Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2012 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хэргийн индекс: 171/2010/1560/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Тө.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *** дүгээр хороо, *** дугаар хороолол, Мэргэжилтэний *** дүгээр байрны *** тоотод оршин суух **** овогт **** /регистрийн дугаар ***/-ын нэхэмжлэлтэй, 
Хариуцагч:Дархан-Уул аймаг, Дархан сум, ***дугаар багт байрлах *** ХХК /захирал ***/-д холбогдох 

2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, түрээсийн гэрээний төлбөр болох 16,800,000 төгрөг, барилгын засварын болон тоног төхөөрөмж худалдаж авсан зардал 15,605,000 төгрөг, нийт 32,405,000 төгрөг гаргуулах тухай, 
**** ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй, **** холбогдох түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болон эд хөрөнгийн хохирол 38,076,494 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** /өмгөөлөгчийн үнэмлэхний дугаар ***/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн өмгөөлөгч **** /өмгөөлөгчийн үнэмлэхний дугаар ***/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Анхгэрэл нар оролцов.
   
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  
Миний бие **** ХХК-ийн ерөнхий захирал **** харилцан тохиролцож, 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Дархан сумын ** дугаар багт байрлах үйлчилгээний төвд байрлалтай, тус компанийн ****, кафе, билльярдын зориулалттай ажлын байр, уг объектын зүүн талд байрлах нэмэлт оффисын өрөө, дагалдах хэрэгслийн хамт 5 жилийн хугацаатайгаар түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээнд гарын үсэг зурахаас өмнө 2009 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 2010 оны 5 дугаар сарын 01-нийг өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 16,800,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Түрээсийн гэрээний 1.2-т Түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтанд аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж гэрээнд заасан ажлын байрыг шилжүүлнэ, 2.2-т Түрээслэгч нь түрээслүүлэгчид ямар нэгэн эд хөрөнгийн доголдолгүй бүрэн эд зүйлсийг хүлээлгэн өгнө гэж заасан боловч 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр миний бие уг ажлын байрыг хүлээн авахаар Дарханд ирэхэд үйлчилгээ явуулах ямар ч шаардлага хангахааргүй /барилгад их засвар шаардлагатай, дисконы техник хэрэгслүүд нь байхгүй/ байснаас гадна ажлын байрны дүгнэлтийн хугацаа нь дууссан зэрэг зөрчлийн улмаас гэрээний дагуу уг диско баарыг ажиллуулах ямар ч боломжгүй байдалтай байсан тул энэ тухай түрээслүүлэгчид мэдэгдэхэд та нар их засварыг хий, дээрээс нь дээврийн засвар хийвэл 2010 онд төлөх түрээсийн үлдэгдэл төлбөрөөс чөлөөлнө, ажлын байрны дүгнэлт, бусад бичиг баримтыг зохицуулж өгнө гэсэн хариу хэлсэн. Мөн дисконы техник хэрэгслийг шаардахад тус компанийн захирал **** засварчид явуулсан боловч засах боломжгүй бусад шаардлагатай техник хэрэгслийг **** ХХК-иас хуучин тоног төхөөрөмжийг 16,512,819 төгрөгөөр үнэлэн худалдаж ав гэсэн нэхэмжлэх өгсөн. Шаардлага хангасан ажлын байр түрээслэнэ гэсэн тохиролцоогоо түрээслэгч тал нь ийнхүү зөрчсөн. Түрээсийн төлбөрөө төлчихсөн байсан учир Улаанбаатар хотоос барилгын засварын бригад авчирч их засвар хийсэн. Засварын хөлсөнд 3,500,000 төгрөг төлж, засварын материалд 6,000,000 төгрөг зарцуулсан. Засварын ажил 2009 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дууссан. Энэ хугацаанд миний бие үйл ажиллагаа явуулаагүй боловч түрээсийн төлбөр тооцогдсоор байсан. Мөн өөрийн мөнгөөр тоног төхөөрөмжүүдийг худалдан авч ажлын байранд байршуулсан ба өнөөдрийг хүртэл буцаан аваагүй байна. Үүнд: Мас 575 вт-ын чадалтай диско гэрэл /6 ширхэг*500,000 төгрөг/ 3,000,000 төгрөг, мас 250 вт-ын чадалтай диско гэрэл /2 ширхэг*300,000 төгрөг/ 600,000 төгрөг, өсгөгч чадлын 2500 /1 ширхэг*250,000/ 250,000 төгрөг, өсгөгч 2100 /1 ширхэг*200,000/ 200,000 төгрөг, яригч /2 ширхэг*200,000/ 400,000 төгрөг, гэрлийн удирдлага /1 ширхэг*15,000/ 15,000 төгрөг, утааны аппарат /1 ширхэг*100,000/ 100,000 төгрөг, микропон /1 ширхэг*20,000/ 20,000 төгрөг, проректор /1 ширхэг*400,000/ 400,000 төгрөг, грил мах шарагч /1 ширхэг*500,000/ 500,000 төгрөг, пиццаны зуух /1 ширхэг*500,000/ 500,000 төгрөг, хос буйдан /1 ширхэг*100,000/ 100,000 төгрөг, халуун тогоо /1 ширхэг*20,000/ 20,000 төгрөг, нийт 6,105,000 төгрөгийн техник хэрэгсэл болно. Засварын ажлыг дуусгаж, техник тоног төхөөрөмжүүдийг байрлуулсны дараа 2009 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нээлт хийхээр товлосон боловч томуугийн А /H1N1/ вирусын халдвар тархаж байгаатай холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамж гарч, оройн 21 цагаас хойш бар, цэнгээний газруудыг ажиллуулахыг хориглож, өндөржүүлсэн бэлэн байдал зарласны улмаас 1 сараар хойшлуулж, үүний улмаас бүтэн сар ашиггүй ажилласан. 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш ажиллуулахаар оролдсон боловч ажлын байрны дүгнэлтгүй, энэ талаар гүйцэтгэх захирал *** удаа дараа шаардсан боловч ямар ч арга хэмжээ авахгүй байсаар байгаад 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн **** дугаартай актаар **** баарны үйл ажиллагааг бүр мөсөн зогсоосон. 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх захирал **** нь хамгаалалтын алба дагуулан ирж та нар сүүлийн сарын түрээсийн төлбөрөө төлөөгүй тул чөлөөл гэсэн ба энэ өдрөөс хойш намайг диско бааранд оруулаагүй тул миний бие уг ажлын байрнаас юу ч авч чадалгүй хөөгдөж гарсан. Ийнхүү түрээслүүлэгч нь хуурч мэхлэх замаар түрээсийн гэрээ байгуулсан, түрээсийн төлбөрийг урьдчилж авсаныхаа дараа үйл ажиллагаа хэвийн явуулах ажлын байраар хангах түрээсийн гэрээний заалтыг ноцтойгоор зөрчиж, чанарын болон эрхийн доголдолтой ажлын байрыг хүлээлгэн өгсний улмаас түрээслэгч миний бие дээр дурьдсан ямар ч үйл ажиллагаа явуулаагүй тул түрээсийн төлбөр төлөх, барилгын их засвар хийх, техник тоног төхөөрөмж худалдаж авах зэргээр надад эд хохирол учирсан. Иймд 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, түрээсийн гэрээний төлбөр болох 16,800,000 төгрөг, барилгын засварын болон тоног төхөөрөмж худалдаж авсан зардал 15,605,000 төгрөг, нийт 32,405,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч **** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Зохигчид түрээсийн гэрээ байгуулахдаа гэрээний 2.2-т зааснаар эд хөрөнгийн доголдолгүй эд хөрөнгийг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч эрхийн доголдолтой эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн. Тусгай зөвшөөрлийн хувьд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг иргэн, хуулийн этгээд хоорондоо шилжүүлэхгүй байхаар заасан байдаг. Үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлсэн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлээгүй тул 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцогдох хэлцэл тул 56.5-д зааснаар өгсөн, авсанаа буцаан өгөх хуулийн зохицуулалттай юм. **** эд хөрөнгөө хүлээлгэн өгсөн атлаа түүнээс хүлээн авсан баримт байдаггүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.  

Хариуцагч **** ХХК-ийн итгэмжлэгдсөн төлөөлөгч **** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  
    ****  ****  ХХК нь иргэн  Б**** байгуулсан гэрээгээр үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан байрыг хүлээлгэн өгсөн. **** нь өөрөө санаачилан байранд өөрийн дизайнаар өөрчлөх санал гаргаж засвар
хийсэн болохоос манай компани засвар хийх шаардлага тавиагүй, засвар хийсэн тохиолдолд түрээслэгч өөрөө хариуцахаар гэрээнд заасан. Манай компани нь ажлын байр түрээслүүлсэн бөгөөд ажлын байрны дүгнэлтийг үйлчилгээ явуулж байгаа хүмүүс нь хариуцна, учир нь түрээслэн авсан хүмүүсийн өөрсдийн үйл ажиллагааг өөрсдийн  менежмент,  удирдлагаар хангаж,  үйл  ажиллагааны  шаардлагыг хангах ёстой. Үйлчилгээний тусгай зөвшөөрөл, ажлын байрны дүгнэлтийн шаардлагыг түрээслүүлэгч хариуцахгүй гэдгийг түрээслэгч тал бүрэн ойлгох учиртай юм. Бид түрээсийн байранд байх шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжийг бүрэн хангах үүрэг хүлээгээгүй, учир нь үйл ажиллагаа явуулж буй тал ямар тоног төхөөрөмж хэрэглэх нь өөрсдийнх нь асуудал юм. Харин ч хуучин байсан төхөөрөмжүүдийг хайр гамтай, техникийн горимын дагуу ажиллуулан бүрэн бүтэн буцаан хүлээлгэн өгөх ёстой. Түрээслэгч нь засварын болон нэмэлт төхөөрөмж худалдан авсан зардлаа нэхэмжилсэн байна. Харин ч түрээсийн төлбөр, үйл ажиллагааны явцад үүссэн дулаан, цахилгаан, ус зэрэг зардлаа төлөөгүй алга болсны улмаас дулааны төлбөр нь 6,502,000 төгрөг, усны төлбөр 1 сая төгрөг, цахилгааны төлбөр 600,000 төгрөгийн өр үүсч компани үйл ажиллагаа явуулах боломжгүй болж их хэмжээний хохирол учруулсан. Мөн компанийн тоног төхөөрөмж, эд хогшлыг эвдэж сүйтгэсэн. Бид түүний авчирсан гэх тоног төхөөрөмжийг өгөхгүй байгаа биш, өөрөө алга болсон. 2010 оны 5 дугаар сард цахилгааны төлбөр 600,000 төгрөг төлөгдөөгүйн улмаас компанийн тогийг тасалсан учир тус компаниас тог хэрэглэдэг байгууллагууд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон учир гэрээг удаа дараа ноцтой зөрчсөний улмаас гэрээг цуцалж гаргасан болно. Бүх төлбөрөө барагдуулсаны дараа үйл ажиллагаа дахин явуулж болохыг сануулсан. **** нь ажилчид гэх 10 гаруй залуучуудыг Улаанбаатараас авчирч компанийн байранд байрлуулж амьдарч байсан бөгөөд компаниас удаа дараа шаардлага тавихад биелүүлээгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Хариуцагч **** ХХК-ийн өмгөөлөгч *** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  
Нэг талаас иргэн **** нар өөрсдийн хүсэл зоригоо
бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн тул Иргэний хуулийн 195 дугаар
зүйлийн 195.1-д заасан гэрээ байгуулах санал гаргасан гэж үзнэ. Гэрээний
урьдчилгаанд 16,800,000 төгрөгийг урьдчилан төлсөн нь хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн гэж үзэх үндэслэл мөн. Эдгээр хүмүүс нь гэрээ байгуулах нөхцөл тавьж, хүссэнийг нөгөө тал болох **** **** ХХК-ийн ерөнхий захирал **** гэрээний нөхцлийг зөвшөөрсөн нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т заасан гэрээний гол нөхцлийг тохирсон гэж үзнэ. Гэрээний 2.1-д ажлын байрны инженерийн тоног төхөөрөмж, эд хөрөнгийг түрээслэгчид актаар хүлээлгэн өгнө гэсэн заалтыг баримталж **** **** ХХК-ийн байрны эд хөрөнгийг тооллогын бүртгэл, жагсаалтын дагуу 12 хуудас баримтаар иргэн ****хүлээлгэн өгсөн. Нэгэнт гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлсэн тул Иргэний хуулийн 196 дүгээр зүйлийн 196.1.1-д заасан, мөн хуулийн 196 дүгээр зүйлийн 196.1.2-т заасан талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрсөнөө илэрхийлсэн тал гарын үсэг зурсан... тул гэрээ байгуулсанд тооцно. Нэгэнт хэлэлцэн тохиролцсоны дагуу эд хөрөнгө болох ажлын байр, эд зүйлийг гэрээний нэг тал болох ****актаар хүлээлгэн өгөх үүргээ гэрээний нөгөө тал болох **** **** ХХК тогтоосон газарт нь шударгаар биелүүлсэн. **** гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг үйлчилгээний зориулалтын дагуу ашигласаны үр дунд бий болсон үр шимийг олж авахаар харилцан тохиролцсон тул эзэмших, ашиглах хугацаанд гарах тогтмол болон бусад зардлыг хариуцах нь гэрээний болон зах зээлийн, бизнесийн салбарт тогтсон жишгээс халиагүй гэж үзнэ. Иймд хоёр талын хүсэл зоригоо илэрхийлсэн гол тохиролцоо биелсэн тул уг гэрээг Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтыг  хэрэглэх бүрэн боломжтой. Энэ үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, урьдчилан төлсөн 16,800,000 төгрөгийг буцаан шаардах үндэслэл болж чадахгүй гэж үзэж байна. **** бусад хүмүүсийн хамт үйл ажиллагаа явуулж байсан **** **** ХХК-ийн байрыг газар дээр нь ирж үзэн гэрээ байгуулах санал гаргасныг ерөнхий захирал **** хүлээн зөвшөөрсөн. Гэрээ байгуулах үед **** өөрсдийн явуулах үйл ажиллагаандаа зориулан ажлын байрны дотоод засал болон бусад шаардлагатай зүйлийг тохижуулна гэж байсан тул гэрээний 1.1 -д ...ажиллагаатай байгаа... дагалдах хэрэгсэлийг талууд харилцан тохиролцон хүлээлцэх ба бага үнэтэй түргэн элэгдэх зүйлсийг \стакан, запас ламп\ оруулахгүй гэж заасан нь гэрээ байгуулах үед талууд ажлын байр болон дагалдах хэрэгсэлтэй танилцсаныг нотолно. **** нь **** **** ХХК-иас шилжүүлэн өгөх ажлын байр, түүний ажиллагаатай байгаа дагалдах хэрэгсэл тэдний явуулах гэж буй үйл ажиллагаа, хүсэл зорилгод нийцэхгүй байсан бол өөрсдийн цаг зав, санхүүгийн тооцоо, боломжиндоо эрсдэл учруулж, Улаанбаатар хотоос ирж үйл ажиллагаа эрхлэхгүй л байсан. Харин ч тэд ажлын байрандаа хонон өнжин байрлаж, үйл ажиллагаа явуулж байсан тул бид 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр *** албан тоотыг шаардлагыг хүргүүлсэн. Уг албан тоотын 3-д гэрээний 1.1-д заасны дагуу зөвхөн ажлын байрны зориулалтаар ашиглах \ажлын байранд байрлахгүй байх талаар шаардлага хүргүүлсэн. Өөрсдийн үйл ажиллагааны чиглэл, зорилгод нийцүүлэн зарим зүйлсийг өөрчилнө гэсний дагуу ажлын байрны дотоод засалыг өөрчилсөн бөгөөд гэрээ байгуулах үед энэ тухай маш тодорхой ярьж ойлголцсоны үр дүнд гэрээнд 3.10 дахь заалтыг оруулсан. Гэвч нэхэмжлэгч тал болох **** гэрээгээ зөрчиж бидний зөвшөөрөлгүйгээр засвар хийсэн тул түүнд гарсан зардлыг манай тал хариуцахгүй. Нэхэмжлэгч нь Аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн шаардлагыг нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн байна. Шалгалтыг ****, ****нарыг байлцуулан хийсэн бөгөөд зөрчилд дурьдагдсан үйл ажиллагааны доголдол нь ****ын үйл ажиллагаатай холбоотой, тэдний хариуцаж хийх ёстой үүрэг гэж хариуцагч тал үзэж байна. Одоо **** **** ХХК нь ****ын ажиллуулж байсан ашиглалтын зардал болох дулаан, цахилгаан, усны үнийг төлөөгүйгээс болж дээрхи газруудтай байгуулсан гэрээнүүд цуцлагдаж, үүний улмаас үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон. Дээрхи ашиглалтын зардлыг төлсөн ч дахин шинээр ажлын байрны дүгнэлт гаргуулах, тусгай зөвшөөрөл авах зэрэг давхар давхар хохирол  учраад байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

**** ХХК-ийн итгэмжлэгдсөн төлөөлөгч **** шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  
****нар 16,800,000 төгрөгийг урьдчилан манай компанийн ерөнхий захирал ****д төлсөнийг хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлсэн гэж үзэж ажлын байр түрээслүүлэх, түрээслэн авах гэрээг байгуулсан. Гэрээний 2.1-д ажлын байрны инженерийн тоног төхөөрөмж, эд хөрөнгийг түрээслэгчид актаар хүлээлгэн өгнө гэсэн заалтыг баримталж **** **** ХХК-ийн байрны эд хөрөнгийг тооллогын  бүртгэл, жагсаалтын дагуу 12  хуудас баримтаар ****хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу **** үйл ажиллагаа явуулж байхдаа ажлын байранд тавигдвал зохих шаардлагыг үл тоон биелүүлдэггүй байсан учир бид арга буюу 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн **, 2010 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн **, 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн **, 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн *** зэрэг албан тоотыг хүргүүлж байсан. Аймгийн мэргэжлийн хяналтын газар ****, ****нарыг байлцуулан төлөвлөгөөт шалгалтыг хийж Хүнсний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан шаардлагыг бүрэн хангах хүртэл 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоосон. ****, ****нар гэрээний дагуу түрээсийн үлдэгдэл төлбөр, мөн актаар хүлээн авсан эд хөрөнгийг цаашид ашиглах боломжгүй болон алга болгон дутааж **** **** ХХК-д нийт 38,282,000 төгрөгийн хохирол учруулсан гэж нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 38,076,494 төгрөг болгож байна гэжээ.

**** болон түүний өмгөөлөгч **** сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 
Надад эд хөрөнгүүдийг хүлээлгэн өгсөн атлаа, буцааж хүлээн авсан баримт байхгүй, ямар эд хөрөнгө нь хэрхэн гэмтсэн эсэх нь нотлох баримтаар нотлогддоггүй. Түрээсийн үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 


Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр   шинжлэн судлаад
                                        
                               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **** нь хариуцагч **** ХХК-д холбогдуулан 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, түрээсийн гэрээний төлбөр болох 16,800,000 төгрөг, барилгын засварын болон тоног төхөөрөмж худалдаж авсан зардал 15,605,000 төгрөг, нийт 32,405,000 төгрөг гаргуулах тухай, 
**** ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй, **** холбогдох түрээсийн  гэрээний үлдэгдэл төлбөр болон эд хөрөнгийн хохирол 38,282,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 38,076,494 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ. 

2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ****нар **** **** ХХК-тай Ажлын байр түрээслүүлэх, түрээслэн авах гэрээ-г байгуулж, үйлчилгээний зориулалттай диско клуб, кафе, билльяардын зориулалттай ажлын байр болон объектын зүүн талд байрлах нэмэлт оффисын өрөө тэдгээрийн гэрээ хийх үед ажиллагаатай байгаа дагалдах хэрэгслийн хамт 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 5 жилийн хугацаагаар үйлчилгээний зориулалтаар ашиглуулахаар тохиролцож, 2010 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөрт **** нь 16,800,000 төгрөгийг **** **** ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. 
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар зохигчид нь үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг биелүүлсэн боловч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул зохигчдын хооронд байгуулагдсан Ажлын байр түрээслүүлэх, түрээслэн авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. 
Дээрх гэрээ нь хуульд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар зохигчид гэрээний дагуу хүлээлгэн өгсөн зүйлээ харилцан шилжүүлэх нь зүйтэй бөгөөд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна. 
Нэхэмжлэгч **** нь ****ыг түрээслэх явцдаа засварын ажил хийж, тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. 
Нэхэмжлэгчийн засварын ажлын зардлыг нотолсон баримтуудаа хэрэгт ирүүлснээс нотлох баримтын шаардлага хангасан дараахи нотлох баримтуудыг тооцож, засварын зардлыг гаргалаа. Үүнд: Хурд суудлын бүрээсийн 2009.10.17-ны өдрийн 1,000,000 төгрөгийн зарлагын баримт, Дархан Болор талст ХХК-ийн 2009.09.21-ний өдрийн 134,500 төгрөгийн, 2009.10.05-ны өдрийн 203,500 төгрөгийн, 2009.10.23-ны өдрийн 427,000 төгрөгийн зарлагын баримтууд, Очир зүүн ХХК-ийн 2009.12.19-ний өдрийн 14,200 төгрөгийн зарлагын баримт, Хаш-Эрдэнэ ХХК-ийн 2009.09.27-ны өдрийн 307,500 төгрөгийн, 2009.09.20-ны өдрийн 984,700 төгрөгийн, 2009.10.03-ны өдрийн 306,400 төгрөгийн зарлагын баримт, ****ХХК-ийн 2009.10.16-ны өдрийн 792,000 төгрөгийн зарлагын баримт, Барилгын материал худалдааны /Бирж65/ 2009.12.10-ны өдрийн 13,800 төгрөгийн зарлагын баримт, **** ХХК-ийн өдрийн 2009.12.13-ны өдрийн 5600 төгрөгийн зарлагын баримт, ****дэлгүүрийн 2009.12.19-ний өдрийн 10,000 төгрөгийн зарлагын баримт, ****** 2009.10.03-ны өдрийн 345,500 төгрөгийн зарлагын баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь зүйтэй байна. 

Засварын ажлын хөлсийг Монгол Улсын тэргүүлэх төсөвчин ***** гаргасан **** диско барыг түрээслэх хугацаанд хийсэн барилгын засварын ажлын төсөв-т тусган тодорхойлсоноор 3,033,069 төгрөгөөр тооцож гаргах үндэслэлтэй байна.      

    **** комплекс ХХК нь түрээсийн гэрээг ****тай байгуулж, ашиглах боломжтой нэр бүхий эд хөрөнгүүдийг 2009 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ****хүлээлгэн өгсөн бөгөөд **** нь диско баарыг түрээсээр ашиглах явцдаа 50 нэр төрлийн 5,452,584 төгрөгийн эд хөрөнгийг ашиглах боломжгүй буюу алга болгосон, мөн үүнээс гадна хүлээлгэн өгсөн техник тоног төхөөрөмжийн жагсаалтад CDJ1000 гэх тоног төхөөрөмжийг ****хүлээлгэн өгөөгүй болох нь **** **** ХХК-иас ирүүлсэн 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Ашиглах боломжгүй болон байхгүй алга болсон эд хөрөнгийн жагсаалт, Эд хөрөнгийн тооллогын бүртгэл-үүд, **** ХХК-ийн Хөгжмийн техник хэрэгсэлийн хохирлын үнэлгээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх тул *** ХХК-ийн Хөгжмийн техник хэрэгсэлийн хохирлын үнэлгээ-нд орсон ***-ийн үнэлгээ 1,750,000 төгрөгийг үнэлгээнээс хасах нь зүйтэй байна. 

Иймд үндсэн нэхэмжлэлээс 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ****нар **** **** ХХК-тай байгуулсан Ажлын байр түрээслүүлэх, түрээслэн авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, түрээсийн төлбөр 16,800,000 төгрөг, засварын ажлын зардал болон ажлын хөлс 8,633,769 төгрөг, нийт 25,433,769 төгрөгийн шаардлагыг хангаж, ****ын үйл ажиллагаа явуулахдаа зориулж авсан Мас 575 вт-ын чадалтай диско гэрэл /6 ширхэг/, мас 250 вт-ын чадалтай диско гэрэл /2 ширхэг/, өсгөгч чадлын 2500 /1 ширхэг/, өсгөгч 2100 /1 ширхэг/, яригч /2 ширхэг/, гэрлийн удирдлага /1 ширхэг/, утааны аппарат /1 ширхэг/, микропон /1 ширхэг/, проректор /1 ширхэг/, грил мах шарагч /1 ширхэг/, пиццаны зуух /1 ширхэг/, хос буйдан /1 ширхэг/, халуун тогоо /1 ширхэг/ зэрэг техник хэрэгсэлийг **** **** ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч ****олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, 
сөрөг нэхэмжлэлээс эд хөрөнгийг ашиглах боломжгүй буюу алга болгосон 5,452,584 төгрөг, Хөгжмийн техник хэрэгсэлийн хохирлын үнэлгээ-ний 18,555,390 төгрөг, нийт 24,007,974 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 
 
            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.5-д тус тус заасныг баримтлан 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ****нар **** **** ХХК-тай бай гуулсан Ажлын байр түрээслүүлэх, түрээслэн авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч **** **** ХХК-иас 25,433,769 /хорин таван сая дөрвөн зуун гучин гурван мянга долоон зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ****олгож, ****ын үйл ажиллагаа явуулахдаа зориулж авсан Мас 575 вт-ын чадалтай диско гэрэл /6 ширхэг/, мас 250 вт-ын чадалтай диско гэрэл /2 ширхэг/, өсгөгч чадлын 2500 /1 ширхэг/, өсгөгч 2100 /1 ширхэг/, яригч /2 ширхэг/, гэрлийн удирдлага /1 ширхэг/, утааны аппарат /1 ширхэг/, микропон /1 ширхэг/, проректор /1 ширхэг/, грил мах шарагч /1 ширхэг/, пиццаны зуух /1 ширхэг/, хос буйдан /1 ширхэг/, халуун тогоо /1 ширхэг/ зэрэг техник хэрэгсэлийг **** **** ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч ****буцаан олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, ****аас 24,007,974 /хорин дөрвөн сая долоон мянга есөн зуун далан дөрөв/  төгрөгийг гаргуулж,  **** **** ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,025 төгрөг, **** **** ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 297,700 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, **** **** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 285,118 /хоёр зуун наян таван мянга нэг зуун арван найм/ төгрөгийг гаргуулж, ****олгож, ****аас улсын тэмдэгтийн хураамж 277,989 /хоёр зуун далан долоон мянга есөн зуун наян ес/ төгрөгийг гаргуулж, **** **** ХХК-д олгосугай. 

    3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Тө.ЭНХЖАРГАЛ