Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2017/00376

 

 

 

 

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2017/00376

Улаанбаатар хот

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, *******гууд овогт *******гийн *******,

Хариуцагч: Ч тоот, ******* ******* ******* *******ид холбогдох,

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 596 180 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяагаас гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.******* нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар ******* ******* ******* *******ийн албаны ахлах нягтлан бодогчийн ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 177 тоот шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг олгуулахаар шийдвэрлэсэн. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шатны шүүхийн тогтоолоор тус тус шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажил олгогч нь бүтэц орон тоо өөрчлөгдсөн учраас ажилд авахгүй, ахлах нягтлан бодогч гэсэн ажлын байр байхгүй гэсэн тайлбарыг тавьсан учраас ажилд авахгүй юм байна гээд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байдаг. Уг хүсэлтийг ******* ******* ******* *******ийн алба хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б/52 тоот захирамж гарч, шүүхийн шийдвэрийг биелүүлэн, Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, мөн Д.*******ыг ажлаас чөлөөлсөн. Үүнд нэхэмжлэгч маргаагүй. Харин анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2016 оны 06 дугаар 28-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэрийг биелүүлсэн өдөр болох 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны 119 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний 3 596 180 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг үндэслэж гаргуулан олгож, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь хуулийн дагуу нөхөн бичилт хийж баталгаажуулж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Ажил олгогч нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт өмнөх шүүхийн шийдвэрээр олгосон цалинг 8 сард хуваагаад бичилт хийсэн нь түүний эрхийг зөрчсөн байна. Иймд хуульд заасны дагуу үнэн зөвөөр нь шимтгэлийн бичилтийг хийлгэх хүсэлттэй гэв.

 

Хариуцагч ******* ******* ******* *******аас шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баттулгаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* нь *******ийн *******ийн ажлын албанд анх 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр томилогдохдоо тухайн үеийн *******ийн ажлын албаны бүтэц орон тоогоор буюу Үйлдвэр худалдааны сайдын 2005 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 33 дугаар тушаалаар батлагдсан ганцхан нягтлан бодогчийн орон тоотой ажиллаж байхад ахлах нягтлан бодогч гэсэн байхгүй орон тоог гарган, захирамжаар томилогдсон юм билээ. Үүнээс хойш ажиллаж байх хугацаандаа Д.******* нь удаа дараа сахилгын зөрчил гаргаж, шийтгэл хүлээсэн. Удирдлагын зүгээс хамтарч ажиллах боломжгүй гэж үзэн хөдөлмөрийн гэрээг сунгалгүй 2016 оны 02 дугаар сарын 26-нд ажлаас чөлөөлсөн юм билээ. Гэтэл анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн шийдвэрээр Д.*******ыг удаа дараа сахилгын зөрчил гаргаагүй гэж үзэн ажилд эгүүлэн тогтоосон. Шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хугацааны олговрыг олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийсэн. Бид Д.*******ыг ажлыг хийлгэх нь хийлгэх боломж байхгүй байсан. Үүнд, бүтэц орон тоонд батлагдаагүй байсан албан тушаалд томилогдсон байсан, мөн Засгийн газрын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 126 дугаар тогтоолоор ******* ******* ******* *******ийн ажлын албаны орон тоог шинэчлэн баталж, уг тогтоолыг 2016 оны төсвийн жилээс дагаж мөрдөхөөр заасан, Аж үйлдвэрийн сайдын 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 93 дугаар тушаалаар ерөнхий нягтлан бодогч болон тооцооны нягтлан бодогчтой байна гэсэн бүтэц батлагдсан хэдий ч Д.******* нь ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны шаардлагыг хангахгүй байсан. Сангийн сайдын 2012 оны 12 дугаар 28-ны өдрийн 298 тоот тушаалаар төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавих шаардлага, тэдгээрийн эрх үүрэг, ажилд томилох чөлөөлөх журмыг баталсан байдаг ба уг журмын 2.3.1.-т төсвийн ерөнхий нягтлан бодогч нь ахлах нягтлан бодогч, нягтлан бодогчоор 7-с доошгүй жил, түүнээс төвлөрүүлэн болон шууд *******ийн ахлах нягтлан бодогчийн ажилд 5-с доошгүй жил, эсхүл санхүү, төрийн сангийн газар хэлтэст 3-аас доошгүй жил ажилласан эрх бүхий мэргэшсэн нягтлан бодогч байх гэсэн шаардлагыг тавьсан байдаг. Энэ шалгуурыг хангахгүй байсан учир ажлаас чөлөөлсөн. 2016 оны батлагдсан төсөв, орон тоонд байхгүй орон тоонд ажилласан учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргаж өгөх боломжгүй. Түүнд ажиллаагүй байсан дээрх хугацааны цалинг олгох үндэслэлгүй. Мөн Д.*******ын эзэмшсэн мэргэжил нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.7., 3.1.6.-д заасантай нийцэхгүй байгаа юм. Учир нь нэхэмжлэгч нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг 2004-2008 онд бизнесийн удирдлага гэсэн мэргэжлээр суралцаж төгссөн болох нь дугаартай бакалаврын диплом, түүний хавсралтаар батлагдсан. Харин шүүхийн шийдвэрт зааснаар нийгмийн даатгалын дэвтрийн 2016 оны 11 дүгээр сарыг дуустал бөглөж өгсөн. Учир нь нэхэмжлэгч нь байр болон зээлэнд хамрагдах хүсэлтэй байгаа, нийгмийн даатгалын дэвтрийг таслахгүй бөглөөд өгөөч гэж хүссэн учраас удирдлагатай зөвшилцсөний үндсэн дээр бөглөсөн юм билээ. Харин 12 дугаар сард нийгмийн даатгалын тайлан гаргах хугацаа болоогүй байсан учир 12 дугаар сарыг бөглөж өгөөгүй. Шүүхийн шийдвэрт заасан 87 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговрыг бүгдийг төлж барагдуулсан. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ******* ******* *******ид холбогдуулан 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговорт 3 596 180 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч тал нь үл зөвшөөрч, Д.*******ыг ахлах нягтлан бодогчийн албан тушаалын орон тоо байхгүй байхад уг албан тушаалд томилсон 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/31 тушаал нь хууль бус байсан, Д.******* нь хуульд заасан мэргэшсэн нягтлан бодогчийн шаардлагыг хангаагүй, ажиллаагүй хүнд цалин олгох үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг дараахь үндэслэлээр ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

1.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.******* нь 2015 оны 9 дүгээр сарын 01-нээс хойш ******* ******* ******* *******ийн Бүртгэл, санхүүгийн хэлтсийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаад *******ийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Б/06 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн ба түүнийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 00177 дугаар шийдвэрээр урьд ажиллаж байсан дээрх ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллага үл зөвшөөрч хэргийг хянуулснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1499 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01208 дугаартай тогтоолоор 00177 дугаартай шийдвэрийг хэвээр баталсан ба шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ.

2. Ажил олгогч нь нэхэмжлэгч Д.*******ыг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг Бүртгэл, санхүүгийн хэлтсийн ахлах нягтлан бодогчоор томилсон шийдвэр гаргаагүй байна.

Өөрөөр хэлбэл, ажил олгогч ******* ******* ******* *******ийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/52 тоот Ажлаас чөлөөлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай захирамжид ...Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2., 37 дугаар зүйлийн 37.1.8., Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01208 тоот тогтоолыг тус тус үндэслэн Захирамжлах нь: 1.Захирагчийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Б/06 тоот захирамжийг хүчингүй болгосугай. 2. Д.*******ын ахлах нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдөх тухай өөрийн хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр дуусгавар болгосугай... гэж зааснаас үзэхэд Д.*******ыг ажлаас чөлөөлсөн Б/06 тоот захирамжийг хүчингүй болгосон боловч түүнийг эгүүлж ажилд нь томилоогүй атлаа 2 дахь заалтаараа ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

Иймд нэхэмжлэгч Д.*******ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, тодруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасан ...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэсэн заалтыг бодитоор биелүүлээгүй байна.

Ажил олгогчоос Д.*******ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоогоогүй байх боловч нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хариуцагч байгууллагын Б/52 тоот захирамжид гомдол гаргаагүй, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргаагүй, энэ талаар маргаагүй байна.

3.Нэхэмжлэгч Д.******* нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00177 дугаар шийдвэрээр 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гарснаас хойш 2016 оны 12 дугаар сарын 19-нд хариуцагч байгууллагын Б/52 тоот Ажлаас чөлөөлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай захирамжаар дахин ажлаас чөлөөлөгдөх хүртэл хугацаанд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй буюу хуульд заасан эрхийн дагуу ******* ******* ******* *******ийн гомдлоор иргэний хэрэг давж заалдах шатны шүүхэд болон хяналтын шатны шүүхэд хянагдаж байсан, түүнчлэн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 19-нийг хүртэл хариуцагч байгууллагаас Д.*******ын ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй байсан нь хэрэгт авагдсан 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 06166 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 182/ГХ2016/00707 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, зохигчдын тайлбар зэрэг баримтаар нотлогдсон.

 

4.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байна.

Хөдөлмөрийн маргаан таслах байгууллага гэсэн ойлголтонд хөдөлмөрийн маргаан таслах комисс болон шүүх хамаарахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйийн 125.1.-д заасан байх ба мөн хулийн 129 дүгээр зүйлийн 129.1.д заасан гомдол гаргах хугацаа нь хөдөлмөрийн маргаан таслах комисс болон шүүхэд аль алинд нь хамааралтай юм.

Нэхэмжлэгч Д.******* нь Ажлаас чөлөөлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай ажил олгогчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/52 тоот захирамж гарснаас хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу 2016 оны 12 дугаар сарын 26-нд шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

5.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно гэж заажээ.

Нэхэмжлэгч Д.*******ыг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрт болон түүний 000255773 тоот нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалингаас нэг өдрийн дундаж цалин хөлсний хэмжээг 30 220 төгрөгөөр тогтоосон ба талууд энэ талаар маргаагүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 6 дугаар сарын 28-наас хойш 2016 оны 12 дугаар сарын 19-нийг хүртэл 117 хоногийн цалинтай тэнцэх олговорт нийт 3 535 740 төгрөгийг хариуцагч байгууллага төлөх үүрэгтэй байна.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.-д Ажил олгогч болон...ажилтан нь ...нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй гэж, 46.2.-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.Энхтуяагийн ажилгүй байсан дээрх хугацааны шимтгэл хураамжийг хуулийн дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт үнэн зөв бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, хариуцагч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрсөн тайлбар татгалзал нь үндэслэлгүй байх тул хариуцагчаас ажилгүй байлгасан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 535 740 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 71 522 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* *******ийн албанаас 3 535 740 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 60 440 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Д.*******ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 71 522 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА