Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2016/00769

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 23 өдөр Дугаар 181/ШШ2016/00769 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** дугаар байр, *** тоотод оршин суух, **** онд төрсөн, 32 настай, ОЮ:***** тоот регистрийн дугаартай ***** овогт О.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, ******-23, **** центр ***** тоотод байрлах, ****** тоот регистрийн дугаартай Ю.Б.Э ХХК-д холбогдох

 

Хохирол 541.024 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.О, хариуцагч Ю.Б.Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б иргэдийн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.О миний бие 2015 оны 04 дүгээр сарын 22ы өдөр Ю.Б.Э ХХК-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээний үүргээ биелүүлээгүй буюу гэрээнд зааснаас 5.26 м.кв талбай дутуу олгосны хохиролд нийт 11.900.524 төгрөг нэхэмжилж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Улмаар шүүх хуралдааны явцад хоёр тал хэлэлцэн тохирч миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 4.815.183 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Ю.Б.Э ХХК 7.085.341 төгрөгийг 2015 ны 12 дугаар сарын 30-ны дотор төлөхөөр болж эвлэрлийн гэрээ байгуулж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хуульд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хэн боловч сайн дураар биелүүлэх үүрэгтэй. Гэвч тус компани хэлэлцэж тохирсон ёсоор төлбөрөө төлөхгүй, шүүхийн шийдвэрийг эс тоож, хууран мэхлэх хувь хүний итгэлээр тоглох ажиллагаа үргэлжилсээр байсан тул арга буюу 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр НШГА-д хандаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсны үндсэн дээр 2016 оны 04 дүгээр сарын 22-нд мөнгөө авсан. Би холбогдох хууль тогтоомжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албатай 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнд заасан ёсоор шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд гүйцэтгэсэн ажлын үнийн дүнгийн 7.5% буюу 541.024 төгрөгийг төлбөрт авсан мөнгөнөөсөө суутгуулсан.

 

 

Хариуцагч тал хугацаа зааж, мөнгийг чинь төлнө гэж худлаа амлалт өгөөгүй бол би эвлэрлийн гэрээ байгуулж 4.185.183 төгрөгнөөс татгалзахгүй байх байсан. Хариуцагчийн буруугаас болсон тул Ю.Б.Э ХХК-иас 541.024 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ю.Б.Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. О.О нь манай компанид холбогдуулан орон сууцны талбайн хэмжээн зөрүү төлбөр гаргуулах нэхэмжлэлийг ****************** дүүргийн шүүхэд гаргаж, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан дээр талууд эвлэрч, О.О 4.85.183 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, манай компани 7.085.341 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлөхөөр болж шүүгчийн захирамж гарсан. 2016 оны 04 дүгээр сарын 21-нд 3.702,36 ам доллар буюу Улаанбаатар хотын банкны бэлэн бус гүйлгээний ханшаар 7.293.649 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2617001560 тоот дансанд шилжүүлсэн. Үүгээр бид О.О-д үндсэн төлбөрт 7.085.341 төгрөг, улсын тэмдгийн хураамжид 128.315 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд 79.993 төгрөгийг тус тус шилжүүлж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн. Манай компанид түүний мөнгийг зориуд өгөхгүй, хугацаа авах гэсэн санаа байгаагүй. Эвлэрлийн гэрээ байгуулж, бүрэн төлөх чин хүсэлтэй байсан. Бидний хувьд арилжааны хоёр ч банкинд 70.0 орчим тэрбум төгрөгийн зээлтэй, улс орон даяар үүссэн эдийн засгийн хямрал, орон сууц борлогдохгүй байгаа зэргээс шалтгаалан одоо болтол зээлээ төлж чадахгүй, ажилчдын цалинг ч 4 сар тавьж чадахгүй байна. Мөнгө ормогц банк зээлэндээ татчихдаг, дансанд юу ч үлдээдэггүй байсан, энэ учир шалтгаанаа О.О-д хэлж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0.5-10 хүртэлх хувиар урамшуулна, 83.2-т Энэ хуулийн 83.1-т заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна гэж заасан. Дээрх хуулийн заалтын дагуу О.О өөрөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлт гаргаж, тухайн байгууллагын хууль, журамд заасны дагуу авах урамшууллын хувь хэмжээг хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулж, гэрээний дагуу хөлсөө төлсөн нь түүний өөрийн асуудал, манай компанид огт хамаагүй бөгөөд биднээс энэхүү төлбөрийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.О хариуцагч Ю.Б.Э ХХК-д холбогдуулан хохиролд 541.024 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 

 

Учир нь: О.О Ю.Б.Э ХХК-ийг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ байгуулж, хариуцагчаас авах төлбөрөөсөө урамшууллын мөнгийг суутгуулж хохирсон гэх үндэслэлээр хохиролд 541.024 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ю.Б.Э ХХК эс зөвшөөрч маргаж байна.

 

О.О нь 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ю.Б.Э ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, ***** дугаар хороололд байрлах ***************хотхонд 62.56 м.кв талбайтай орон сууцыг нэг м.кв-ыг 1.880.000 төгрөгөөр тооцож 117.612.800 төгрөгийг гэрээний дагуу төлсөн боловч гүйцэтгэгч Ю.Б.Э ХХК орон сууц захиалан бариулах гэрээний үүргээ биелүүлээгүй буюу гэрээнд зааснаас 5.26 м.кв талбайтай орон сууц шилжүүлснээс талуудын хооронд маргаан гарч О.О Ю.Б.Э ХХК-д холбогдуулан хохиролд 11.900.524 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд ************************* дүүргийн шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 8208 дугаар шүүгчийн захирамжаар талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч О.О нэхэмжлэлийн шаардлага 11.900.524 төгрөгнөөс 4.085.183 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Ю.Б.Э ХХК 7.085.341 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлөхөөр тохирчээ.

 

Хариуцагч Ю.Б.Э ХХК тохирсон ёсоор 7.085.341 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлөөгүй, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас О.О нь албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ байгуулж, төлбөрийн үнийн дүнгийн 7.5 хувиар шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалыг төлөхөөр тохиролцож нийт 541.024 төгрөгийг төлсөн нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны гүйцэтгэлийн данснаас мөнгө шилжүүлсэн тухай баримт, харилцагчийн дансны хуулгын баримт зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагч Ю.Б.Э ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, нэхэмжлэгч буюу төлбөр авагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх албанд 541.024 төгрөгийг төлсөн нь хариуцагчийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэм буруутай эс үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хохирлоо шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагч Ю.Б.Э ХХК-иас 541.024 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.О-д олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Ю.Б.Э ХХК-иас 541.024 төгрөгийг гаргуулж О.Од олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.О-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 17.000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ю.Б.Э ХХК-иас 17.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.О-д олгосугай.

 

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсанаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАВААСҮРЭН

 

ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ

 

Б.УУГАНБАЯР