| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2023/00407/И |
| Дугаар | 183/шш2023/02756 |
| Огноо | 2023-09-13 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 183/шш2023/02756
| 2023 оны 09 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2023/02756 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, регистрийн дугаар **********, Б овогтой Э-ын Н-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байр, ** тоотод оршин суух, регистрийн дугаар *********, Х овогтой Т-ийн Б-д холбогдох,
Хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг болон нэмэлт зардалд 4.220.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч Т.Б-д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг болон нэмэлт зардалд 4.220.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Э овогтой Н миний бие Т-ийн Б тэй 2018 оноос үерхэж, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр охинтой болсон бөгөөд гэрлэлтээ батлуулж байгаагүй. Охиноо төрснөөс хойш хамтран амьдрах хугацаанд Т.Б нь охин болон надад хайр халамж, тусламж дэмжлэг үзүүлээгүй, зан аашны таарамжгүй байдал нь хамтын амьдралаа дуусгах гол шалтгаан болсон. Миний бие охиноо төрсөн цагаас эхлэн өөрөө өсгөсөн бөгөөд эрүүл аюулгүй орчинд өсгөхөд шаардлагатай бүхий л зардлыг өөрөөсөө гаргаж байна. Охины эцэг Т.Б хуулиар хүлээсэн үүрэг болох "Эцэг, эх хүүхдээ тэтгэх үүрэг"-ийг биелүүлдэггүй. Эцгийн хайр халамж болон цэцэрлэгийн төлбөр, хичээлийн хэрэгсэл гэх мэт материаллаг хэрэгцээнд огт тусалж байгаагүй. Миний бие охиныхоо сурлага, хүмүүжилд анхаарч төлбөртэй "О б" цэцэрлэгт, мөн англи хэлний сургалтад явуулдаг бөгөөд эцэг Т.Б-ээс цэцэрлэгийн төлбөрийг хувааж төлье хэмээн удаа дараа хэлсэн ч огт тоож, авч хэлэлцээгүй. Би хэлэхдээ хүүхэддээ эцэг шиг нь байгаад харж хандаад уулзаж байгаарай гэж хэлсэн ч уулздаггүй. Баяр ёслолын үеэр ганц, хоёр удаа л бэлэг өгсөн. Үүнээс өөр хүүхдийнхээ төрсөн өдрөөр нь ч бэлэг өгч байгаагүй. Охин Б.Г нь одоо ээж Э.Н миний асрамжид байгаа ба Т.Б-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар хандахад огт хүлээж авалгүй татгалздаг. 2 Иймд охин Б.Г-ийг миний асурамжид үлдээж, эцэг Т.Б-ээс тэтгэлэг гаргуулж, мөн цэцэрлэгийн төлбөрт төлсөн 8.440.000 төгрөгийн 50 хувь болох 4.220.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Цэцэрлэгийн 1 сарын төлбөр нь 2021 онд 285.000 төгрөг, 2022 онд 400.000 төгрөг, 2023 онд 500.000 төгрөг бөгөөд миний зүгээс уг төлбөрийг 2021 оны 9 дүгээр сараас төлж, нийт 8.440.000 төгрөг төлсөн байна гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 152.670 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчээс Г.Э-д олгосон итгэмжлэл, өрхийн эмнэлгийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны тодорхойлолт, Б.Г-ийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б Б цэцэрлэгийн тодорхойлолт зэргийг ирүүлсэн,
3. Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Э.Намуун, Т.Б нар хамтын амьдралтай байсан ба тэдний дундаас **** оны ** дүгээр сарын **-ны өдөр охин Х овогтой Б-ийн Г төрсөн болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай болох нэмэлт зардалд 4.220.000 төгрөгийг гаргуулахаар тус тус шаардлага гаргажээ.
Тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Б-д 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр болон 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тус тус гардуулж, танилцуулсан боловч тэрээр хуульд заасан 14 хоногийн хугацаанд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
Мөн түүнд 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ба шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хэргийг хянан шийдвэрлэв.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Б.Г-ийг эх Э.Н-н асурамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охиныг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Т.Б-ээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
3. Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хүүхдэд онцгой нөхцөл байдал тохиолдсон буюу хүүхэд эмчлүүлсэн, сургуульд орсон зэрэгт нэмэлт зардал гарсан бол эцэг, эх нь гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.8-д зааснаар эцэг, эх нь хүүхдийг хөгжих, төлөвшихэд нь дэмжин туслах үүрэгтэй.
Охин Б.Г нь Б Б цэцэрлэгт хүмүүждэг бөгөөд нэхэмжлэгч Э.Н-аас түүний сургалтын зардалд 2021 оны 9 дүгээр сараас 2023 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд нийт 8.440.000 төгрөг төлсөн нь тухайн цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолтуудаар нотлогдов.
Ингээд нэхэмжлэгч нь уг сургалтын төлбөрийн 50 хувь болох 4.220.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй, мөн хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс эцэг Т.Б-ээс уг төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Н-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152.670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-ээс 152.670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Н-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар ***** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, регистрийн дугаар ********, Х овогтой Б-ийн Г-ийг эх Э.Н-н асурамжид үлдээсүгэй.
2 . Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.Г-ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Т.Б-ээр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагч Т.Б-ээс нэмэлт зардал 4.220.000 /дөрвөн сая хоёр зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Н-д олгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Н-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152.670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-ээс 152.670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Н-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА