Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 1133

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Бий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дугаар сарын 22-ний өдрийн 102/ШШ2019/01136 дүгээр шийдвэртэй,

 

 Нэхэмжлэгч Э.Бий нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Гд холбогдох,

 

8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

 

нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Т.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр харуул хамгаалалтын албаны дарга гэх Т.Гтай уулзаж, гэрээ байгуулж хамтран ажиллах тухай тохиролцсон. 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хамгаалалтын албаны дарга Т.Ггийн хаан банк 5059186412 тоот данс руу хамгаалалтын ажлын урьдчилгаа 5 000 000 төгрөг хувиасаа шилжүүлсэн боловч ямар нэг үүрэг гүйцэтгэлгүй утсаа таслаад алга болсон бөгөөд өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иргэн Т.Ггийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Сүхбаатар дүүргийн Прокурорын газар өргөдөл гаргасан ч тус газрын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2097 тоот тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Т.Г нь харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй байсан. Мөн эрүүгийн журмаар хэргийг шалгуулж байхад миний бие өмгөөлөгч авч өмгөөллийн хөлсөнд төлсөн 3 000 000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн 5 000 000 төгрөг, нийт 8 000 000 төгрөгийг Т.Ггаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бөхийн өргөөний удирдлагуудад албан бичиг гардуулах, шаардлага тавихад дэмжлэг үзүүлэх хэлбэрээр ажил хийх санал тавьсныг хүлээн авч, ажлын хөлсөө хэдэн цаг болсон ч хамаагүй нэг хүний 200 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөг байхаар тохирч урьдчилгаа төлбөр болох 5 000 000 төгрөгийг 6 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлэн авсан. Бөхийн өргөө дээр очиход байдал өөрөөр эргэж хаалганы цонхыг хагалж дотогш хүмүүсээ оруулах хууль бус шаардлага тавьсныг зөвшөөрөөгүй, анхнаасаа ийм тохиролцоо хийгээгүй, тохирсон ажлаа хийж хүмүүсийн хөлсийг өгсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Ггаас 8 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Э.Бий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Т.Г нь 5 000 000 төгрөгийг Хаан банкны харилцах 5059186412 тоот дансаараа шилжүүлэн авсан боловч, хэлцлийнхээ дагуу үйлдэл хийгээгүй, үүргээ гүйцэтгээгүй, Т.Ггаас шилжүүлсэн мөнгөө өгөхийг удаа дараа шаардахад утсаа салгаад алга болох зэрэг нөхцөл байдлыг үүсгэсэн тул улмаар цагдаад хандахад иргэний хэрэг маргаан гэж үзэж, улмаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх Т.Г, Э.Б нарын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэр гаргасан. Мөн шүүх талуудын хооронд үүссэн харилцааг бодитоор авч үзээгүй, зөв тодорхойлоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Т.Ггийн Хаан банкны 5059186412 тоот дансанд Э.Бий данснаас 5 000 000 төгрөг шилжсэн баримт хэрэгт авагдсан байхад “Монголын үндэсний бөхийн холбоо” ТББ түүний өмнөөс үүрэг гүйцэтгэсэн мэтээр тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн Т.Гг Бөхийн өргөөний хэвийн ажиллагааг ханган ажиллах харуул хамгаалалтын үйл ажиллагаагаа хэрэгжүүлээгүй болохыг нотлох баримтаар нотлоогүй мэтээр үндэслэж тайлбарладаг нь гэрээ хэлцэл хийгдээгүй гэх дүгнэлтүүдээсээ зөрүүтэй дүгнэлтийг хийсэн. Хэрэв шүүхийн дээрх дүгнэлтэд дурдсанчлан хариуцагч нь 5 000 000 төгрөгийн төлбөрийн үүргээ биелүүлсэн гэж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 107.3 дугаар зүйлд заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагчийг үүргээ биелүүлсэн гэж үзэх нотлох баримт байхгүй байхад шүүх ийм дүгнэлт хийгээд байгаа нь шүүх хэт нэг талыг барьсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангалгүйгээр шийдвэр гаргасан байна. Иймд хариуцагчаас 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Т.Гд холбогдуулан ажлын хөлсөнд төлсөн 5 000 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 3 000 000 төгрөг, нийт 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу тайлбарт үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Талуудын хооронд ямар төрлийн гэрээний харилцаа, үүрэг үүссэн эсэх, нэхэмжлэгчээс 5 000 000 төрөгийг ямар зорилгоор хариуцагчид шилжүүлсэн, улмаар нэхэмжлэгчийн тодорхойлсноор ажлын хөлсөнд шилжүүлсэн гэх уг мөнгийг хүлээн авсан хариуцагч нь гэрээгээр тохирсон үүргээ хэрхэн гүйцэтгэсэн зэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байжээ.

Хэрэгт Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн баримтууд авагдсан байх ба уг баримтаас үзвэл хариуцагч Т.Гд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад гэрч, хохирогч нараас авсан мэдүүлгүүдээр нэхэмжлэгчийн шилжүүлсэн 5 000 000 төгрөгөөс хариуцагч нь 50 000 төгрөг, 200 000 төгрөгөөр хүмүүст өгсөн талаар тайлбарласан байна. Мөрдөгчийн авсан мэдүүлгүүд нь эрүүгийн хэргийн хувьд нотолгооны ач холбогдолтой болохоос биш иргэний хэрэгт шууд хамааралтайгаар үнэлэх боломжгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэрчийн мэдүүлгийг шүүгч өөрөө авахаар хуульчилсан.  

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах ажиллагааг шүүх заавал хийх талаар заасныг анхан шатны шүүхээс анхаараагүй байна. Талуудад эвлэрүүлэх арга хэмжээг авсан, эвлэрүүлэх ажиллагааг хийсэн, энэ талаар сануулсан гэж үзэх баримт байхгүй байна.

Хэргийн дээрх нөхцөл байдлыг бүрэн тодруулснаар шүүх тухайн маргаанд хамаарах харилцаа, түүнийг зохицуулсан холбогдох хуулийн зүйл, заалтыг оновчтой хэрэглэж хэргийг шийдвэрлэх боломжтой болох юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дугаар сарын 22-ний өдрийн 102/ШШ2019/01136 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Бээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН