Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1031

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б, Б.А нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/00848 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Г.Б, Б.А нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч Ш.Э холбогдох,

12 310 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Энхбат нь 2017 оны 10 дугаар сард 82-16 УБЕ улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авахаар тохиролцоод миний бие 2 000 000 төгрөг, Ш.Энхбат 14 000 000 төгрөг гаргаад нийт 16 000 000 төгрөгөөр худалдаж авсан. 2 000 000 төгрөгийг бэлнээр Ш.Э өгсөн. Тухайн тээврийн хэрэгслийг Ш.Энхбатын нэр дээр шилжүүлэн авсан. Тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийнэ, мөнгө хэрэгтэй гэсний дагуу манай эхнэр Б.А 2 000 000 төгрөгийг Ш.Энхбатын “Хаан банк” ХХК-ийн 5001487484 тоот данс руу шилжүүлсэн.

Тухайн тээврийн хэрэгслээр Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ш.Энхбаттай хамт ажил хийхээр тохиролцож байсан. Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаагаар “Норд Роуд” ХХК-тай гэрээ байгуулж самар бэлтгэж эхэлсэн. Гэрээ байгуулснаас хойш Г.Энхбаттай хамт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл самарт явсан. Самарт яваад олсон ашиг 1 000 000 төгрөгийг Ш.Э үлдэх мөнгийг бусад зүйлд зарцуулсан. Үүнээс хойш Ш.Энхбаттай самарт яваагүй бөгөөд 82-16 УБЕ улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл Сэлэнгэ аймгийн Мандал суманд манай хашаанд байсан.

2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ш.Энхбаттай утсаар холбогдож, машинаа яах талаар ярилцсан бөгөөд Ш.Энхбатын анх машин авахад оруулсан 14 000 000 төгрөгийг би өгье, машинаа надад худалдчих гэж хэлэлцэж тохиролцоод 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 8 310 000 төгрөгийг Ш.Энхбатын данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш Ш.Энхбат холбоогүй байсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 04 цагт Ш.Энхбат нь аав Д.Шархүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал суманд манай гэрт ирээд “...Өмнөговь аймагт хийх ажил байна, машинаа аваад Улаанбаатар хот руу явья...” гэсэн. Маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 27-ны өглөө Улаанбаатар хотод 82-16 УБЕ улсын дугаартай Зил-131 тээврийн хэрэгсэлтэйгээ Ш.Энхбатынд ирсэн бөгөөд хашаанд нь машинаа тавиад 3-4 хоног хоносон. Тэрээр “ажил бүтэхгүй байна” гэж хэлж байсан. 82-16 УБЕ улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авахын тулд шилжүүлсэн 10 310 000 төгрөг, тээврийн хэрэгсэлд засвар хийхэд зориулсан 2 000 000 төгрөг, нийт 12 310 000 төгрөгийг Ш.Э өгсөн боловч тээврийн хэрэгслийг бидэнд шилжүүлээгүй учраас Ш.Энхбатаас 12 310 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд анх самарт хамт явах талаар тохиролцож, Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг 16 000 000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. Энэ мөнгөний  2 000 000 төгрөгийг нь Г.Б, Б.А нар, 14 000 000 төгрөгийг нь Ш.Энхбат гаргаж, самарт хоёр удаа явсан байдаг. Үүнээс хойш Ш.Энхбат “...миний өгсөн 14 000 000 төгрөгийг өгөөд машинаа ав...” гэж хэлсэн байдаг. Үүний дагуу Б.А, Г.Б нарын зүгээс 8 310 000 төгрөг шилжүүлсэн. Мөн анх тээврийн хэрэгслийг худалдан авахад засвар хийлгэхээр 2 000 000 төгрөгийг түүний дансаар шилжүүлж, бэлнээр 2 000 000 төгрөгийг мөн өгсөн байдаг. Нийт 12 310 000 төгрөгийг дээрх тээврийн хэрэгсэлд зориулан шилжүүлсэн. Энэхүү мөнгийг шилжүүлснээс хойш Ш.Энхбатаас тээврийн хэрэгслийг авах гэхээр "Төрийн банк" ХХК-ийн барьцаанд битүүмжлэгдсэн байна. Иймд дээрх тээврийн хэрэгслийг худалдан авхаар хариуцагчид өгсөн 12 310 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 Хариуцагч Ц.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий  тээврийн хэрэгслийг 16 000 000 төгрөгөөр биш 19 000 000 төгрөгөөр худалдаж авсан. 12 310 000 төгрөг шаардаад байгааг ойлгохгүй байна. Эхлээд 2 000 000 төгрөг надад өгсөн гэж байна. Энэ мөнгөний хагас нь ирсэн.  310 000 төгрөгийн талаар би мэдэхгүй. Нэхэмжлэгч нар харилцах дансгүй учраас миний дансаар 2 000 000 төгрөг шилжүүлсэн юм.

Би самарт явахаар ашигтай юм бол Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл худалдан авья, 5 сард Герман Улсаас жуулчид ирэх гэж байгаа, тэр болтол тээврийн хэрэгслийн мөнгийг самарт явж олоод, жуулчид ирэхээр явья гэж ярилцсан. Дараа нь над руу 8 000 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Энэ мөнгийг надад юуны ч мөнгө гэж өгөөгүй. 8 000 000 төгрөгийг нь би төлье гэж байгаа. Өмнө нь өгсөн гээд байгаа 4 000 000 төгрөгөөс тамхи тариа, тоног төхөөрөмж, хүнсээ авсан. Нэхэмжлэгч нар багаж түлхүүрийг нь хүртэл аваад л үлдсэн. 8 000 000 төгрөгийг Б.Ат өгье гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Энхбатаас 8 310 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ат олгож, нэхэмжлэгч Г.Бгийн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагын 4 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211 910 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Энхбатаас 147 909 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ат олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх дансаар шилжүүлсэн 2 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Талууд 2017 оны 10 дугаар сард 82-16 УБЕ улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авахаар тохиролцоод Г.Б нар нь 2 000 000 төгрөг, Ш.Энхбат 14 000 000 төгрөг гаргаад нийт 16 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Г.Б нь дээрх 2 000 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ш.Энхбатын "Хаан банк" ХХК дах 5001487484 тоот данс руу шилжүүлсэн.

Хэрэгт авагдсан Ш.Энхбатын "Хаан банк" ХХК дах 5001487484 тоот дансны дэлгэрэнгүй хуулгаас үзвэл, 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 5009640037 тоот данс руу 14 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Хариуцагч нь шүүх хуралдааны явцад 14 000 000 төгрөгийг дээрх тээврийн хэрэгслийг худалдан авахад зориулж шилжүүлсэн, 14 000 000 төгрөгөөр авсан гэж тайлбарладаг.

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Г.Бгээс Ш.Энхбат руу шилжүүлсэн 2 000 000 төгрөгийг хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдаж авсан хүний данс буюу 5009640037 тоот данс руу шилжүүлсэн байгаа нь нэхэмжлэгч нарын "тухайн тээврийн хэрэгслийг 16 000 000 төгрөгөөр худалдаж авсан" гэх тайлбартай нийцэж байна. Мөн Авто тээврийн үндэсний төвийн лавлагаанд 82-16 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр хариуцагч Ш.Энхбат 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс бүртгэгдсэн байна.

Нэхэмжлэгч нар нь дээрх тээврийн хэрэгслийг худалдаж авахаар 2 000 000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч нь 2 000 000 төгрөгийг тээврийн хэрэгсэл худалдаж авсан хүний данс руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байхад анхан шатны шүүх уг мөнгийг самарт явах зардалд зарцуулсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь буруу юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлээгүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.Б, Б.А нар нь хариуцагч Ш.Э холбогдуулан 12 310 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “Б.Ат 8 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг” эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлын үндэслэлээ “82-16 УБЕ улсын дугаартай, Зил 131 маркийн тээврийн хэрэгслийн үнэд дансаар 8 310 000 төгрөг, бэлнээр 2 000 000 төгрөг мөн тээврийн хэрэгсэлд засвар хийлгэх зориулалтаар дансаар шилжүүлсэн 2 000 000 төгрөг нийт 12 310 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж шаардаж”, нотлох баримтаар "Хаан банк" ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, Б.Аын "Хаан банк" ХХК дахь 5001228338 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг ирүүлжээ. /хх10-11/

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “маргаан бүхий тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч нарт худалдах талаар тохиролцоогүй, харин 8 000 000 төгрөгийг Б.Ааас хүлээн авсан тул уг үнийн дүнг хүлээн зөвшөөрч, 310 000 төгрөг болон бэлнээр авсан гэх 2 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нар харилцах дансгүй учир миний дансаар 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн” гэж тус тус тайлбарлажээ. /хх 106/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь зөв боловч, нэхэмжлэгч Б.Ааас хариуцагч Ш.Э 8 310 000 төгрөг шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон гээд нэхэмжлэлийн шаардлагаас 8 310 000 төгрөгийг хангаж, 4 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь хэрэгт авагдсан Б.Аын "Хаан банк" ХХК дах 5001228338 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ш.Энхбатын 5001487484 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээс үзвэл 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч Ш.Энхбатын 5001487484 тоот данс руу "Амраа" гэсэн гүйлгээний утгаар 2 000 000 төгрөгийг хариуцагч Ш.Э шилжүүлсэн байна. Гэтэл шүүх энэхүү 2 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо "самарт явах зардалд зарцуулсан үйл баримт тогтоогдсон" гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтын хүрээнд 2 000 000 төгрөгийг самарт явах зардалд зарцуулсан талаар бичгийн нотлох баримт авагдаагүйгээс гадна, энэ талаарх талуудын тайлбар зөрүүтэй байгаа тохиолдолд энэхүү үйл баримт тогтоогдсон гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. /хх 11,128/

Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч Ш.Энхбатаас 10 310 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ат олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/00848 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...8 310 000 төгрөгийг...” гэснийг "...10 310 000 төгрөгийг..." гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...147 909 төгрөгийг....” гэснийг, “ ...179 910 төгрөгийг....” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                             ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН