм уу гээд сонсох ажиллагаа дээр баахан сэлгэсэн тухай ярьж ярьж байснаа одоо болохоороо тайлбар дээрээ шилжүүлсэн юм гээд дахиад нэг өөр юм яриад байна. Тэгээд сонсох ажиллагааны дагуу хийгдсэн ажиллагааны тэмдэглэл, одоо хэрэгт гаргаж байгаа үйл баримтууд бүгд хоорондоо зөрүүтэй байдаг. Ер нь бол ингээд хариу тайлбар сонсохоор зөрчилтэй бол ер нь бол бид нар халах л байсан юм гэдэг. Тэгвэл та нар хууль журмынх нь дагуу халах арга хэмжээ авч болох байсан. Тэгэнгүүт 3 сараар сахилгын арга хэмжээ аваад 20 хувиар цалинг нь ноогдуулснаа тэр хүнийг шууд Мишээл дээр иргэний бүртгэгчээр аваачсан.

3.2.2. Ингээд 2 арга хэмжээ аваад явчхаж байгаа юм. Энэ хүн чинь өөрөө хаана ямар албан тушаал эрхлэх юм гэдэг дээрээ та хэд сонсох ажиллагаа хийгээд, чамаас санал аваад байна гэж тайлбарлаад байгаа юм бол тэр санал дээр сонсох ажиллагааныхаа дагуу хийгдсэн ажлаа л хийх байсан байхгүй юу. Тэгвэл Мишээл дээр нэг цэг дээр иргэний бүртгэгчээр тавина гэдэг зүйлийг энэ сонсох ажиллагаагаар яриагүй. Албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан энэ эрсдэлийг тодорхойлох боломжгүй байна гэдэг. Өнөөдөр бид нар энэ хэрэгт авагдсан баримтаар өмнө нь хийж гүйцэтгэсэн ажил дээр нь бол бүртгэлийг хүчингүй болгочихсон. Бүртгэлийг хүчингүй болгосны үр дагавар юу юм? Хэн алиндаа хохирол төлбөргүйгээр бүртгэл хүчингүй болоод, тухайн зөрчигдсөн этгээдийн эрх ашиг одоо сэргэчихсэн байгаа.

3.2.3. Энэ маргаан нь магадгүй шүүхээр явдаг юм уу, яадаг юм, тэр шатдаа явах байх. Гэхдээ өнөөдрийн байдлаар энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэн нэгнийг хохироочихсон хохирол амсчихсан үйлдэл энэ үйл баримтад байхгүй. Ингээд Хяналт шалгалтын газраас хариуцлагагүй хандсан асуудал дээр сахилгын шийтгэл ноогдуулчихсан юм байна гэж тухайн сонсох ажиллагааны хүрээнд маргаан бүхий үйл баримтууд тогтоогдоод явдаг. Ингээд энэ хариуцагчийн хариу тайлбараар нэг улсын бүртгэгчийн ажлыг бол бид нар солбиогүй. Эрхэлсэн ажил нь ТЗ-ны аль шатдаа байгаа, цалин хөлсийг нь л өөрчлөөгүй, энэ хүний эрх зүйн байдал ер нь яаж дордчихоод байгаа юм бэ гэж ярьдаг.

3.2.4. Гэвч иргэний улсын бүртгэл болон эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн эрхийн бүртгэл гэдэг гурвуулаа өөрөө улсын хэмжээнд улсын бүртгэлийг нэгдсэн байдлаар систем хөтөлж явдаг. Зайлшгүй мэргэшсэн байх шаардлагатай энэ ажил албан тушаал. Ийм мэргэшсэн байх шаардлагатай ажил албан тушаал дээр хэнийг ч, хаашаа томилж болно, ямар ч тамгыг нь сольчихож болно, ямар ч асуудалгүй юм гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь өөрөө үндэслэл муутай. Өөрөөр хэлбэл тэр хүнийг шилжүүлэн ажиллаж байгаа юм уу, энэ сонсох ажиллагаа дээр яриад байгаа сэлгэн ажиллаж байгаа энэ үйл баримтаа тогтоохдоо сая ярилаа шүү дээ. Сэлгэн ажиллах чинь өөрөө 2019 оны Засгийн газрын тогтоолтой гээд. Сонсох ажиллагааныхаа журмаар явах юм бол энэ сэлгэн ажилласан гэж тооцох юм бол тэр журмаараа сэлгэн ажиллуулах журмаа өөрсдөө зөрччихсөн байгаа. 3 дугаар зүйлд заасан сэлгэн ажиллуулах хугацааны асуудал байна.

3.2.5. Ямар тохиолдолд сэлгэж байгаа юм гэдэг асуудлуудаа өөрсдөө зөрчөөд гаргачихсан. Тэгээд тушаалынхаа үндэслэлээ Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.5-д заасныг ярьдаг. Хэрвээ үнэхээр энэ хүн шаардлагагүй байсан юм бол тамгыг нь солих, системийг нь солих бүх зүйлийг нь өөрчлөх ямар ч шаардлага байгаагүй. Төрийн албанд хэнийг ч хамаагүй бид нар солих эрх нь нээлттэй шүү дээ гээд байна. Тэгвэл хүн болгоны эрхийг солиод, хэн дуртай дарга нь өөрийнхөө хүнийг тэнд тавиад, хэн дуртай дарга нь хэнийг хаашаа ч хамаагүй шилжүүлж болохоор журамтай юм байна гэж би ойлгож байгаа юм. Манайх бол энэ эрхийн асуудал, бид нар дотоод журмаараа шийднэ гэж байгаа юм.

3.2.6. Энэ хүнийг үнэхээр зайлшгүй солих шаардлага байсан юм уу гэхээр Авлигатай тэмцэх газрын тэр бичиг дээрээ 7-д заасан Н.Мөнхжаргал гэдэг хүнийг аваачаад яг өөрийнх нь ажлын байр дээр тэр өдөр нь аваачаад солиод тавьчихаж байгаа юм. Тэгэхээр энэ хүнийг зайлшгүй сэргээн ажиллуулах шаардлага энэ хэрэгт байгаа баримтаар бол тогтоогдохгүй. Тэгэхээр санал өгөх боломжоор бүрэн хангасан тушаал хэлбэртэй ийм юм байдаг. Өөрөөр хэлбэл сая бид нар сонсох ажиллагааг сонслоо. Чамд ийм юм ноогдуулж байна. Бид нар энэ асуудлаар цаашдаа ёс зүйн асуудлыг хөндөөд явна. Гэхдээ энэ хэрэг маргааны хүрээнд бол сонсгочихсон тэгээд л болоо. Чи саналаа хэлээгүй шүү дээ. Улсын бүртгэгч яагаад саналаа хэлж чадаагүй гэхээр би энд хэлсэн ч, хэлээгүй ч та нар миний хэлэхийг сонсдоггүй шүү дээ гэдэг зүйлийг сая энд хэлдэг байхгүй юу.

3.2.7. Тэгэхээр хэчнээн хэлсэн ч бай, хэлээгүй ч бай энэ улсын бүртгэлийн газар бол өөрийнхөө хүссэн шийдвэрийг гаргаж байж л эцсийн дүндээ өөрсдийнх нь сонирхоод байгаа тэр үр дагавар гарах гээд байгаа юм. Тушаал гарахыг нь өмнөх өдөр нь мэдэгдсэн гэж байгаа. Өмнөх өдөр нь мэдэгдсэнийг бид нар ямар тушаал гарахыг далдаас хардаг хүмүүс биш учраас мэдэхгүй. Түүнийхээ дараа тушаал нь албажаад ирэхээр хүргэгдэнэ гэдэг зүйлийг хэлсэн гэж байгаа юм. Тэгээд ямар албан тушаал, яаж солигдож байгаа юм? Тэр хурлын тэмдэглэл дээрээ бол хорооны иргэний бүртгэгч гээд байгаа юм. Тэгэхээр бид нар энэ бас хорооны асуудлаараа ярьсан юм уу гэхээр ярьсан зүйл байхгүй. Тэгээд энэ танай ахлах руу явуулсан гээд байдаг.

3.2.8. Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийг хариуцсан хүн рүүгээ явсан юм уу, тэр хүн нь мэдэгдсэн тухай үйл баримт хэрэгт байхгүй. Тэгээд ийм ийм асуудлын хүрээнд бол нэгэнт арга хэмжээ авагдсан тушаал шийдвэр дээрээ дахиад чи чадахгүй байна гээд арга хэмжээ авч байгаа. Энэ бол сахилгын хэлбэр шиг ийм арга хэмжээ авч байгаа. Өнөөдөр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд бол Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг би тухайн үедээ сольсон юм гэж байгаа боловч энэ нь цаанаа өөр ашиг сонирхолтойгоор сольсон юм гэдгээ сонсох ажиллагааны хурлын тэмдэглэлээр ч тэр тайлбарлаж байна. Саяны хариу тайлбар дээрээ ч тэр энэ байдлаа нотолж оролцож байна. Иймээс энэ үндэслэл бүхий бус гарсан ******* дугаартай 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн энэ тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд нь томилж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна” гэв.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэгдүгээрт энэ маргаан бүхий захиргааны акт гаргахдаа Төрийн албаны тухай хууль, холбогдох хууль тогтоомжийг баримталсан гэж байгаа юм. Аливаа захиргааны актыг гаргахдаа тодорхой үйл баримт дээр тулгуурлаж, хууль зүйн тодорхой үндэслэлийг баримталж захиргааны актыг гаргах ёстой. Энэ үйл баримт нь юу вэ гэхээр ерөөсөө нэхэмжлэгч талыг ажил албан тушаалтай тэнцэхгүй байгаа, тодорхой зөрчил гаргасан гэдэг асуудал байгаа.

3.3.1. Үүнийхээ хүрээнд сахилгын шийтгэл оногдуулчихсан байгаа. Үүнтэй нь холбогдуулаад дахиад сэлгэж ажиллуулж байгаа эсвэл шилжүүлэн ажиллуулж байгаа гэдгийгээ хариуцагч талаас хэлэхдээ тодорхой хохирлоос сэргийлэх, нөгөө талаар мэдлэг, ур чадварын хувьд тэнцэхгүй гэдэг үндэслэлээр, өөрөөр хэлбэл энэ үйл баримт буюу захиргааны акт гаргах болсон үндэслэлээ албан тушаал дээр алдаа дутагдал гаргасан гэдэг үндэслэлээр энэ шийдвэрийг гаргаад байгаа юм. Гэтэл Төрийн албаны тухай хуульд заасан 44.1, 44.3, 44.5-д заасан арга хэмжээнүүд нь өөрөө сахилгын шийтгэлийн шинжтэй хууль зүйн үндэслэл бүхий заалтууд биш ээ. Энэ бол тодорхой ажил үүргийг засан сайжруулах, нөгөө талаар үйл ажиллагааг тухайн ажилтантай нь зөвшилцөөд гаргах ёстой шийдвэр.

3.3.2. Энэ алдаа дутагдал байгаа сахилгын үе шаттай арга хэмжээ авахыг Төрийн албаны тухай хуулиар тусгайлан заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл энэ захиргааны акт гаргах хууль зүйн үндэслэл болоод байгаа заалтуудынхаа зорилгод нийцэхгүй үндэслэлээр захиргааны актыг хариуцагч талаас гаргаад байна. Хоёрдугаарт энэ захиргааны актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.5-д зааснаар тухайн ажилтанд мэдэгдэх ёстой. Сая нэхэмжлэгч талаас хэлсэн байгаа. Ерөөсөө сонсох ажиллагааны явцад сахилгын шийтгэл оногдуулж байна шүү гэдэг талаар мэдэгдсэн.

3.3.3. Нөгөө талаараа сэлгэн ажиллуулж байна шүү. Сэлгэн ажиллуулах арга хэмжээ авна шүү. Сэлгэн ажиллуулах арга хэмжээ авч байгаа тохиолдолд хуулийн зүйл заалт нь 44 дүгээ зүйлийн 44.2-т зааснаар тодорхой хугацаатайгаар, 2 жил хүртэлх хугацаатайгаар тодорхой албан тушаалд шилжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагааны үр дагаврыг үүсгэхүйц хууль зүйн үндэслэл бүхий захиргааны актыг нэгдүгээрт гаргаагүй. Яагаад гэвэл энэ захиргааны акт дээрээ яг ямар үндэслэлээр шилжүүлж байгаа юм? Ур чадварыг нь үнэлээд байгаа юм уу? Эсвэл үнэхээр ур чадвар нь тэнцэхгүй болохоор ингээд шилжүүлээд байгаа юм уу? Тэр нөхцөл байдлаа тодорхой дурдаад хүнд аль нэг байдлаар эрх ашгийг нь хөндсөн аливаа шийдвэр гаргах гэж байгаа тохиолдолд тухайн захиргааны актынхаа үндэслэлийг маш тодорхой дурдах ёстой.

3.3.4. Хэрвээ дурдахгүй бол үүний цаана тодорхой эрх бүхий албан тушаалтны ашиг сонирхол хөндөгдөөд маш олон хүний эрх ашиг хөндөгдөнө. Энэ нөхцөл байдлыг шүүхээс харгалзаж үзнэ байх гэж бодож байна. Тиймээс хууль зүйн үндэслэл бүхий, зорилгодоо нийцээгүй үйл баримт дээр тулгуурлаж шийдвэр гаргасан. Нөгөөтээгүүр захиргааны акт гаргах Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулах процессыг зөрчсөн. Энэ захиргааны актыг хүчингүй болгуулж өгнө үү гэдэг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

4. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “О.О*******ийн "Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 6/220 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд халж байсан ажилд эргүүлэн томилуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагатай Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Э.М бид танилцаж, эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгчийн гомдолд дурдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 6/220 дугаар тушаалаар намайг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс тус хэлтсийн төрийн үйлчилгээний Мишээл нэгдсэн төвийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр томилохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд уг тушаалыг 03 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдэж танилцуулсан. Мөн ямар үндэслэлээр чөлөөлж байгаагаа мэдэгдээгүй, надтай ямар нэг байдлаар зөвшилцөөгүй ба Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу надтай зөвшилцөөгүй, ямар зорилго зайлшгүй шаардлагаар албан тушаал шилжүүлж байгаа талаар тушаалд тодорхой тусгаагүй гэжээ.

4.1.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газраас 2022 оны 11 дүгээр сард хийсэн төлөвлөгөөт шалгалтаар илэрсэн зөрчилтэй холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг зөрчил гаргасан улсын бүртгэгч нарт хийж, үүнд О.О******* багтсан бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах саналыг Тамгын газарт 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 340 дугаартай дотоод албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичгийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 6/808 дугаартай тушаалаар О.О*******д “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан байдаг.

4.1.3. Мөн Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Т.З*******ын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн "Бүртгэл хүчингүй болгох тухай" 579 дугаартай дүгнэлт, хяналтын улсын байцаагч А.Мөнхцэцэгийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн "Эрхийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх 704 дугаартай дүгнэлтээр хуулиар хүлээсэн албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж, улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж бүртгэл хөтөлсөн Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч О.О*******д хариуцлага тооцуулах саналыг Тамгын газарт ирүүлсэн.

4.1.4. Дээрх дүгнэлтүүдтэй холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулах тухай захиргааны шийдвэрийн талаар 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 14.00 цагт сонсох ажиллагаа хийж, сонсох ажиллагаанд Тамгын газрын дарга Г.Ц******* хяналтын улсын байцаагч Т.З*******, Тамгын газрын мэргэжилтэн С.Э, улсын бүртгэгч О.О******* нар оролцсон. Сонсох ажиллагаагаар нэхэмжлэгч О.О******* нь сахилгын шийтгэл ногдуулах нь үндэслэлтэй, хүлээн зөвшөөрч байгаа талаар хэлсэн байдаг. Тамгын газрын даргын зүгээс өмнө гаргасан зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах саналтай байгаа талаар хэлэхэд хяналтын улсын байцаагч Т.З*******аас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр ажиллахад мэдлэг, ур чадвар дутаж байна. Иймд иргэний улсын бүртгэгчээр сэлгэн ажиллуулах, албан тушаалын цалинг 3 сарын 20 хувиар бууруулах санал гаргасан.

4.1.5. Нэхэмжлэгчээс нэгж хооронд шилжүүлэхэд санал байгаа эсэх талаар асуухад би санал хэллээ гээд нэмэр болохгүй байх гэхэд нь өөрийнхөө байр суурийг илэрхийлэхгүй юм уу гэхэд дуугараагүй болох нь сонсох ажиллагааны тэмдэглэлээр нотлогдож байгаа ба энэ нь гарах шийдвэрийн талаар урьдчилан мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Сонсох ажиллагаанаас гарсан шийдвэрийг албажуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/188 дугаартай тушаалаар 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

4.1.6. Нэхэмжлэгч О.О*******ийг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Мишээл нэгдсэн үйлчилгээний төвийн улсын бүртгэлийн тасгийн иргэний улсын бүртгэгчийн албан тушаалд томилохоор нэр дэвшүүлж 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1/1627 дугаартай "Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хүргүүлэх тухай албан бичгийг Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дун шинжилгээний хэлтэст хүргүүлсэн. Үүний дагуу нэхэмжлэгч О.О******* нь 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахим хэлбэрээр мэдүүлж баталгааны маягтыг Тамгын газрын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд ирүүлсэн байна. Мөн дээрх албан бичгийн хариуг Авлигатай тэмцэх газраас 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 05/3482 дугаартай албан бичгээр ирүүлсэн.

4.1.7. Тушаалын төсөл боловсруулахтай холбогдуулан 03 дугаар сарын 02-ны өдрийн 17:30, 17:56 цагт нэхэмжлэгчийн 99******* дугаарын утсаар холбогдож Мишээл нэгдсэн төвийн иргэний улсын бүртгэгчээр томилох тушаал маргааш буюу 03 дугаар сарын 03-ны өдөр гарах талаар мэдэгдэж, тушаал гармагц Нийслэлийн улсын бүртгэлийн газрын хүний нөөцийн асуудал хариуцсан албан тушаалтан Ш.С*******д хүргүүлнэ, Нийслэлийн улсын бүртгэлийн газраас Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст буюу өөрт нь хүргүүлэх талаар мэдэгдсэн.

4.1.8. Нэхэмжлэгчийн “Ажлаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай” тушаал Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 6/220 дугаартайгаар албажиж гарсан. Улмаар 03 дугаар сарын 07-ны өдрийн Мягмар гарагт ажлыг хүлээлцсэн акт үйлдэж, нэхэмжлэгч О.О******* гарын үсэг зурсан болно. Дээрх тайлбар, холбогдох нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгчид гарах шийдвэрийн төслийг сонсох ажиллагааны үеэр урьдчилан мэдэгдсэн болох нь тэмдэглэл болон Авлигатай тэмцэх газар хүргүүлсэн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээр нотлогдож байна. Ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг тухайн албан тушаалд нэр дэвшигч этгээд өөрөө бөглөж баталгааны хуудсаар баталгаажуулдаг болохыг нэхэмжлэгч сайн мэдэж байгаа. Ийм байтал 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдэж танилцуулсан. Түүний өмнө мэдэгдээгүй гэж үзэх нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

4.1.9. Нэхэмжлэлд дурдсан Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалтыг тушаалд дурдаагүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийг эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр төрийн жинхэнэ албан хаагчид өөрт нь мэдэгдэн тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлсэн болно. Энэ нь нэхэмжлэгч болоод байгууллагыг цаашид гарах эрсдэлээс урьдчилан сэргийлж буй арга хэмжээний нэг хэлбэр гэж үзэж байна.

4.1.10. Нэхэмжлэгчийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр ажиллах хугацаандаа удаа дараа, давтан гаргасан зөрчил, урьд өмнө авагдсан сахилгын шийтгэл, хяналтын улсын байцаагчийн дүгнэлтүүдээс харахад нэхэмжлэгч эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр цаашид ажиллахад мэргэжил, ур чадвар дутмаг байгаа нь нотлогдох бөгөөд халах сахилгын шийтгэл ногдуулах байсныг албан хаагчийн амьдралын нөхцөл байдал, тухайн байгууллагад олон жил ажилласныг харгалзан үзэж 3 сарын хугацаагаар 20 хувиар цалинг бууруулсан. Улсын бүртгэлийн байгууллагад иргэний, эд хөрөнгийн эрхийн, хуулийн этгээдийн улсын бүртгэгч нар ажилладаг бөгөөд төрийн захиргааны албан тушаалын дэс түшмэлийн ангилал зэрэглэлд бүгд хамаардаг. Нэхэмжлэгч нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр ажиллах гэж зүтгээд байгаа нь өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй болохыг ч үгүйсгэх аргагүй гэж харагдаж байна.

4.1.11. Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт улсын бүртгэлийн байгууллагад улсын ахлах бүртгэгч, улсын бүртгэгч ажиллана гэсэн бөгөөд тухайлсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч, иргэний улсын бүртгэгч гэж байхгүй бөгөөд аль чиглэлд ажиллуулах нь дотоод зохион байгуулалтын болоод удирдлагын эрх хэмжээний асуудал болно. Иймд нэхэмжлэгч О.О*******ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс энэ гаргасан тушаалын үндэслэлийг мушгиж, гуйвуулж яриад байна. Ер нь бол Улсын бүртгэлийн ерөнхий байгууллагын даргын 2023 оны ******* дугаартай тушаал гарах үндэслэл нь тодорхой үндэслэл бүхий үйл баримт нөхцөл, байдал тогтоогдсон учраас гарсан. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн байгууллага болон тухайн улсын бүртгэгчийг өөрийгөө эрсдэлд оруулсан, цаашдаа эрсдэлд оруулж болзошгүй үйл баримт тодорхой тогтоогдсон учраас улсын бүртгэлийн байгууллагаа болон тухайн албан хаагчийг эрсдэлээс хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн албан хаагчийг эрх, хууль, ёсны ашиг сонирхлыг нь хөндөхгүйгээр, дээрээс нь нөхцөл байдлыг нь дордуулахгүйгээр шилжүүлэн ажиллуулсан байгаа.

4.2.1. Шилжүүлэн ажиллуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.5 дахь заалтын дагуу шилжүүлэн ажиллуулсан учраас нэгдүгээрт энэхүү тушаал нь өөрөө хууль зүйн үндэслэл бүхий, хуульд нийцсэн шийдвэр юм. Хоёрдугаарт хэдийгээр маргаан бүхий тушаалыг хүчингүй болгосноор ямар нэгэн байдлаар нэхэмжлэл гаргаад байгаа О.О******* бүртгэгчийн хувьд ямар эрх нь сэргээгдэх юм, ямар хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөд байгаа талаар тодорхойгүй байгаад байна. Өөрөөр хэлбэл энэ тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ гэхэд энэ тушаалтай холбоотойгоор О.О******* бүртгэгчийн ямар нэгэн хууль ёсны сэргэх ашиг сонирхол байхгүй.

4.2.2. Гурав дахь асуудал нь хэдийгээр энэ тушаалыг хүчингүй болголоо ч гэсэн эргүүлээд улсын бүртгэгч О.О*******ийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасагт улсын бүртгэгчээр эргүүлэн томилох ч байдаг юм уу, буцаан авах боломжгүй. Өөрөөр хэлбэл Засгийн газрын тогтоолоор Улсын бүртгэлийн байгууллагын бүтцийг өөрчилсөн. Мөн түүнтэй холбоотой орон тоог шинэчлэн баталсантай холбоотойгоор улсын бүртгэлийн байгууллагад улсын бүртгэгч гэдэг албан тушаал байхгүй болсон. Дээрээс нь нэгдсэн төвийн зохион байгуулалттай бүтцээрээ орсон байгаа.

4.2.3. Иймээс улсын бүртгэлийн байгууллагын улсын бүртгэгч нар нэгдсэн төв буюу төвүүдэд ингэж ажиллахаар ийм шинэ бүтэцтэй Засгийн газрын тогтоолоор батлагдсан. Үүний дагуу шинээр Засгийн газраас бүтэц орон тоог шинэчлэн баталсантай холбоотойгоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/425 дугаартай тушаалаар улсын бүртгэлийн байгууллагын нийт албан хаагчдыг бүхэлд нь чөлөөлсөн байгаа. Мөн өдрийн Б/426 дугаартай тушаалаар улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчдыг, ялангуяа нийслэлийн улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчдыг эргүүлэн томилсон. Ингэж томилохдоо нэлээдгүй өөрчлөлт орсон.

4.2.4. Өөрөөр хэлбэл өмнө нь хорооны зохион байгуулалттай байж байгаад одоо хороодын зохион байгуулалт байхгүй болоод нэгдсэн төвийн зохион байгуулалттай болсон учраас төвүүдэд улсын бүртгэгч нарыг хуваарилсан. Тэгэхээр бодит байдал дээр ******* дугаартай тушаалыг хүчингүй болгосон ч Эд хөрөнгийн эрхийн тасгийн улсын бүртгэгчээр эргүүлэн томилох нь хэрэгжих боломжгүй. Тэгэхээр төдийлөн ач холбогдолгүй. Нэгдүгээрт ямар нэгэн байдлаар сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй. Хоёрдугаарт хэдийгээр хүчингүй болгож шийдвэрлэсэн ч бодит байдалд эргүүлэн томилох нэхэмжлэгчийн хүсээд байгаа шаардлагыг хэрэгжүүлэх боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

4.2.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Мэргэшүүлэх асуудлын талаар ач холбогдол өгч яриад байсан. Улсын бүртгэлийн байгууллагын улсын бүртгэгч 3 бүртгэлийн чиглэлээр гурвуулангаар нь мэргэшсэн байдаг. Мэргэшүүлэх сургалтуудад жил бүр хамрагдаад явдаг. Хоёрдугаарт улсын бүртгэгч нар иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн төрлөөрөө ялгагдаж бүртгэгдэж байгаа ч гэсэн 3 бүртгэлийн сан руу нэвтэрч бүртгэлийн үйл ажиллагаанд, иргэний улсын бүртгэгч байлаа гэхэд эд хөрөнгийн, хуулийн этгээдийн мэдээллийн сантай харьцаж ажилладаг. Тэндээсээ мэдээлэл авч бүртгэл хийх ажиллагаандаа хэрэглэдэг. Эд хөрөнгийн улсын бүртгэгч байлаа гэхэд иргэний бүртгэлийн мэдээллийн сантай харьцдаг. Тухайн сангаас холбогдох мэдээллээ авч  бүртгэл хийхэд хэрэглэдэг. Нэгдүгээрт улсын бүртгэлийн байгууллагын улсын бүртгэгч 3 бүртгэлийн чиглэлээр тогтмол сургалтад хамрагдаж мэргэшсэн байдаг. Хоёрдугаарт улсын бүртгэгч О.О******* нь өөрөө иргэний улсын бүртгэлийн чиглэлээр өмнө нь илүү олон жил ажилласан” гэв.

4.2.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар намайг эд хөрөнгийн бүртгэгчээр томилж өгөөч гэсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т улсын бүртгэлийн байгууллагад улсын ахлах бүртгэгч болон улсын бүртгэгч ажиллана гэсэн байгаа. Түүнээс улсын бүртгэлийн байгууллагад хуулийн этгээдийн бүртгэгч, эд хөрөнгийн эрхийн бүртгэгч, иргэний улсын бүртгэгч гэж тусгайлан бүртгэгчийн орон тоо байхгүй.

4.2.7. Иргэний бүртгэгчээр ажиллуулах уу, эд хөрөнгийн бүртгэгчээр ажиллуулах уу гэдэг нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын эрх хэмжээний болон тухайн хэлтсийн дотоод зохион байгуулалтын асуудал юм. Түүнээс тухайлан эд хөрөнгийн улсын бүртгэгч байхгүй гэдгийг нэгдүгээрт хэлье. Хоёрдугаарт нь аль нэгж дотроо хоорондоо шилжүүлэх вэ гэдэг нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын эрх хэмжээний асуудал. Гуравдугаарт нэхэмжлэгчийг эд хөрөнгийн бүртгэгчээс иргэний бүртгэгч рүү шилжүүлсэн нь өөрийнх нь нөхцөл байдал, нийгмийн асуудлыг нь харгалзан үзэж байгаа нэг хэлбэр. Түүнчлэн ингэж шилжүүлснээрээ эрх зүйн байдал нь дордоогүй. Сая хэлсэнчлэн цалингийн албан тушаалын шатлал зэрэг дэв юу ч буураагүй гэдгийг нь нэмэлтээр дурдъя. Энэ нь албан тушаалын тодорхойлолтоороо нотлогдож байгаа.

4.2.8. Улсын бүртгэлийн байгууллага иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээд гэсэн бүртгэлийн 3 төрөлтэй. Тухайлан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч гэж байхгүй. Яагаад нэхэмжлэгч заавал эд хөрөнгийн бүртгэгчээр ажиллая гээд байгаа юм. Магадгүй ашиг сонирхлын зөрчил үүсэх вий гэсэн хардах нөхцөл байдлыг төрүүлж байна. Албан хаагчийнхаа нөхцөл байдлыг харгалзан үзээд халагдах байсныг бид гэр нь ойр гээд тухайн Хан-Уулын бүртгэлийн хэлтэс Мишээл нэгдсэн төвийн урьд эд хөрөнгийн улсын бүртгэгчээр 2 жилээс өмнө ажиллаж байсан иргэний улсын бүртгэгч гэдэгт нь шилжүүлэн ажиллуулсан асуудал” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан баримтууд, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэгч О.О*******ээс Улсын бүртгэлийн ерөнхий холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч О.О*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус хэлтсийн төрийн үйлчилгээний Мишээл нэгдсэн төвийн улсын бүртгэлийн тасгийн иргэний улсын бүртгэгчээр томилжээ.

3. Нэхэмжлэгчээс “...эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн ажлаас чөлөөлөх талаар урьдчилан мэдэгдээгүй, шилжүүлэн ажиллуулах талаар харилцан тохиролцоогүй бөгөөд өөр ажилд томилсон нь үндэслэлгүй ...” гэж, хариуцагчаас “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр ажиллахад мэдлэг, ур чадвар дутаж байсан тул 2 удаагийн зөрчилд сахилгын шийтгэл оногдуулж, байгууллагын нэгж хооронд шилжүүлэхэд  харилцан тохиролцож түүний саналыг авах үүрэггүй, шилжүүлэх тухай мэдэгдсэн,...” гэж тус тус тайлбарлан маргасан.

4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаас 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар тушаалыг гаргахдаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 17.1.5-д “улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс, тасгийн дарга, улсын бүртгэгч, улсын байцаагчийг томилж, чөлөөлөх”, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт “Томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан хаагчид өөрт нь мэдэгдэн тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулж болно”, мөн зүйлийн 44.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 44.1, 44.2, 44.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж заасныг үндэслэл болгосон.

5. Дээрх зохицуулалтуудаас үзвэл хариуцагч нь улсын бүртгэгчийг тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэхдээ нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, түүний саналыг авалгүйгээр өөрт нь мэдэгдэх үүргийг хэрэгжүүлж, эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр тушаал гарган томилох, чөлөөлөх эрх хэмжээтэй бөгөөд Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч О.О*******ийг тухайн хэлтсийн тасаг хооронд шилжүүлэн томилсон нь дараах үндэслэлүүдээр хуульд нийцсэн болох нь тогтоогдож байна.

6. Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр явуулсан Сонсох ажиллагааны тэмдэглэлд хяналтын улсын байцаагч Т.З*******аас өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах талаар санал гаргаж, О.О*******ийн тайлбарыг авсан, Тамгын газрын дарга Г.Ц******* Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасны дагуу иргэний бүртгэлийн улсын бүртгэгчээр томилох тухай мэдэгдсэн байна.

7. Өөрөөр хэлбэл Захиргааны байгууллага төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах хууль зүйн үндэслэлийг дурдаж, тухайн нэгжийн ямар албан тушаалд ажиллуулах талаар мэдэгдсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн үндэслэлд дурдаж буй “... шилжүүлэн ажиллуулахдаа урьдчилж мэдэгдээгүй...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

8. Мөн Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1/400 дугаар тодорхойлолт, өмнө эрхэлж ажиллаж байсан ажил болон одоо томилогдсон ажлын байрны тодорхойлолтоос тус тус үзэхэд албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэв өөрчлөгдөөгүй болох нь тогтоогдож хуулийн урьдчилсан нөхцөлийг хангасан байна.

9. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс захиргааны акт нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасныг зөрчиж, зөвшилцөх ажиллагаа явуулаагүй нь хууль зөрчсөн гэж маргасан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг үндэслээгүй бөгөөд 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн гарсан, төрийн байгууллага хооронд төрийн албан хаагчийг шилжүүлэн томилоогүй тохиолдолд ийнхүү маргаж байгаа нь үндэслэлгүй.

10.Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах” талаар зохицуулж, мөн зүйлд багтсан 44.1, 44.2, 44.5 дахь хэсгийн зохицуулалт нь эрх зүйн хэм хэмжээний бүрдэл, урьдач нөхцөлийн хувьд ялгаатай агуулгатай байх бөгөөд системчлэлийн хувьд заавал хамтатган хэрэглэх үндэслэлгүй бөгөөд захиргааны актын зорилго, төрийн албан дахь хөдөлмөрийн харилцааны онцлогоос хамааран төрийн өөр байгууллага хооронд шилжүүлэн томилох эсхүл тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн томилох нь хууль зүйн хувьд адилгүй ойлголт байхад хариуцагч байгууллагыг хуулийг буруу хэрэгжүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

11. Иймд дээрх үндэслэлүүдээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар тушаалаар О.О*******ийг ажлаас чөлөөлж, тухайн байгууллагын нэгжийн хооронд шилжүүлэн албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн бөгөөд уг захиргааны актын улмаас О.О*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгч О.О*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.О*******ээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар тушаалын хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.МӨНХ-ӨЛЗИЙ