Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 1452

 

 

МАГАДЛАЛ

 

2019.08.02                                                Дугаар 1452                                     Улаанбаатар хот

 

 

 

“ЭЖЖиС ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2019/01628 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “ЭЖЖиС ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Э-д холбогдох,

Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу алдангид           23 740 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.П,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Ө

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Г.Э нь “ЭЖЖиС ” ХХК-тай №С-009 тоот Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээг байгуулахдаа Г.Э нь “ЭЖЖиС ”    ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх удирдлага Э.М-ын зөвшөөрөлгүйгээр компанид ямар нэгэн албан тушаал хашдаггүй, хамааралгүй этгээд болох Д.Н-ийн хамт Сувдан сондор хотхон дахь компанийн оффис дээр байлцан, борлуулалтын менежер Ц.Ө-ны эзгүйд түүний албан ажилд ашигладаг компьютерийг нягтлан О.Х-ээр дур мэдэн асаалган, Э.М-ын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №2016/39 дугаар тушаалаар баталсан Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд өөрчлөлт оруулж 8.3 гэх заалтыг нэмж найруулан тухайн үед компанид ямар нэгэн албан тушаал хашиж байгаагүй 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №16/001 тоот Хөлсөөр ажиллах гэрээний дагуу Сувдан сондор хотхоны Е блок буюу 71Б барилгыг бариулах ажлыг гүйцэтгэж байсан хөлсөөр ажиллагч Г.О-аар гарын үсэг зуруулж, компанийн оффист байсан тамгыг даруулан 2 дугаар орцны 8 дугаар давхар дахь 809 тоот 71.4 м.кв орон сууцыг 1 м.кв-ын үнийг 1 750 000 төгрөгөөр тооцож, нийт 124 950 000 төгрөгөөр худалдан авсан. Ийнхүү худалдан авахдаа төлбөр тооцоог дараах хувиараар төлсөн 2017 оны 02 дугаар сарын  24-ний өдөр 49 980 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 12 495 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 62 475 000 төгрөг. Г.Э нь 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр уг гэрээтэй холбогдуулж “ЭЖЖиС ” ХХК-ийг хариуцагчаар татан гэрээнээс учирсан 145 хоногийн алдангид нийт 45 294 375 төгрөг тооцож гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүх хянаж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/03624 дугаар шийдвэрийг гаргасан. Тухайн анхан шатны шүүхийн шийдвэрээр №С-009 тоот Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд талууд гарын үсгээ зурсан байх тул хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн. Мөн шүүх алданги тооцохдоо барилгыг Улсын комисс хүлээн авч акт гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс Байр хүлээлцэх акт үйлдсэн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх 62 хоногийн алданги 19 367 250 төгрөгийг Г.Э-д гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 25 927 125 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. “ЭЖЖиС ” ХХК-ийн зүгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/03624 дугаар шийдвэрт дараах үндэслэлийг тайлбарлаж гомдол гаргасан “...Гэрээний 8.3 дахь хэсэгт Гүйцэтгэгч тал 5.1 дүгээр зүйлд заасан хугацаа хэтэрсэн тохиолдолд, хэтэрсэн хоног тутамд төлсөн мөнгөнд 0,5 хувь алданги хүлээнэ, 5.1 дэх хэсэгт гүйцэтгэгч тал нь барилга угсралтын ажил графикийн дагуу хэвийн явагдсан нөхцөлд орон сууцны барилгыг 2017 оны 3 дугаар улиралд багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгоно гэж тус тус заасныг анхан шатны шүүх хайхралгүй дүгнэн, алданги тооцохдоо хугацааг буруу тодорхойлж алдаатай шийдвэр гаргасан байх тул Г.Э-д өгсөн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 32 тоот албан бичиг дахь барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөх хугацааг хойшлуулсан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс барилга дээр Улсын комисс ажиллаж хүлээн авсан 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх 68 хоногийн 21 241 500 төгрөгийн алдангийг төлөх нь үндэслэлтэй буюу Улсын комисс барилгыг хүлээн авсанаар “ЭЖЖиС ” ХХК-ийн хувьд гэрээний дагуух үүрэг хүлээх хугацаа дуусгавар болж байна гэж үзсэн. Тухайн давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс бүрэн хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулан Г.Э-д нийт 21 241 500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 227 дугаар магадлалыг гаргасан. 2017 оны 02 дугаар сарын 23 -ны өдрийн №С-009 тоот Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний 5.2 дахь хэсэгт Орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг захиалагч талд мэдэгдэх бөгөөд захиалагч тал нь үлдэгдэл төлбөрөө төлж, мэдэгдсэн хугацаанд эсвэл тийнхүү мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор орон сууцыг хүлээн авах үүрэгтэй гэж заасан байх бөгөөд Г.Э нь барилгыг Улсын комисс хүлээн авсан өдрийн маргааш өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сувдан сондор хотхон дахь компанийн оффис дээр өөрийн биеэр ирж борлуулалтын менежер Ц.Ө болон тухайн үеийн хөлсөөр ажиллагч Г.О нартай уулзаж өөрийн худалдан авсан орон сууцаа хүлээн авах тухай мэдэгдлийг авсан байдаг. Гэтэл Г.Э нь ийнхүү мэдэгдэл авсанаас хойш үндэслэлгүйгээр худалдан авсан орон сууцаа хүлээн авалгүй, төлбөр тооцоог бүрэн дуусгахгүй байсаар 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Байр хүлээлцэх акт үйлдэж нүүн орсон байх бөгөөд орон сууцандаа орсоныхоо дараа ч үлдэгдэл төлбөр болох 62 475 000 төгрөгийг төлөлгүй зөрчил гаргасаар 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төлсөн. Иймээс гэрээний 8.1 дэх хэсэгт “Захиалагч тал нь гэрээний 2.2-т заасан хуваарьт хугацаандаа төлбөрөө бүрэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд дутуу төлбөрийн үнийн дүнгээс 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж заасны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс үлдэгдэл төлбөр төлж дууссан 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн өмнөх өдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх 76 хоногийн алдангийг нэг хоногийн 312 375 төгрөгөөр тооцон, нийт 23 740 500 төгрөгийг Г.Э-аас нэхэмжлэх үндэслэлтэй байна. Иймд №С-009 тоот Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу алданги болох 23 740 500 төгрөгийг Г.Э-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Г.Э нь “ЭЖЖиС ” ХХК-ийг хариуцагчаар татаж С-009 тоот Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу алданги гаргуулах нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гаргасан ба энэхүү асуудлыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/03624 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хариуцагч “ЭЖЖиС ” ХХК-иас гомдол гаргасан ба Г.Э-д 21 241 500 төгрөгийг хариуцагч “ЭЖЖиС ” ХХК-иас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн магадлал хүчин төгөлдөр болсон. Одоогоор хариуцагч “ЭЖЖиС ” ХХК нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул албадан биелүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан ба шийдвэр гүйцэтгэгч н.Э  хэргийг хариуцан ажиллаж байгаа болно. Нэхэмжлэлийн гол шаардлага нь орон сууц захиалан бариулах гэрээний хавсралтад заасан орон сууцны төлбөрийг 50 хувийн төлбөрөө төлөөгүй гэсэн байгаа. Нэхэмжлэгч тал 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улсын комисс хүлээж авсан, түүний маргааш буюу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр захиалагч биеэр ирж уулзсан гэж нэхэмжлэл дээрээ дурдсан. Түүнээс хойш 7 хоногийн хугацааг тооцож 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэж алдангиа тооцсон. Гэтэл барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай акт 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр бичгээр батлагдаж гарсан байгаа. Тэгэхээр гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагч тал Улсын комиссын акт бичгээр гарснаас хойш 7 хоногийн дотор бичгээр мэдэгдэх ёстой. Гэтэл бичгээр мэдэгдээгүй. Мэдэгдсэн талаар баримтыг шүүхэд өгөөгүй байна. Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.9-д бичгээр үйлдэж, гэрээнд заасан хаягаар явуулсан эсвэл биечилэн өгсөн бол мэдэгдсэн гэж үзнэ гэж заасан. Хэрвээ байраа бүрэн дууссан байсан бол 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дотор манайд бичгээр мэдэгдэх ёстой байсан боловч ийм мэдэгдэл ирээгүй. Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний 8.1-д захиалагч тал гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан хуваарьт төлбөрөө бүрэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам дутуу төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэсэн байгаа. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т захиалагч гэрээ байгуулсан өдрөө орон сууцны нийт үнийн дүнгийн 40 хувийг гүйцэтгэгч талд төлөх ба үлдэгдэл төлбөрийг хавсралт 1-ийн дагуу барагдуулна гэсэн байгаа. Гэрээний хавсралтад 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 49 980 000 төгрөгийг буюу 40 хувийг, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 12 495 000 төгрөг буюу 10 хувь, үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлнө гэсэн байгаа бөгөөд ямар нэгэн хугацаа байхгүй. Тэгэхээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. Тэгэхээр гэрээ болон хуульд заасан хугацаа тогтоогдоогүй байгаа учраас алданги тооцох эрхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Э-д холбогдуулан гаргасан Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу алдангид 23 740 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ЭЖЖиС ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276 653 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Захиалагч Г.Э мэдэгдэл хүлээн авсаны дагуу захиалсан орон сууцаа хүлээн авч 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сувдан сондор хотхоны 71Б тоот “барилгын 809 тоот орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан боловч гэрээний дагуу зарим үүргээ зөрчиж төлбөл зохих үлдэгдэл 50% буюу “2 475 000 төгрөгийг төлөлгүй байсаар нийт 76 хоногийн хугацаа хэтрүүлэн 2018 оны 03 угаар сарын 22-ны өдөр төлсөн. №С-009 тоот “Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний хавсралтад тусгагдсан Банкны зээл гэх утга нь Г.Э заавал тухайн захиалсан орон сууцаа банкны барьцаанд тавьж зээл авах ёстой, “ЭЖЖиС ” ХХК түүнд банкны зээл гаргуулж өгөх үүрэгтэй гэсэн утга огт биш юм. Г.Э нь компаниас мэдэгдэл авсанаас хойш 7 хоногийн дотор үлдэгдэл төлбөр тооцоог дуусгахыг сайтар мэдэж байсан учир банкинд захиалсан орон сууцаа “барьцаалж зээл авахаар болсон байж гэж бодоход урьдчилгаа 50%-ийн төлбөрийг төлсөн өдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр барилгын угсралтын ажил, дотоод заслын ихэнх ажил дуусаж, төвийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон байсан тул тухайн үед Улсын комисс ажиллахаас даруй 4 сарын өмнө харилцаж буй банкны зээлийн мэргэжилтэнд өөрийн захиалсан орон сууцаа үзүүлж зээлээ хөөцөлдөж авах бүрэн боломжтой байсан. Түүнчлэн гэрээний хавсралтад тусгагдсан Банкны зээл гэх утгаар Г.Э-ны үүрэг гүйцэтгэх хугацааг тооцох нь Үндсэн хууль болон Иргэний хуульд заасан Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлыг хангах зарчмыг үгүйсгэж, хязгаарласан зүйл болж байгаа болно. Учир нь тухайн банкны зээл магадгүй энэхүү гомдлыг гаргаж байгаа 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр, түүнээс хэдэн ч сар, жилийн дараагаар гарахад Г.Э-ны үүргийг биелэгдсэнд тооцох явдал нь дэндүү нэг талын эрх, ашиг сонирхлыг хамгаалсан шударга ёсны зарчимд харшилсан зүйл бөгөөд магадгүй Г.Э өмнө нь зээлтэй байгаад түүнийгээ төлж дуусаагүй, Монгол Улсын төв банкны муу зээлдэгчийн жагсаалтад орсон, авсан зээлээ төлөх орлогын эх үүсвэр хангалттай бус гэх мэт шалтгаануудаар хэзээ ч банкнаас зээл авч чадахгүй, “ЭЖЖиС ” ХХК-нд төлөх төлбөрийг өгөхгүй байх боломжтой байх тул гэрээний хавсралт дахь банкны зээл гэсэн үгээр л үүргийн хугацааг тодорхойлох нь учир дутагдалтай. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.” гэж тус тус заасан байх бөгөөд энэхүү хуульд заасан үүрэг гүйцэтгэх хугацаа нь зөвхөн гэрээний 5.2 дахь заалтаар тодорхойлогдож байна. Мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дэх хэсэгт “Гэрээний аль нэг нөхцөлийн утга ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно.” гэж заасан байх тул №С-009 тоот “Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 8.1-т “Захиалагч тал нь гэрээний 2.2-т заасан хуваарьт хугацаандаа төлбөрөө бүрэн төлөхгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд дутуу төлсөн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө.” гэж заасан алданги тооцох хугацааг гэрээний 5.2-т зааснаар тодорхойлох нь зүйтэй юм. Түүнчлэн Г.Э нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.1.2, 351.2 дахь заалтуудыг мөн зөрчсөн болно. Иймд “ЭЖЖиС ” ХХК захиалагч Г.Э-аас 23 740 500 төгрөгийн алданги шаардах үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч “ЭЖЖиС ” ХХК нь хариуцагч Г.Э-д холбогдуулан Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу алдангид 23 740 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр С-009 дугаартай Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулагдаж, уг гэрээгээр Г.Э нь Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Сувдан сондор хотхоны 192 айлын Е блок орон сууцны 2 дугаар орц, 809 тоот, 3 өрөө, 71,4 мкв талбайтай орон сууцыг 1   м.кв-ын үнийг 1 750 000 төгрөгөөр, нийт 124 950 000 төгрөгөөр захиалан бариулахаар, төлбөрийн графикт зааснаар буюу 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 49 980 000 төгрөг буюу 40 хувь, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 12 495 000 төгрөг буюу 10 хувь, үлдэгдэл 50 хувийн төлбөр буюу 62 475 000 төгрөгийг банкны зээлээр төлж барагдуулахаар, “ЭЖЖиС ” ХХК нь орон сууцны барилгыг 2017 оны 3 дугаар улиралд багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгохоор тус тус харилцан тохиролцсон байна. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Г.Э нь “ЭЖЖиС ” ХХК-д холбогдуулан дээрх гэрээгээр хүлээсэн орон сууцыг гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад оруулаагүй үндэслэлээр алдангид 21 241 500 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь тогтоогдож талууд энэ талаар маргаагүй байна. Түүнчлэн, гэрээний 8.1 дэх хэсэгт “хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги төлнө” гэж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан үйл баримт тогтоогдож байна.

Харин хариуцагч нь гэрээний хавсралтын дагуу үлдэгдэл 50 хувийн төлбөрийг банкны зээлд хамрагдаж Орон сууцны зээлийн гэрээг байгуулж, 62 475 000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад шилжүүлсэнээр Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна.

Учир нь үлдэгдэл төлбөрийг хариуцагч нь төлсөн, банкны зээлээр төлж барагдуулахаар талууд тохирсон, дээрх хавсралтыг нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус гэх тайлбарынхаа үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадаагүй буюу дээрх баримтуудыг няцаагаагүй байхад шүүх нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “23 740 500 төгрөгийн алданги хариуцагчаас шаардах үндэслэлтэй” гэж үзсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2019/01628 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276 653 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааpг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                             ШҮҮГЧИД                                   А.МӨНХЗУЛ

 

                                                                    М.НАРАНЦЭЦЭГ