Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2017/00522

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2017/00522

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн **** дугаар хороо, ***** дугаар байрны **** тоотод оршин суух, **** онд төрсөн, 49 настай, эмэгтэй, ШЗ:**** тоот регистрийн дугаартай ***** овогт Ц.М-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн *** дүгээр хороо, ***** өргөн чөлөөнд байрлах Н.Ө.А.газарт холбогдох

 

***** оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ****** тоот тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М, түүний өмгөөлөгч А.М, хариуцагч Н.Ө.А.га-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Ж.Д, түүний өмгөөлөгч А.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М миний бие 2010 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн **** дүгээр амаржих газарт чанарын менежерээр ажилд орсон. Улмаар 2010 оны 06 дугаар сарын 18-наас Чанарын албаны дарга, 2012 оны 11 дүгээр сарын 01-нээс Хяналт, шинжилгээ, үнэлгээний албаны дарга, 2014 оны 03 дугаар сарын 17-ноос Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажлыг гүйцэтгэж байсан. Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Н.Ө.А.га-ын даргын **** тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, ажлын байр сэлгүүлэн ажиллуулах тушаал гарсныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд надад урьдчилан албан ёсоор танилцуулаагүй. Уг тушаалын дагуу миний ажлын байрыг сэлгүүлэх үндэслэл байхгүй ба ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс мэднэ. Ерөнхий эмчийг эзгүйд ч түүнийг орлож ажилладаг байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлд ажлын зайлшгүй шаардлагаар, 33 дугаар зүйлд сул зогсолт гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар ажилтныг өөр ажилд түр шилжүүлж, хөдөлмөрийн гэрээг цуцлахгүйгээр гэрээнд зааснаас өөр ажлыг түр хугацаанд гүйцэтгүүлэх боломжтойг зохицуулжээ. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан ажилтныг өөр ажилд түр шилжүүлэх үндэслэл болсон ажлын зайлшгүй шаардлагыг хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох үндэслэл болгон тайлбарлаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Харин ажилтныг өөр ажилд бүрмөсөн шилжүүлэх нь ажил олгогчийн санаачлагаар хэрэгждэггүй, зөвхөн гэрээний талуудын тохиролцоо, эсвэл ажилтны хүсэлт, хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллагын шаардлагыг ажил олгогч хүлээн авснаар хэрэгждэг зохицуулалт юм. Эдгээр үндэслэлийн аль нь ч бий болоогүй байхад намайг өөр ажилд бүрмөсөн шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ажил олгогч **** тоот тушаалын Үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1 дэх заалтыг хэлбэр төдий тусгаж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэх боловч талууд харилцан тохиролцсон байх гэсэн үндэслэл нь ажилтан миний хувьд бодитойгоор бий болоогүй, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Ажил олгогч намайг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлэх өөрийн санаачлагаа нотлох баримтгүйгээр тохиролцоо гэж үзээд, ажил олгогчийн саналыг хүлээн авах ёстой гэж хүсэл зоригоо шууд тулгаж байгаа нь илт хууль бус байна. Талууд харилцан тохиролцоно гэдэг нь ажил олгогч, ажилтан хоорондоо хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар урьдчилан ярилцаж, нэгдсэн нэг саналд хүрсэн байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл эсрэг тэсрэг саналтай байсан ч талууд харилцан буулт хийх замаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох нэгдсэн суурьт идэвхтэй үйлдэл гэж үзэж байна. Миний хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох Статистик мэдээллийн технологи, олон нийттэй харилцах албаны даргын ажлын байр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ хөдөлмөрийн нөхцлийн талаар ажил олгогчтой тохиролцоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт.. хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй гэж заажээ. Гэтэл ажил олгогч Статистик мэдээллийн технологи олон нийттэй харилцах албаны даргын ажил, албан тушаалтай холбоотойгоор хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулагдаагүй байхад уг албан тушаалд дур мэдэн томилсон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Миний бие эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаал эрхэлж байхдаа ТҮ-7-6 сүлжээгээр буюу 765.966 төгрөгөөр цалинждаг байсныг ТҮ-6-3 буюу 668.964 төгрөг болгон бууруулж, улмаар ээлжийн амралтын 24 хоногийн олговрыг бууруулж олгосон. Миний үндсэн цалин 765.966 төгрөг, 10 хувийн нэмэгдэл 76.596 төгрөг нийт 842.562 төгрөгөөр цалинждаг. Миний бие тус газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тушаалыг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан. Би амралтаа авч гадагшаа явах байсан тул маргааш нь буюу 07 дугаар сарын 06-нд шүүхэд гомдлоо гаргасан бөгөөд 08 дугаар сарын 13 хүртэл амарсан. Иймд Н.Ө.А.га-ын даргын **** тоот тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан Н.Ө.А.гаын эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг /2016 оны 08 дугаар сарын 13-наас шүүхийн шийдвэр гарах хүртэл/ хугацаагаар тооцож, хариуцагчаас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Ө.А.га-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Ж.Д нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М нь 2010 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тус амаржих газарт ажиллах хүсэлт бичгээр гаргасны дагуу 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн **** тоот тушаалаар Чанарын менежерээр ажилд орсон бөгөөд улмаар 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 84 тоот тушаалаар Чанарын албаны дарга, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 242 дугаар тушаалаар Хяналт, шинжилгээ, үнэлгээний албаны дарга, 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаар тушаалаар Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын үүрэгт ажлыг тус тус гүйцэтгэж ирсэн. Ц.М-ийг анх ажилд орсон цагаас эхлэн итгэл хүлээлгэж, албан тушаал дэвшүүлэн ажиллуулж байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд тус эмнэлэгт удаа дараа эмнэлгийн тусламж, үйлчилгээний доголдол, зөрчил гарахад Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын эрхлэх ажпын хүрээнд хамаарах эх барих эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг стандарт, заавар, журмын дагуу мэргэжлийн арга зүйгээр хангах ажлыг зохион байгуулах, эх нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах бүх талын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Ц.М-т анхааруулж, сануулж, зохих сахилгын арга хэмжээг ч хүлээлгэж ирсэн. Түүнчлэн 2016 оны 2 дугаар сараас эхлэн Н.Ө.А.га-ын даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ***** дугаар тушаалын дагуу тус амаржих газар ажлын хариуцлага, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, энэ ажлыг голлон хариуцах, зохион байгуулах үүрэг эмчилгээ эрхэлсэн орлогч даргад хамаарч байсан. Гэтэл Ц.М нь ажилдаа дүгнэлт хийж, холбогдох тушаалын биелэлтийг ханган Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга С.М-тай хамтран ажиллаж, ажлаа зохион байгуулж, үр дүнтэй ажиллахын оронд хоорондоо зохицож ажиллаж чадаагүй. Тус амаржих газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны хурлаар энэ байдал нь тогтоогдсон юм. Эмчилгээ, тусламж үйлчилгээний ажлыг өндөр түвшинд зохион байгуулах үүрэг бүхий удирдах албан тушаалтнуудын энэ байдал нь амаржих газрын цаашдын ажилд сөрөг үр дагаврыг бий болгоход хүргэх тул ажил олгогчийн зүгээс ажлын зайлшгүй шаардлагаар удаа дараа Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын үүрэгт ажлаас өөр ажилд шилжүүлэх саналыг Ц.М-т танилцуулж байсан. 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар цаашид ажиллуулах боломжгүй болсон шалтгааныг тайлбарлаж, Статистик мэдээллийн технологи, олон нийттэй харилцах албаны даргаар ажиллуулах тухайгаа танилцуулахад эс зөвшөөрсөн тайлбар өгөөгүй тул тухайн үед Ц.М-ийг өөр ажилд шилжүүлэх саналыг хүлээн авлаа гэж ойлгосон ба үүнийгээ баталгаажуулан, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ****** тоот тушаал гаргасан болно. Ажлын зайлшгүй шаардлагын улмаас гаргасан дээрх тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.М хариуцагч Н.Ө.А.газарт холбогдуулан тус газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/199 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Н.Ө.А.га-ын Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Ц.М 2010 оны 05 дугаар сарын 30-нээс эхлэн Нийслэлийн **** дүгээр амаржих газарт чанарын менежерээр ажилд орж, 2010 оны 06 дугаар сарын 18-наас Чанарын албаны дарга, 2012 оны 11 дүгээр сарын 01-нээс Хяналт, шинжилгээ, үнэлгээний албаны дарга, 2014 оны 03 дугаар сарын 17-ноос Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажлыг тус тус гүйцэтгэж ирсэн байх ба Ц.М-ийг 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн *** тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, Статистик,, мэдээллийн технологи, олон нийттэй харилцах албаны даргын албан тушаалд шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, тэдний хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тус газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн **** тоот тушаалаар тогтоогдож байна.

 

 

Ц.М нь Н.Ө.А.г-аын даргын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлын байр сэлгүүлэн ажиллуулах тухай 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн **** тоот тушаалыг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, тус дүүргийн шүүхэд 2016 оны 07 дугаар сарын 07-нд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн заалттай нийцэж байна.

 

Н.Ө.А.га-ын даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/199 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Байгууллагын дүрмийн 2.6.3, Хөдөлмөрийн дотоод журмын 7.3.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ажилтан Ц.М-ийг 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон мөн өдрөөс Статистик, мэдээллийн технологи, олон нийттэй харилцах албаны даргаар сэлгүүлэн ажиллуулав гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.М нь ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, өөр ажилд сэлгүүлэх талаар урьдчилан мэдэгдээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 32-т .. Ажлын зайлшгүй шаардлагаар, 33-т.. Сул зогсолт бий болсон үед ажил олгогчийн санаачлагаар ажилтныг өөр ажилд түр шилжүүлж, хөдөлмөрийн гэрээг цуцлахгүйгээр гэрээнд зааснаас өөр ажлыг түр хугацаанд гүйцэтгүүлэхээр зохицуулсан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан ажилтныг өөр ажилд түр шилжүүлэх үндэслэл болсон ажлын зайлшгүй шаардлагыг хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох үндэслэл болгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, өөр ажилд шилжүүлсэн, энэ тухайгаа нотолж чадаагүй, тушаал хуульд нийцээгүй гэж, тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, дээрх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэл гаргаж, дээрх шаардлагаа дэмжиж байна.

 

Харин хариуцагч тал Н.Ө.А.га-ын даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн **** дугаар тушаалын дагуу тус амаржих газар ажлын хариуцлага, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, энэ ажлыг голлон хариуцах, зохион байгуулах үүрэг эмчилгээ эрхэлсэн орлогч даргад хамаарч байхад ажилдаа дүгнэлт хийж, холбогдох тушаалын биелэлтийг ханган Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга С.М-тай хамтран ажиллаж, ажлаа зохион байгуулж, үр дүнтэй ажиллахын оронд хоорондоо зохицож ажиллаж чадаагүй, тус амаржих газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны хурлаар энэ байдал нь тогтоогдсон, эмчилгээ, тусламж үйлчилгээний ажлыг өндөр түвшинд зохион байгуулах үүрэг бүхий удирдах албан тушаалтнуудын энэ байдал нь амаржих газрын цаашдын ажилд сөрөг үр дагаврыг бий болгоход хүргэх тул ажил олгогчийн зүгээс ажлын зайлшгүй шаардлагаар удаа дараа Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын үүрэгт ажлаас өөр ажилд шилжүүлэх саналыг Ц.М-т танилцуулж байсан, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар цаашид ажиллуулах боломжгүй болсон шалтгааныг тайлбарлаж, Статистик мэдээллийн технологи, олон нийттэй харилцах албаны даргаар ажиллуулах тухайгаа танилцуулахад эс зөвшөөрсөн тайлбар өгөөгүй тул тухайн үед Ц.М-ийг өөр ажилд шилжүүлэх саналыг хүлээн авлаа гэж ойлгож, дээрх тушаалыг гаргасан нь хуульд нийцэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-тБайгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн, урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд 45 хоногийн хугацаагаар шилжүүлж болно мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т.. Сул зогсолтын үед ажилтныг байгууллага дотроо хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажилд, эсхүл өөр байгууллагад түр хугацаагаар өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн ажиллуулж болох-оор заажээ.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1-т заасан нөхцөл байдал Н.Ө.А.га үүссэн гэх талаар баримт үгүй, хариуцагч тал тэр талаар нотолж чадахгүй байна.

 

Хэрэв дээрх хуульд заасан үндэслэлээр ажилтан /Ц.М/-ийг өөр ажилд шилжүүлж байгаа бол ажил олгогч хуулиар тогтоосон 45 хүртэлх хоногийг баримтлах үүрэгтэй ба энэ хугацаа дуусмагц ажилтныг өмнө эрхэлж байсан үндсэн ажил үүргийг нь хийлгэх байтал тус газрын даргын тушаалаас дээрх нөхцөл байдал харагдахгүй байгаагаас үзэхэд ажилтныг хууль бусаар өөр ажилд шилжүүлсэн гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн ажил олгогч Ц.М-т 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар цаашид ажиллуулах боломжгүй шалтгааныг тайлбарлаж, Статистик мэдээллийн технологи, олон нийттэй харилцах албаны даргаар сэлгүүлэн ажиллуулах талаар танилцуулахад эс зөвшөөрсөн тайлбар өгөөгүй нь саналыг хүлээн авлаа гэж ойлгож, тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасныг баримтлан гаргасан гэж тайлбарлаж байна.

 

Гэрээний харилцааны үйлчилгээг зогсоох талаар талууд урьдчилан санал нэгдэх замаар тохиролцож нэгдсэн нэг саналд хүрэх байх ба ингэхдээ гэрээ дуусгавар болгох хугацаагаа мөн тохирох ёстой юм.

 

Хариуцагч тал зайлшгүй шаардлага гарсан гэж ажилтныг өөр ажилд шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай хуулийн заалтыг баримталж, тушаал шийдвэрээ гаргасан нь хуульд нийцээгүй, хөдөлмөрийн хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Ц.Мийн ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байх ба ажил олгогч ажилтанг үндэслэлгүйгээр ажлаас халсан, өөр ажилд шилжүүлсэн нь тогтоогдож байх тул Ц.М-ийг Нийслэлийн Ө.А газрын даргын Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 842.565 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 13аас 2016 оны 02 дугаар сарын 13 /шүүхийн шийдвэр гарах/ хүртэл 6 сарын хугацаагаар тооцон /842.565х6сар/= 5.055.390 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан, Ц.М-т олгож, дээрх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Ц.Мийг Н.Ө.А.га-ын даргын Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Н.Ө.Г-аас 5.055.390 төгрөг гаргуулж, Ц.М-т олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг ажил олгогч Н.Ө.А.га даалгасугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.М улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Н.Ө.Га 95.836 төгрөгийг гаргуулж улсын төсвийн дансанд оруулсугай.

 

5.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН