| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2023/04083/И |
| Дугаар | 101/ШШ2023/04611 |
| Огноо | 2023-10-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2023/04611
| 2023 10 24 | 101/ШШ2023/04611 |
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,**************-ийн гаргасан,
Хариуцагч: *******,*******,*******,*******,-д холбогдох 1,179,888,101.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гэрч , , нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани гэдэг газар байрлах чиглэлийн хүнд даацын авто замын LOT-3 багцын КМ268.8-КМ308.8 хэсгийн барилгын ажлыг захиалагч тал болох , нарын хяналтын дор хариуцагч -ийн туслан гүйцэтгэгчээр 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан чиглэлийн авто замын төсөл LOT 3 багцын туслан гүйцэтгэх гэрээ-ний дагуу 42.5 км авто зам барилгын газар шорооны далан үерийн ус зайлуулах хоолойн угсралтын ажил, даацын угсралтын ажлуудыг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн.
Гэрээний дагуу ерөнхий гүйцэтгэгч -иас бэлдэж ажил эхлүүлэхийг шаардсанаар бид нар 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэхэд хүн хүч, машин техник хэрэгслүүдийг бэлдэж ажил эхлүүлэхийг шаардсаны дагуу 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс инженер техникийн ажилчид болон лаборатори, геодизийн баг, мөн түрээсийн машин техник, механизмуудыг *******оос багийн нутаг дэвсгэрт байрлах баазад зөөвөрлөн хүргэж, гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхээр шаардлагатай хүн, хүч, техник, тоног төхөөрөмж, суурь зэргийг захиалагчийн шаардлагын дагуу бүрэн хангаж, нийт 50 ажилчин, түрээсийн 30 техник хэрэгслийн хамт баг бүрэлдэхүүнтэй ажил эхлэхэд бэлэн болгосон.
Гэтэл гэрээний захиалагч, ерөнхий гүйцэтгэгч нь гэрээний үүрэгт заасан ажил эхлүүлэх шаардлагатай анхан шатны болон мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрлүүдийг зохих хууль журмын дагуу гаргуулах үйл ажиллагааг хийж гүйцэтгээгүй, ажил гүйцэтгэгч талд хүлээлгэн өгөөгүйгээс 65 хоног ажлын байраар хангаагүй, манай компанийг гэрээний үүргээ гүйцэтгэх боломж бүрдүүлээгүйгээс дээрх ажлын гүйцэтгэлийн бэлтгэл ажилд зориулж бусдаас авсан зээлийн гэрээний алданги, их хэмжээний хохиролд орж, өнөөдрийн байдлаар санхүүгийн болон түрээсийн төлбөр, ажиллах хүчний цалин хөлс, бусад урсгал зардлын алдагдалд орж, маргаан үргэлжилсээр байна.
Иймээс хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлын байраар хангагдаагүйн улмаас ажилгүй байсан 65 хоногийн хугацаанд инженер техникийн ажилчид, лаборатори, геодезийн баг ажилчдын цалин хөлс, түрээсийн техникийн төлбөр, бусад зардлыг манай компани төлж барагдуулахаар тооцоо нийлж, тус тусад нь акт үйлдэж баталгаажуулсан. Дээрх үйл ажиллагаа нь байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болоогүй, харин захиалагч, ерөнхий гүйцэтгэгч -ийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй илтэд буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан болно.
Ажлын байраар хангаж, ажил эхлэхийг хүлээсэн 65 хоногийн хугацаанд ажилчид өдөр бүрийн хөдөлмөр, аюулгүй ажиллагааны дүрэмтэй танилцаж, гарын үсэг зурж байсан тэмдэглэлтэй болно. Мөн техник хэрэгслийг түрээсэлсэн түрээсийн гэрээ, түрээсийн төлбөр тооцоотой холбоотой баримтуудыг хэрэгт өгсөн ба хохирол учирсан талаар хүснэгтээр тусгайлан гаргаж нэхэмжлэлд хавсаргасан. Тус 65 хоногийн хугацаанд хамрагдах ажилчдын цалин, хөлс 258,529,902.17 төгрөг, дизель мотор ажиллуулсан түлшний зардал 47,250,000.00 төгрөг, техник хэрэгслүүдийг түрээсэлсэн зардал 528,089,449.40 төгрөг, нийт 833,869,351.57 төгрөгийг зарцуулсан юм.
Энэхүү хохирол нь захиалагч, ерөнхий гүйцэтгэгч -иас гэрээний 7 дугаар зүйлийн 2-т Ерөнхий гэрээнд хамаарах холбогдох баримт бичгийг туслан гүйцэтгэгчид гаргаж өгөх, төслийн ажилтантай холбоотой тусгай зөвшөөрөл бүрдүүлэх гэж, 5-т Гэрээнд заасны дагуу ажлын төлбөр тооцоог хугацаанд нь төлөх гэж, мөн гэрээний 12 дугаар зүйлийн 4-т Гэрээнд оролцогч талуудын аль нэг нь гэрээний гүйцэтгэлийг удаашруулснаас үүссэн давагдашгүй хүчин зүйл тулгарсан тохиолдолд гэрээний хэрэгжилтэд саатал учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж заасныг зөрчсөнтэй шууд холбоотой төдийгүй Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн захиалагчийн үүрэг гэсэн хэсэгт 351 дүгээр зүйлийн 351.1.3-т гэрээнд заасан бол ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал, багаж, тоног төхөөрөмж, ажлын байр гаргаж ажил гүйцэтгэгчид шилжүүлэх гэж, 351.1.4-т ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу чанар муутай буюу шаардлага хангахгүй материалыг сольж өгөх, буруу зааварчилгаагаа өөрчлөх, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах гэж заасныг мөн адил зөрчсөн байна.
чиглэлийн авто замын төсөл LOT 3 багцын туслан гүйцэтгэх гэрээ-ний 5 дугаар зүйлийн 1-д гэрээт ажлын хугацаа 14 сар буюу ерөнхий гэрээнд заасан ажил дуусах хугацаа болно гэж заасан хугацаа нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох хэдий ч уг гэрээг сунгах талаар гэрээний талуудаас ямар нэгэн санал гаргаагүй бөгөөд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.9-д Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хэлцэл хийх тухай саналд хариу өгөхгүй байгааг хэлцэл хийхээр хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэж зааснаар гэрээний хугацаа үргэлжилж, манай компанийн зүгээс гэрээний үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан.
2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан чиглэлийн авто замын төсөл LOT 3 багцын туслан гүйцэтгэх гэрээ-ний дагуу холбогдох ажлыг хийж гүйцэтгэх явцад тулгамдаж буй асуудал, хүндрэл учирч буй тодорхой асуудлаар төслийг хариуцаж байгаа -д удаа дараа амаар болон албан бичгээр хандаж, цахим шуудан, эх хувиар гардуулж өгч байсан. Гэвч эдгээр асуудалд хариу огт өгөөгүйгээс болж бидэнд тодорхой хохирол учирсаар байсан. Мөн манай компанийн зүгээс гэрээг дуусгавар болох талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байхад албан бичгийн хариу болгож 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дугаартай албан бичиг өгөхдөө ...танай зүгээс Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж компанийн эзэмшил газарт хүч хэрэглэн, хууль бусаар дайран орж, асуудлыг эвийн журмаар бус хүч хэрэглэн шийдвэрлэхээр оролдон, санхүүгийн болон хууль зүйн үндэслэлгүй баримт бичигт гарын үсэг зуруулахаар шахалт үзүүлж, компанийн өдөр тутмын үйл ажиллагааны болон төслийн баримт бичгийг хүч хэрэглэж, дур мэдэн хураан авсан хууль бус үйлдэл гаргаж, бизнесийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гаргаж цаашид хамтран ажиллахгүй талаар манайд мэдэгдсэн.
Тодруулбал, мөн манай компани энэ шийдвэрт хүндэтгэлтэй хандаж Монгол Улсын Иргэний хуулийн 355 дугаар зүйлд заасны дагуу гэрээг цуцлах тухай саналыг хүлээн авч байна... гэж зориуд гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан, гэрээг цуцлах саналыг манай компаниас гаргаж байгаа мэтээр илтэд үндэслэлгүйгээр гэрээг цуцлах үндэслэл гаргаж, улмаар гэрээг дуусгавар болгохыг шахалт үзүүлж эхэлснээр бид аргагүйн эрхэнд гэрээг дуусгавар болгохыг хүлээн зөвшөөрч гэрээ дуусгавар болгож, акт үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх явцад захиалагч, ерөнхий гүйцэтгэгч -ийн санаачлагаар гэрээг дуусгавар болгохоор болсон.
Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан чиглэлийн авто замын ажлыг туслан гүйцэтгэх гэрээ болон 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх нэмэлт гэрээнүүдийг дуусгавар болгохоор 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Гэрээг дуусгавар болгох хэлэлцээр-ийг байгуулсан. Уг гэрээг дуусгавар болгох хэлэлцээрийн 4-т Талууд энэ гэрээний хавсралтад заасны дагуу төлбөр тооцоо хийхээс өмнө тоо хэмжээг нэг бүрчлэн тулгах ба тоо хэмжээ дутсан, шилжүүлэх боломжгүй эд хөрөнгө байвал хүлээлгэн өгөх жагсаалтын үнийг нэгж үнэлгээний дүнгээр нийт тохиролцсон төлбөрийн дүнгээс хасаж тооцно гэж заасныг гэрээний А тал буюу нь зөрчиж гэрээг дуусгавар болгох хэлэлцээрийн хавсралт 1-д Гэрээг дуусгавар болгож талбайг чөлөөлөн төлбөр тооцоо барагдуулах акт-ын хүснэгтийн 7-д Холын зайн тээврийн нөхвөрт 191,197,062.39 төгрөг гэж зөрүүтэй тооцоо гаргасан нь манай компанийн хувьд төлбөр тооцоо хийхээс өмнө гаргаж өгсөн тооцооноос илтэд зөрүүтэйгээр тусгасан байсан.
Бид нар 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан чиглэлийн авто замын ажлыг туслан гүйцэтгэх гэрээнд заасан ажил гүйцэтгэх төлөвлөгөөний дагуу шаардагдах ажиллах хүчийг 2 хувааж ажиллуулсан бөгөөд 2 дахь кемпийг ПК-20+100 дээр байрлуулан ажил гүйцэтгэх төлөвлөгөөний дагуу зам барилгын ажлыг хийж байх явцад буюу 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хяналтын компанийн эрх бүхий зөвлөх инженер нь уг карьерийн үйл ажиллагааг зогсоож, 2021 оны 08 дугаар сарын 9-ний өдөр далангийн дүүргэлтэд ашиглаж болохгүй гэсэн шийдвэр гаргаснаар ПК-20+100 дээр ажиллаж байсан кемпийн үйл ажиллагаа доголдож, бодит зардал нэмэгдэн, алдагдалд орж ажил гүйцэтгэх төлөвлөгөөний дагуу ажиллах боломжгүй болсон. Дээрх кемпийг нүүлгэн шилжүүлэх боломжгүй тул манай компани 5 км буюу ирж очихын 10 км зайд тээвэрлэлт хийж байсныг өөрчлөн өөр карьер буюу ПК29+700-аас ПК20+000 хүртэлх нэг талын тээвэр 9.7 км буюу ирж очихын 19.4 км-ын зайнд 08 дугаар сарын 09-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 35 хоног захиалагч талаас шийдвэр хүлээж ажлаа зогсоолгүй үргэлжлүүлж холын зайнаас тээвэрлэлт хийж төлөвлөгөөт ажил үүргээ гүйцэтгэсэн болно.
Ажил гүйцэтгэгч компани холын зайн тээвэрлэлтийн зардал тооцоог гэрээг дуусгавар болгох хэлэлцээрийн акт үйлдэж, тооцоо нийлэхээс өмнө 462,683,480.0 төгрөг гэж тооцооллыг гаргаж өгсөөр байтал захиалагч, ерөнхий гүйцэтгэгч нь 191,197,062.39 төгрөгөөр тооцож акт үйлдэж бага үнэлгээгээр бодож олгосноос манай компанид тодорхой хэмжээний хохирол учирсан.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6-д Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид гэрээний зүйлийг буцааж өгсөн, үнийг нь төлсөн, эсхүл энэ хуулийн 205.4.1, 205.4.2-т заасны дагуу гэрээний зүйлийг буцааж өгөх буюу хохирол нөхөн төлөх шаардлага үүсээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчид зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй... гэж зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан чиглэлийн авто замын ажлыг туслан гүйцэтгэх гэрээ болон 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх нэмэлт гэрээнүүдийг дуусгавар болгож хийсэн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Гэрээг дуусгавар болгох хэлэлцээр-ийн хавсралт 1-д Гэрээг дуусгавар болгож талбайг чөлөөлөн төлбөр тооцоо барагдуулах акт-ын хүснэгтийн 7-д Холын зайн тээврийн нөхвөрт 191,197,062.39 төгрөг гэж тусгаснаас үүдэлтэй өр авлагын үнийн дүнгийн зөрүү 346,018,750.00 төгрөг гаргуулах үндэслэлтэй болно.
чиглэлийн авто замын төсөл LOT 3 багцын туслан гүйцэтгэх гэрээ-ний 16 дугаар зүйлийн 1-д Энэхүү гэрээнээс үүдэлтэй эсвэл гэрээтэй холбоотой аливаа маргаан, үл ойлголцол үүссэн тохиолдолд талууд харилцан зөвшилцөх замаар шийдэхийг эрмэлзэнэ. Талууд зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд Монгол Улсын хуулийг баримтлан шүүхээр шийдвэрлүүлнэ гэж зааснаар Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1, 352.5.3-т заасны дагуу шаардах эрх үүссэн ба "Бигболд констракшн" ХХК болон -иудын хооронд Иргэний хуульд заасан харилцан эрх, үүрэг хүлээж, гэрээний эрх зүйн харилцаанд орсон тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ХХК-д холбогдох нэхэмжлэлд эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна. Талууд 2021 оны 01 сарын 31-ний өдөр авто замын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж чиглэлийн авто замын төсөл дээр хамтран ажилласан ба гэрээний хугацаанд ажил гүйцэтгэх гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээг тус тус байгуулсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж, дуусгавар болгосон юм.
Хариуцагч ХХК нь 2021 оны 01 сарын 31-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан цагаас хойш гэрээ дуусгавар болж эцсийн тооцоо хийх хүртэл гүйцэтгэсэн ажлын төлбөрт нийт 10,555,226,820.32 төгрөгийг нэхэмжлэгч ХХК-ийн дансанд шилжүүлсэн тул одоо ямар нэг төлбөр тооцоо, хохиролтой холбоотой асуудал байхгүй.
Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 03 сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 сар гартал нийт 65 хоногийн хугацаанд ажлаар хангаагүй учраас 833,868,351.57 төгрөгийг хохирол, тооцоо нийлсэн актад тусгасан үнийн дүнгийн зөрүү 346,018,750.00 төгрөгийг хохирол гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд нэхэмжлэлийн задаргааг тайлбарлахдаа ажилчдын цалин хөлс 258,529,902.17 төгрөг, түлшний зардал 47,250,000.00 төгрөг, түрээсийн зардал 528,089,449.40 төгрөг, өр авлагын үнийн дүнгийн зөрүү 346,018,750.00 төгрөг гэсэн байна.
Талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 354 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэж байгаа бөгөөд зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулах болон түүнийг дуусгавар болгох, мөн төлбөр тооцоо хийх тухай гэрээ, хэлэлцээрийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу харилцан тохиролцож байгуулсан учир хүчин төгөлдөр гэрээнүүд бөгөөд улмаар талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нь ажилчдын цалин, хөлс 258,529,902.17 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж байна. Учир нь, ажил гүйцэтгэх гэрээнд ажилчдын цалин хөлсийг захиалагч тал төлөх тухай тусгаагүй, гэрээт ажлыг гүйцэтгэх ажлын хөлсөнд ажилчдын цалин орсон, нөгөө талаар ажил гүйцэтгэгч компани өөрийн ажилтнууддаа хэдэн төгрөгийн цалин хөлс өгөх тухай асуудал нь тухайн компанийн дотоод асуудал бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль болон нэхэмжлэгч компанийн дотоод дүрэм, журмаар шийдвэрлэгдэх учиртай. Энэхүү компани өөрийн ажилчидадаа өгсөн цалин хөлсийг хохирол гэж үзэж өөр этгээдээс нэхэмжлэх эрх зүйн үндэслэл байхгүй, өөрийн ажилтнуудаа ажиллуулсан бол цалин хөлсийг нь өгөх үүрэгтэй тул үүнийг хохирол гэж үзэх үндэслэл байхгүй.
Мөн дизель мотор ажиллуулсан түлшний зардал 47,250,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй. Тухайн компани гэрээгээр гүйцэтгэх ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай өөрөөсөө зайлшгүй гарах зардлыг хохирол гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, гэрээт ажлын хөлс нь тус ажлыг гүйцэтгэхэд гарах бүх зардал, мөн ашиг орсон дүн байсан. Иймээс уг дүнг талууд харилцан хүлээн зөвшөөрч гэрээ байгуулж төлбөр тооцоог төлсөн болон хүлээн авч дуусгавар болгосон юм.
Үүнээс гадна техник хэрэгслүүдийн түрээсийн зардалд 528,089,449.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээт ажлыг хийж гүйцэтгэхдээ өөрийн болон түрээсийн техник ашиглах эсэх асуудал нь тухайн компанийн дотоод асуудал бөгөөд энэ нь захиалагч компанид хамааралгүй.
Мөн түрээсийн гэрээтэй холбоотой асуудалд захиалагч компани оролцоогүй, төлбөр тооцооны талаар мэдэхгүй, ажил гүйцэтгэж байгаа этгээд гүйцэтгэх ажлын тоо хэмжээ, хүн хүч, техник хэрэгслийг хэзээ нэмэх, хэзээ хасах асуудал нь уг компанийн дотоод зохион байгуулалтын асуудал, өөрийн компанийн дотоод зохион байгуулалт, санхүүгийн сахилга батыг баримтлаагүйн төлөө өөр нэгэн этгээд хариуцлага хүлээх нь эрх зүйт нийгэмд байхгүй асуудал гэж үзэж байна.
Өр авлагын үнийн дүнгийн зөрүү 346,018,750.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэлд дурдсанаар зохигчид уг асуудлаар тооцоо нийлж үнийн дүнгийн талаар тохирсон. Нэгэнт тохирсон буюу хүлээн зөвшөөрсөн, өглөг, авлагыг хүлээн авсан асуудлын талаар хүлээн зөвшөөрөх боломжгүй ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6, мөн хуулийн 281 дүгээр зүйл, 352 дугаар зүйлийн 352.5.1, 352.5.3-т заасныг үндэслэсэн гэж тайлбарласан байна.
Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж хамтран ажилсан бөгөөд энэхүү гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох, төлбөр тооцоог барагдуулах тухай нэмэлт гэрээг байгуулж баталгаажуулсан, уг гэрээгээр хүлээсэн үүргээ хэн аль нь бүрэн биелүүлсэн ба дурдсан асуудал нь нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлтэй таарахгүй байна. Учир нь, зохигчид гэрээгээр гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг тухай бүр баталгаажуулж, тохиролцсон үнээр ажлын хөлсийг тооцож төлсөн бөгөөд гэрээг дуусгавар болгох үед тухайн ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой үүссэн асуудлыг нэг бүрчлэн харилцан тохиролцож нэхэмжлэгчийн хүсэлт, шахалт, гуйлтаар нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэхдээ ашиглаж байсан зарим эд хөрөнгийг санал болгосон үнээр хариуцагч нь өөртөө шилжүүлэн авч төлбөрийг нь төлсөн.
Үүнээс үзвэл хариуцагч тал Иргэний хуулийн 206 дугаар зүйлд заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд зохих ёсоор шударгаар гүйцэтгэсэн байна. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Бигболд констракшн ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
1. Улсын тэмдэгтийн хураамжид 6,057,390.00 төгрөг төлсөн баримт,
2. Итгэмжлэл,
3. Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,
4. чиглэлийн авто замын төсөл LOT 3 багцын туслан гүйцэтгэх гэрээ,
5. Инженерийн хөдөлмөрийн үйлчилгээний талаар хэсэгчилсэн хэлэлцээр,
6. Бигболд констракшн ХХК-ийн дүрэм, сул зогсолтын тооцоо, сул зогсолтой байсан ажилчид болон техникууд, ажилчдын цалингийн хүснэгт,
7. Үндсэн цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогоос суутган тооцсон татварын мэдээ,
8. Бигболд констракшн ХХК-ийн ажилчдын цалингийн хүснэгт, Дорноговь аймаг дахь ажилчдын 2021 оны 04 дүгээр сарын цалингийн хүснэгт, оффис дахь ажилчдын 2021 оны 04 дүгээр сарын цалингийн хүснэгт,
9. Үндсэн цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогоос суутган тооцсон татварын мэдээ,
10. Бигболд констракшн ХХК-ийн гэрээт ажил,
11. Үндсэн цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогоос суутган тооцсон татварын мэдээ,
12. Бигболд констракшн ХХК-ийн ажилчдын 2021 оны 05 дугаар сарын цалингийн хүснэгт, оффис дахь ажилчдын 2021 оны 05 дугаар сарын цалингийн хүснэгт, Дорноговь аймаг дахь ажилчдын 2021 оны 05 дугаар сарын цалингийн хүснэгт, ажилчдын 2021 оны 04 дүгээр сарын цалингийн хүснэгт,
13. Бигболд констракшн ХХК-ийн Дорноговь аймаг дахь түрээсийн техникийн 2021 оны 05 дугаар сарын тооцоо,
14. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр 27-ны өдрийн 102/ШШ2023/00498 тоот шийдвэр,
15. Бигболд констракшн ХХК-нд ажилласан түрээсийн техникийн нийт тооцоо,
16. Тооцооны үлдэгдлийн баталгаанууд, нэхэмжлэх, тооцоо нийлсэн акт,
17. Төлбөр барагдуулах тухай
18. Гэрээг дуусгавар болгох хэлэлцээр,
19. Карьер хаасан техникуудын холын зайн тээврийн тооцоо,
20. Холын зайн тээврийн тухай /кемп-2/ тайлбар,
21. боомт чиглэлийн ачаа тээврийн авто зам хасралт,
22. Гэрээг дуусгавар болгож талбайг чөлөөлөн төлбөр тооцоо барагдуулах акт,
23. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр 27-ны өдрийн 102/ШШ2023/00498 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,
24. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр 04-ний өдрийн 102/ШШ2023/013072 тоот захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,
25. Фото зураг,
Хариуцагчийн өгсөн нотлох баримт нь:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,
2. Итгэлмжлэл,
3. Иргэний үнэмлэхийн хуулбар,
4. Дансны хуулга,
5. ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2023 оны 05 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт,
6. ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 05 дугаар сарын тайлан,
7. Зам тээврийн яам болон хооронд байгуулсан Улаанбаатар Дархан чиглэлтийн авто замын өргөтгөл шинэчлэлт: Багц1 4-р хэсэг буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын барилгын ажлын гэрээний хуулбар,
8. Хариу тайлбар,
9. Цахим гүйлгээний баримт,
10. Хк-ийн төлбөрийн баримт,
11. Дансны хуулга,
Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:
1. Гэрчүүдийн мэдүүлэг,
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Бигболд констракшн ХХК-иас хариуцагч ХХК-нд холбогдуулан 1,179,888,101.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар 833,869,351.57 төгрөгийг хариуцагч нь гэрээгээр хүлээсэн ажил эхлүүлэх хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэнтэй холбоотой гарсан зардал буюу учирсан хохирол гэж, мөн 346,018,750.00 төгрөгийг холын зайн тээвэрлэлтийн зардлыг буруу тооцоолсноос дутуу авсан төлбөр гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.4-т тус тус зааснаар учруулсан хохирлыг арилгуулах болон хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Бигболд констракшн ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хариуцагч ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж чиглэлийн авто зам барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон байна /х.х-ийн 9-13 хуудас/.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заасан.
Тайлбарлавал, нэхэмжлэгч Бигболд констракшн ХХК нь хариуцагч ХХК-ийг гэрээнд заасан авто зам барьж гүйцэтгэхэд нь туслан гүйцэтгэгчийн үүргийг хүлээсэн байгаагаас үзэхэд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
Энэ талаар Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно гэж, 347.2-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч Бигболд констракшн ХХК-ийг ажил гүйцэтгэгч, хариуцагч ХХК-ийг захиалагч гэж үзнэ.
2. Гэтэл нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрч нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Бигболд констракшн ХХК нь хариуцагч ХХК-ийн ажил эхлүүлэх хүсэлтийг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 50 ажилтан, 30 техникийг хамт Дорноговь аймгийн Хатанбулаг сум буюу ажил гүйцэтгэх газарт очсон боловч хариуцагч буюу захиалагчийн зүгээс зам барилгын ажил эхлүүлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлүүдийг эрх бүхий этгээдээс аваагүйгээс улбаалан нийт 65 хоногийн сул зогсолт хийсэнтэй холбоотойгоор ажилчдын цалин хөлсөнд 258,529,902.17 төгрөг, түлшний зардалд 47,250,000.00 төгрөг, техник хэрэгслийн түрээсийн зардалд 528,089,449.40 төгрөгийг илүү төлж хохирсон гэсэн.
Түүнчлэн хариуцагч нь зам барилгын ажил гүйцэтгэхэд хэрэглэгдэх хайрга, дайрга, элс, цемент болон бусад шаардлагатай зүйлийг авах 5 км тутамд байршуулах ёстой байсан хангамжийн баазыг 10 км тутамд байршуулснаас нэхэмжлэгчид холын зайд тээвэр хийх шаардлага гарсан, үүний улмаас тус компани 346,018,750.00 төгрөгийн зардал гаргасан, тооцоо нийлэх гэрээгээр үүнийг буруу тооцсон гэж нэхэмжилсэн.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Бигболд констракшн ХХК-ийн зүгээс хариуцагч ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр хохирол нэхэмжилсэн учир Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагч буюу захиалагч компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсэхийг тогтоох шаардлага үүсч байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Гэрээний үнэ нь талуудын тохиролцсон нэгж үнийг үндэслэж тооцно. Ажлын хэмжээг зөвлөх байгууллагын хүлээн зөвшөөрсөн гүйцэтгэлээр тооцно. Гэрээний нэгж үнийг 421 төгрөгийн юань төгрөгийн ханшаар тооцож, төлбөрийг тухайн өдрийн Монголбанкны ханшаар төгрөгөөр төлбөр хийнэ гэж, 2 дахь хэсэгт Туслан гүйцэтгэх ажлын үнэд гэрээт ажлыг гүйцэтгэх, дуусгахад шаардлагатай хөдөлмөр эрхлэлт, туслах материал, машин механизм, чанарын хяналт /өөрөө шалга/, суурилуулалт, доголдлыг арилгах, удирдлага, даатгал, татвар, ашиг гэх бүх зардал болон гэрээнд шууд ба шууд бусаар тусгасан үүрэг хариуцлага ерөнхий эрсдэлүүдийг багтаана. Ажлын явцад гарсан ус ба тог цахилгааны төлбөрийг туслан гүйцэтгэгч хариуцна гэж заасан.
Мөн талуудын байгуулсан инженерийн хөдөлмөрийн үйлчилгээний талаар хэсэгчилсэн хэлэлцээр нэртэй гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д 3,540 юань/км-ийг хэмжиж төлнө (бүх хэмжилт, холбогдох ажлын бүх хэмжилтийн зардал) гэж, 5.2-т Хөрс хуулалт 4 юань/m3 (хөрсний дээд давхаргыг зайлуулах, цацах, өнхрүүлэх болон холбогдох ажилд шаардагдах бүтэн цагийн зардал багтсан болно) гэж, 5.3.1-т Ухмал 12 юань/m3 (малтлага хийх, ачих, тээвэрлэх, буулгах, тэгшлэх болон холбогдох ажилд шаардагдах хөдөлмөрийн бүх зардлыг оролцуулна) гэж, 5.3.2-т Далангийн дүүргэлт 26 юань/m3 (нөхөн сэргээх, ачих, тээвэрлэх, буулгах, услах, өнхрүүлэх болон холбогдох ажилд шаардагдах хөдөлмөрийн бүх зардлыг оролцуулна). Дээрх нэгжийн үнэд бүх процесст шаардлагатай хөдөлмөрийн зардал багтсан болно. Үүнд.............................Б-ийн холбогдох хэлтэст төлсөн татвар, ашиг бүх зардлыг гэж, 5.2-т Түр ажлын эрхлэлт 30 юань /ажлын өдөр (8 цаг) гэж тус тус тохирсон байна /х.х-ийн 14-23 хуудас/.
Үүнээс үзвэл захиалагч болох ХХК-иас ажил гүйцэтгэгч Бигболд констракшн ХХК-нд төлөх ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт гэрээт ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр хамгааллын төлбөр, малтлага хийх, ачих, буулгах, тээвэрлэх, тэгшлэх болон техник тоног төхөөрөмжтэй холбоотой зардлууд мөн адил тусгагдсан байна.
4. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж, 344.2-т Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Гэрээний үнэ нь талуудын тохиролцсон нэгж үнийг үндэслэж тооцно. Ажлын хэмжээг зөвлөх байгууллагын хүлээн зөвшөөрсөн гүйцэтгэлээр тооцно. Гэрээний нэгж үнийг 421 төгрөгийн юань төгрөгийн ханшаар тооцож, төлбөрийг тухайн өдрийн Монголбанкны ханшаар төгрөгөөр төлбөр хийнэ гэж, 2 дахь хэсэгт Туслан гүйцэтгэх ажлын үнэд гэрээт ажлыг гүйцэтгэх, дуусгахад шаардлагатай хөдөлмөр эрхлэлт, туслах материал, машин механизм, чанарын хяналт, суурилуулалт, доголдлыг арилгах, удирдлага, даатгал, татвар, ашиг гэх бүх зардал болон гэрээнд шууд ба шууд бусаар тусгасан үүрэг хариуцлага ерөнхий эрсдэлүүдийг багтаана. Ажлын явцад гарсан ус ба тог цахилгааны төлбөрийг туслан гүйцэтгэгч хариуцна гэж зааснаас дүгнэвэл захиалагч болох ХХК-иас ажил гүйцэтгэгч Бигболд констракшн ХХК-нд төлөх төлбөрт гэрээт ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай бусад зардал багтсан байна.
5. Мөн зохигчдын байгуулсан гэрээний 7 дугаар зүйл дэх ерөнхий гүйцэтгэгчийн эрх, үүрэг гэсэн хэсгийн 2-т Ерөнхий гэрээнд хамаарах холбогдох баримт бичгийг туслан гүйцэтгэгчид гаргаж өгөх, төслийн ажилтай холбоотой тусгай зөвшөөрөл бүрдүүлэх гэж, 6-д Туслан гүйцэтгэгч компанийг цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурийн материалаар хангана, куб тутамд 36 юань, километр тутамд 1,850 куб гэж тооцон гэж, 7-д Туслан гүйцэтгэгч компани цементээр бэхжүүлсэн суурь үед байгалийн чулуу ашиглах тохиолдолд /ерөнхий гүйцэтгэгч компани чулуун материал бэлдсэн тохиолдолд/ ерөнхий гүйцэтгэгч компани куб тутамд 4.4 юань материалын төлбөр төлнө гэж тус тус тохирчээ.
Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1-д Захиалагч дараахь үүрэг хүлээнэ гээд 351.1.3-д гэрээнд заасан бол ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал, багаж, тоног төхөөрөмж, ажлын байр гаргаж ажил гүйцэтгэгчид шилжүүлэх гэж, 352 дугаар зүйлийн 352.5-д Ажил гүйцэтгэгч дараахь шаардлага гаргах эрхтэй гээд 352.5.1-д гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй буюу ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх энэ хуулийн 351.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх гэж тус тус заасан.
Тайлбарлавал, хариуцагч ХХК нь зам барилгын ажлыг барьж гүйцэтгэхэд шаардлагатай гуравдагч этгээдээс өгөх тусгай зөвшөөрлийг гэрээгээр тохирсон хугацаанд аваагүйтэй холбоотойгоор ажил гүйцэтгэгч Бигболд констракшн ХХК-нд хохирол учирсан бол тэрхүү хохирлыг төлөх үүрэгтэй юм. Энэ талаар тус хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж тодорхой заасан байдаг.
Гэтэл нэхэмжлэгч Бигболд констракшн ХХК нь хариуцагч ХХК-ийг зам барилгын ажил эхлүүлэхэд шаардлагатай чухам ямар тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авах үүргээ хугацаандаа биелүүлээгүй болон мөн замын ажилд хэрэглэгдэх хайрга, дайрга, элс, цемент болон бусад шаардлагатай зүйлийг авах 5 км тутамд байршуулах ёстой байсан хангамжийн баазыг 10 км тутамд байршуулсан байсан гэсэн тайлбараа баримтаар нотлохгүй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.2-т Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, нотлох үүргийн хуваарилалтын хувьд зохигчид өөрт ашигтай тайлбараа баримтаар нотлох ёстой бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч Бигболд констракшн ХХК нь хариуцагч ХХК-ийг зам барилгын ажил эхлүүлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийг хугацаандаа авах үүргээ зөрчсөн, түүнчлэн 5 км тутамд байршуулах ёстой байсан хангамжийн баазыг 10 км тутамд байршуулсан байсан гэсэн тайлбараа баримтаар нотлох ёстой юм.
7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчид 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрээг дуусгавар болгох тухай хэлэлцээр байгуулж тэдгээрийн 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ болон түүнд 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээг дуусгавар болгохоор тохирсон байна /х.х-ийн 75-77 хуудас/.
Зохигчид гэрээг дуусгавар болгохоор ийнхүү тохиролцохдоо нэхэмжлэгч Бигболд констракшн ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, хоорондын төлбөр тооцоо, хүлээлгэн өгөх ажил үйлчилгээ, бараа материалын нэр, төрөл, үнэ, хэмжээний талаар акт үйлдсэн үйл баримтын тухай маргаагүй /х.х-ийн 78-83 хуудас/.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6-д Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Тодруулбал, зохигчид гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан эсэх талаар маргаагүй, харин гэрээний үүргийг нэг тал нь зөрчсөн болон хохирол учирсан эсэх талаар маргасан ба гэрээг цуцлахад ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг захиалагч хүлээн авсан тохиолдолд тохирох хөлсийг нь төлөх, хэрэв ажил гүйцэтгэгчид хохирол учирсан бол энэ талаар тохиролцож хохирлыг төлөх журамтай.
8. Гэтэл зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгох тухай хэлэлцээр, мөн төлбөр тооцоо барагдуулах тухай актыг үзвэл захиалагч буюу ХХК нь ажил гүйцэтгэгч Бигболд констракшн ХХК-нд ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт өнгөрсөн хугацаанд нийт 10,555,226,920.32 төгрөгийг төлсөн ба хариуцагч компани тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгчид бараа материал, ажлын явцын урамшуулал, худаг, ханшийн зөрүү, холын зайн тээврийн нөхвөр, чанарын баталгааны буцаан олголт, тэгшилж нягтруулаагүй хөвөөний ажил, карьерын талбайн цэвэрлэгээ, батлагдаагүй цементээр бэхжүүлсэн үеийн ажил, чулуун материалын бэлдэц гэх зэрэгт 5,709,342,837.01 төгрөгийг өгөх үүрэг хүлээсэн байна /х.х-ийн 128-130 хуудас/.
Харин нэхэмжлэгч Бигболд констракшн ХХК нь гүйцэтгэлийн авлага, чулуун материалын авлага, урьдчилгаа төлбөрийн авлага, автосмосвол талбайд шилжүүлсний суутгал, ажлын байр, виз, оршин суух зардал зэрэгт нийт 4,409,342,837.01 төгрөгийг хариуцагч ХХК-нд төлөх үүрэг хүлээжээ.
Ингээд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч ХХК нь нэхэмжлэгч Бигболд констракшн ХХК-иас авах 4,409,342,837.01 төгрөгийн авлагыг ажил гүйцэтгэгч компанид төлөх 5,709,342,837.01 төгрөгийн өглөгөөр харилцан тооцон хааж, зөрүү 1,300,000,000.00 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн бөгөөд тус компани 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,200,000,000.00 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 55,000,000.00 төгрөгийг тус тус төлж, үлдэх 45,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгчийн бусад этгээдэд төлөх төлбөрийг төлж хаасан үйл баримтын талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 182-217 хуудас/.
9. Гэвч нэхэмжлэгч Бигболд констракшн ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгох тухай хэлэлцээр байгуулах тэрхүү цаг хугацаанд 833,869,351.57 төгрөгийг хариуцагч нь гэрээгээр хүлээсэн ажил эхлүүлэх хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэнтэй холбоотой гарсан зардал гэж, мөн 346,018,750.00 төгрөгийг холын зайн тээвэрлэлтийн зардлыг буруу тооцоолсноос дутуу авсан төлбөр гэж маргаж байгаагүй ажээ.
Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан. Өөрөөр хэлбэл, зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, тухайн гэрээний дагуу нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч тал тодорхой ажил хийж гүйцэтгэсэн, талууд ажил гүйцэтгэх гэрээний явцад үүссэн өр авлагын талаар тохиролцсон, уг тохиролцоонд нэхэмжлэгчид өгөх холын зайны нөхвөрийг 191,197,062.39 төгрөг гэдгийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийг тусгай зөвшөөрлийг эрх бүхий этгээдээс авах үүргээ биелүүлээгүй гэсэнтэй холбоотой хохирлын талаар тухайлан дурдаагүй байх тул хариуцагч буюу захиалагчийг гэрээний үүргийг зөрчсөн гэж шууд дүгнэх боломжгүй байна.
10. Нөгөө талаар нэхэмжлэгч Бигболд констракшн ХХК-иас хэрэгт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох зорилгоор өгсөн бусад этгээдэд өр төлбөр төлөх тухай шүүхийн шийдвэр, тооцооны үлдэгдлийн баталгаа, төлбөр барагдуулах тухай хэлцэл, түрээсийн гэрээ гэх зэрэг нь тус компани чиглэлийн авто замын барилгын ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотой тухайн зам барилгын ажилд ашиглагдсан тоног төхөөрөмжүүд мөн болон эдгээр нь хоорондоо шууд хамааралтай эсэх нь тодорхойгүй байна.
Түүнчлэн талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлийн 1 болон дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаа 14 сар, мөн сунгаж болохоор тохирсон байхад нэхэмжлэгч нь хариуцагчийг чухам ямар хугацааг хэтрүүлсэн болон энэ хугацаанд ажилчдын цалин хөлс, тоног төхөөрөмжтэй холбоотой зардлыг гарах ёсгүй зардал байсан гэдэг талаар үндэслэл бүхий тайлбар өгсөнгүй. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Бигболд констракшн ХХК-ийн гаргасан хариуцагч ХХК-нд холбогдох 1,179,888,101.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,057,390.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР