| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2023/01567/И |
| Дугаар | 183/шш2023/02723 |
| Огноо | 2023-09-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 183/шш2023/02723
| 2023 оны 09 сарын 12 өдөр | Дугаар 183/ШШ2023/02723 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Ч гудамж, *** байр, *** тоотод оршин суух, регистрийн ********** дугаартай, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, регистрийн дугаар **********, Б овогтой Ч-ын Б-д холбогдох
Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 4.120.900,88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ч.Б-д холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 4.120.900,88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Манай Х ХХК нь орон сууц ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Хан-Уул дүүгийн ** дугаар хороонд байрлах, ** дүгээр байрны инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Дээрх ** дүгээр байрны ** тоотыг эзэмшигч иргэн О.Б нь орон сууц ашиглалтын төлбөр буюу халаалт, халуун ус, цэвэр ус, бохир ус, суурь хураамжуудыг 2016 оны 3 дугаар сараас 2023 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд төлж барагдуулаагүй болно. Манай байгууллага нь тухайн айлд төлбөрийн мэдэгдлийг сар бүр мессеж болон бичгээр хүргүүлж байсан. Дээрх хугацаанд тухайн айлыг халаалт, халуун ус, цэвэр усаар тасралтгүй хангаж, харилцагч байгууллагуудад сар бүр төлбөрийн үлдэгдэлгүй байгаа болно. Иймд манай компани нь цаашид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа тул хариуцагчаас орон сууц ашиглалтын төлбөр болох 4.120.900,88 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо ** дүгээр байр, ** тоотыг эзэмшигч иргэн Ч.Б миний бие Х ХХК-ийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гаргасан ******** тоот нэхэмжлэлийн дагуу өөрийн тайлбарыг гаргаж байна. Иргэн Ч.Б би ** дүгээр байрны ** тоот орон сууцыг 2020 оны 10 дугаар сард өөрийн нэр дээр шилжүүлэн авсан бөгөөд тухайн сараас эхлэн орон сууц ашиглалтын төлбөр /халаалт, халуун ус, цэвэр ус, бохир ус, суурь хураамжууд/-үүдийг төлөх гэж олон удаа оролдсон боловч өмнөх буюу 2016 оны 3 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сар хүртэлх төлбөрүүдийг төлөх шаардлагатай гэсэн учраас орон сууц ашиглалтын төлбөрүүдийг өнөөдрийг хүртэл төлөх боломжгүй байсаар ирсэн. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан өдөр буюу 2020 оны 10 дугаар сараас 2023 оны 3 дугаар сар хүртэлх орон сууц ашиглалтын төлбөр болох 1.102.035,06 төгрөгийг би өөрөө төлж барагдуулна. Харин өмнөх эзэмшигчийн 2016 оны 3 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сар хүртэлх оршин суусан хугацааны орон сууц ашиглалтын төлбөр буюу 3.018.865,82 төгрөгийг миний бие төлөх боломжгүй гэдгээ илэрхийлж байна. Иймээс Х ХХК өмнө нь тус орон сууцанд амьдарч байсан иргэнийг өөрсдөө олж илрүүлэн дээрх төлбөрийг нэхэмжилнэ үү хэмээн хүсэж байгааг минь хүлээн авна уу гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 80.884 төгрөг төлсөн баримт, 2016 оны 2 дугаар сараас 2023 оны 1 нэгдүгээр сар хүртэлх орон сууц ашиглалт, засвар үйлчилгээний зардлын задаргааны баримт, нэхэмжлэгчээс Д.Э-д олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц ашиглалтын картын хуулбар зэргийг ирүүлсэн.
4. Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нь Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Ү гудамж, ** дүгээр байр, ** тоотод байрлах, 101,88 м.кв талбай бүхий 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмлөгч байна.
Ч.Б нь 2016 оны 2 дугаар сараас 2023 оны 1 дүгээр сар хүртэл орон сууц ашиглалтын төлбөрөө болох 4.120.900,88 төгрөгийг төлөөгүй болох хэрэгт авагдсан төлбөрийн нэхэмжлэхүүд болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдов.
Хэдийгээр Ч.-Баас Өмнөх хэрэглэгчийн төлбөрийг миний бие төлөх боломжгүй тул 2016 оны 3 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны төлбөрийг төлөхгүй хэмээн маргасан байх боловч тэрээр энэхүү хариу тайлбартайгаа холбоотой ямар нэгэн баримт, нотолгоог ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй.
Нөгөө талаар, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна гэж тусгайлан заасан.
Өөрөөр хэлбэл, хариуцагч тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаас өмнө орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал төлөгдсөн эсэхийг нягтлах үүрэгтэй байсан ба энэхүү үүргээ хэрэгжүүлээгүйгээс үүссэн өр төлбөрийг өөрөө хариуцахаар байх тул Ч.Б-ыг 2016 оны 3 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны төлбөрөөс чөлөөлөх үндэслэл тогтоогдсонгүй.
3. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаар хариуцагч Ч.Б-аас орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 4.120.900,88 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80.884 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-аас 80.884 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаар хариуцагч Ч.Б-аас орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 4.120.900,88 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80.884 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-аас 80.884 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА