Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1116

 

 

 

 

 

 

 

 

 

МҮЭХны

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/00903 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: МҮЭХны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 240 648 000 төгрөг, нөхөн төлбөр 54 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэмэлт ажлын хөлс, материалын зардал 276 282 270 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МҮЭХ нь “М” ХХК-тай 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 05 тоот “Хөрөнгө оруулалт, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээ” байгуулан өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Тээвэрчний гудамжинд байх 13 500 м.кв талбай бүхий газар дээрх хуучин барилгыг буулгаж суурин дээр нь Үйлдвэрчин хорооллыг барихаар тохиролцсон.

Тус гэрээнд МҮЭХны эзэмшлийн 13 500 м.кв газар ашиглахыг “М” ХХК-д зөвшөөрч шилжүүлэх, үүний хариуд “М” ХХК нь МҮЭХнд шинээр 18.9 х 18.6 хэмжээтэй 12 давхар барилга /зоорийн давхартаа 30 машины зогсоолтой, 1-3 давхартаа үйлдвэрлэл, сургалт, тээвэр үйлчилгээний төв, 4-12 давхартаа өндөр зэрэглэлийн зочид буудлын барилга/-ыг 2012 оны 4-р улиралд хүлээлгэн өгөх, 38 айлын орон сууцыг хөнгөлөлттэй үнээр өгөх барилгын гүйцэтгэл 50 хувьд хүрэхэд орон сууцны үнийн 10 хувь, барилгын ажил гүйцэтгэл 90 хувьд хүрэхэд орон сууцны үнийн дүнгийн 20 хувь, түлхүүр гардаж авахад 20 хувийг, үлдэгдэл 50 хувийн төлбөрийг 1 жилийн дотор төлөх, МҮЭХд 6 300 м.кв бүхий 118 айлын орон сууцыг 1 м.кв-ыг нь 800 000 төгрөгт тооцож өгөхөөр тохиролцсон.

Гэрээ байгуулагдсаны дараа МҮЭХноос өөрсдийн газрыг чөлөөлж “М” ХХК уг газар дээрх хуучин барилгыг нурааж шинээр барилга барих ажлыг эхлүүлэх явцад буюу 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 05 тоот Хөрөнгө оруулалт, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээнд дараах нэмэлт, өөрчлөлт оруулсан, шинээр 18.9 х 17.4 хэмжээтэй 12 давхар барилга /зоорийн давхартаа автомашины зогсоолтой, 1-3 давхартаа үйлдвэрлэл, сургалт, тээвэр үйлчилгээний төв, 4-12 давхартаа өндөр зэрэглэлийн зочид буудлын барилга/-ыг 2013 оны 10 дугаар сард багтааж хүлээлгэн өгөх, хөнгөлөлттэй үнээр өгөх 38 айлын орон сууцны төлбөрийг гэрээ байгуулж, захиалагчийн эрхийг баталгаажуулахад 50-иас доошгүй хувийг, үлдэгдэл 50 хувийн төлбөрийг барилгын ажлын графиктай уялдуулж захиалж авах, МҮЭХнд 6 300.75 м.кв талбай бүхий 178 айлын орон сууцыг 1 м.кв-ыг нь 800 000 төгрөгөөр тооцож өгөхөөр нэмэлт өөрчлөлт оруулсан.

Мөн МҮЭХ болон “М” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хөрөнгө оруулалт, борлуулалтын 10/17 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээний зорилго нь дээрх 2 гэрээний нэмэлт өөрчлөлтийг үндэслэн МҮЭХноос хөрөнгө оруулалтын чиглэлээр борлуулах 15 айлын орон сууцыг   зочид буудлыг тохижуулах зорилгоор “М” ХХК-иар дараах нөхцөлөөр борлуулахаар тохирч гэрээ байгуулсан.

“М” ХХК нь 521.4 м.кв 2 өрөө 15 ширхэг орон сууцнуудыг 1 м.кв-ын үнийг Нэмэгдсэн өртөгийн албан татвар оруулахгүй дүнгээр 1 600 000 төгрөгөөр бусдад худалдах, “М” ХХК 1 м.кв-ыг 1 600 000 худалдсанаас 1 м.кв-ыг нь 800.000 төгрөгөөр тооцож МҮЭХнд өгөхөөр тохирсон. Нийт орон сууц борлуулсны төлбөрт 416 120 000 төгрөг өгөх байсан.

Дээрх 15 орон сууц нь А блокны 12, 25, 26, 29, 30 тоот 34.76 м.кв 2 өрөө орон сууцнууд, Б блокны 11, 12, 15, 16, 21, 22, 25, 26, 29, 30 тоот 34.76 м.кв 2 өрөө сууцууд бөгөөд “М” ХХК нь дээрх орон сууцнуудыг МҮЭХны оролцоогүй худалдан борлуулсан. “М” ХХК-иас дээрх 15 байрны төлбөрөөс 27 808 000 төгрөг, 48 664 000 төгрөг, 100 000 000 төгрөг, нийт 176 472 000 төгрөгийг МҮЭХнд төлсөн байдаг. Үлдэгдэл 240 648 000 төгрөгийг төлөөгүй байна.

МҮЭХ болон “М” ХХК нарын хооронд 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 05 тоот Хөрөнгө оруулалт, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний 5.6 дахь хэсэгт 12 давхар зочид буудлын барилгыг барьж дуусган хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд нөхөн төлбөр болгон cap бүр 1 500 000 төгрөгийг захиалагчид төлж байх гэж заасан.

“М” ХХК-иас гэрээ байгуулсан 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс зочид буудлын барилгыг улсын комисс хүлээн авсан 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 45 cap буюу нийт 67 500 000 төгрөг төлөх ёстой. Үүнээс “М” ХХК-иас 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдөр МҮЭХнд 1 000 000 төгрөг, 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 2 000 000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 7 сарын төлбөрийг бөөнд нь 10 500 000 төгрөгийг МҮЭХнд төлсөн байдаг. Харин 2012 оны 12 дугаар сараас 2015 оны 12 дугаар cap хүртэл 36 сарын төлбөр болох 54 000 000 төгрөгийг өнөөдрийг болтол төлөөгүй байна.

Иймд “М” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир уг үүргийг биелүүлэхийг шаардах, нэхэмжлэх эрх нь МҮЭХнд байгаа тул гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлд 240 648 000 төгрөг, cap бүр төлөх ёстой 1 500 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 54 000 000 төгрөг, нийт 294 648 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МҮЭХны нэхэмжлэлээс 15 орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр болох 240 648 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар маргаан байхгүй.

Харин нэмэгдүүлсэн шаардлага болох 54 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Хөрөнгө оруулалт, Барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээ байгуулах анхны санал талуудын хооронд аман хэлбэрээр яригдаж байхад захиалагчийн эзэмшлийн нийт 1.3 га газарт гүйцэтгэгч тал нь бодитой хөрөнгө оруулалт хийхгүй байх мөн захиалагчид бодит хохирол учирахаас урьдчилан сэргийлэх ямар нэгэн заалтыг гэрээнд оруулж өгөх шаардлагатай байна гэсний дагуу талууд зөвшилцөн уг гэрээний 5.6-д 12 давхар зочид буудлын барилгыг барьж дуусган хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд нийт 1.3 га газрын нөхөн төлбөр болгон гүйцэтгэгч тал нь захиалагч талд cap бүр 1.5 сая төгрөгийг төлж байх гэсэн үүргийг гүйцэтгэгч талд хүлээлгэж байсантай маргахгүй.

Гүйцэтгэгч тал болох бид нэхэмжлэгчийн нийт 13 500 м.кв талбай бүхий эзэмшил газарт байрлаж байсан хуучин объектуудыг өөрийн зардлаар буулгаж зөөвөрлөн, нэхэмжлэгч талд 7 тэрбум төгрөгийн өртөг бүхий 6 300 м.кв талбай бүхий 180 айлын орон сууцыг 2012 оны 04 дүгээр сараас 2013 оны 10 дугаар сарыг хүртэл барьж дуусган 2015 оны 11 дүгээр сард улсын комисст хүлээлгэн өгсөн.

Харин 3.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 18.9 x 17.4 м.кв талбай бүхий стандарт шаардлага хангасан зочид буудлын барилгыг 2013 оны 02 дугаар сараас эхлэн барьж эхэлсэн ба барилгын явц 2013 оны зун 90 гаруй хувьтай байхад захиалагчийн саналаар барилгад хэд хэдэн нэмэлт ажлыг дахин гүйцэтгэх болсон ба 2014 оныг хүртэл хугацаанд газрын нөхөн төлбөрийг cap бүр нийт 1.3 га газарт төлж байсан. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Хөрөнгө оруулалт, Барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэгч тал нь 2013 оны 6 дугаар сарын байдлаар бүрэн бодитой гүйцэтгэсэн байхад захиалагч тал бидний барьсан зочид буудлыг 3 одтой болгох зорилгоор тухайн барилгад багагүй нэмэлт барилгын ажлыг нэмж гүйцэтгүүлэх болсноор зочид буудлын барилга гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад ороогүй, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр барилгад гүйцэтгэсэн нэмэлт ажил дуусч 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Ийнхүү улсын комисст хүлээлгэн өгөх хугацаа 2 жилээр хэтэрсэн нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу захиалагч талын буруутай үйлдлийн улмаас болсон бөгөөд гүйцэтгэгч талд ноцтой хүндрэл учруулж байсан учраас бид захиалагчийн өмнө нийт 1.3 га газрын нөхөн төлбөрийг cap бүр төлөх үүргийг орон сууцны барилга 2013 онд баригдаад дууссан, зочид буудлын барилга 2013 оны зун 95 хувьд хүрсэн байсан тул төлөх үүрэг хүлээхгүй гэж үзэж байна.

Газрын нөхөн төлбөрийн ногдох хэсгээр бүрэн төлсөн талаар 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний 3.6-д зааснаар барьж байгаа орон сууцны болон зочид буудлын барилгад хяналт тавьж байсан нэхэмжлэгчийн ажилтан, нягтлан бодогч Б.Гэрэлмаа нь шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн газрын нөхөн төлбөрт 54 000 000 төгрөгийг шаардсан нэмэгдүүлсэн шаардлага нь хангагдах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бид 2012 оны 03 сарын 19-ний өдөр №05 тоот “Хөрөнгө оруулалт, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж МҮЭХнд гэрээний зүйл болох зочид буудлын барилгыг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн. Тухайн зочид буудлын барилгыг барьж байх явцад болон барилга дуусч ашиглалтад өгөх гэж байхад захиалагч, тэдний төлөөлөгч нарын саналаар зочид буудлын барилгын ерөнхий төлөвлөлтийн анхны зурганд өөрчлөлт оруулах гэрээ байгуулж барилгын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, нураалтын болон нэмэлт заслын ажлуудыг дахин гүйцэтгэж барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх хугацааг удаа, дараа хойшлуулж байсан.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №05 тоот “Хөрөнгө оруулалт, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээ”, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан заалтууд, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/17 тоот “Хөрөнгө оруулалт, борлуулалтын гэрээ”, мөн Иргэний хуульд заасныг тус тус үндэслэн зочид буудлын нэмэлт ажлын гүйцэтгэлд зарцуулсан бодит зардал буюу барилгын бараа, материалын үнэ, цахилгааны болон заслын ажлын гүйцэтгэлийн хөлс, ашиглалтын зардал, ажилчдын цалинд зарцуулсан мөнгө, гэрээг шинэчлэн батлуулахад гарсан ажлын хөлс зэрэгт нийт 276 282 270 төгрөгийг зарцуулсан. Үүнд: бараа материал 90 649 264.38 төгрөг, ашиглалтын зардалд 15 564 776.44 төгрөг, цахилгааны ажлын гүйцэтгэлд 35 327 000 төгрөг, заслын ажлын гүйцэтгэлд 75 729 000 төгрөг, цалин 34 012 229.85 төгрөг, зураг төслийн өөрчлөлтөнд 25 000 000 төгрөг, нийт дүн 276 282 270 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч МҮЭХсөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Зохигчид 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 05 тоот “Хөрөнгө оруулалт, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээ”-г байгуулахдаа хөрөнгө оруулагч гүйцэтгэгч нь өндөр зэрэглэлийн зочид буудлын зориулалттай орчин үеийн загвар хийц бүхий барилгыг захиалагчийн санал болгосон зураг төсөл, чанарын дагуу 2012 оны 4 дүгээр улиралд багтаан барьж захиалагч талд хүлээлгэн өгнө гэж анх тохиролцсон байдаг. “М” ХХК-ийн зүгээс МҮЭХнд 100 хувь барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд МҮЭХны зүгээс сөрөг нэхэмжлэлд дурьдаад байгаа нэмэлт ажлыг хийлгэх санал, хүсэлт тавьсан зүйл байхгүй. Бид “М” ХХК-ийн барилгын угсралтын ажлын явцад ямар ажил хийгдсэн болохыг мэдэхгүй бөгөөд барилга барих явцад Барилгын тухай хууль тогтоомжид нийцүүлэх гэж хэдэн ч удаа нэмэлт ажил хийснийг тогтоох боломжгүй. Иймд “М” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар “М” ХХК-иас 294 648 000 төгрөгийг гаргуулж МҮЭХнд олгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар МҮЭХноос 159 111 364 төгрөгийг гаргуулж “М” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 117 170 906 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 13136 дугаар захирамжийн тогтоох хэсгийн 8 дугаар заалтыг үндэслэн “М” ХХК-иас 250 000 төгрөгийг гаргуулж шинжээч “Юу Би Пропертиз” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар МҮЭХны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 798 085 төгрөгийг, “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 540 000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, “М” ХХК-иас 1 798 085 төгрөгийг гаргуулж МҮЭХнд олгож, МҮЭХноос 953 507 төгрөгийг гаргуулж “М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал давж заалдах гомдолдоо: “...Зохигчид анхнаасаа газар ашигласны төлбөрт тодорхой үнийн дүн бүхий зочид буудлыг хүлээлгэх өгөхөөр тохиролцоогүй зөвхөн гэрээнд заасан хэмжээ бүхий зочид буудлын барилгыг л бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Өөрөөр хэлбэл захиалагч ямар зургаар ямар чанар, хэмжээтэй ямар барилга хүлээж авахаа гүйцэтгэгч “М” ХХК-д санал болгож тэр санал болгосноор хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд энэ хооронд дахь бүх зардлыг “М” ХХК хариуцахаар талууд тохиролцсон болох нь нотлох баримтаар тогтоогдоно.

Хариуцагч тал шүүх хуралдааны явцад яг ямар нэмэлт ажлууд хийсэн гэдгээ нотолж тайлбарлаж чадаагүй. МҮЭХ-ны зүгээс 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2 хана буулгуулах хүсэлт өгсөн байдаг. Тухайн үед барилгын ажил дөнгөж дотор хананууд өрөгдөж, цонхнууд суулгаж, сангийн босоо шугамуудыг зургийн дагуу хийж байсан бөгөөд “М” ХХК хүсэлтийг хүлээн зөвшөөрч үнэ төлбөргүй буулгаж өгөхөө илэрхийлсэн байдаг. Гэтэл шүүхээс энэ талаарх баримтыг огт үнэлээгүй нь нотлох .баримтыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлах зарчмыг алдагдуулсан.

Гүйцэтгэгч “М” ХХК нь зурагт хогийн бункертай байсан боловч барилгын явцад буюу хогийн бункер барихаас өмнө захиалагчийн саналаар хогийн бункерийг бариулаагүй байхад шүүхээс бариулаагүй хогийн бункерийг буулгасны зардлыг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Хоёр дахь барилгын зураг дээр шат, оо-ын өрөөний байрлалыг сольсон, энэ зургаар барилга баригдаж эхлээд дууссан. Энэ талаар ч барилгын зургийг зурсан, барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавьж байсан гэрч Н.Даваасүрэн гэрчилсэн байдаг. Эйр кондейшн суурилуулсантай холбоотой дотор монтажны утас солих, хананы шавардлага, шохой плита, обойг сольсон тухайд 2015 оны 05 дугаар сард өндөр зэрэглэлийн зочид буудалд эйр кондейшн байх ёстой учир өөрсдийн зардлаар энэ ажлыг “Сэрүүн сервис” ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд ямар нэг байдлаар монтажны утас солиогүй. Суурилуулахтай холбоотой нэмэлт засварын ажлыг “Сэрүүн сервис” ХХК хийсэн бөгөөд “М” ХХК нь нэг ч нэмэлт ажил хийгээгүй. Иймд шүүхийн үндэслэл болсон нэмэлт ажлууд хийгдээгүй болох нь тогтоогдож байна. ...Шүүх зөвхөн Б.Гэрэлмаагийн мэдүүлгийг үндэслэж байгаа нь шүүхийн шийдвэр зөвхөн нэг хүний худал мэдүүлгийг үндэслэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхцогт давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч гэрээний үүрэгт нөхөн төлбөр гэж 54 000 000 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь буруу юм. Зохигчдын хооронд 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 05 тоот “Хөрөнгө оруулалтын барилгын гэрээ” байгуулагдсан ба энэхүү гэрээний 5.6 дахь заалтанд заасан нөхөн төлбөрийг нэхэмжлэгч шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан байгаа. Учир нь нэхэмжлэгч шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 31-нд 240 648 000  төгрөг нэхэмжилсэн ба 2018 оны 02 дугаар сарын 08-нд энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж газрын нөхөн төлбөрт 54 000 000 төгрөгийг нэмж шаардсан. Нэхэмжлэгч тал манайхаас газрыг ашиглаагүй тохиолдолд cap бүр газрын нөхөн төлбөр авна гэдэг зорилгоор гэрээний 5.6 дахь заалтыг гэрээндээ боловсруулж оруулсан байсан бөгөөд анхны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах үед барилгын явц /орон сууц, үйлчилгээ, офисс, зочид буудал/ 50 хувьд хүрсэн байсан учраас газрын нөхөн төлбөрийг авахаа болилоо гэж удирдлагууд хоорондоо амаар тохирсон тул 2012 оноос 2018 оны 2 дугаар cap хүртэл газрын нөхөн төлбөрийг биднээс огт шаардаж байгаагүй юм. Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн байх тул энэ хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар нөхөн төлбөрт шаардсан 54 000 000 төгрөгийг гүйцэтгэгч буюу хариуцагч бид төлөхөөс татгалзах эрхтэй байгаа тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн цалин хөлстэй холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шүүх манай байгууллагыг барилгаа 2014 оны 08 дугаар сард барьж дууссаны дараа нэмэлт барилгын ажил гүйцэтгэсэн байна гэж зөв дүгнэсэн атлаа барилгын ажил дууссаны дараа захиалагчийн хүсэлтээр зочид буудлын барилгын дотор зохион байгуулалттай холбоотой нэмэлт ажлуудыг гүйцэтгэхдээ 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн гэрээгээр тохирсон МҮЭХ-ны ажилчидтай бидний байгуулсан Хөдөлмөрийн гэрээний үйлчлэл дуусгавар болсон, нэмэлт ажлыг захиалагчийн хүсэлтээр гүйцэтгэх болсон учраас тэдний 4-н ажилтанг үргэлжүүлэн 2014 оны 09 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарыг хүртэл ажиллуулж тэдэнд тооцоолоогүй цалин хөлс олгож манай байгууллагаас үргүй зардал гарсан тул бид цалин хөлсийг нэхэмжлэх эрхтэй байсан. Анхан шатны шүүх барилга барьж дууссан хугацаа, барилгын нэмэлт ажил хийсэн хугацаа, барилгыг ашиглалтанд бүрэн оруулахаар улсын комисст хүлээлгэн өгсөн хугацаа зэрэгт бодитой дүгнэлт хийгээгүйн улмаас нэмэлт ажил гүйцэтгэх явцад гарсан ашиглалтын зардлыг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч буюу захиалагч МҮЭХ нь 2014 оны 08 дугаар сард барилга барьж дуусахад хүлээгээд авчихсан бол өөрөөр хэлбэл нэмэлт ажил хийлгэх санал бидэнд гараагүй байсан бол 2014 оны 09 дүгээр сараас 2015 оны 12 сарыг хүртэлх хугацааны /дулаан, цахилгааны зардлыг гүйцэтгэгч болох манай компани төлөх учиргүй юм. Үүрэг гүйцэтгүүлэгчийн буруутай үйлдлийн улмаас нэмэлт ажил гүйцэтгэсэн байхад мөн дулаан, цахилгааны гэрээг эрх бүхий байгууллагатай байгуулж зардал төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн МҮЭХ-ны өмнөөс бид ашиглалтын зардал төлсөн тул нэхэмжлэх эрхтэй байсан. МҮЭХ нь "УБДЦС" ТӨХК, "УБЦТС" ТӨХК-тай дулаан, цахилгааны гэрээгээ 2014 онд байгуулчихсан, ашиглалтын зардлаа төлөх үүрэг хүлээсэн байгаа юм. Барилгын анхны зургийг 2012 онд Эрэл зураг зүйн товчоогоор зуруулахдаа бид гэрээ байгуулан ажлын хөлсөнд 140 000 000  төгрөгийг төлсөн байсан ба 2015 онд захилагчийн саналаар анхны зурганд өөрчлөлт оруулсаны ажлын хөлс болох 25 000 000 төгрөгийг дахин нэмж төлсөн тул энэхүү нэмэлт ажлын хөлсийг нэхэмжилсэн юм. Гэрч н.Даваасүрэн нь 140 000 000  төгрөгнөөс гадна 25 000 000 төгрөгийг авахаар гэрээ байгуулж мөнгөө авсан, 5 000 000 төгрөг л дутуу байгаа талаараа мэдүүлсэн. Бид шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангасан ба шинжээч нарыг 5 000 000  төгрөг шаардаж гэрээгээ байгуулах санал гаргахад манай захирал гадаадад зорчиж байсан тул шинжээчийн ажлын хөлс төлөх гэрээг үзэглээгүй юм. Гэтэл ямар нэг гэрээ хэлцэл, тохиролцоо хийгээгүй байхад шинжээч нь зураг болон хавтаст хэрэг судлахад зарцуулсан ажлын хөлсөнд 250 000 төгрөг шаардсаныг шүүх манайхаас гаргуулахаар хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь бид шинжээч нарт нийт хөлс 5 000 000 төгрөг, урьдчилгаа тэд, дүгнэлт гаргах боломжгүй тохиолдолд тэд, зураг, хэргийн материалтай танилцахад 250 000 төгрөг төлнө гэсэн тохиролцоог амаар болон бичгээр хийгээгүй, яриагүй, энэ талаар өөр өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлээгүй байхад шүүх ямар нэгэн нотлох баримт гэрээ. дүрэм, журам байхгүй байхад зөвхөн шинжилгээний байгууллагын албан тоотыг үндэслэн 250 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг мөн шинжээчийн ажлын хөлсийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 117 170 906 төгрөгийг хангахаар өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.     

Нэхэмжлэгч МҮЭХ/МҮЭХ/ нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 240 648 000 төгрөг болон нөхөн төлбөрт 54 000 000 төгрөг, нийт 294 648 000 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 240 648 000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх 54 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй, мөн нэмэлт ажлын хөлс, материалын зардалд 276 282 270 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Талууд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр №10/17 дугаартай “Хөрөнгө оруулалт, борлуулалтын гэрээ”-г бичгээр байгуулж, 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 05 тоот гэрээ болон түүнд 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдөр оруулсан гэрээний нэмэлт өөрчлөлтийг үндэслэн МҮЭХноос гаргасан хөрөнгө оруулалтын чиглэлээр борлуулах жагсаалтад дурдсан 521.4 м.кв талбай бүхий 15 ширхэг орон сууцыг МҮЭХны зочид буудлыг тохижуулах зорилгоор “М” ХХК нь 1 м.кв-ын үнийг Нэмэгдсэн өртөгийн албан татвар оруулахгүй дүнгээр 1 600 000 төгрөгөөр бусдад худалдах, “М” ХХК нь худалдан борлуулсан үнээс 1 м.кв-ыг нь 800 000 төгрөгөөр тооцож, МҮЭХнд тооцож өгөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-28-29/

            Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг буруу тодорхойлж нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн үндэслэлгүй болжээ.

            Дээрх гэрээний харилцаа нь МҮЭХ нь “М“ ХХК-д хөрөнгө оруулалт хийж, ашиг алдагдлаа хуваарилах болон тодорхой зорилгыг хэрэгжүүлэхээр тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

            Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 1.1-д заасан үүргийнхээ дагуу “М” ХХК нь 15 ширхэг орон сууцыг бусдад худалдан борлуулсан байх ба гэрээний 2.2, 4.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцны үнээс 417 120 000 төгрөгийг МҮЭХнд төлөх үүрэг үүссэнээс 176 472 000 төгрөг төлсөн, үлдэх 240 648 000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв. /1-хх 74-250, 2-хх 1-250, 3-хх 1-62/

            Талуудын хооронд 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 05 дугаартай “Хөрөнгө оруулалт, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээ”-г бичгээр байгуулж, МҮЭХ нь өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Тээвэрчний гудамжид байх 13 500 м.кв талбай бүхий газрыг ашиглахыг “М” ХХК-д зөвшөөрч газар эзэмших эрхийг шилжүүлэх, “М” ХХК нь МҮЭХнд шинээр 18.9 х 18.6 хэмжээтэй 12 давхар барилга /зоорийн давхартаа 30 машины зогсоолтой, 1-3 давхартаа үйлдвэрлэл, сургалт, тээвэр үйлчилгээний төв, 4-12 давхартаа өндөр зэрэглэлийн зочид буудлын барилга/-ыг 2012 оны 4-р улиралд хүлээлгэн өгөх, 38 айлын орон сууцыг хөнгөлөлттэй үнээр өгөх, 6 300 м.кв бүхий 118 айлын орон сууцыг 1 м.кв-ыг нь 800 000 төгрөгт тооцож өгөхөөр тохиролцсон байна. /хх-23-26/

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 5.6-д “12 давхар зочид буудлын барилгыг барьж дуусган хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд нөхөн төлбөр болгон cap бүр 1.5 сая төгрөгийг захиалагчид төлж байх”-аар нөхцлийг талууд харилцан тохиролцож, тодорхой тусгасан байх ба уг төлбөр төлөхөөр тохиролцсон заалтыг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Гэрээний 4.3, 6.1, 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн 1-д заасны дагуу “Хөрөнгө оруулагч-гүйцэтгэгч М ХХК нь 12 давхар зочид буудлын барилгыг 2013 оны 10 сард хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан ба зочид буудлыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2015/670 дугаар акт /VI-хх 59-61/-аар ашиглалтад оруулж, захиалагч МҮЭХнд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэж өгсөн /I-хх 70/ байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасныг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүх талуудын хэлэлцэн тохиролцсон буюу гэрээний 5.6 дахь заалтыг үндэслэн хариуцагч “М” ХХК-иас нөхөн төлбөрт 54 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МҮЭХнд олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Хариуцагч “М” ХХК нь 2014 оныг хүртэл хугацааны нөхөн төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

“М” ХХК нь МҮЭХнд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор гарсан нэмэлт ажлын хөлс, материалын зардалд нийт 276 282 270 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №05 дугаартай “Хөрөнгө оруулалт, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээ”-гээр “М” ХХК нь МҮЭХнд шинээр 18.9 х 18.6 хэмжээ бүхий 12 давхар барилга /зоорийн давхартаа 30 машины зогсоолтой, 1-3 давхартаа үйлдвэрлэл, сургалт, тээвэр үйлчилгээний төв, 4-12 давхартаа өндөр зэрэглэлийн зочид буудлын зориулалттай, орчин үеийн загвар хийц бүхий барилга/-ыг захиалагчийн санал болгосон зураг төсөл, чанарын дагуу 2012 оны 4-р улиралд багтаан барьж, хүлээлгэн өгөхөөр тохиролцсон бөгөөд уг гэрээнд 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, барилгын хэмжээг 18.9 х 17.4 болгож, зураг төсөл батлагдаагүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл гараагүйгээс шалтгаалан барилгын ажил хойшлогдсон тул 2013 оны 10 дугаар сард багтаан барьж захиалагч талд хүлээлгэж өгнө гэж харилцан тохиролцсон байна. /I-хх 23-27/

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 159 111 364 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 117 170 906 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болж чадаагүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт “”Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан.

Дээрх гэрээний хэрэгжилттэй холбоотойгоор барилгын ажлыг гүйцэтгэх явцад ажлын нэмэлт хөлс, материалын төсөв нэмэгдсэн талаар ажил гүйцэтгэгч “М” ХХК нь захиалагч МҮЭХнд мэдэгдэж албан бичиг хүргүүлж байсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, “М” ХХК-иас МҮЭХнд хандан явуулж байсан албан бичгүүдээс үзэхэд хамтран ажиллах гэрээтэй холбоотой орон сууцны борлуулалтын тодорхой хувиас өөрт ногдох хэсгээ шаардсан агуулгатай болохыг сөрөг нэхэмжлэлд дурдсанчлан хананы өрлөг буулгах, хогийн бункер буулгах, оо өрөөний байршил солих болон эйр кондейшн байрлуулах болсонтой холбоотойгоор дахин дотор монтажны утас солих, хананы шавардлага, шохой хийх, плита, обойг солих зэрэг зардал нэмэгдсэн талаар нөгөө талдаа мэдэгдээгүй байна. /V-хх 186-189, 196, I-хх 44-45/

Дээрх нэмэлт зардлуудыг нэхэмжлэгч МҮЭХ нь хариуцагч “М” ХХК-д төлөхөөр тохиролцсон болох нь гэрч Н.Энхманлай Л.Цогбадрах, Б.Гэрэлмаа, Ж.Даваасүрэн нарын мэдүүлэг /III-хх 201, 209-217, V-хх 174-183/-ээр тогтоогдсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болсон ба ажил гүйцэтгэх гэрээний талуудын хооронд нэмэлт зардлыг тохиролцсон гэх байдал тогтоогдоогүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 5.3 дахь хэсэгт барилгын ажлын зураг төсөл зохиохоос эхлэн барилгыг барьж дуусах хүртэлх хугацааны хөрөнгө оруулалтын асуудлыг бүрэн шийдвэрлэх үүргийг хариуцагч “М” ХХК хүлээхээр тохиролцсон байх тул хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан нэмэлт зардал гарсан гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах боломжгүй байна. /I-хх 23, 25, IV-хх 67/

Түүнчлэн, анхан шатны шүүх шинжээчийн зардлыг хариуцагч “М” ХХК-иас гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтласан нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний хувьд зөвтгөн өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

            Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж заасны дагуу хүсэлт гаргагч талаас шинжээчийн зардлыг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/00903 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 211 дүгээр зүйлийн 211.1” гэснийг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 186 дугаар зүйлийн 186.1” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь ”Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас МҮЭХнд холбогдуулан гаргасан нэмэлт ажлын хөлс, материалын зардалд 276 282 270 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1” гэснийг “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар МҮЭХны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 798 085 төгрөгийг, “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 540 000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, “М” ХХК-иас 1 798 085 төгрөгийг гаргуулж МҮЭХнд олгосугай” гэж тус тус өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч МҮЭХҮЭБ-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 953 507 төгрөгийг буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 984 480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

 

                                   ШҮҮГЧИД                                           Ч.ЦЭНД

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН