Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 1132

 

 

 

 

 

 

 

 

 

АВВын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 104/ШШ2019/00106 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч АВВын нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.А, М.Ц нарт холбогдох

 

Орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан гаргуулах, хариуцагч М.Цаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 000 000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Снар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нидерланд улсын иргэн АВВ нь 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч М.Ц, А.А нартай Налайх дүүргийн 2 дугаар хороо 55 дугаар байр 16 тоотод байрлалтай орон сууцны зориулалттай, 38 м.кв талбайтай, 3 өрөө үл хөдлөх хөрөнгийг 30 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцон гэрээ байгуулсан. Улсын бүртгэлд бүртгүүлж А.А, М.Ц нарын нэр дээр шилжиж Улсын бүртгэлийн гэрчилгээ тухайн өдөр нь гаргуулж өгсөн. Мөн төлсөн гэж байгааг баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзаж, энэ хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэх хүсэлтэй байна. Мөн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр М.Цтай 10 000 000 төгрөгийг хүүгүй, 12 дугаар сарын хугацаатай зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл М.Ц өнөөдрийг хүртэл гэрээний үүргийг биелүүлээгүй. Иймд М.Ц, А.А нарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: АВВ нь А.А, М.Ц нарт байраа 30 000 000 төгрөгөөр зарахаар анх тохиролцсон. Ингээд 20 000 000 төгрөгийг аваад орон сууцандаа А.А, М.Ц нарыг оруулсан. Тэгсэний дараа үлдэгдэл 10 000 000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Мөн төлбөр дутуу байгаа тул хөрөнгө шилжүүлээгүй байгаа нөхцөлд орон сууцанд оруулсан учир орон сууц хөлслөх гэрээ байгуулна гэдэг шаардлага тавьсны дагуу түрээсийн гэрээг байгуулсан. Ингээд АВВ 2015 оны 01 дүгээр сард буцаж ирээд А.А, М.Ц нараас хугацаанаас өмнө мөнгөө авахыг шаардсаны үндсэн дээр 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр АВВд 10 000 000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсний дараа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгчид итгэж байсан учир 20 000 000 болон 10 000 000 төгрөгөө бэлнээр төлсөн ба ямар нэг баримт үйлдээгүй байдаг. Үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсний дараа байрны үнэ 40 000 000 төгрөг байгаа одоо надад 10 000 000 төгрөг нэмж өг гэдэг шаардлага тавьсныг эсэргүүцэхэд А.А, М.Ц нар намайг залилчихлаа гэсэн утгатай гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаж хэрэг үүсгэн шалгасан ба гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болгосон. Ингэхээр нэхэмжлэгчид манайх 30 000 000 төгрөг дээр нэмж 10 000 000 төгрөг төлөх үүрэг байхгүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Худалдах, худалдан авах гэрээнийхээ үүргийг биелүүлсэн учраас гэрээнээс татгалзах гэдэг хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан АВВын нэхэмжлэлтэй хариуцагч А.А, М.Ц нарт холбогдох орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж орон сууцыг буцаан өгөхийг, хариуцагч М.Цаас зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч АВВийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх 2015 оноос хойш маргаж байгаа нэхэмжлэгчийн үндэслэлийг үл хайхран, маргааны зүйлийг зөв тодорхойлж чадалгүй “хариуцагчийн тайлбарыг зөвшөөрсөн” хэмээн дүгнэж буй нь туйлын ойлгомжгүй байна.

Иргэний хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн мөн худалдагч эд хөрөнгийг бүрэн шилжүүлж, улмаар А.А, М.Ц нарын нэр дээр шилжиж улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан. Харин А.А, М.Ц буюу худалдан авагч нар төлбөрөө төлөөгүй байгаа. Эндээс үзвэл хариуцагч нь төлбөрөө төлсөн гэж үзвэл хуулийн дагуу уг үүргээ гүйцэтгэсэн гэж бүрэн нотлох ёстой. Гэтэл анхан шатны шүүх төлбөр төлөөгүйг буюу хариуцагчийн нотлох ёстой үүргийг нэхэмжлэгч баримтаар няцаах ёстой гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь хэргийн оролцогчдын нотлох үүргийн хуваарилалтын заасан дээр хуулийн зохицуулалтыг дэндүү бүдүүлгээр зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Хариуцагч нар эрүүгийн хэрэг үүсгэгдэж шалгагдаж байхад төлбөр төлсөн гэж мөнгө цуглуулж байсан гэрчүүдээ асуулгасан байдаг. Гэтэл уг гэрчүүд нь хариуцагч нарын ээж, хамаатан садны хүмүүс бөгөөд тэд орон сууц авахад зориулж мөнгө өгсөн гэж мэдүүлээгүй юм. Түүнчлэн, 2014 оны 9 дүгээр сард хашаа байшингаа 12 000 000 төгрөгөөр Ц.Баттулгад биш 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ж.Энхтуяад шилжүүлсэн нь харагдаж байна .

Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2014 оны үед хариуцагч нар зарим банк, банк бус санхүүгийн байгууллагуудад зээлтэй байсныг нотолж зээлийн гэрээнүүдийг гаргаж өгч байсан. Энэ нотлох баримтуудаас үзвэл гэрчүүдээс авсан мөнгөөр зээлээ хаасан байж болох юм. Эндээс үзвэл мөнгө цуглуулж байсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Шүүх дээрх нотлох баримтуудыг үнэлээгүй байна.

Түүнчлэн шийдвэрийн 8 дахь талд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг нь бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ орон сууцны үнийг төлснөөр хуучин өмчлөгч АВВын өмчлөх эрх М.Ц, А.А нарын өмчлөлд шилжсэн гэх үндэслэлтэй  гэж дурдсан.

Маргааны нэгэн зүйл болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжих хуулийн тусгай зохицуулалтыг хэрэглэхгүйгээр ерөнхий зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу.

Шүүхээс хариуцагч талын мөнгө аваагүй гэсэн тайлбарыг үгүйсгээгүй гэж нэхэмжлэгчийн шүүхэд дээрхийн адил өгсөн тайлбар, болсон үйл баримтыг үнэлээгүй атлаа хэт нэг талыг барьж хариуцагчаас зээлийн үүргийг шаардах эрхгүй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч анх 2015 оны 7 дугаар сард цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байсан.Түүнчлэн 2018 оны 01 дүгээр сараас иргэний хэргийн шүүхэд 3 удаа нэхэмжлэл гаргаж байгаа.

Нэмж хэлэхэд 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хуралдааны үеэр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...орон сууцны төлбөрөөс 10 000 000 төгрөг төлөхөөр” эвлэрэх санал гаргаж байсан. Эндээс хариуцагчийн хүсэл зоригийг тайлбарлаж үзвэл худалдах худалдан авах гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүйг илтгэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй, зохигчдын маргааны үйл баримтад хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч АВВ нь хариуцагч А.А, М.Ц нарт холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан гаргуулах, хариуцагч М.Цаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.А, М.Ц нараас Налайх дүүргийн 2 дугаар хороо, 55 дугаар байр, 16 тоот хаягт байршилтай 38 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2207002470, гэрчилгээний 000376169 дугаартай 3 өрөө, орон сууцыг, хариуцагч М.Цаас 10 000 000 төгрөгийг тус тус буцаан гаргуулна гэж тодорхойлсон байна.

 

Талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнийг бүрэн төлсөн эсэх асуудалд маргаантай байна. Хариуцагч талаас мөнгийг бүрэн төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч эд хөрөнгө худалдан авсан бол мөнгөө төлөх үүргийг биелүүлсэн гэдгээ нотлох ёстой. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнийг төлөх үүргийг биелүүлсэн гэх нөхцөл байдлын хувьд эргэлзээтэй. Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагчийн тайлбарууд няцаагдаж байна.

Тухайлбал, 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ өмнө хийгдсэн орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлж орон сууцыг эзэмшиж байсан учраас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг зээлийн гэрээ болгож хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад өгсөн мэдүүлэг болон 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэрээг орон сууц хөлслөх гэрээг нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан байна. Орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авахаар тохиролцож, төлбөрөө төлж, зээлийн гэрээ байгуулсан бол өөрийн өмчлөлдөө шилжүүлж авах, эд хөрөнгө хөлслөх, орон сууц хөлслөх гэрээг хийх шаардлагатай байсан эсэх нөхцөл байдал үүснэ. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэх, өөрийн үүргээ биелүүлсэн гэдгээ нотлох үүрэг хариуцагч талд үүссэн байна. Гэтэл хариуцагч нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлсэн гэдгээ баримтаар нотолж чадаагүй.

 

Үүнтэй холбоотойгоор талуудын хооронд маргаан үүссэн. Нэхэмжлэгчийн зүгээс эрх бүхий байгууллагад гомдол гаргаж байсан нөхцөл байдлуудыг харгалзан Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах үндэслэл үүссэн гэж үзнэ. Гэрээнээс татгалзах үндэслэл үүссэнтэй холбоотой Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсгийн заалтуудыг хамт хэрэглэдэг.   Өөрөөр хэлбэл, гэрээний нэг тал үүргээ биелүүлээгүй, биелүүлэх талаар хугацаа өгөх шаардлагагүй нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна.

 

Гэрээ байгуулсан цаг хугацаанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан хүртэлх хоногийг харьцуулбал гэрээнээс татгалзах талаар хугацаа өгөх, мөнгөн төлбөрийн үүргийг биелүүлэхийг сануулах хугацаа өгөх шаардлагагүй байна. Зээлийн гэрээний хувьд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж мөнгийг хэрхэн өгсөн нөхцөл байдлаа тайлбарласан. 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ болон мөн өдрийн мөнгө хүлээлцсэн тухай хэлцэлд 10 000 000 төгрөгийг бэлнээр авсан гэсэн баримтуудад хариуцагч М.Ц нь гарын үсэг зурж баримтжуулсан байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзнэ. Иймд хариуцагч нь энэ үүргээ биелүүлж зээлийн төлбөрийг буцаан төлөх ёстой. Эдгээр үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Маргаан бүхий орон сууцны талбай, хэмжээ, улсын бүртгэлийн гэрчилгээг зааж, уг орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгаж, хариуцагч М.Цаас 10 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 104/ШШ2019/00106 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Налайх дүүргийн 2 дугаар хороо, 55 дугаар байр, 16 тоот хаягт байршилтай 38 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2207002470, гэрчилгээний 000376169 дугаартай 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч А.А, М.Ц нараас гаргуулж, хариуцагч М.Цаас 10 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч АВВэд тус тус олгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч АВВийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А, М.Ц нараас 357 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                             ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Д.Ц