| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2023/04605/И |
| Дугаар | 101/ШШ2023/04609 |
| Огноо | 2023-10-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2023/04609
2023 10 25 101/ШШ2023/04609
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж 38, МПМ цогцолбор хаягт байрлах, ******* /РД:2072572/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байр, 124 тоот хаягт байрлах, ******* /РД:8082804/-т холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 767,055 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Цахим Төсөвчин ТББ нь манай "Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч MyMobi үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2018 оны 01 сарын 17-ны өдөр 40970876 тоот гэрээ байгуулж нийт 31 дугаар дээр үүрэн холбооны дараа төлбөрт багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн.
******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн нийт 31 дугаарын үйлчилгээний 2020 оны 10, 11-р сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөр 767,055 төгрөг төлөхийг сануулж Анхааруулах хуудас" илгээсэн, мөн хариуцагчийн мэйл хаяг болон шуудангийн хаягээр нэхэмжлэх хүргүүлсэн боловч төлбөрөө төлөөгүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч нь үйлчилгээгээ үзүүлсэн, хэрэглэгч уг үйлчилгээг ашиглаагүй гэдэг үйлчилгээ үзүүлээгүй зүйл биш бөгөөд энэ нь гэрээгээр тохиролцсон төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.9-т Хэрэв хэрэглэгч тухайн сардаа хэрэглээ хийгээгүй тохиолдолд сарын хураамж нь Үйлчилгээний нөхцлийн хавсралтад заасны дагуу тогтмол нэхэмжлэгдэнэ, гэрээний хавсралтын 1.1 үндсэн үнэ хүснэгтийн 3-т хэрэглээ хийгээгүй багцын суурь хураамж 9,900 төгрөг гэж заасан.
Хариуцагчийн тайлбартай танилцаад үйлчилгээ хариуцсан албанаас гэрээгээ цуцлах талаар албан ёсоор хандсан эсэхийг тодруулахад ийнхүү хандаагүй байх утсаар ярьж хэлсэн гэдэг нь 2222 операторт холбогдсон гэж үзэж байна. Уг оператор Хүсэлтийг сонссон гэснийг гэрээг цуцалсан гэсэн хариу өгсөн гэх боловч тухайн ажилтан талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах эрх бүхий албан тушаалтан биш юм. Түүнээс гадна Ковидын үед шуудан холбооны үйлчилгээг хориглоогүй тул гэрээг цуцлах хүсэлтийг явуулах боломжтой байсан, энэ талаарх хүсэлтийг ирүүлж байгаагүй болно.
Хэрэглэгчийн хэрэглээний хураангуй дээр багцын сарын суурь хураамж, Hitone үйлчилгээ, хэрэглээ хийгээгүй сарын хураамжийг, нэмэлт хэрэглээ дээр нэгж шилжүүлэлтийн тооцоог, мөн дугаар бүрийн төлбөрийн үлдэгдлийн дэлгэрэнгүй байдлаар тусгасан.
Иймд Цахим Төсөвчин ТББ-с нийт 31 дугаарын үйлчилгээний 2020 оны 10,11 сарын төлбөр 767,055 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон татгалзлын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Мобиком корпорацитай 2018 оны 01 сарын 17-ны өдөр гэрээ байгуулж нийт 31 дугаар дээр үйлчилгээ ашиглаж эхэлсэн бөгөөд 2018-2020.09 сар хүртэлх хугацаанд сурталчилгааны мессеж явуулдаг байсан юм.
Ингэж байтал 2020 онд Covid цар тахал гарч, бүх нийтээр хөл хорионд орсонтой холбоотойгоор манай гишүүн байгууллагууд хандив, хураамжаа өгөх боломжгүй болсон тул бид Мобиком Корпораци ХХК-ийн 31 дугаар ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсч, үйл ажиллагаа зогссон.
Энэ байдлыг Мобиком Корпораци ХХК-ийн холбогдох ажилчдад утсаар мэдэгдэж, ашигласан хугацааны төлбөр тооцоог 2020 оны 09 сарыг дуустал бүрэн барагдуулсан болно. Тухайн үеийн Цар тахлын хөл хорионы улмаас гэрээс гарах ямар ч боломж байгаагүй тул бид хүсэлтээ утсаар дамжуулж мэдэгдсэн, ингэж хандахаас өөр арга байгаагүй. Биеэр очиж, албан ёсоор бичгээр хүсэлт өгч байгаагүй.
Эднийд 31 дугаарыг ашиглаж, үйлчилгээг ашиглахгүй байгааг эдний ажилтанд мэдэгдэхэд хүсэлтийг хүлээн авч, холбогдох ажилтантай холбогдсон гэсэн хариу өгсөн. 2020 оны 10,11 сарын хэрэглээ нь бидний хэрэглэснээс өндөр гарчихсан байгааг бид мэдээгүй байсан. 31 дугаарын суурь хураамж нь 1 дугаарын 9,900 төгрөг, нийт 767,055 төгрөгийг нэхэмжилсэн, гэвч манайх үйлчилгээг ашиглаагүй юм. Мобиком Корпораци ХХК-ийн бүртгэлийн мэдээлэл, тухайн үеийн хөл хорионы нөхцөл байдлыг үндэслэн энэхүү нэхэмжлэлийг шийдвэрлэж өгөхийг хүсч байна.
Иймд Мобиком Корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1. нэхэмжлэгчээс ирүүлсэн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчээс 2022.4.22-ны өдөр *******олд олгосон 1/2571 дугаартай итгэмжлэл, талуудын хооронд байгуулагдсан 40970876 дугаартай Үүрэн телефон холбооны үйлчилгээний гэрээ, 2018.01.17-ны өдрийн Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээний нэмэлт гэрээ, Цахим төсөвчин НҮТББ-аас 2017.01.17-ны өдөр Мобиком корпораци ХХК-д гаргасан 19 дугаартай хүсэлт, Цахим төсөвчин НҮТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.05.23-ны өдрийн харилцагчийн гүйлгээний хуулбар, 2020.11 сарын төлбөрийн нэхэмжлэх, 2020.11.01-нд бодогдсон биллийн дэлгэрэнгүй /хх-ийн 2-11, 27,-33/
3.2. хариуцагчаас ирүүлсэн: Цахим төсөвчин НҮТББ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2023.07.20-ны өдөр *******т олгосон итгэмжлэл, хариу тайлбар /хх-ийн 15-16, 22 / зэргийг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 767,055 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 300,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
2. Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Талуудын хооронд 2018 оны 01 сарын 17-ны өдөр 40970876 тоот Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний болон нэмэлт гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр нийлүүлэгч буюу ******* нь үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг үзүүлэх, хэрэглэгч буюу Цахим төсөвчин НҮТББ нь гэрээнд заасны дагуу зохих төлбөрийг төлөх, мөн үйлчилгээний үнэ тарифийн талаар тохиролцсон байна.
3.1. Гэрээний талаар талууд маргаагүй тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т:Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
4. Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу үйлчилгээг үзүүлсэн, 2020 оны 10, 11 сарын төлбөрийг төлөөгүй учир гэрээнд заасны дагуу үйлчилгээг зогсоосон, үйлчилгээний төлбөрийг шаардаж байсан, гэрээг цуцлах талаар мэдэгдсэн зүйлгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэжээ.
5. Хэрэгт, талуудын хооронд , нэмэлт гэрээ авагдсан байх ба уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.9-т Хэрэв хэрэглэгч тухайн сардаа хэрэглээ хийгээгүй тохиолдолд сарын хураамж нь Үйлчилгээний нөхцлийн хавсралтад заасны дагуу тогтмол нэхэмжлэгдэнэ, үйлчилгээний гэрээний нэмэлт хавсралт 1-ийн 1.1 үндсэн үнэ хүснэгтийн 3-т хэрэглээ хийгээгүй багцын суурь хураамж 9,900 төгрөг гэж заажээ. /хх-ийн 6-8/
5.1.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний төлбөрийг сар бүрийн 1-ээс 31-ний өдрөөр тасалбар болгон дараа сарын 5-ны дотор хэрэглэгчээс нэхэмжилнэ,
6.4-т Хэрэглэгч нь гэрээний 6.1-т заасан төлбөрийг нэхэмжилсэн сарын 20-ны дотор үлдэгдэлгүй, бүрэн төлж биелүүлэх үүрэгтэй,
6.6-т Хэрэглэгч гэрээг буюу дугаарыг цуцлах өдрийг хүртэлх хугацаанд ашигласан үйлчилгээний төлбөрийг бүрэн барагдуулах үүрэгтэй гэж тус тус заасан үндэслэлээр үйлчилгээг зогсоожээ.
5.1.2. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, Цахим төсөвчин НҮТББ-ын 2020.11 сарын төлбөрийн нэхэмжлэхийн /гэрээний дугаар 40970876/ хэрэглээний хураангуй дээрх 2020.11.01-2020.11.30-ны өдрийг хамрах хугацаанд багцын сарын хураамж-269,091.00, Hitone-18,545.47, хэрэглээ хийгээгүй сарын хураамж-99,000.00, Missed call alert-1,636.36, дүн-388,272.83, нэмэлт хэрэглээ хэсэгт нэгж шилжүүлэлт 44,000, нэхэмжлэх дүн хэсэгт Татвар тооцоогүй дүн 432,272.83, НӨАТ 10% 43,227.28, энэ сарын төлбөр 475,500.11, төлбөрийн үлдэгдэл 291,555.16, нийт төлбөл зохих дүн 767,055.27 гэснээс үзэхэд 31 дугаарын 2020 оны 10,11 сарын суурь хураамжийн төлбөр төлөгдөөгүй болох нь тогтоогдож байна. /хх-ийн 27-33/
6. Хариуцагч нь Ковид цар тахлын улмаас үйл ажиллагаагаа зогсоосон, хөл хорио тогтоосон учир гэрээ цуцлах талаар утсаар мэдэгдсэн тул нэхэмжлэлээс 300,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
7. Монгол Улсын Засгийн газрын 2020.11.11-ний өдрийн 178, 2020.11.15-ны өдрийн 181, 2020.11.29-ний өдрийн 194, 2020.12.21-ний өдрийн 226, 2020.12.30-ны өдрийн 238, 2021.01.04-ний өдрийн 1 тогтоолоор гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт болон хэсэгчилсэн байдлаар тодрхой хугацаанд шилжүүлж байсан байх ба дээрх тогтоолын хавсралтад заасан хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтын 7-т Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа гэжээ.
Үүнээс үзэхэд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн болон хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх үед харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа-нд хязгаарлалт тогтоогоогүй, хэвийн үйл ажиллагаа явуулж байсан байна.
8. Хариуцагч нь гэрээг цуцлах талаар хэрхэн мэдэгдсэн талаарх баримтыг ирүүлээгүйгээс гадна дээрх хугацаанд үүргээ биелүүлэх боломжгүй байсан гэх тайлбараа нотолсон талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Тодруулбал, тэрээр дээрх тайлбарынхаа үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй.
9. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Цахим төсөвчин НҮТББ-ыг гэрээний дагуу төлөх төлбөрөөс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
10. Иймд хариуцагч Цахим төсөвчин НҮТББ-аас гэрээний үүрэгт 767,055 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэв.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид 22,960 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч *******-аас 767,055 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 22,960 төгрөг аргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ