Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2016/00613

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2016/00613

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, **** дугаар хороо, ***** дугаар байрны *** тоотод оршин суух, **** овогт Д.Г /РД:ЗП****/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, *** дүгээр хороо, *****,
*****-тай шилэн барилгын *** давхарт байрлах, Бом ХХК /РД:5284643/-д
холбогдох,

 

Цалин 3,230,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай Д.Г-ын нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Бом ХХК-д ерөнхий инженерээр ажилд орж, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажилласан. Анх ажилд орохдоо 1 сар туршилтын байдлаар сарын 600,000 төгрөгийн цалинтай ажиллана, харин үндсэн ажилтнаар сарын 1,000,000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохирсон. Ажлын нөхцөл хортой, ажлын өдөр нь 14 хоног ажиллаад 14 хоног амрах ээлжтэй байх ёстой байсан.

Би эхний 1 сар туршилтаар, дараа нь жинхлэн ажилласан ба ямар ч ээлжгүй бүтэн ажилласан. Анх ажилд ороод л ******** аймгийн ********** суманд байрлах Бом ХХК -ийн төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр рүү явсан тул 1 сарын дараа жинхлэхдээ хотод ирж хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй байсан. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хөдөө тасралтгүй ажиллаж байгаад хотод ирж, хөдөлмөрийн гэрээгээ байгуулсан. Намайг ажиллах хугацаанд тус үйлдвэрийн үйл ажиллагааг мэргэжлийн хяналтын газар зогсоосны улмаас үйл ажиллагаа хэвийн бус байсан, мөн цалингаа олгохгүй ажиллах нөхцөл бололцоогоор хангаагүй тул 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа гарсан.

Надад 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 20,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 100,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 250,000 төгрөгийг цалин гэж олгосон. Бусад цалинг өнөөдөр, маргааш гэж хойшлуулсаар байсан. Ингэж байсаар 11 сар хүрч хүйтэрч хувцас хунар, ажлын багаж хэрэгслээр хангаагүй тул ажлаасаа гарч, цалингийн талаар шаардлага хүргүүлэхээр хүлээж аваагүй, эвлэрэх гэж хэд хэдэн удаа хандсан боловч хөөж гаргадаг байсан тул арга буюу шүүхэд хандсан.

Бид хариуцагчаас цалингаа авахаар 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 10 нэхэмжлэгчийг тус тусдаа нэхэмжлэлээ гарга гэж 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр буцаасан, үүний дараа 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан боловч 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч хаягтаа байхгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бид хаягийн талаар тодруулж хуучин хаяг дээрээ үйл ажиллагаа явуулж байгааг мэдсэн тул 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь Бом ХХК-ийн үйлдвэрт ажиллаж байсан ажилчдын өдөр тутмын ажлын зааварчилгааны гарын үсэгт үндэслэн намайг одоо 3,463,000 төгрөгийн цалин авах эрхтэйг актаар тогтоосон.

Би үүнээс өөрийн тооцоогоор 2,230,000 төгрөгийг шаардсан тул хариуцагчаас 2,230,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Бом ХХК-д холбогдуулан 2015 оны 9, 10, 11 дүгээр сард дутуу олгосон цалин хөлс, илүү цалингийн нэмэгдэл хөлсөнд 3,230,000 төгрөг шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн хувийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-т гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулж, шүүх хуралдаан 2016 оны 9 дугаар сарын 05-ны өдөр болох талаар 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчийн хаягаар мэдэгдэх хуудсаар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид утсаар мэдэгдсэн боловч хариуцагч Бом ХХК нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгч, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч нэхэмжлэлд тайлбар өгөөгүй, анхан шатны шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ гэж үзлээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Д.Г нь Бом ХХК -д ерөнхий инженерээр 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 1 сарын хугацаанд туршилтаар 600,000 төгрөгийн цалинтай, 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл жинхлэн сарын 1,000,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болох нь түүний тайлбар, туршилтаар хамтран ажиллах тухай болон хөдөлмөрийн гэрээ, Бом ХХК-ийн анкет, ажлын байрны тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Тэрээр ажиллах хугацаандаа нийт 3,833,000 төгрөгийн цалин хөлс авах ёстой байсан нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ******* оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн **********тоот актаар тогтоогдсон гэж үзнэ.

 

Хариуцагч нь дээрх актыг үгүйсгэсэн тайлбар болон нотлох баримтаа гаргаагүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан эрхийн хүрээнд уг баримтыг үнэн зөв гэж үзлээ.

 

Бом ХХК нь Д.Г-тай Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр 24.1-д заасан хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч болохын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1, хөдөлмөрийн гэрээний 1.3-т тус тус зааснаар сард 2 удаа хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон, тогтоосон хэмжээний цалин хөлсийг мөнгөн хэлбэрээр олгох үүрэгтэй.

 

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчид 3,833,000 төгрөгийн цалин хөлс олгох үүрэгтэйгээс 2015 оны 9 дүгээр сарын 11-ны өдрийн 20,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 100,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 250,000 төгрөгийг тус тус олгосноос өөр цалин хөлс олгоогүй тул нэхэмжлэгч аваагүй үлдсэн цалин хөлсөө хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Ийнхүү тооцвол 3,463,000 /3,833,000-250,000/ төгрөг гарч байгаа ч нэхэмжлэгч нь 3,230,000 төгрөг шаардсан тул шүүх нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээгээр хангах үндэслэлтэй.

 

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр нээж, түүнд хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр төлсөн шимтгэл, хураамж /сарын цалингаас/-ийг төлж, энэ тухай бичилтийг хийх үүрэгтэй тул Бом ХХК нь Д.Г-ын 2015 оны 8 дугаар сарын 23ы өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журам, хувь хэмжээгээр төлж, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй.

 

Иймд хариуцагч Бом ХХК -аас 3,230,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Г-д олгож, Д.Г-ын цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журам, хувь хэмжээгээр төлж, дэвтэрт нь бичилт хийхийг Бом ХХК-ийн удирдлагад даалгав.

 

Нэхэмжлэгч нь энэ талаарх шаардлагаа 2015 оны 12 дугаар сарын 10, 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрүүдэд шүүхэд гаргасан ч ******************* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 41534, 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 13754 тоот захирамжуудаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох зэргээр шийдвэрлэж байсан нь тогтоогдсон тул шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сүүлийн өдрөөс шинээр тоолж, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааны дотор гаргасан Д.Г-ын гомдлыг хянан хэлэлцсэн болохыг тэмдэглэе.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан Бом ХХК-аас 3,230,000 төгрөг гаргуулж Д.Г-д олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Д.Г-ын 2015 оны 8 дугаар сарын 23ы өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журам, хувь хэмжээгээр төлж, дэвтэрт бичилт хийхийг Бом ХХК-ийн удирдлагад даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Д.Г-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Бом ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 66,630 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА