| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Одцэрэнгийн Однямаа |
| Хэргийн индекс | 165/2021/0065/Э |
| Дугаар | 2021/ДШМ/09 |
| Огноо | 2021-09-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 12.1.4., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2021/ДШМ/09
Б.М холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Прокурор Э.Н, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Б, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш, өмгөөлөгч Л.А /ZOOM/-ээр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хантөгс нарыг оролцуулан,
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/64 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.М холбогдох 2017001620025 дугаартай 2 хавтас 451 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Б нарын гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч Б.М нь 2014 оны намраас 2019 оны хавар хүртэлх хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин бага насны Т.Б /10 нас 4 сартайгаас 15 нас 11 сар хүртэл 5 жилийн хугацаанд/ өөрийн амьдарч байсан гэр болон орон сууц, тээврийн хэрэгсэл дотор /Сүмбэр сумын 2 дугаар баг, Шивээгийн 111 тоот, Сүмбэр сумын 3 дугаар баг, 11 дүгээр байрны 4-51 тоот, Сүмбэр сумын 2 дугаар баг, Сет баарны хашаанд, Приус-10 болон Эди маркийн тээврийн хэрэгсэл дотор/ удаа дараа үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэн хүчиндсэн,
Мөн Т.Б бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж 2014 оны намраас 2019 оны хавар хүртэлх хугацаанд хүчиндсэний улмаас эрүүл мэндэд нь “Дасан зохицох эмгэг, түгшүүрлэх сэтгэл гутрах холимог хариу урвал сэтгэцийн эмгэг” өвчтэй болгож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгүүдэд холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б М бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М оногдуулсан 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М цагдан хоригдсон 153 /нэг зуун тавин гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М 2 195 490 /хоёр сая нэг зуун ерэн таван мянга дөрвөн зуун ер/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт олгож, насанд хүрээгүй хохирогч Т.Б цаашид гарах сэтгэл заслын зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Говьсүмбэр аймгийн сум дундын Эрүүгийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ бага насны хүүхдийг хүчиндэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд 15 жилийн хорих ялыг оноож, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Миний гомдол гаргасан шалтгаан нь тухайн хэргийг шийдвэрлэхдээ дан ганц хохирогч Т.Б мэдүүлгээр тулгуурлаж, хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Энэ нь эргэлзээтэй байна гэж үзээд өмгөөлөгч миний зүгээс гомдлоо гаргасан. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны явцад миний зүгээс хохирогч Т.Б шүүх хуралдаанд оролцуулъя гэж санал хүсэлт хэлж байсан. Тухайн гэмт хэрэг нь өөрөө 5 жилийн хугацаанд үйлдэгдсэн гэдэг. Тухайн хэргийн үйл явдлын талаар хохирогч маань тодорхой мэдүүлсэн байдаг. Гэтэл энэ мэдүүлэг нь туйлын үнэн байж чадаж байгаа юу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байна. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад өгсөн гэрч нарын мэдүүлгээр Т.Б хувьд сэтгэцийн хувьд бага зэргийн өөрчлөлттэй байж магадгүй гэсэн мэдүүлэг байдаг. Ийм байгаа нөхцөлд 5 жилийн хугацаанд үйлдэгдсэн хэргийн талаар үнэхээр үнэн зөв тодорхой мэдүүлж чадсан эсэх дээр өмгөөлөгч миний хувьд эргэлзээтэй байна. Тийм учраас хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулж энэ хэргийг үнэн зөв бодитойгоор шийдвэрлэх үндэслэл байсан байх гэдэг үүднээс шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулна гээд байгаа юм. Хохирогчийг оролцуулснаар тухайн хэрэг нь үнэн бодитой шийдэгдэнэ. Яагаад гэхээр 5 жилийн хугацаанд 11 удаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гээд байгаа нь өөрөө үнэн зөв мэдүүлж чадсан юм уу, аль эсхүл мөрдөн байцаалтын шатанд тодорхой гүтгэсэн тулгасан байдлаар мэдүүлэг авсан эсэх дээр эргэлзээтэй байна. Тийм учраас өмгөөлөгч миний зүгээс хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулж хэргийн үнэн зөв бодитой шийдвэрлүүлэх саналтай байгаа. Хэрвээ оролцохгүй юм аа гэхэд хохирогчийг тусгаарлаж мэдүүлэг авах боломжтой гэж үзэж байна. Тиймээс дахиж энэ хэргийг шалгуулж, хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулж байж энэ хэрэг үнэн зөв шийдвэрлэгдэх үндэслэлтэй гэдэг үүднээс гомдол гаргасан. Дахиж энэ хэргийг хянан шийдвэрлэж прокурорт буцааж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин Б нь 2010 оноос 2011 оны хооронд Дархан хотод амьдарч, сурч байхдаа өөрийн ээж болох О нөхөр нь Т.Б хүчиндэх болон хүчиндэх гэж завдсан гэх хэргээр 5 жилийн ял эдэлж байсан. Т.Б найз болох У ээж манай эхнэр болох О дээр ирээд манай насанд хүрээгүй хүүхэд шоронд орох гээд байна, хэрвээ шоронд орох юм бол чамайг хамт шоронд оруулна, насанд хүрснээрээ тэр өөрөө орно биз, шоронд орохгүй юм бол би чамайг машинаараа дайрч ална гэж хэлэн сүрдүүлж Б.М энэ хэргийг үйлдсэн гэх утгатай зүйл хэлүүлсэн. Мөн миний охин Т.Б нь найз залуу болох У шоронд оруулахгүй гэсэн дээ миний эсрэг мэдүүлэг өгсөн гэж үзэж байгаа. Энэ зүйлүүдээр би юу хэлэх гээд байгаа вэ? гэхээр Т.Б нь намайг гүтгэж хилс хэрэгт хийгээд байна гэдгийг ойлгуулах гээд байгаа юм. Энэ хэрэгт Э, У гэх хоёр хүн асар их холбоотой. У гэх залуу Т.Б жирэмсэн болгож, тамлан байж хүүхдийг нь авхуулсан. Э гэх залуу нь Б бэлгийн харьцаанд ордог байсан. Энэ хоёр хүний хэргийг шууд хаасан. Бэлгийн харьцаанд ордог байсныг харсан 3 хүүхдээс мэдүүлэг ерөөсөө аваагүй. Энэ хоёр хүний хийсэн хэргийг М гэдэг хүн ялыг нь үүрээд явж байна. Энэ хэргийг бол би үйлдээгүй, энэ хэргийг дахиж шалгаж сайн нягтлаасай гэж хүсэж байна гэжээ.
Прокурор Э.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдсан гомдолтой танилцлаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын талаар эхлээд тайлбараа гаргая. Тухайн хэргийн шийдвэрлэхдээ насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэгт тулгуурлаж тухайн хэргийг шийдвэрлэсэн нь буруу Т.Б ярьсан мэдүүлэг туйлын үнэн гэхэд эргэлзээтэй байна гэсэн зүйлийг ярьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч нь удаа дараа 4 удаа мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч Б.М гэх хүн намайг хүчиндсэн, 2014 оноос 2019 он хүртэлх хугацаанд тухайн өөрийн амьдарч байсан гэр болон өөрийн унаж байсан тээврийн хэрэгсэлдээ хүчирхийлэл үйлддэг байсан гэх мэдүүлгийг мэдүүлдэг. Тухайн мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч О, гэрч А болон бусад гэрчүүд давхар нотолж байгаа. Тийм учраас Т.Б өгсөн мэдүүлэг эргэлзээтэй гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн мөрдөн байцаалтын үед хохирогчийг тулгаж мэдүүлэг авсан гэдэг нь өмгөөлөгчийн хувьд хариуцлагагүй зүйл ярьж байна гэж үзэж байна. Яагаад вэ гэхээр насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авахдаа хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийг оролцуулан тухайн мэдүүлгийг авсан учраас ямар нэгэн байдлаар мөрдөгчийн зүгээс хүчээр болон тулгаж мэдүүлэг авсан зүйл байхгүй. Хувийн таарамжгүй харилцааны улмаас тухайн мэдүүлгийг Б.М эсрэг мэдүүлэг өгсөн юм шүү гэсэн зүйлийг ярьж байна. Мөрдөн байцаалтын шатанд шалгаад үзэхэд насанд хүрээгүй хохирогч Б.М ямар нэгэн байдлаар өс хонзон болон хувийн таарамжгүй харьцаатай байсан гэдэг нь тогтоогдоогүй. Шүүгдэгчийн зүгээс Ууганбаяр, Э гэх хоёр хүний үйлдсэн хэргийг надад тохож намайг хилс хэрэгт хийж байна гэсэн зүйлийг ярьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Яагаад вэ гэхээр мөрдөн байцаалтын шатанд Э, У гэх хоёр хүний үйлдлүүдийг тус тусад нь шалгаад холбогдох шийдвэрүүдийг Б.М холбогдох хэрэгт хавсаргасан. М холбогдох хэрэгт У, Э нар нь бүлэгдэн гэмт хэрэг үйлдээгүй учраас энэ хэрэгт хамтатган шалгах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь бага насны хүүхдийг хүчиндэж сэтгэцийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон учир хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Л.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэр зөв зүйтэй хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байсан гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Б.М нь 2014 оны намраас 2019 оны хавар хүртэлх хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин бага насны Т.Б /10 нас 4 сартайгаас 15 нас 11 сар хүртэл 5 жилийн хугацаанд/ өөрийн амьдарч байсан гэр болон орон сууц, тээврийн хэрэгсэл дотор /Сүмбэр сумын 2 дугаар баг, Шивээгийн 111 тоот, Сүмбэр сумын 3 дугаар баг, 11 дүгээр байрны 4-51 тоот, Сүмбэр сумын 2 дугаар баг, Сет баарны хашаанд, Приус-10 болон Эди маркийн тээврийн хэрэгсэл дотор/ удаа дараа үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэн хүчиндсэн,
Мөн Т.Б бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж 2014 оны намраас 2019 оны хавар хүртэлх хугацаанд хүчиндсэний улмаас эрүүл мэндэд нь “Дасан зохицох эмгэг, түгшүүрлэх сэтгэл гутрах холимог хариу урвал сэтгэцийн эмгэг” өвчтэй болгож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.
Шүүгдэгч Б.М түүний өмгөөлөгчийн: ... хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах, хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцааж өгнө үү гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь хэргийн нөхцөл байдлын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд хохирогч Т.Б нь мэдүүлгээ тогтвортой өгдөг, түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл байхгүй, хэрэгт авагдсан баримтуудаар насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгийг давхар нотолдог, хохирогчийн хувьд яллагдагч Б.М санаатай хүнд гэмт хэрэгт гүтгэх ямар нэгэн шалтаг шалтгаан мөрдөн байцаалтын явцад тогтоогдохгүй байх тул хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаах үндэслэлгүй байна.
Түүнчлэн шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь буруу биш байна гэж үзлээ. Учир нь: Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 15 дугаартай дүгнэлтэнд ‘’Б биед дасан зохицохын эмгэг, түгшүүрлэх сэтгэл гутрах холимог хариу урвал эмгэг тогтоогдлоо. Уг эмгэг нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн цагаас эхэлж үүссэн байх боломжтой’’ гэсэн, Шүүх сэтгэц эмгэг судлалын 1021 дугаартай дүгнэлтэнд ‘’ Т.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Т.Б нь одоо дасан зохицохын эмгэг, түгшүүрлэх, сэтгэл гутрах холимог хариу урвал сэтгэцийн эмгэгтэй байна’’ гэсэн зөрүүтэй дүгнэлт хийсэн байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар буюу одоо дасан зохицохын эмгэг, түгшүүрлэх, сэтгэл гутрах холимог хариу урвал сэтгэцийн эмгэгтэй байна гэж үзэж зүйлчлэлийг хүндрүүлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэдийгээр шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялаас өршөөн хэлтрүүлсэн нь буруу биш байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангахаар зааасан бол хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт дээрх нөхцөлүүдийг шаардахгүй байна. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болголгүй, хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулаад ялаас өршөөн хэлтрүүлсэн нь зөв байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/64 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
О.ОДНЯМАА