Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1117

 

 

 

 

 

 

 

 

 

Я.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/01111 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Я.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ШГГ холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Я.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 19-ны өдрийн 00589 дугаартай зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Я.Сүглэгмаа, Я.Б нараас 15 520 141 төгрөг гаргуулж “Эй Ар И Си Моргаж корпорэйшн ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар миний хөрөнгийг 18 000 000 төгрөгөөр үнэлэхдээ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчиж үнийн санал авалгүйгээр 686 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 1м.кв-ыг 25 000 төгрөгөөр хэт доогуур үнэлсэн. Мөн хариуцагч нь шинжээч томилон үнэлгээ хийлгэхдээ шинжээчид эрх үүрэг танилцуулаагүй, үнэлгээний тайланг Я.Б надад танилцуулаагүй, үнийн санал аваагүй хууль зөрчсөн. Иймд Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр хороо Баруун баян уулын 14 дүгээр гудамж 19 тоотод байрлах 686.01 м.кв газар, 40 м.кв талбайтай хувийн сууцыг 18 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг томилон үнэлгээ тогтоосон. Шүүхийн шидвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт шинжээч шинжилгээ хийх дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлахаар заасан бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зкүйлийн 17.4 дэх хэсэгт шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцахаар заасан. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргахаар заасан байдаг. Үнэлгээг 2018 оны 09 сарын 14-ний өдөр гардан авсан боловч 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гомдол гаргасан. Гомдол гаргах хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шинжээч томилох тогтоолдоо шинжээчид эрх үүргийг танилцуулсан, үнэлгээ хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгч тал 40 м.кв байшинг 80 м.кв болгосон гэж тайлбарласан боловч үнэлгээчин 40м.кв үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээг хийж газар дээр нь очиж нүдээр үзэн фото зургаар бэхжүүлсэн гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар ШГГ холбогдох Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр хороо Баруун баян уулын 14 дүгээр гудамж 19 тоотод байрлалтай улсын бүртгэлийн Ү-2201001282 дугаарт бүртгэгдсэн 686.01 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, Ү-2201014942 дугаарт бүртгэгдсэн 40 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Я.Бийн нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Я.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр давж заалдах гомдолдоо “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч  хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж дүгнэлтийг танилцуулан санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасан байх ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар энэ ажиллагааг хийгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Мөн хуулийн 55.7 дахь хэсэгт “Талуудад хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байх ба нэхэмжлэгчид энэ талаар мэдэгдсэн болохоо нотолж чадаагүй. Үнэлгээ хийсэн тухай мэдэгдэл гэсний доод өнцөгт Б гэж бичсэнийг анхан шатны шүүх санал хүлээн авсан тэмдэглэл хүлээн авсан баримт хэмээн үзсэн нь нотлох баримтыг үнэлэх тухай хуулийн шаардлага болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ. 

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Я.Б нь хариуцагч ШГГ холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/00589 дугаартай шүүгчийн захирамжаар Я.Б, Я.Сүглэгмаа нараас 15 400 000 төгрөгийг “Эй Ар И Си Моргаж корпорэйшн ББСБ” ХХК-д графикийн дагуу төлөхөөр, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр хороо Баруун баян уулын 14 дүгээр гудамж, 19 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-2201001282 дугаарт бүртгэгдсэн 686.01 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, Ү-2201014942 дугаарт бүртгэгдсэн 40 м.кв талбайтай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгч Я.Б, Я.Сүглэгмаа нар төлбөрийг төлж барагдуулаагүй тул дээрх захирамжийн дагуу гарсан №101/ГХ2018/00511 дугаартай гүйцэтгэх хуудсаар 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №18260778 дугаар тогтоол гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. /хх 25, 31/     

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/00589 дугаар захирамж, мөн өдрийн шүүгчийн 00511 дугаар гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасанд нийцсэн байна. Талууд эд хөрөнгө битүүмжлэн, хураасан ажиллагаанд маргаангүй, барьцаалагдсан эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний талаар маргадаг. /хх 25, 35-38/

Хэргийн баримтаас үзэхэд төлбөр төлөгч Я.Б, Я.Сүглэгмаа нар нь Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр хороо Баруун баян уулын 14 дүгээр гудамж, 19 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-2201001282 дугаарт бүртгэгдсэн 686.01 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, Ү-2201014942 дугаарт бүртгэгдсэн 40 м.кв талбайтай хувийн сууцыг 85 000 000 төгрөгөөр худалдан борлуулах үнийн санал /хх 41/ ирүүлснийг төлбөр авагч зөвшөөрөөгүйн /хх 44/ улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу “Сэлэнгэ Эстимент” ХХК-ийг шинжээчээр томилж, эд хөрөнгүүдийг үнэлүүлжээ. /хх 50-62/

Шинжээч нь үнэлгээ хийхдээ зах зээлийн хандлагын аргыг ашиглан Я.Б, Я.Сүглэгмаа нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр хороо Баруун баян уулын 14 дүгээр гудамж, 19 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-2201001282 дугаарт бүртгэгдсэн 686.01 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, Ү-2201014942 дугаарт бүртгэгдсэн 40 м.кв талбайтай хувийн сууцны зах зээлийн үнийг 18 000 000 төгрөгөөр үнэлж, дүгнэлтээ 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гаргажээ. /хх 51-51-62/ Хариуцагч тал шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгч Я.Бд 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр танилцуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 4/15287 дугаартай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдож байх тул хариуцагчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй гэж үзнэ. /хх 63-65/

            Нэхэмжлэгч Я.Б нь эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж гомдол гаргаж байгаа боловч энэхүү гомдлын үндэслэлээ нотлох баримтаа шүүхэд гарган өгөөгүй тул тэдгээрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Мөн шүүх нэхэмжлэгч Я.Б нь үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн үнэлгээнд гомдол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь зөв байна. Учир нь шинжээчийн үнэлгээтэй нэхэмжлэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр танилцаад, тэрээр үнэлгээний талаарх гомдлоо Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан байгаа нь нэхэмжлэгчийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан буюу үнэлгээний талаарх гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо Я.Бд хөрөнгийн үнэлгээний тайланг 3 хоногийн дотор танилцуулаагүй гэж тайлбарлаж байгаа боловч хэргийн 64, 65 дугаар талд төлбөр төлөгч Я.Бд хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулан гарын үсэг зуруулсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн мэдэгдэл болон тэмдэглэл авагдсан байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүр   элдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/01111 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Бээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                                 Д.ЦОГТСАЙХАН