| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2023/03713/И |
| Дугаар | 183/ШШ2023/03054 |
| Огноо | 2023-10-04 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2023/03054
| 2023 оны 10 сарын 04 өдөр | Дугаар 183/ШШ2023/03054 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: * тоотод оршин суух, Б овогт Х.Ц ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * тоотод оршин суух, Х овогт Ж.С -д холбогдох,
Гэрээний үүрэгт 1,824,700 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Ц нь Ж.Сд холбогдуулан гэрээний үүрэгт 1,824,700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.С нь 2022 оны 8 дугаар сарын 26-нд Х.Ц миний **** тоот хаягт байх 3 өрөө байрыг 1 жилийн хугацаатай сарын 1,100,000 төгрөгөөр төлбөрийг сар сард нь өгөхөөр түрээсийн гэрээ хийсэн ба 2023 оны 6 дугаар сарын 22-нд гарахдаа түрээсийн үлдэгдэл 1,253,600 төгрөг, орон сууцны тог, СӨХ, домофонын төлбөр, 540,000 төгрөг, гадна зогсоолын чипний мөнгө 31,000 төгрөг, бүгд 1,824,700 төгрөгийг төлүүлж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.С нь 2022 оны 8 дугаар сарын 26-нд Х.Ц миний **** тоот хаягт байх 3 өрөө байрыг 1 жилийн хугацаатай сарын 1,100,000 төгрөгөөр төлбөрийг сар сард нь өгөхөөр түрээсийн гэрээ хийсэн. Мөн гэрээнд зааснаар хэрэглээний зардал, сарын түрээсийн төлбөрийг 2 дахь сараас эхэлж хугацаандаа өгөхгүй сараар хойшлогдож өгдөг болсон сүүлд 2023 оны 6 дугаар сарын 22-нд гарахдаа түрээсийн үлдэгдэл 1, орон сууцны тог, СӨХ, домофонын төлбөр, гадна зогсоолын чипний мөнгө төгрөг, зэргийг өгөөгүй түрээсэлсэн байраа ч мөн хүлээлгэж өгөөгүй. Ж.Стай ерөөсөө холбогдоогүй нөхөртэй нь үлдэгдэл мөнгөндөө обой өгнө гэсэн боловч сүүлдээ нөхөр нь ч утсаа авахгүй алга болсон. Хүүхдээрээ гэрийн түлхүүр өгч явуулсан. Гэрээнд заасан үндсэн нөхцөл алданги болон хэрэглээний мөнгийг нэхэмжилсэн. гэжээ.
Хариуцагч Ж.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчаас 1.824.700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Үүнд: Түрээсийн үлдэгдэл төлбөр 1.253.600 төгрөг, тог, СӨХ, домофонын төлбөр гээд нийт 540.100 төгрөг, гадна зогсоолын чипний мөнгө 31.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх гэрээний дагуу байр ашиглалтын зардал болох ус, дулаан, цахилгаан, СӨХ-н төлбөр зэрэг төлөлтийг хянаж шаардах эрхтэй боловч чип, домофонын төлбөрийг шаардахгүй эрхгүй байна. Түрээсийн үлдэгдэл төлбөрийн тухайд: 2022 оны 08 сарын 26-ны өдрөөс 2023 оны 06 сарын 22-ны өдөр хүртэлх 9 сар 26 хоногийн хугацаанд 10.854.200 /арван сая найман зуун тавин дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөх байсан. Түрээслэгч тал нь түрээслүүлэгчид 10.630.000 /арван сая зургаан зуун гучин мянга/ төгрөгийг төлсөн байна. Түрээсийн төлбөрийн үлдэгдэл нь 224.200 төгрөг байхад нэхэмжлэгч нь 1.029.400 төгрөгийг түрээсийн үлдэгдэл гэж үндэслэлгүйгээр нэхжээ. Үндэслэлгүйгээр шаардсан болох нь нэхэмжлэгчийн данс руу хариуцагчаас түрээсийн орлого гэж шилжүүлсэн гүйлгээ, дансны хуулгаар нотлогдож байна. Хариуцагч нь 2023 оны 06 сарын төлбөрийг барьцаа болгон шилжүүлсэн төлбөрөөс суутгасан болно. Тог, СӨХ, домофонын төлбөрийн тухайд: 2023 оны 2,3,4,5,6 сарын СӨХ-ны төлбөр 110.720 төгрөг, ***- 2023 оны 06 сар 29,442 төгрөг, 2023 оны 4,5,6 сарын тог усны төлбөр 313.862 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 7 сарын СӨХ-ны төлбөр 25.000 төгрөг, ** ХХК 61.200 гэсэн төлбөр болон домофонын төлбөр, чипний 31.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд хариуцагч байрны үлдэгдэл төлбөр 224.200 төгрөг, тог, СӨХ-ны төлбөр 454.024 төгрөг нийт 678,224 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.146.476 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь анх хариуцагчаас 1,824,700 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байсан. Түрээсийн үлдэгдэл төлбөрийн тухайд 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 9 сар 26 хоногийн хугацаанд хөлслөгч 10,854,200 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөх байсан. Түрээслэгч тал түрээслэгчид нийт 10,630,000 төгрөгийг төлсөн. Түрээсийн үлдэгдэл төлбөр 224,200 төгрөг үлдсэн. Гэрээнд заасан хугацаанаас 4 хоногийн өмнө гарсан тул 4 хоногийн түрээсийн төлбөрийг хассан. Нэхэмжлэгч тог, СӨХ, домофонын төлбөрийг нэхэмжилсэн. Гэрээнд домофонын талаар тусгагдаагүй мөн гэрээгээр тог, СӨХ-ны төлбөр мөнгөнөөс байр ашиглалтын зардал, ус дулаан цахилгаан, СӨХ, интернэт зэрэг төлөлтийг хянаж шалгах шаардах эрхтэй харин домофон, СӨХ-ны асуудлыг мэдэхгүй хөлслүүлэгч өөрөө төлөх боломжтой харагдаж байх тул эдгээр төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч байрны үлдэгдэл төлбөр болох 224,200 төгрөг, тог, СӨХ-ны төлбөрт 454,024 төгрөг, нийт 678,224 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн алданги яаж тооцсон талаар тодорхойгүй байх тул үлдэгдэл төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ж.С, Х.Ц нарын иргэний үнэмлэхний хуулбар, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн түрээсийн гэрээ, цахилгаан, СӨХ-ны төлбөр төлсөн баримт, 2020 оны дугаар зээлийн гэрээ, 2020 оны дугаар барьцааны гэрээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, дансны дэлгэрэнгүй хуулга, эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа зэргийг ирүүлжээ.
Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, ** дансны дэлгэрэнгүй хуулга, хариу тайлбарыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ
Нэхэмжлэгч Х.Ц нь хариуцагч Ж.Сд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 1,824,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1,141,000 төгрөг болгосон талаар тайлбарлаж байна.
1.Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ж.С нь 2022 оны 8 дугаар сарын 26-нд Х.Ц миний **** тоот хаягт байх 3 өрөө байрыг 1 жилийн хугацаатай сарын 1,100,000 төгрөгөөр төлбөрийг сар сард нь өгөхөөр түрээсийн гэрээ хийсэн ба 2023 оны 6 дугаар сарын 22-нд гарахдаа түрээсийн үлдэгдэл 1,253,600 төгрөг, орон сууцны тог, СӨХ, домофонын төлбөр, 540,000 төгрөг, гадна зогсоолын чипний мөнгө 31,000 төгрөг, бүгд 1,824,700 төгрөгийг төлүүлж өгнө. Шаардлагаа багасгаж 1,141,000 төгрөг гаргуулж өгнө үү. гэв.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Түрээсийн үлдэгдэл төлбөрийн тухайд 2022 оны 08 сарын 26-ны өдрөөс 2023 оны 06 сарын 22-ны өдөр хүртэлх 9 сар 26 хоногийн хугацаанд 10.854.200 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөх байсан. Түрээслэгч тал нь түрээслүүлэгчид 10.630.000 төлсөн байна. Түрээсийн төлбөрийн үлдэгдэл нь 224.200 төгрөг байхад нэхэмжлэгч нь 1.029.400 төгрөгийг түрээсийн үлдэгдэл гэж үндэслэлгүйгээр нэхжээ. Тог, СӨХ, домофонын төлбөрийн тухайд: 2023 оны 2,3,4,5,6 сарын СӨХ-ны төлбөр 110.720 төгрөг, ***- 2023 оны 06 сар 29,442 төгрөг, 2023 оны 4,5,6 сарын тог усны төлбөр 313.862 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 7 сарын СӨХ-ны төлбөр 25.000 төгрөг, ** ХХК 61.200 гэсэн төлбөр болон домофонын төлбөр, чипний 31.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд хариуцагч байрны үлдэгдэл төлбөр 224.200 төгрөг, тог, СӨХ-ны төлбөр 454.024 төгрөг нийт 678,224 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.146.476 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Х.Ц болон хариуцагч Ж.С нар нь 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулжээ. Тус гэрээний дагуу Ж.С нь * хаягт байрлах 3 өрөө, улсын бүртгэлийн ** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 24-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаанд хөлслөн суух, байрны нэг сарын төлбөр 1,100,000 төгрөг байхаар талууд тохиролцсон байна.
Гэрээний зүйл болон гэрээний талуудын эрх үүргээс үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагджээ.
Талуудын хооронд хүчин төгөлдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хугацаанд хөлсөлсөн талаар талууд маргаагүй.
Дээрх хугацаанд Ж.С нь орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 10,854,200 төгрөгийг нэхэмжлэгчид төлбөл зохих ба хариуцагч Ж.С нь 10,630,000 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна. Мөн энэ талаар талууд маргаагүй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн шаардсан гэрээний үлдэгдэл төлбөр 224,200 төгрөг болохыг няцаагаагүй.
Мөн хариуцагч нь СӨХ-ийн төлбөрт 110,720 төгрөг, цахилгаан усны төлбөрт 343,304 төгрөг, нийт 678,224 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч Х.Ц нь хариуцагч Ж.Сг гэрээний төлбөрөө сар бүр хугацаандаа төлөөгүй нийт 70 хоног хэтрүүлсэн, гэрээнд заасан хугацаа хэтэрсэн хоногийг тооцож 0,5 хувиар бодож 360,000 төгрөгийг хугацаа хэтэрсэн алдангид тооцсон гэж тайлбарлаж байна. Гэвч хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь хэд хоног хугацаагаа хэтрүүлсэн эсэх нь тодорхойгүй байх тул алданги төлбөр шаардах үндэслэлгүй гэж үзэв.
Мөн нэхэмжлэгч нь машины чипийг хариуцагч Ж.Сд хүлээлгэн өгсөн эсэх нь баримтаар тогтоогдоогүй, домофон систем нь орон сууц хөлслөх гэрээний нэг хэсэг болох нь тодорхойгүй буюу гэрээнд тусгагдаагүй, уг системийг хариуцагчид хүлээлгэн өгсөн, зааварчилгааг танилцуулсан эсэх, хариуцагч хэрэглэсэн болох нь тодорхойгүй байх тул түүний төлбөр болох 67,000 төгрөгийг шаардах үндэслэлгүй.
Мөн үлдэх 36,000 төгрөгийг ямар үндэслэлийг тайлбарлаагүй байна.
Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Сгаас 678,224 төгрөг гаргуулж, үлдэх 463,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Сгаас 678,224 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Цад олгож, үлдэх 463,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,145 төгрөгөөс 28,175 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Сгаас 15,969 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Цад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА