| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 101/2016/05207/И |
| Дугаар | 181/ШШ2016/00944 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2016/00944
2016 оны 10 сарын 12 өдөр Дугаар 181/ШШ2016/00944 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ****** дүгээр хороо, ************** байрлах, ****** тоот регистрийн дугаартай Б.Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн ****** дугаар хороо, ***************, ************төвийн ард **********тоотод байрлах, ************ тоот регистрийн дугаартай М.З ХХК-д холбогдох
Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 22.402.361 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Х ХХК-ийн захирал Д.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, Д.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Б.Х ХХК нь М.З корпораци ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр *********** тоот худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулан бараа бүтээгдэхүүн нийлүүлж ажилласан. М.З корпораци ХХК нь манай нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулж дууссан боловч төлбөр тооцоо хийгээгүй. 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар бараа, бүтээгдэхүүний төлбөр 22.402.361 төгрөгийн үлдэгдэлтэй байсан тул манай компанийн зүгээс удаа дараа төлбөр төлөхийг шаардахад бүрэн барагдуулна гэж амлалт өгдөг боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.8-д алданги төлөхөөр тохирсон боловч олон жил хамтран ажилласнаа бодолцож, алданги нэхэмжлээгүй. М.З корпораци ХХК -ийн зүгээс эвлэрэх тохирох асуудал ярихад нь бид хүлээцтэй хандсан боловч ямар ч санаачлага гаргаагүй хий хугацаа хожих болсон. Эвлэрэх, тохирох асуудал ярьж байсан хүмүүс маань сүүлдээ үнийн дүнгээс 4 хувийн хөнгөлөлт хасуулах тухай ярих болсон. Талуудын хооронд байгуулсан хавсралт гэрээний 1-т.. Нийт нийлүүлэлтийн үнийн дүнгээс 4 хувийн хөнгөлөлт олгоно, хөнгөлөлтийг олгохдоо гэрээний хэрэгжилтийн шалгуур болгох төлбөр зохих хугацаандаа төлөгдсөн эсэхийг харгалзахаар тохирсон.М.З корпораци ХХК нь 2015 оны 5 дугаар сараас 9 дүгээр сарын хоорондхи барааны үнийг төлөхгүй өдий хугацаа өнгөрч байгаа тул дээрх гэрээний заалтын дагуу ямар ч хөнгөлөлт эдлэх ёсгүй. Иймд хариуцагч М.З корпораци ХХК -иас 22.402.361 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Х ХХК нь М.З корпораци ХХК -д холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 22.402.361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Б.Х ХХК 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр М.З корпораци ХХК -тай худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулж, нийлүүлэгч Б.Х ХХК нь стандартын шаардлагыг бүрэн хангасан бараа бүтээгдэхүүнийг борлуулагч талын захиалсан тоо хэмжээний дагуу түргэн шуурхай нийлүүлэх, борлуулагч М.З корпораци ХХК нь өөрийн борлуулалтын цэгээр барааг худалдан борлуулж, төлбөрийг дараа сарын 1-10-ны хооронд дансаар шилжүүлэхээр тохирсон болох нь зохигчдын тайлбар, тэдний хооронд байгуулсан худалдааны хамтран ажиллах нэртэй гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Гэрээний үйлчлэх хугацаа 2015 оны 05 дугаар сарын 25-наас эхэлж, 2016 оны 05 дугаар сарын 25-ныг дуустал хугацаанд үргэлжилсэн байх ба Б.Х ХХК-иас М.З корпораци ХХК -д бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн нь харилцагчийн дэлгэрэнгүй баланс, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Х ХХК нь М.З корпораци ХХК -ийг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны байдлаар 2015 оны 11 дүгээр сарын 21 болон түүнээс өмнөх хугацааны барааны мөнгөний үлдэгдлийг төлөөгүй гэж 22.402.361 төгрөг нэхэмжилж дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Хариуцагч М.З корпораци ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй байна.
Түүнчлэн хариуцагчид нэхэмжлэлийг гардуулах үед эрх үүргийг танилцуулсан бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж, үгүйсгэж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх зэрэг эрхтэй байх боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй, шүүх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болоогүйг дурдах нь зүйтэй.
М.З корпораци ХХК нь Б.Х ХХК-иас авсан бараа бүтээгдэхүүний үнэ 22.402.361 төгрөгний үлдэгдэлтэй болох нь талуудын хооронд байгуулсан тооцооны үлдэгдлийн баталгааны баримтаар тоогдоогдож байна.
Иймд хариуцагч М.З корпораци ХХК -иас 22.402.361 төгрөгийг гаргуулж Б.Х ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
М.З корпораци ХХК -д холбогдох хэргийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 14.30 цагт хэлэлцүүлэхээр товлоход тус компанийн ерөнхий захирлыг түр орлон гүйцэтгэгч Э.Ч компанийг төлөөлөн оролцох Н.Ц ар гэрийн гачигдлаар эзгүй, ерөнхий захирал Л.Уранцэцэг албан томилолтоор явсан гэх үндэслэлээр, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 14.00 цагт хэлэлцүүлэхээр товлоход М.З корпораци ХХК -ийн ерөнхий нягтлан бодогч н.М хүлээн авсан боловч шүүх хуралдаанд ирээгүй, хариуцагчийг оролцуулж, мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс нэхэмжлэгчийн хүсэлтээр, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 08.30 цагт хэлэлцүүлэхээр товлоход тус компанийн ерөнхий захирлыг түр орлон гүйцэтгэгч Э.Ч М.З корпораци ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуульч Б.М-ыг томилж байгаа тул хэргийн материалтай танилцах хугацаа олгож өгнө үү гэх хүсэлт гаргасныг тус тус хүлээн авч, шүүх хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09.30 цагт хэлэлцүүлэхээр товлосон болно.
Гэвч тус компанийн ерөнхий захирлыг түр орлон гүйцэтгэгч Э.Ч өмнөх шүүх хуралдаанд хуульч Б.М-ыг томилж байгаа, хэргийн материалтай танилцах хугацаа олгож өгнө үү гэх хүсэлт гаргасан боловч тэр талаар ямар ч арга хэмжээ аваагүй, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09.30 цагт хэлэлцүүлэх хурлын тов, мэдэгдэх хуудсанд гарын үсгээ зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ямар шалтгаанаар ирээгүй талаар мэдэгдээгүй бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэснийг тэмдэглэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.З корпораци ХХК -иас 22.402.361 төгрөг гаргуулж, Б.Х ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 269.970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, М.З корпораци ХХК -иас 269.970 төгрөг гаргуулж, Б.Х ХХК-д олгосугай.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН