Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2023/03882

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2023/03882

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Ц нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х-д ,

Сургалтын төлбөрийн урьдчилгаанд төлсөн 1 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А,

хариуцагчийн төлөөлөгч Д.Б,

хариуцагчийн өмгөөлөгч С.С,

нарийн бичгийн дарга Э.Энхжаргал нар оролцов.

 

 Нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Ц хариуцагч Е сургууль ХХК-д холбогдуулан Сургалтын төлбөрийн урьдчилгаанд төлсөн 1 500 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Ц  Х тай 2023 оны 06 сарын 15-ны өдөр Ерөнхий боловсролын Х  ХХК болон суралцагчийн хууль ёсны төлөөлөгч нар хоорондын гэрээг байгуулж, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр сургалтын төлбөрийн 15 000 000 төгрөгөөс урьдчилгаа 1 500 000 төгрөгийг гэрээнд заасны дагуу шилжүүлсэн байдаг. Гэтэл 08 дугаар сарын 25-ны өдрөөс гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлээд, 2 хоногийн дараа гэрээг цуцалсан. Нэгэнт гэрээг цуцалж байгаа бол, гэрээнд заасны дагуу, урьдчилгаа төлбөрт төлсөн 1 500 000 төгрөгөө хүүхдийнхээ бичиг баримттай цуг авъя гэтэл хүүхдийн бичиг баримтыг өгөөд, урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөө шүүхдээд аваарай гэсэн. Нэгэнт талуудын хооронд гэрээ байгуулагдсан. Гэрээний 7.11 дэх хэсэгт заасны дагуу, энэхүү гэрээний 7.4, 7.5, 7.6.2, 7.7 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлээр гэрээг цуцлагдсан нөхцөлд төлбөрийг буцаан олгохгүй гэсэн байдаг. Гэтэл дээрх гэрээ цуцалсан нөхцөл нь буцаан өгөхгүй гэсэн нөхцөлд хамаарахгүй байх тул, сургалтын төлбөр болох 1 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 1 500 000 төгрөг нэхэмжилжээ. Нэхэмжлэгч гол нь Х болон суралцагчийн хууль ёсны төлөөлөгч нарын хооронд байгуулагдсан гэрээг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан байдаг. Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Сургалтын төлбөр төлөх хугацааг сургуулиас мэдэгдсээр байхад төлөөгүй байснаас гэрээ цуцлагдсан. Нэхэмжлэгч нь гэрээ цуцалсантай холбоотойгоор маргахгүй байгаа нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээг судалбал нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 1 500 000 төгрөг нь үндсэн бүртгэлийн хураамж нь сургалтын төлбөр төлөх үүргийн биелэлттэй шууд шалтгаант холбоотой. Х сургууль болон суралцагчийн хууль ёсны төлөөлөгч нарын хооронд байгуулагдсан гэрээний 6.4 дэх хэсэгт зааснаас үзвэл гэрээний 5.1 дэх хэсэгт заасан сургалтын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд энэ заалтад заагдсан мөнгийг эргүүлэн нэхэмжлэх шаардах эрхээ алдахаар заажээ. Нэхэмжлэгч нь сургалтын төлбөрийг төлөөгүй ба энэ байдлаа хүлээн зөвшөөрсөн нь нэхэмжилж буй төлбөрийг шаардах эрхээ алдсаныг баталж байна. Энэ байдлаас дүгнэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс Ерөнхий боловсролын Х  ХХК, суралцагчийн хууль ёсны төлөөлөгчийн хороонд байгуулах гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, Б.Ц ийн 2023.08.29-ний өдрийн Хобби сургуулийн захиргаанд гаргасан өргөдөл, итгэмжлэл зэргийг ирүүлсэн. /хх-ийн 3-7/

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...Ерөнхий боловсролын Х  ХХК болон суралцагчийн хууль ёсны төлөөлөгч нар хоорондоо гэрээ байгуулж, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, сургалтын төлбөрийн 15 000 000 төгрөгөөс урьдчилгаа 1 500 000 төгрөгийг гэрээнд заасны дагуу шилжүүлсэн байдаг. Гэтэл 08 дугаар сарын 25-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг мессэжээр ирүүлж, 2 хоногийн дараа гэрээг цуцалсан. Нэгэнт гэрээ цуцлагдсан тул сургалтын төлбөр болох 1 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж гаргасан гэж тайлбарлав.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ Талуудын хооронд 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан байдаг. Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Сургалтын төлбөр төлөх хугацааг сургуулиас мэдэгдсээр байхад төлөөгүй байснаас гэрээ цуцлагдсан. Нэхэмжлэгч нь гэрээ цуцалсантай холбоотойгоор маргахгүй байгаа нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч Б.Ц  хариуцагч Ерөнхий боловсролын Х ХХК нарын хооронд 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр суралцагчийн хууль ёсны төлөөлөгчийн хооронд байгуулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр сургууль нь 2023-2024 оны хичээлийн жилд Монгол улсын стандарт шаардлага хангасан хөтөлбөр болон олон улсын хөтөлбөрийн дагуу суралцагчид монгол, англи хэлээр сургалт явуулж, сургалт нь танхимын болон танхимын бус хэлбэрээр байх болохоор суралцагчийн сургалтын үндсэн төлбөр 15 000 000 төгрөг, бүртгэлийн хураамж 1 500 000 төгрөгийг 2023 оны 6 дугаар сарын 02-ны дотор төлж, сургалтын үлдэгдэл төлбөрийг 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. /хх-ийн 3/

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Ц  нь 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Ерөнхий боловсролын Х сургуулийн Хаан банкны 5??????? тоот дансанд 1 500 000 төгрөгийг шилжүүлсэн байх ба гэрээний 6.1-д зааснаар бүртгэлийн хураамж нь сургалтын төлбөрт багтана гэж заажээ. /хх-ийн 4/

Талууд 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн суралцагчийн хууль ёсны төлөөлөгчийн хооронд байгуулах гэрээг байгуулж, гэрээний дагуу 1 500 000 төгрөгийг шилжүүлсэн болон тус гэрээг цуцалсан асуудлаар маргаагүй.

6. Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан учраас бүртгэлийн хураамжид төлсөн 1 500 000 төгрөгийг буцаан олгохгүй гэж маргасан.

7. Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй.

8. Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Ерөнхий боловсролын Х ХХК, суралцагчийн хууль ёсны төлөөлөгчийн хооронд байгуулах гэрээний 6.4-т Бүртгэлийн хураамжаа төлж гэрээ байгуулсан суралцагч гадаад руу эсвэл өөр сургууль рүү шилжин суралцах тохиолдолд бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй гэж, мөн гэрээний 7.11-т энэхүү гэрээний 7.4, 7.5, 7.6.2, 7.7 дугаар зүйлд заасан үндэслэлээр гэрээ цуцлагдсан нөхцөлд сургууль үлдэх хугацааны сургалтын төлбөрийг буцаан олгохгүй гэж заасан байна.

Хариуцагч тал гэрээний дээрх заалтуудыг татгалзлын үндэслэлдээ дурдаж байгаа хэдий ч уг заалтууд нь талуудын гэрээ цуцалсан үндэслэлд хамаарахгүйн дээр нэхэмжлэгчээс авсан 1 500 000 төгрөгийг дэнчин гэж үзэхээр байна.

9. Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-д Гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгийг дэнчин гэнэ. гэж, 233.2-т Гэрээг цуцалсан, эсхүл дэнчин тавигч тал нь үүргээ гүйцэтгэхдээ үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол үүрэг гүйцэтгэж дууссаны дараа дэнчин авсан тал нь дэнчинг буцааж өгнө. гэж зааснаар нэхэмжлэгч дээрх мөнгийг шаардах эрхтэй.

10. Иймд нэхэмжлэгч Б.Ц нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрхтэй. гэснээр хариуцагч Ерөнхий боловсролын Х  ХХК-д сургалтын төлбөрт шилжүүлсэн 1 500 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ерөнхий боловсролын Х ХХК-иас урьдчилгаа төлбөрт төлсөн 1 500 000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.Ц д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ерөнхий боловсролын Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 38 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ