Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 0066

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Шт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:    

Прокурор                                                         Л.Э

Шүүгдэгч                                                          Б.Ш

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Х.О

Хохирогч                                                         Б.Р

Хохирогчийн өмгөөлөгч                              Д.О

Нарийн бичгийн дарга                                Б.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолтой Б.Шт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-н давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Б-н Ш.

Б.Ш нь 2019 оны 07-08 дугаар сарын орчимд  аймгийн  сумын  багийн  тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Рыг үснээс нь зулгаах, толгой руу нь цохих, гар, хөлнөөс нь базах зэргээр зодсон,

мөн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр  аймгийн  сумын  багийн  тоот гэртээ үснээс нь зулгаах, гар, хөлөөс нь базаж, хутгаар гарын шууг нь зүсэж зодсон, 2020 оны 02 дугаар сард  аймгийн  сумын  багийн  тоот гэртээ толгой руу нь цохиж зодсон,

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр аймгийн  сумын  баг  тоотод Б.Э-н гэрт Б.Рыг алгадаж, үсдэх, цохих, өшиглөх зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2020 оны 05 дугаар сард  аймгийн  сумын  багийн  тоот гэртээ чих рүү нь цохих, хоолойг нь боох зэргээр зодсон,

   2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр аймгийн  сумын  багийн  тоот гэртээ үсдэн зодож, аягатай хоол авч шидэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Рыг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б овогт Б-н Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон” гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд  зааснаар шүүгдэгч Б.Шын цагдан хоригдсон 88 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Шүүгдэгч Б.Шт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний цагдан хоригдсон 88 хоногийг хасч эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 2 хоногийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн суух газраас явахыг хориглох буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын болон эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван найм, хорьдугаар бүлэгт зааснаар хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, шүүгдэгчээс гаргаж өгсөн сидиг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 682 дугаар захирамжаар: Шүүгдэгч Б.Шт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч Б овогт Б-ын Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон” гэснийг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэж залруулан, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгч Б.Шыг “байнга зодсон“ гэх үйлдлийг тогтоохдоо үйлдэл тус бүр нь “зодсон” байхыг шаардах ба анхан шатны шүүх үйлдэл тус бүрд “зодсон“ гэх шинж нотлох баримтаар тогтоогдсон эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, яллах нотлох баримтын нотлогдож байгааг дурдан бичихдээ бусад нотлох баримтын үгүйсгэж байгааг няцаасан дүгнэлтийг заагаагүй.

А. 2019 оны 07-08 сард  аймгийн  сумын  тоот гэртээ үснээс зулгаах, толгой руу нь цохих, гар хөлнөөс нь базах зэргээр зодсон гэх үйлдлийн талаар хохирогчийн мэдүүлгээс өөр нотлох баримтгүй байхад өөр бусад нотлох баримтаар нотлогдсон мэт анхан шатны шүүх дүгнэлт хийсэн үндэслэлгүй. Тухайн үйл явдлын талаар хэрэгт гэрч Б.У-ны ... нөхөр нь архи уучихсан агсан тавьсан гэх дуудлагын дагуу ... очиход агсан тавьсан нөхөр нь гэх хүн гэрээсээ гараад зугатаачихсан ... хэрвээ жижүүрийн бүрэлдэхүүнд мэдэгдээгүй бол халдлага, гэр бүлийн хүчирхийлэл гайгүй байх гэсэн мэдүүлгээс “зодсон” гэх үйлдэл тогтоогдоогүй. Агсан тавьсан гэх үйлдэлд “зодсон” гэж дүгнэлт хийж үгүйсгэсэн нотлох баримтыг анхаараагүй .

Б. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эхнэрээ үснээс зулгаах, гар хөлөөс нь базах хутгаар гарын шуу зүсэх зэрэг үйлдлээр зодож гэрээс хөөж гаргасан гэх үйлдэлд буруутгасан. Хэрэгт энэхүү үйлдлийг нотолсон баримт байхгүй хохирогчийн мэдүүлэг байх бөгөөд үнэн зөв мэдүүлэг гэж үзэх үндэслэлгүй. Үүнийг шалгаагүй. Учир нь хохирогчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн мэдүүлэгт ... Ш гэртээ согтуу ирсэн тухай мэдүүлэх ба Б.Шын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн мэдүүлэгт 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ... хоёр найзтайгаа гэртээ пиво уусан тухай, хадам ээжтэйгээ ярьсан тухай мэдүүлсэн.

Гэрч Б.Э-н /хх 36/ 2019 оны 10 сард Шын гэрийн орцонд очиж шөнө болсон хойно эхнэр хүүхдийг нь гэрт авчирч хонуулж байсан Ш агсан тавьж хөөж гаргасан гэж байсан ... гэх мэдүүлэг “зодсон“ гэдгийг үгүйсгэсэн.

Гэрэл зураг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр авхуулсан гэх зураг /хх 122-123/ баримт байх ба энэхүү баримтаас харахад дараах байдлууд нотлогдоогүй.

... Энэхүү үйл явдлыг гэрчлэх 2 гэрэл зураг авагдсан байдгаас ... үснээс зулгаасан гэх байдал нотлогдоогүй, гар хөлнөөс базсан гэх зураг байх боловч дээрх зургийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр авсан гэх боловч эдгэрч, ногоорч шарласан цус хуралтын зураг байх ба хүний гар, хөлний аль болох, хэний гар хөлний зураг болох, хаана ямар техник хэрэгсэл дээр хадгалагдаж байсан гэрэл зураг болох, эх сурвалж тодорхойгүй баримт.

Энэхүү баримтыг үндэслэн ... Б.Шыг хохирогчийн үснээс зулгаах, гар хөлнөөс базах, хутгаар шууг зүсэх үйлдлээр зодож... гэж дүгнэлт хийж буруутгасан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл зодсон гэх үйлдэл тогтоогдоогүй, ямар гэмтэл хохирол учирсан болох нь тогтоогдоогүй байхад энэхүү үйл явцад буруутгасан нь үндэслэлгүй байна. Олон тооны сорви нь гэмтэл эсэх, энэхүү гэмтэл нь ямар хүчин зүйлийн улмаас үүссэн болохыг тогтоох ажиллагаа хийгээгүй атлаа буруутгасан нь үндэслэлгүй.

В. 2020 оны 02 дугаар сард зодсон гэх үйлдлийн талаар гэрч Д.Ү-н мэдүүлэг байх ба харин ч хохирогч Р нь Шыг болон гэрчийн биед халдсан тухай мэдүүлэг өгч түүний мэдүүлгээс Шыг архи уусан гэдгийг үгүйсгэсэн, хохирогчийн биед халдан, үснээс зулгааж, толгой руу цохисон гэх байдал тогтоогдохгүй, харин ч эсрэгээр Р Шын биед халдсан байна.

Г. 2020 оны 03 дугаар сарын 02-ны үйл явдлын талаар гэрч Б, Э, Р нарын мэдүүлгээр хохирогчийн биед халдсан үйлдэл тогтоогдож байгаа. Энэ талаар шүүгдэгч Б.Ш ч хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. Харин тухайн өдөр гэмтэл авсан эсэх, ялангуяа давхар зүйлчилж байгаа хөнгөн гэмтэл учруулсан эргэлзээтэй.

Учир нь хохирогч Р нь Б.Шын эгч Э, ээж нарт нь зодуулж байсан тухай гэрч 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Э-н мэдүүлэг /хх 31/ ... 03 дугаар сарын 03-ны өдөр үснээс зулгааснаас болж тархи толгой өвдөөд байна гэхээр нь 03 дугаар сарын 05-ны өдөр ... Медипас эмнэлэгт үзүүлсэн, ... Үснээс нь татаж хойш нь суулгасан бол үнэн гэх мэдүүлэг, гэрч Ц-н 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн мэдүүлэг ... 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ... Рыг 3 эмэгтэй хүн газар унагачихсан зодож байсан ... Р хадмууд зодоод байна гэсэн. Рын үснээс чирээд зодоод байсан 3 эмэгтэй Шын ээж эгч нар болохыг мэдсэн гэх мэдүүлэг хэрэг авагдсан байна.

Мөн Рын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн мэдүүлэгт /19 хх -20хх / ... Шын эгчид зодуулсан тухай мэдүүлэг зэрэг нотлох баримт авагдсан. Өөрөөр хэлбэл 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хохирогчид хөнгөн гэмтэл учирсан гэх байдлыг үгүйсгэсэн дээрх баримтууд авагдсан байх ба шинжээч эмчийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 645 тоот дүгнэлтээр /45 хх/ ... 2020 оны 03 дугаар сард тархины доргилт үүсч байжээ гэж өнгөрсөн цаг хугацаагаар дүгнэсэн байх ба уг тархины доргилт 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр эсвэл 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр үүссэн буюу хэзээ үүссэн болохыг тогтоогоогүй дүгнэлт.

Учир нь 3 дугаар сард гэх байдлаар тогтоосныг 2021 оны 03 дугаар сарын 02-нд үүсчээ гэж үзэх үндэслэлгүй. Мөн тухайн дүгнэлтийн 4 хэсэгт аль гэмтлийг хөнгөн гэж үзэж байгаа нь тодорхойгүй бөгөөд түүний биед олон тооны сорви үүссэн байна, энэ нь хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй гэх дүгнэлт хийсэн гэмтэл нь хөнгөн эсвэл тархины доргилт нь хөнгөн гэмтэл гэж үзээд байгаа эсэх нь тодорхойгүй. Хэрэгт нотлогдоогүй баримтаар хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан гэж яллаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Д. 2020 оны 05 дугаар сарын 16-нд биед нь халдсан үйлдлээр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээсэн. Энэ нь тухайн үед түүний биед халдсан гэдгээр зөрчлийн шинжтэй үйлдэл болох нь тогтоогдож, хариуцлага хүлээсэн байхад түүний үйлдэлд давхар Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь хуульд нийцээгүй.

Е. 2020 оны 06 дугаар сарын 02-ны шөнө биед нь халдаж, охины хамт гэрээс хөөн гарган хаалгаа цоожилсон гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан хариуцлага хүлээсэн. Энэ нь тухайн үед түүний биед халдсан гэж зөрчлийн шинжтэй үйлдэл болох нь тогтоогдож, хариуцлага хүлээсэн түүнийг “байнга зодсон” гэх үйлдэлд хамаатуулан яллаж Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь хуульд нийцээгүй.

Учир нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх заалт “байнга зодсон” гэх заалтыг хууль тогтоогч тайлбарлахдаа ... дээрх үйлдлийн улмаас ямар нэгэн хохирол, гэмтэл учирсан байхыг шаардана гэж тодорхойлсон. Гэтэл анхан шатны шүүх эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээр төгсдөг гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Түүнчлэн өөр салбар эрх зүйд тодорхойлсон хэм хэмжээгээр хариуцлага хүлээгээгүй байхыг шаардана гэж “байнга зодох” үйлдлийг хууль тогтоогч тодорхойлсон байхад 2020 оны 05 дугаар сарын 16, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн зөрчлийн хэргээр шалгагдсан үйлдлүүдийг “ байнга зодох” үйлдэлд хамаатуулан гэмт хэргийн шинжтэй гэж давхар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Зөрчлийн арга хэмжээ авагдсан энэхүү хэрэгт Б.Рын зөрчлийн дээрх 2 хэрэгт хохирогчоор тогтоогдон “хууль сануулан” өгсөн мэдүүлэг, энэхүү хэрэгт хохирогчоор тогтоогдон өгсөн /хх 20/ мэдүүлэг зөрүүтэй байхад аль мэдүүлгийг үнэн зөв эсэхийг шалгаагүй атлаа "байнга зодсон” гэмт хэргийн шинжтэй гэж зөрүүтэй баримтаар Б.Шыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

Гэрч М.У /хх ЗЗ/ ... Хоол идэж байхдаа аягатай хоолоо над руу шидсэн юм, ... өмнө нь зодуулж байсан талаараа огт яриагүй, ... биед нь ил харагдах шарх сорви байгаагүй гэх мэдүүлэг нь “зодсон” гэх үйлдлийг үгүйсгэж байгааг анхан шатны шүүх анхаараагүй.

Ё. Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар яллагдагчаар татсан хэрэг гэмт хэргийн шинжгүй бөгөөд Б.Шыг гэр бүлийн байдлыг үйлдэж байсан эсэх талаарх Хамтарсан багийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 04 тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягтын дагуу хамтарсан багийн дүгнэлт гарч Б.Шыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй талаар дүгнэлт бүхий нотлох баримтыг шүүх анхаарч үзээгүй. Уг нотлох баримтыг үгүйсгэж байгаа үндэслэлээ заагаагүй.

Б.Шыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалт, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтаар гэм буруутай гэж үзэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлийн 1.1, 1,3, 1.5 заалтыг дагуу нотолбол зохих байдлууд нотлогдоогүйг анхааралгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байх тул Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/205 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү ... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: ... Шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-н давж заалдах гомдлыг үндэслэн Б.Шт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

             Шүүгдэгч Б.Ш нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай  Б.Рыг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үедээ түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.

 

             Анхан шатны шүүх Б.Шыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн эдлэх ялын хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, цагдан хоригдсон 88 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, үлдэх 1 жил 3 сар 2 хоногийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн суух газраас явахыг хориглох буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, энэ хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

             Шүүгдэгч Б.Ш нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай  Б.Рыг 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл  аймгийн  сумын  багийн  тоотод байрлах гэртээ байнга зодсон, мөн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр  аймгийн  сумын  багийн  тоотод байрлах иргэн Б.Э-н гэрт Б.Рыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь

 

              хохирогч Б.Рын мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор болон гэрчээр өгсөн “... 2019 оны 07 билүү 08 сард Ш гэртээ архи уучихсан, согтуу орж ирээд ямар ч шалтгаангүйгээр миний үснээс зулгааж нүүрэн тус газарт алгадсан, гэрийнхээ эд зүйлийг эвдэж сүйтгэсэн. Мөн охин Сондорын шанаан тус газарт намайг цохих гэж байгаад цохисон. Тухайн үед охины хацар хөхөрчихсөн байсан ... цагдаагаас 2 хүн орж ирээд охин С-н хацар хэсгийг харсан, энгэрийн камераар бичлэг хийсэн ... ,

             2019 оны 10 сарын 17-ны өдөр Ш гэртээ согтуу орж ирэхээр нь би хоол халааж өгөхөд аягатай хоолыг охин бид хоёр луу шидээд п... нар ингэдэг байхгүй юу гэж хэлээд ямар ч шалтгаангүйгээр миний үснээс зулгаасан, хөл рүү өшиглөсөн, гарнаас зулгаасан. Татаж байсан тамхины цогийг миний баруун хөлний шагайны хэсэг дээр унтраасан ... миний зүүн гарын шуу хэсгийг гартаа барьж байсан хөх өнгийн иштэй хутгаар нэг удаа зүссэн ... би найз Б-н утас руу залгаж болсон асуудлыг хэлсэн, мөн гэрээсээ ямар ч хувцасгүй гарсан ... Б-н нөхөр Э ирээд охин бид хоёрыг дагуулж гэртээ харьсан ... цагдаад дуудлага өгөөгүй ...,

             2020 оны 02 сард Ш өөрийнхөө хүргэн Ү-н гэрт 3 хоног архи ууж байгаад гэртээ ганцаараа ирээд миний ээж, эгчийн хэлсэн үг үнэн байна, чи юм л бол цагдаа дууддаг... гэж хэлээд миний үснээс зулгаасан, толгой хэсэг рүү гараараа цохиж зодсон...цагдаад дуудлага өглөө шүү гэсэн чинь гараад явсан... дуудлага өгөөгүй...,

             2020 оны 03 сарын 02-ны өдөр Ш, охин С бид гурав гэртээ байж байхад найз Э Шын утас руу залгаад манай гэрт хүрээд ирээч гэж хэлсэн ... нөхөр бид гурав Э-н гэрт хонохоор болсон ба би хүүхдээ унтуулчихаад бие засаад нойлын өрөөнөөс гарч ирэхэд Ш үгийн зөрүүгүй миний шанаан тус газарт гараараа цохиж газар унагаасан. Үснээс чирэх үед Э, Б хоёр салгасан ... ингэж болохгүй гэж Шт хэлэх үед Ш дахиад миний үснээс олон удаа зулгаасан, алгадсан, өшиглөсөн. Б цагдаа дуудаж байгааг Ш мэдээд зугтаачихсан...,

             2020 оны 05 сард Ш ажлаа тараад гэртээ ирэхдээ манай ажлын хүн тэтгэвэрт гарсан, амралтын газар очиж цайллаганд орно гэж хэлээд хувцсаа солиод явсан ... орой 02 цагийн үед архи уучихсан, согтуу орж ирээд охин бид хоёрын дээрээс унахаар нь би босоод яаж байгаа юм бэ хүүхэд айлгачихлаа гэж хэлэхэд ямар ч шалтгаангүйгээр миний үснээс зулгаасан, хоолой боомилсон, хацар хэсэг рүү алгадаж зодсон. Мөн гэр орны эд зүйлийг эвдсэн. Би цагдаад дуудлага өгөхөд миний утсыг цонхоор гаргаад шидсэн. 2 цагдаа ирээд аваад явсан ... дахиж ийм асуудал гаргахгүй гэхээр нь би цагдаад гомдолгүй гэж хэлсэн ...,

             2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр охин маань хатгаа авчихсан, бие нь өвдөөд бид хоёр гэртээ байж байхад Ш шөнийн 02 цагийн үед эгч Э-н хамт архи уучихсан, согтуу орж ирсэн ... эгч Э миний үснээс зулгаасан ... цагдаад дуудлага өгөх гээд утсаа авахад Ш миний утсыг булаасан ... тэр залуугийн утсаар цагдаад дуудлага өгсөн, цагдаа ирсэн...,

             2020 оны 06 сарын 11-ний өдөр Ш гэртээ согтуу орж ирсэн ... хоол халаагаад өгөхөд Ш халааж өгсөн тавагтай хоолоо хана руу шидсэн, тэр үед охин маань айгаад уйлсан, би охиноо тэврээд сууж байхад Ш үснээс зулгаасан, гарнаас базаад түлхэж, хөл рүү өшиглөөд зугатаачихсан... ,

             ... Ш архи уучихаараа намайг цохиж зоддог, эрүүл байхдаа гар хүрч байгаагүй, ямар ч шалтгаангүй зоддог...биед маань зодуулснаас болж маш их сорви үүссэн... гэсэн мэдүүлгүүд,

            

             гэрч Б.Б-н “...2019 оны 10 сард шөнө унтаж байхад Р над руу залгаад Ш согтуу ирээд охин бид хоёрыг хөөгөөд гаргачихлаа, орцонд байна хүрч ирээд авчихаач гээд уйлахаар нь би нөхрийгөө явуулсан...хөл гар нь бага зэрэг хөхөрчихсөн харагдсан...,

             ... үүний дараа 2020 оны 03 сарын 02-нд найзуудыгаа цай уулгах гээд гэртээ урьсан ... Р ариун цэврийн өрөө рүү орсон. Хэсэг хугацааны дараа түүнийг ариун цэврийн өрөөнөөс гарч иртэл Ш ямар ч шалтгаангүйгээр шууд түүнийг барьж авч газар унаган нүүр болон бие рүү нь өшиглөж, гараараа цохисон. Нөхөр бид дундуур нь орж салгасан. Шыг гарч тайвшир гээд гаргасан. Хэсэг хугацааны дараа Ш гаднаас орж ирснээ Рыг чи ямар овоо юм бэ гээд шууд дахиад цохиод авсан. Би өөрийнхөө утаснаас цагдаад дуудлага өгсөн ... энэ үед Ш гэрээс гараад зугатаачихсан ... тэр үед толгой руу нь цохисон, газар унасан байхад нь толгой, хэвлий, гуя хэсэг рүү нь өшиглөсөн ...” гэсэн мэдүүлэг /хх 34-35/,

             гэрч Б.Э-н “ ... унтаж амрахаар бодоод байж байтал Р ариун цэврийн өрөө рүү орсон. Энэ хооронд Ш надтай ойр зуурын юм яриад зүгээр л сууж байсан, гэтэл эхнэр нь ариун цэврийн өрөөнөөс гарч иртэл Ш гэнэт эхнэрээ барьж авч үсдээд газар дарж унагаасан, газар унасан байхад нь нэг гараараа үснээс нь зулгааж байгаад нөгөө гараараа нүүр лүү нь 3-4 удаа алгадсан, би дундуур нь орж салгатал дахин эхнэр лүүгээ дайрч мөн нүүр лүү нь алгадсан ... өглөө босоод Р толгой өвдөж байна, толгой хавдсан байна гэж ярьж байсан...нүүр ам нь бага зэрэг хавдсан байдалтай байсан...,

             ... үүнээс өмнө 2019 оны 10 сард Шын гэрийнх нь орцонд очиж шөнө болсон хойно эхнэр, хүүхдийг нь гэртээ авчирч хонуулж байсан, тэр үед Ш агсан тавиад хөөж гаргасан гэж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх 36/,

 

             гэрч М.М-н “...2020 оны 03 сарын эхээр миний утас руу Р залгаад эгчээ намайг нөхөр маань зодоод байна, эгч дүү нарт нь ирчихээд зодоод байна гэж хэлсэн. Рын гэрт бид нар очиход Р гэртээ уйлчихсан, нүүрний нэг тал нь хавдчихсан байсан...Тухайн үед Р бид нарт хандаж Ш намайг байнга зоддог, архи уух болгондоо  агсан тавьдаг гээд уйлж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 37/ болон гэрч Н.Ц, М.М, Д.Ц нарын мэдүүлэг,

 

             хохирогч Б.Рын биед учирсан гэмтлийг тогтоосон “ ...биед олон тооны сорвиуд тогтоогдлоо. Мөн 2020 оны 03 сард тархи доргилт үүсч байжээ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...сорвийг хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт,

 

             зөрчлийн    дугаартай материалуудаас ... хохирогчийн мэдүүлэг, зөрчлийн холбогдогчийн мэдүүлэг, шийтгэлийн хуудас ... зэрэг бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтууд /хх 135-156/,

 

             шинжээч Ж.Г-н “... тархи доргилт нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүсдэг бөгөөд үүнд цохих, мөргөх, өшиглөх, дэлсэх гэм тэм үйлчлэлүүд багтдаг... толгой, нүүр хэсэг рүү цохих, үснээс зулгаах үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх 64/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.

 

             Хэргийн үйл баримтын талаар удаа дараа өгсөн хохирогч Б.Рын мэдүүлэг нь агуулгын хувьд хоорондоо зөрүүгүйгээс гадна дээр дурьдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон, тухайлбал: түүний мэдүүлэгт дурьдсан “...цагдаад дуудлага өгсөн...” гэсэн өдрүүд нь хэрэгт авагдсан Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасагт бүртгэгддэг дуудлага мэдээлэл хүлээн авах дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13-16/-д бичигдсэнтэй тохирч байх тул хохирогчийн мэдүүлгүүдийг няцаан, үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

             Мөн хохирогч Б.Рын цагдаагийн байгууллагад 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус тус гаргасан гомдлын дагуу эрх бүхий албан тушаалтнаас шүүгдэгч Б.Шт Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон үндэслэлээр 100.000 төгрөгөөр торгох шийтгэл тус тус хүлээлгэсэн байна.

 

             Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан байнга зодсон гэх шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон үйлдлийг тооны хувьд 3 ба түүнээс дээш удаа үйлдсэнийг хамааруулан ойлгох бөгөөд энэхүү үйлдэл нь зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

             Шүүгдэгч Б.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг байнга зоддог талаар хохирогч Б.Р нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт тууштай мэдүүлдэг бөгөөд хууль тогтоогчоос тогтоосон энэ гэмт хэргийн хүндрүүлэх онцгой шинж болох байнга “зодсон” шинжийг бүрэн хангасан, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий болсон байна.

 

             Мөн шүүгдэгчийн гэм бурууг тогтоож зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг үндэслэлтэй, шүүгдэгчид оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” болохоос гадна, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

 

             Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-н ... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү ... гэж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол нь үндэслэлгүй бөгөөд гомдолд дурдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар үгүйсгэгдэн няцаагдаж байх тул түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

                      ШҮҮГЧ                                                       С.УРАНЧИМЭГ

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         З.ХОСБАЯР