Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1118

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/00891 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.Бы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ӨХ” ХХК-д холбогдох,

 

Ажлын хөлс 128 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ӨХ” ХХК-аас миний олон жилийн дадлага, туршлага чадварыг үнэлэн 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр харуул хамгаалалтын албаны даргаар ажиллах санал тавьсныг зөвшөөрсөн. Тухайн үед “ӨХ” ХХК-ийн барилгын ажил ид явагдаж байсан буюу Оргил стар тауны хоёр блок байшин, Худалдаа хөгжлийн банкны төв барилга, Хаппи таун хотхоны 4 блок 16 давхар байшин, Юу би эйч центр оффисын зориулалттай 15 давхар барилга, Юу би таун хотхоны 12 давхар 2 барилга, Улаанбаатар буян компанийн хажууд 16 давхар орон сууцны барилга, Зүүн аж ахуйн агуулахын барилга зэрэг бүтээн байгуулалтын ажил явагдаж харуул хамгаалалтын үйл ажиллагаанд удирдлага зайлшгүй шаардлагатай болсон байдаг.

Тухайн үед барилгын материал хулгайд алдагдах, барилгын талбайд дэг журам аюулгүй байдал алдагдах зэрэг ноцтой зөрчлүүд удаа дараа гарч байсан учир намайг туршлагатай, хүнтэй ажиллаж байсан арга туршлагаас ашиглах зорилгоор энэ албан тушаалд ажиллуулсан. 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр уулзахдаа 5 жил тогтвортой ажиллаж объектуудад сахилга хариуцлага алдагдахгүй байх, өмч хөрөнгөнд хяналт, аюулгүй байдлыг чанд сахиж харуул хамгаалалтын албаны даргын ажил үүргийг биелүүлсэн тохиолдолд 2 өрөө байр өгөхөөр тохирч ажил үүргээ гүйцэтгэхэд хэрэг болох цалин, утасны мөнгө, шаардлагатай бензин шатахуун зэргийг сар тутам олгохоор шийдсэн. 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би “ӨХ” ХХК-тай тогтвортой ажиллах гэрээ /контракт/-ыг байгуулсан ба гэрээнд заагдсан “ӨХ” ХХК-ийн бүхий л барилга байшин, агуулах обьектуудыг хамгаалж ажиллаж ирсэн бөгөөд 500 гаруй монгол ажилчид, 100 гаруй хятад ажилчид, 80 гаруй солонгос ажилчдад хяналт тавьж аюулгүй байдал, дэг журмыг сахиулж, барьж буй барилгуудын эд хөрөнгөнд хяналт тавьж ажилладаг байсан. Энэхүү таван жилийн хугацаанд алдаа, зөрчил гаргаагүй бөгөөд “ӨХ” ХХК-ийн удирдлагуудын шууд хяналт дор, тэдгээрийн заавар зөвлөгөөний дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн боловч гэрээний хугацаа дуусахад гэрээг дүгнэлгүй, гэрээнд заасан Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Оргил Стар таун хотхоны С блок, 6-ийн 56-р байрны 74 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй. “ӨХ” ХХК-д хоёр удаа албан бичгээр гэрээ дүгнэхийг шаардсан боловч 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр утсаар тухайн үед гэрээг байгуулсан Н.Төмөрхүү захиралтай энэ асуудлаа ярь хэмээн албан бичгээр хариуг өгөх боломжгүй талаар хэлсэн.

 Хариуцагчаас орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа тул Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-аар орон сууцыг үнэлүүлэхэд зах зээлийн үнэлгээгээр 128 000 000 төгрөгөөр үнэлсэн. Иймд Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Оргил Стар таун хотхоны С блок, С-ийн 56-р байрны 74 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагчид өмчлөх эрх шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэтэл тус байр нь Улаанбаатар хотын банкинд 2017 оны 02 сарын 24-ний өдрийн зээлийн барьцаанд байгааг мэдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж орон сууцны үнэ болох 128 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Бы нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай байгууллагад Ч.Б нь нэг ч удаа ажиллаж байгаагүй бөгөөд 2018 онд гэрээ байгуулагдсан гэдгийг мэдсэн. Дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж ажилласан талаар нэг удаагийн тайлан, мэдээ байхгүй, манай байгууллагад нэг ч минут ажиллаж үзээгүй хүнд 2 өрөө орон сууц өгнө гэж гэрээ хийжээ. Нэхэмжлэгч Ч.Б нь манай компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Төмөрхүүгийн хамаатан юм. Уг гэрээ хийгдсэн байсан ч сонирхлын зөрчилтэй хэлцэл гэж үзэж байна. Иймээс бид зохих журмын дагуу Хан-Уул дүүрэгт байрлах Оргил таун хотхоны 10-н давхрын 54.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Нэхэмжлэгч нь өөрийгөө манай компанийн харуул хамгаалалтыг хариуцан ажиллаж байсан гэх боловч манай компани хамгаалалтын ажлаа хуулийн этгээдтэй гэрээ байгуулан хариуцан ажиллуулдаг. Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 355 дугаар зүйлийн 355.1 дахь заалтыг баримтлан хариуцагч “ӨХ” ХХК-аас 128 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс 2018 оны 6 сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 797 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “ӨХ” ХХК-аас 797 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Талуудын хэн аль нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаа байсан гэдэгт маргаагүй. Мөн нэхэмжлэгчийг ажил үүргээ гэрээний дагуу тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн нь буруу.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй, уг үүргээ хэрэгжүүлсэн бол гэрээний 4.1 дэх хэсэгт заасан хагас жил болон жилийн эцэст дүгнэхээр тохиролцсон тохиролцоог хэрхэн гүйцэтгэсэн талаарх баримт байхгүй, гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд гэрээг нэг ч удаа дүгнүүлж байгаагүй. Нэхэмжлэгч манай байгууллагад ажиллаж байгаагүй тул гэрээний зөрчил, дутагдал гаргасан, гэрээнээс татгалзсан тухай ойлголтыг хэрэгжүүлэх боломжгүй. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.4-д заасан үүргийн биелэлтийг дүгнэснээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ гэж заасан боловч гэрээний үүргийн биелэлтийг огт дүгнүүлээгүй, энэ үндэслэлээр хариуцагчийг буруутгах үндэслэл байхгүй.

Гэрээг дүгнэснээр талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааны хэрэгжилт хангагдсан эсэх, гэрээний хугацаанд зөрчил дутагдал гарсан эсэх, тухайн гэрээний зөрчил дутагдалд нэхэмжлэгч, эсхүл хариуцагчаас үүссэн эсэх гэрээнд заасны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх эсэх зэргийг талууд шийдвэрлүүлэх учиртай.

Нэхэмжлэгч нь “Евролайн” ХХК, “Булнайн-Ар” ХХК-д ажиллаж байсан нь манай байгууллагад ажиллаж байсан гэдгийг харуулахгүй бөгөөд тухайн компаниуд нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж учир гагцхүү тэнд ажилласнаараа манай байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч “ӨХ” ХХК-д холбогдуулан Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Оргил Стар таун хотхоны С блок, С-ийн 56 дугаар байрны 74 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны үнэд 128 000 000 төгрөг гаргуулах гэж өөрчилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ч.Б “ӨХ” ХХК нарын хооронд 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тогтвортой ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ч.Б нь компанийн харуулын албаны даргын ажил үүргийг 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх, “ӨХ” ХХК нь Ч.Бд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэгт байрлах Оргил стар таун хотхоны С блок, 10 давхар, G-ийн 54.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг олгохоор тохиролцсоноос үзэхэд 5 жилийн хугацаанд тогтвортой ажилласан үр дүн бий болсон буюу болзол биелэгдсэн тохиолдолд орон сууцыг шагналд олгохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн гэж үзэхээр байна. /1 хх 6,7/

 

“Булнайн ар” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 09 сарын 17-ны өдрийн 01/268 тоот албан бичиг, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/12 тоот ажилд авах тухай тушаалын хуулбар, цалингийн тодорхойлолт, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/138 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, “Евролайн” ХХК-ийн захирал, ажилтнуудын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар нэхэмжлэгч Ч.Б нь дээрх гэрээний дагуу “ӨХ” ХХК-ийн обьектын харуул хамгаалалтыг хариуцаж байсан “Булнайн ар” ХХК, “Евролайн” ХХК-д тогтвортой ажиллаж байсан болох нь тогтоогдож байна./1 хх 72-76, 3 хх 38-40/

 

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх заалтад заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж шаардах эрхийн үндэслэлийг буруу дүгнэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой гэж үзсэн болно.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...“ӨХ” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Н.Төмөрхүү, Ч.Б нар хамаатан, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс, энэ гэрээ байгуулагдсаныг огт мэдээгүй, Ч.Бд орон сууцыг эзэмшүүлж байгаагүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хариуцагчийг дээрх тогтвортой ажиллах гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ба гэрээний хугацаанд обьектуудад барилгын материалын хулгай гарч байсан” гэх тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Иймд Ч.Быг тогтвортой ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан “Тогтвортой ажиллах гэрээ”-ний дагуу орон сууцыг шаардах эрхтэй гэж үзэхээр байна.  

 

Харин хариуцагч “ӨХ” ХХК нь нэхэмжлэгч Ч.Бд гэрээгээр тохиролцсон орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, уг орон сууц бусдад барьцаалагдсан байх тул нэхэмжлэгч Ч.Б нь шагналд олгохоор тохиролцсон орон сууцны үнийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/00891 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 335 дугаар зүйлийн 355.1” гэснийг “420 дугаар зүйлийн 420.1, 219 дүгээр зүйлийн 219.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 798 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

       ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

Д.ЦОГТСАЙХАН