| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2023/00622/И |
| Дугаар | 101/ШШ2023/04373 |
| Огноо | 2023-10-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2023/04373
2023 10 10 101/ШШ2023/04373
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:тоот хаягт оршин суух, *******-т холбогдох,
4,496,570,03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Богд Лизинг ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
"Богд Лизинг" ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 43003419 тоот Санхүүгийн түрээсийн гэрээгээр хариуцагч ******* нь 4,000,000.00 төгрөгийг, сарын 2.8 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, сар бүрийн 15-нд эргэн төлөлт хийгдэж байхаар, хэрэглээний зориулалтаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан.
Зээлдэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, огт төлөлт хийгдээгүй байна.
Түрээслэгч нь түрээсийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийн дагуу огт төлөлт төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч ******* нь түрээсийн гэрээний 7.2, 7.3, дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү түрээслэгчийн ноцтой зөрчил нь санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 8.4-т заасны дагуу түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж заасан.
******* нь гэрээний үүрэгт 2021.06.09, 2021.07.24, 2021.07.26, 2022.01.24, 2022.03.25-ны өдрүүдэд нийт 5 удаагийн эргэн төлөлтөд үндсэн зээл 515,549 төгрөг, хүүд 1,126,674 төгрөг, нийт 1,802,516 төгрөг төлсөн. Үүнээс өөр төлөлт хийгээгүй.
Иймд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар *******аас үндсэн төлбөрийн үлдэгдэл 3,484,450,42 төгрөг, хүү 923,702,03 төгрөг, гэрээний 2.6-д заасны дагуу алданги 84,417.58 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг, нийт 4,496,570.03 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Б. нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Б нь *******-с Хэрэглээний зээл авсан ба тухайн төлбөрийг төлж барагдуулаагүй улмаас *******-н шүүхэд нэхэмжлэх гаргасны дагуу шүүхээс заасан хугацаанд ирж амжаагүй шалтгаан нь миний ээж болох Д.******* нь хүнд өвчтэй ******* аймагт амьдардаг байсан ба ээжийгээ харж байсан тул заасан хугацаанд ирж амжаагүй болно гэжээ./хх-ийн 26/
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1. нэхэмжлэгчээс ирүүлсэн: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн эргэн төлөлтийн хуулга, талуудын хооронд 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ, түрээсийн эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэхийн хуулбар, *******ын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа хаягийн лавлагаа, *******-иас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр *******, Н.******* нарт олгосон итгэмжлэл, /хх-ийн 3-14 /,
3.2. хариуцагчаас ирүүлсэн: шүүхэд ирээгүй шалтгаанаа тайлбарласан тайлбар /хх-ийн 26/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 4,496,570.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Тус шүүх *******т холбогдох, 4,496,570.03 төгрөг гаргуулах тухай *******-ийн нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийг шүүхэд албадан ирүүлж, түүнд 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, хэрэгт авагдсан баримтуудтай танилцуулсан. /хх-ийн 16-17, 20-25/
3.1. Хариуцагч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнээс хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд ирүүлээгүй байхаас гадна шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь тогтоогдож байна.
3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т:Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хариуцагч ******* нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлийг бий болгосон гэж үзэв.
4. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээний дагуу түрээсийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн хугацааг хэтрүүлсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул гэрээний 8.4-т заасны дагуу түрээслүүлэгч гэрээг цуцалж, үндсэн төлбөрийн үлдэгдэл 3,484,450,42 төгрөг, хүү 923,702,03 төгрөг, гэрээний 2.6-д заасны дагуу алданги 84,417.58 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг, нийт 4,496,570.03 төгрөг гаргуулахаар шаардсан гэж тайлбарласан.
5. Талуудын хооронд 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан Санхүүгийн түрээсийн гэрээ-ээр хавсралт 3-т заасан түрээсийн зүйл буюу Iphone12 promax 128 gb-г гэрээнд заасан хугацаанд түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь түрээсийн зүйлийг ашигласны төлбөрийг гэрээнд заасан нөхцөл журмын дагуу түрээслүүлэгчид тогтмол хугацаанд төлөхөөр тохиролцжээ.
5.1. Энэхүү гэрээний 1.5-т үнийн дүнг түрээсийн төлбөр болон түүний хүүг 5,600,909,50 төгрөг, 1.7-т түрээслэгч нь түрээсийн төлбөрийг түрээсийн хүүгийн хамт энэхүү гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх, 2.1-т гэрээний хугацаанд түрээсийн зүйлийн өмчлөгч нь түрээслүүлэгч байх бөгөөд түрээслэгч түрээсийн нийт төлбөрийг бүрэн төлөх хүртэл талууд түрээсийн зүйлийн өмчлөлийн талаар маргахгүй гэж заасан байх ба үндсэн төлбөр 4,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 1,600,909.50 төгрөг, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ болон хүүг сард 232,116 төгрөг, төлбөр төлөх хугацааг 2021.06.15-ны өдрөөс 2023.05.15-ны өдөр байхаар зээлийн эргэн төлөлтийн хуваарьт тусгасан.
Хэдийгээр талууд гэрээг санхүүгийн түрээсийн гэрээ гэж нэрлэсэн боловч шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжихээр тохиролцсон, тодруулбал Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т:Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
6. Хариуцагч ******* нь гэрээний үүрэгт 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл 515,549 төгрөг, хүүд 1,126,674 төгрөг, нийт 1,802,516 төгрөг төлсөн, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн эргэн төлөлтийн хуулга гэх баримтаар тогтоогдсон.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох Iphone12 promax 128 gb-г *******ын эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгсөн, тэрээр гэрээний дагуу үндсэн төлбөр, хүүд 1,802,516 төгрөгийн төлбөр төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй.
7. Гэрээний 6.1-т ...түрээслэгч түрээсийн төлбөрийг гурван удаа дараалан төлөөгүй...,6.7-т гэрээний 6.1-т заасан үүргийн зөрчлийг түрээслэгч ердийн боломжит хугацаанд арилгаагүй тохиолдолд түрээслүүлэгч гэрээг тэр даруй шууд цуцлах эрхтэй, 2.6-т хугацаанд гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх алданги төлнө гэж заасан байх тул нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсоны дагуу гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэг шаардсан нь үндэслэлтэй байна.
7.1.Иймд талуудын хооронд 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээг цуцалж, гэрээг цуцлах хүртэлх хугацааны үүргийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй тул *******аас үндсэн төлбөрийн үлдэгдэл 3,484,450,42 төгрөг, хүү 923,702,03 төгрөг, гэрээний 2.6-д заасны дагуу алданги 84,417.58 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг, нийт 4,496,570.03 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
8. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-тХариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримталсан болохыг дурдах нь зүйтэй.
9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 86,895.13 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,895.13 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас үндсэн төлбөрийн үлдэгдэл 3,484,450,42 төгрөг, хүү 923,702,03 төгрөг, гэрээний 2.6-д заасны дагуу алданги 84,417.58 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг, нийт 4,496,570.03 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 86,895.13 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 86,895.13 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ