Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Б.Гончигсумлаа |
Хэргийн индекс | 183/2022/03969/И |
Дугаар | 183/ШШ2023/02971 |
Огноо | 2023-10-02 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2023/02971
2023 оны 10 сарын 02 өдөр Дугаар 183/ШШ2023/02971 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ** дүүрэг, ** хороо, тоотод оршин суух хаягтай, * овогт Г.О /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, тоотод оршин суух хаягтай, * овогт М.Н /РД:/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, тоотод оршин суух хаягтай, * овогт Д.С /РД:/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсан.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д,
Хариуцагч Д.С, хариуцагч М.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,
Хариуцагч нарын өмгөөлөгч Л.О,
Гэрч С.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч М.Н, Д.С нарт холбогдуулан газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: * овогтой Г.О нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, *** хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр * дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаар хууль ёсны өмчлөгч нь болсон. Гэтэл Д.С, М.Н гэх хүмүүс тус газрыг хууль бусаар эзэмшиж ашиглан Г.Оийн өмчлөлийн газрыг чөлөөлж өгөхгүй хуулиар олгогдсон өмчлөх эрхийг зөрчиж хохирсоор байна. Нэхэмжлэгчийн зүгээс тус газрыг чөлөөлүүлэхээр удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-д эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу албадан чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: * овогтой Г.О-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, *** хаягт байршилтай Улсын бүртгэлийн *** дугаар бүхий нэгж талбарын *** дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Д.С, М.Н нарын хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь Г.О нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, *** хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр *** дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаар хууль ёсны өмчлөгч нь болсон. Гэтэл Д.С, М.Н гэх хүмүүс тус газрыг хууль бусаар эзэмшиж ашиглан Г.Оийн өмчлөлийн газрыг чөлөөлж өгөхгүй хуулиар олгогдсон өмчлөх эрхийг зөрчиж хохироосоор байна. Нэхэмжлэгчийн зүгээс тус газрыг чөлөөлүүлэхээр удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-д эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу албадан чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судалж гэрчийн мэдүүлгээс харахад нэхэмжлэлийн шаардлага дурдахгүй тухайн үеийн он, сартай холбоотой түүхэн үйл явдал яригдаж байна. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой яагаад татгалзсан эсэх хариу тайлбар болон нотлох баримт хэрэгт байхгүй байна. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.
Хариуцагч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд олон жил араас нь хөөцөлдөж явсан. Банканд байгаа гэдэг ямар хүн яаж банканд тавьсан, ямар шаардлагаар тавьсан эсэх талаар надтай хэн ч ирж уулзаагүй. Миний хувьд цэцэрлэгийн багшаа хийж өглөөнөөс орой хүртэл түмний хүүхдийн төлөө амьдралаа золиослоод явдаг. Гэтэл ард нь луйварчид нь газар авчихсан гэр оронгүй болж байна. Үнэхээр хэлэх ч үг олдохгүй байна хүний юмыг ичихгүй авна гэж байгаад үнэхээр гомдолтой байна. гэв.
Хариуцагч М.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал маань хууль бусаар эрх ашиг нь хөндөгдсөн хууль бусаар хохироож байгаа асуудал дээр бидний талд шийдэж өгнө үү гэсэн агуулга хэллээ. Ер нь бол Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, эрхтэй гэж заасан тул шударга өмчлөгч гэж хэн бэ гэсэн асуудал яригдах ёстой. Шүүгч та өөрөө газар дээр үзсэн харваас тусдаа хоёр хаалгатай, хаягтай, дундуураа заагласан хашаатай тус тусдаа жорлонтой, гэртэй 0,07 га газрыг хувааж авсан газар байгаа. Үүнийг 2005 онд хэлэлцээр хийж хорооны засаг даргаар нийслэлийн газрын албанд газар хуваах хүсэлт уламжлуулсан нотлох баримт хавтас хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч талын няцаалт хийхэд энэ асуудал өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г ** банкны эрх хүлээн авагчийн багт ажилдаг байсан. Тэндээс өмнө ** банк дампуурахаас өмнө ** банканд өөрөө ажилладаг байсан. Тэгэхээр Д.С гэх хүнд анх 2005 онд Д.С гэр бүлийн хүн болох Ж.Эд анхнаасаа зарахдаа банканд барьцаанд байгаа одоо чамд таллаж зараад банкнаас суллагдсан үед А, Б болгож өгнө гэсэн асуудлыг ярьсан. Үүнийг гэрчлэх гэрч байгаа мөн тухайн үед хорооны засаг даргаар ажиллаж байсан хүн гэрчлэх байх. Гол агуулгын хувьд өөрийнхөө хөрөнгөөр хашаа, байшин барьсан Д.Сгийн гэр бүлийн хүмүүс, тогтмол төрийн үйлчилгээ авдаг тог, цахилгааны төлбөрийг төлдөг. Хүн аливаа зүйлийг худалдаж авахдаа ** банкны эрх хүлээн авагчийн дуудлага худалдаагаар Г.О гэх иргэн тухайн хашааг худалдаж авахдаа хэдэн байшин, жорлонтой, хэдэн банзтай хашаа худалдаж авсан гэдгийг мэдэх үүрэгтэй. Нөгөө талд дуудлага худалдан авалт зохион байгуулж байхад газар хэдэн байшин, банзтай хашаа зарж байгаа эсэх тэнд байгаа хүний өмч хөрөнгийн асуудал яригдаж байна. Хоосон газар дуудлага худалдаа оруулж байгаа мөн хэдэн ширхэг ямар үнэлгээтэй, ямар барилгын материалаар барьсан, байшин хамт зарж байгаа гэдгийг ярих ёстой. Тэгэхээр манай талаас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Яагаад гэвэл Ж.Э гэх хүнтэй холбоотой асуудал байхад гэр бүлийн хүмүүстэй холбогдуулж байна. Жам ёсны амьдралын харилцаагаар үр хүүхэд эхнэр хүүхэд нь Ж.Э гэдэг өрхийн тэргүүн ажилтай учраас зарим асуудал дээр явдаг нь монголын уламжлалт хэв маяг. Өнөөдрийн энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл нь М.Н, Д.С нарын газар нэг талдаа биш Ж.Э гэх хүн 2005 онд гарын үсэг зуралцаж хорооны засаг даргаар тодорхойлолт хийлгэж хашааг таллаж авч хэдэн төгрөг төлсөн асуудал. Өнөөдрийн нэхэмжлэл эзнээ олоогүй байна. Аливаа нэг гэмт хэрэг зөрчлийг одоо гэр бүлийн хүмүүст халдаан хэрэглэхийг хориглоно гэдэг зарчим алдагдаж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч талаас Н.Г хэлэхдээ хууль бусаар оршин сууж байгаа гэдэг гэхдээ хууль бусаар оршин сууж байгаа бол 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гарсан газрын тухай хуулиар хууль бусаар амьдарч байгаа, хууль бусаар хашаа татсан, байшин барьсан этгээдийг тухайн дүүргийн газрын албанаас шаардах мэдэгдэх хуудас өгөх ёстой байсан. Гэтэл 18 жил амьдрах хугацаанд нэг ч удаа дүүргийн газрын алба, хорооноос мэдэгдэл ирээгүй төрийн үйл ажиллагаанд хэвийн оролцож байсан. Банк аливаа зүйлийг авахдаа 0,07 газар биш таллачихсан хоёр тусдаа хаалга, байшин, жорлонтой байгаа нөхцөлд банкны эдийн засагч танай ** банкны зүгээс барьцаанд авахдаа эдийн засагч нь очиж яаж хэмжилт хийж, эргэлзээг тайлж мөнгө гаргадаг нь эхний асуудал юм. Банк тус газарт очингуутаа 0,07 гэж хэлсэн тохиолдол авдаг зүйл биш эдийн засагч өөрөө анкет бөглүүлдэг хэдэн онд ямар материалаар барьсан хэдэн төгрөгийн зардлаар зарсан байшин бэ гэдэг эдийн засгийн үнэлгээ урьдчилсан мэдүүлгээр бичиж авчаад зээл өгдөг. Гэтэл Д.Сгийн гэр бүлийн гэр, байшин, оо, хашаа нь байна тэгэхээр ** банк хашааг барьцаанд авахдаа хэдэн байшин, гэр барьцаанд авч байгаа эсэх нь асуудал байна. Хууль дүрмийн хүрээнд ямар байдлаар авсан бэ, одоо хүлээн авагчийн талд ажиллаж байгаа Д.Оюунцэцэгийн мэдэлд дуудлага худалдаагаар очсон. Анх дуудлага худалдаагаар олон нийтэд анх зарлахдаа ямар байшин хашааг хэдэн гэртэй, жорлонтой хашаа зарж байгаа вэ? учир нь хашаанд байгаа ширхэг хадаас ч хүний өмч юм. Бид ардчилсан үндсэн хуультай улс орон хүний өмчийг хуулиар хамгаална шударгаар өмч хөрөнгөтэй болно гэж байгаа гэтэл цэцэрлэгийн багш Д.С 30 гаруй жил ажиллахдаа нөхөр болон гэр бүлийнхэнтэйгээ өчнөөн олон жил дэлгүүр ажиллуулж тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан. Миний хувьд 2016 онд тухайн тойрогт нэр дэвшиж байсан талаарх мандат зэрэг баримтыг хавтас хэрэгт хавсаргасан. Тус хашаанд бүр самбараа тавьж байсан гэтэл энэ айл 2016 оноос өмнө амьдарч байсан байна. Өнөөдрийн шүүх хуралд хариуцагч М.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа нь хүн ёсны асуудал мөн дүүргийн иргэдийн хуралд тойргоос сонгогдсон хүний хувьд хэлсэндээ хүрэх хэрэгтэй. Ялсан ч ялагдсан ч нэг л зангаараа байх хэрэгтэй. 2016 онд нэр дэвших үед надад өргөдөл өгч байсан тухайн өргөдлийг хавтас хэрэгт хавсаргасан. Тухайн үед хууль хяналтын байгууллагад хандах талаар зөвлөгөө өгч Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт хандахад худалдаж авсан гэдэг нь тогтоогдож байна. Харин иргэний хэрэг учраас дотроосоо хаасан. Энэ мэтчилэн зүйлүүдийг бодож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хууль ёсны өмчлөгч нь Д.С болон М.Н гэдгийг тогтмол тог, хогны төлбөр төлсөн баримт гэдгээр нотлогдож байна. Хорооны өрхийн бүртгэлийг үзэхэд өрхийн тэргүүн Ж.Э, Д.С түүний гэр бүлийнхэн амьдарч байгаа гэсэн бүртгэл 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл 18 жилийн хугацаанд байж байдаг. Хорооноос үйлчилгээ авсан бүх баримт нь байдаг. Нөгөө зальтай этгээдийн тог, хогны мөнгө төлсөн баримт байдаггүй, амьдарсан нэг ч ул мөр байдаггүй. Хаанаас юм нэг этгээдүүд гарч ирээд миний, чиний гэж хүний шударгаар олж авсан өмч хөрөнгийг булаацалдаж байна. Магадгүй өнөөдрийн хүртэл Ж.Э болон Д.Сгийн гэр бүл яагаад газрыг авахаар хандаагүй вэ гэхээр 2005 онд банкнаас суларсан үед таллаж өгнө гэдэг олон жил бие биеэ мэддэг итгэл үнэмшлийн харилцаагаар явж байхад итгэлийг нь буруугаар ашиглаж өнөөдрийн энэ байдалд хүргэсэн. Эцэст нь саналаа дүгнэж хэлэхэд Д.Сгийн гэр бүл хууль ёсны өмчлөгч мөн. гэв.
Хариуцагч нарын өмгөөлөгч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлчлүүлэгчийн гаргасан саналыг дэмжиж байна. Нэхэмжлэл анхнаасаа буруу гаргаад буруу хэрэг үүсгэж илт зүйл дээр өчнөөн олон баримтыг гаргаж өгсөн. Аль эрт 2005 оноос хойш амьдарч хашаа, байшингаа бариад дэлгүүр ажиллуулж байхад тухайн газрыг Г.О гэх ганц хүн өөр дээрээ болгосон. Нэг үгээр бол хөлсийг нь гартал гүйлгэж больё гэтэл нь явуулах байсан боловч цагдаа, прокурор дутуу орхисон ийм зүйл байж болохгүй. Бид газар дээр нь очиж үзлээ дахин дахин хүсэлт тавьсны үндсэн дээр ямар газар вэ гэхээр өндөр өндөр байшинтай болсон. Анх хариуцагчийг эзэмшиж байхад байшин байхгүй. Үүнийг Г.О мэддэг эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ хүн шударгаар эзэмшиж байхад эргэн тойронд тийм байшин байхгүй байсан. Одоог хүртэл хариуцагч амьдарч байна. Дундаас нь тааруухан хүн таарч бид гэрчилгээг нь салгаад 2 болгосон гэтэл ганцхан өөр дээрээ болгосон. Тиймээс хууль бусаар гэрчилгээ гаргуулсныг шүүх анхнаасаа харахгүйгээр хэрэг үүсгэсэн тул нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай гэрчилгээ, *** регистрийн дугаартай, *** нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгөв.
Хариуцагчаас хууль зүйн туслалцааны гэрээ, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны өдрийн * дугаартай захирамж, 2022 оны өдрийн *** дугаартай захирамжийн хуулбар, 2022 оны өдрийн ***дугаартай нэхэмжлэлийг буцаах тухай захирамжийн хуулбар, итгэмжлэл, *** ХХК-ийн 2018 оны өдрийн ** дугаартай үнэлгээ бүхий албан тоот, фото зураг зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгөв.
Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээс С.Сг гэрчээр асуув.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч М.Н, Д.С нарт холбогдуулан газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хан-Уул дүүрэг, *** хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр *** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаар хууль ёсны өмчлөгч нь болсон. Гэтэл Д.С, М.Н гэх хүмүүс тус газрыг хууль бусаар эзэмшиж ашиглан Г.Оийн өмчлөлийн газрыг чөлөөлж өгөхгүй хуулиар олгогдсон өмчлөх эрхийг зөрчиж хохирсоор байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу албадан чөлөөлж өгнө үү. гэж тайлбарлажээ.
3.Хариуцагч нараас нэхэмжлэлийг М.Н, Д.С нар нь шударга эзэмшигч мөн юм. Д.Сгийн нөхөр Ж.Эд газрыг анх зарахдаа газар банкны барьцаанд байгаа тул чамд таллаж зараад, барьцаанаас чөлөөлөгдсөний дараа А, Б болгон хуваагаад тал газрыг нь өгнө гэж ярьж тохирсон байсан. Энэ тохиролцоог гэрч гэрлэнэ. Хариуцагч нар нь өөрийн хөрөнгөөр тус газар хашаа, байшин барьсан. Тэд тогтмол төрийн үйлчилгээ авдаг. Цахилгаан гэх мэт төлбөрийг төлдөг. Хариуцагч талаас газар дээрх барилгын байшин, хашааны үнэлгээг мэдэж байх ёстой. Хэрэв хариуцагч нар хууль бусаар оршин сууж байсан бол 2005 оноос хойш 18 жил амьдрах хугацаанд нэг ч удаа дүүргийн газрын алба, хорооноос мэдэгдэл ирээгүй. Дуудлага худалдаагаар тус газрыг Г.О худалдан авсан гэх боловч ямар журмаар, ямар эд хөрөнгө, байшингийн хамт очсон нь тодорхойгүй байна. Хашааг таллаад 2 хуваасан, 2 хаалгатай 2 хашаа байхад банк нэг газар гэж үзээд барьцаанд авсан нь эргэлзээтэй асуудал. Газрын хууль ёсны өмчлөгч нь Д.С болон М.Н гэдгийг тогтмол төлдөг тог, хогны төлбөр төлсөн баримт гэдгээр нотлогдоно. гэх үндэслэлээр няцаасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчид маргаан бүхий газрыг Д.С, М.Н нар эзэмшиж байгаа талаар маргаагүй. Харин газрыг нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх, газрыг барьцаалсан болон дуудлага худалгаа хууль ёсны дагуу явагдсан эсэх талаар маргаж байна.
Нэхэмжлэгч Г.О нь 2021 оны өдрийн *** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Улсын бүртгэлийн ** дугаарт бүртгэлтэй, газар өмчлөх эрхийн ** тоот гэрчилгээтэй, нэгж талбарын *** дугаартай, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 9-р хороо, Тайнь1 гудамж, 1-1 тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг худалдан авчжээ. Тус гэрээний дагуу газрын албанд хандаж өөрийн нэр дээр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан болох нь хэрэгт авагдсан *** дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа М.Н, Д.С нар нь шударга эзэмшигч мөн юм. Д.Сгийн нөхөр Ж.Эд газрыг анх зарахдаа газар банкны барьцаанд байгаа тул чамд таллаж зараад, барьцаанаас чөлөөлөгдсөний дараа тал газрыг нь өгнө гэж ярьж тохирсон байсан. Энэ тохиролцоог гэрч гэрчлэнэ. Хариуцагч нар нь өөрийн хөрөнгөөр тус газар хашаа, байшин барьсан. Тэд тогтмол төрийн үйлчилгээ авдаг. Цахилгаан гэх мэт төлбөрийг төлдөг. Хариуцагч талаас газар дээрх барилгын байшин, хашааны үнэлгээг мэдэж байх ёстой. Хэрэв хариуцагч нар хууль бусаар оршин сууж байсан бол 2005 оноос хойш 18 жил амьдрах хугацаанд нэг ч удаа дүүргийн газрын алба, хорооноос мэдэгдэл ирээгүй. Дуудлага худалдаагаар тус газрыг Г.О худалдан авсан гэх боловч ямар журмаар, ямар эд хөрөнгө, байшингийн хамт очсон нь тодорхойгүй байна. Хашааг таллаад 2 хуваасан, 2 хаалгатай 2 хашаа байхад банк нэг газар гэж үзээд барьцаанд авсан нь эргэлзээтэй асуудал. Газрын хууль ёсны өмчлөгч нь Д.С болон М.Н гэдгийг тогтмол төлдөг тог, хогны төлбөр төлсөн баримт гэдгээр нотлогдоно гэж тайлбар гаргасан.
5.1.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгч Г.О нь хуульд заасан журмын дагуу өмчлөх эрхийг олж авсан, хариуцагч нараас тухайн газрын эзэмшлийг шаардаж байх тул хариуцагч нарыг шударга эзэмшигч гэж үзэх боломжгүй.
5.2.Д.Сгийн нөхөр Ж.Эд анх газрыг зарахдаа газар банкны барьцаанд байгаа тул таллан зарж, барьцаанаас чөлөөлөгдсөний дараа уг газрыг шилжүүлэн өгөхөөр талууд тохиролцсон гэх тайлбар нь худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан шинжийг агуулж байх боловч уг тохиролцоо нь хуульд заасан журмын дагуу хийгдээгүй байх тул дээрх тохиролцоо буюу гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй.
5.3.Нэхэмжлэгч нь бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба газар дээрх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргаагүй. Мөн хариуцагчийн зүгээс газар дээр байрлах эд хөрөнгөтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул газар дээр баригдсан байшин, эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчтэй холбогдох маргаан нь энэхүү хэрэгт хамааралгүй байна.
5.4.Хариуцагч нарыг тухайн газарт оршин суудаг талаар талууд маргаагүй бөгөөд цахилгаан, хог гэх мэт тогтмол төлөгдөх зардлыг тухайн газар оршин суух этгээд нь төлж болно. Иймд энэхүү тогтмол хэрэглээний зардлыг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох боломжгүй.
5.6.Тухайн хөрөнгийн өмчлөгч нь тухайн эд хөрөнгийг шаардах эрхтэй. Харин өмчлөгч бус этгээд болох дүүргийн газрын алба, хорооны засаг даргын тамгын газар нь тухайн өмчлөгчийн эрхийг өмнөөс нь хэрэгжүүлэх эрхгүй байдаг. Иймд хариуцагч нарт 18 жил амьдрах хугацаанд дүүргийн газрын алба, хорооноос мэдэгдэл ирээгүй гэх тайлбар үндэслэлгүй болно.
5.7.Маргаан бүхий газрыг банкинд барьцаалсан, дуудлага худалдаанд оруулан нэхэмжлэгч Г.От худалдан борлуулсан зэрэг үйл ажиллагаа хуульд зааснаар хийгдээгүй талаар баримтыг талууд хэрэгт авахуулаагүй, энэ талаар зохих байгууллага хянан шалгасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна. Иймд дээрх үйл ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу хийгдсэн гэж дүгнэх нь зүйтэй.
6.Гэрч Сарангуа нь Хан-Уул дүүргийн *** хашаатай залгаа, баруун талд нь амьдарч ирсэн. Д.С, Ж.Э нар 2005 онд тус газар буусан. Тус газрыг 2 хувааж 2 хаалга хийсэн. Зүүн талд нь Д.С амьдрах болсон. Хариуцагч нар 2003 оноос хойш уг хаягт амьдарсан. Тухайн хорооны үндсэн оршин суугч мөн. гэж тайлбарлаж байх боловч зохигчид тухайн газар хариуцагч нарын эзэмшилд байгаа талаар маргаагүй. Мөн маргаан бүхий газар нь хариуцагчийн хууль ёсны эзэмшил, өмчлөлийн газар гэх хариуцагчийн няцаалтыг гэрчийн мэдүүлэг нь дэмжээгүй буюу хамааралгүй байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас маргаан бүхий газар үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс тус хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, газарт үзлэг хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Д.С, М.Н нарын Хан-Уул дүүрэг, *** хаягт байршилтай Улсын бүртгэлийн *** дугаар бүхий нэгж талбарын *** дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг эзэмшиж буй эзэмшлийг хууль бус эзэмшил гэж дүгнэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Г.О нь тус Хан-Уул дүүрэг, *** хаягт байршилтай газрын хууль ёсны өмчлөгч мөн болох нь дээрх үндэслэлээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж зааснаар нэхэмжлэгч Г.Оийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүрэг, *** хаягт байршилтай Улсын бүртгэлийн *** дугаар бүхий нэгж талбарын *** дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Д.С, М.Н нарын эзэмшлээс албадан чөлөөлүүлэх үндэслэлтэй байна.
Иймд, нэхэмжлэгч Г.От олгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хариуцагч Д.С, М.Н нарын эзэмшлээс Хан-Уул дүүрэг, *** хаягт байршилтай Улсын бүртгэлийн *** дугаар бүхий нэгж талбарын *** дугаартай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан чөлөөлүүлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.С, М.Н нараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.От олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА