| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2023/01556/И |
| Дугаар | 183/шш2023/02722 |
| Огноо | 2023-09-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 183/шш2023/02722
| 2023 оны 09 сарын 12 өдөр | Дугаар 183/ШШ2023/02722 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Ү-**, Ш гудамж, ** тоотод байрлах, регистрийн ******* дугаартай, З ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар хэсэг, С ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, Б овогт Н-ын Б-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч Н.Б-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 4.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. З ХХК нь 2012 оноос хойш гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болно. Манай компанид хариуцагч Н.Б 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон бөгөөд ажиллаж байх үедээ 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 4.900.000 төгрөгийн цалингийн зээл авах хүсэлт гаргасан. Хариуцагчийн зүгээс цалингийн зээл авах тухай хүсэлт гаргахдаа эмчилгээний зардал төлөх шаардлагатай хэмээн тайлбарласан тул компани удирдлагын зүгээс даруй шийдвэрлэж, 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 4.900.000 төгрөгийн цалингийн зээлийг олгож, зээлийн эргэн төлөлтийг хариуцагчийн хүсэлтийн дагуу сард 500.000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон. Гэвч хариуцагч Н.Б 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан. Манай компани зүгээс цалингийн зээлийн үлдэгдэл төлбөрийг барагдуулах талаар хариуцагчид утсаар болон амаар удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн үлдэгдэл төлөгдөөгүй, төлөх талаар санал санаачилга огт гаргахгүй байгаа болно. Иймд хариуцагч Н.Б-ийн цалингийн зээлийн төлбөр болох 4.900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 93.350 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгч компаниас Э.А-д олгосон итгэмлжэл, нэхэмжлэгч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагчийн санхүүгийн албанд гаргасан өргөдөл, 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн Х банкны шилжүүлэгийн хуулбар, 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн авлагын гүйлгээний түүхийн хуулбар зэргийг ирүүлсэн.
3. Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хэрэгт авагдсан баримтаас харахад хариуцагч Н.Б нь нэхэмжлэгч З ХХК-ийн Санхүүгийн албанд цалингийн зээл авах тухай өргөдөл гаргаж, тус компаниас 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Н.Б-ийн Х банк ХХК дахь ************ тоот дансанд 4.900.000 төгрөгийг шилжүүлсэн байна.
Гэвч хариуцагч уг зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдов.
Мөн түүнд 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ба шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцов.
3. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Н.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 4.900.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З ХХК-нд олгохоор шийдвэрлэлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч З ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 93.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Н.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 4.900.000 /дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З ХХК-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч З ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 93.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА