| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2007003660254 |
| Дугаар | 2021/ДШМ/930 |
| Огноо | 2021-11-02 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2021/ДШМ/930
2021 11 2 2021/ДШМ/930
О.Ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Гэрэлчимэг,
шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээ сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.Ад холбогдох эрүүгийн 2007 00366 0254 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
О овогт О-гийн А, ........ оны ... дугаар сарын ...-ны өдөр ................... аймгийн ............ суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “А” ХЗХ-нд зээлийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, ээж, эхнэрийн хамт ................. аймаг, ................. сум, ... дугаар баг, ................, ... дугаар хэсэг гудамж .......... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ............... дүүрэг, .... дугаар хороо, ......... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:.................................../;
Шүүгдэгч О.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн орой Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х х” гэх нэртэй амралтын газарт иргэн Н.Ттай маргалдаж зэвсэг болох хутгаар хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: О.Аы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О овогт О-гийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Аыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад оногдуулсан 5 /тав/ жил хорих ялаас 2 /хоёр/ жилийг өршөөн хасаж, эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аы цагдан хоригдсон 34 /гучин дөрөв/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогчид эмчилгээний зардалд 11.000.0000 /арван нэгэн сая/ төгрөг төлсөн тул шүүгдэгч О.А нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Т нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 23 см урттай бор өнгийн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.А миний бие 2020 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн орой найз нарын хамтаар “Х х” амралтын газар амарч байхдаа хохирогч Н.Тын найз нартай маргалдаж түүнд хүнд гэмтэл учруулсан хэргээ анх гарсан үеэс нь хүлээн зөвшөөрч Н.Тын эмчилгээнд цаг алдалгүй оруулж одоо биеийн байдал сайжирч надад гомдол саналгүй, хөнгөрүүлж шийдэж өгөөч гэж хүсдэг. Би одоо 22 настай эд хийж бүтээх насан дээрээ ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, өөрийгөө буруутгадаг. Хэрэв би тухайн үед асуудлыг ярилцаж учрыг нь олж шийдсэн бол ийм том алдаа гаргахгүй байсан гэж боддог. Би эхнэр, ээжийн хамт амьдардаг. Өөрийн гэсэн ажил мэргэжилтэй. Нийгэмд алдаж онох зүйл байдаг. Ийм алдаа битгий гаргаарай гэж хүмүүст, хүүхэд залуучуудад сурталчлах ёстой гэдгийг маш сайн ухаарч байна. Надад нэг удаа боломж олгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хичээнгүйлэн хүсэж байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.А нь 2020 оны 8 дугаар сарын 8-ны өдөр “Х х” амралтын газарт иргэн Н.Ттай маргалдаж хутгаар хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас сайн дураараа хүлээж ирсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүл мэндийн шалтгааны улмаас Түрк улс руу эмчилгээнд явсан боловч эмчлүүлэх боломжгүй болж нэг жилийн амьдрах эрх гарсан ч өөрийн хүсэлтээр ирж шүүхээс түүнийг цагдан хорих шийдвэр гаргасан. Түүнд ял шийтгэл оногдуулахдаа түүнийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар-Екатеринбург-Франкфуртын чиглэлд хилээр гарч оргон зайлсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэсэн үндэслэлээр өмгөөлөгчийн саналыг няцаасан.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний
гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар,
хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж эсхүл нөхөн
төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий
ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих
ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх
хэмжээг шүүхэд хуулиар олгосон.
Шүүх гэм буруу, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй
шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь хуульд
нийцэх ба ингэхдээ мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд
хохирогчийн гомдол саналгүй, хохирол, хор уршиг арилсан, хохирогчийн биеийн
эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэхийн сацуу эрүүгийн хариуцлагын зорилгод
хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ. Гэтэл шүүхийн шатнаас оргосон гэсэн хуульд байхгүй үндэслэлээр эрүүгийн хуулийг буруу тайлбарлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлийн 3.1-т үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, түүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг зөвхөн энэ хуулиар тодорхойлно”, 3.2-т Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно., мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудтай зөрчилдөж байна.
Иймд шүүгдэгч О.Ад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд зарцуулсан эмчилгээний зардлыг бүрэн төлж, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ялыг хөнгөрүүлэн ялаас нь багасгаж шийдэж өгнө үү гэсэн хүсэлт, анх удаа гэмт хэрэгт холбогдсон болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Прокурор Ц.Гэрэлчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Аы хувийн байдалтай холбоотой дүгнэлтийг үндэслэлтэй хийсэн. Шүүгдэгч О.А нь эмчилгээ хийлгэх зорилгоор Турк улс руу явсан гэх боловч эмчилгээ хийлгэсэн баримт нь байгаа, байхгүй болох нь тодорхойгүй байдаг. Анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж 2 жилийн хорих ялыг хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд шүүгдэгч О.А болон түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн орой Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х х” гэх нэртэй амралтын газарт иргэн Н.Ттай маргалдаж зэвсэг болох хутгаар хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Н.Тын “...хэсэг хугацааны дараа Даваадорж гүйгээд ирсэн. Би өөдөөс нь гараад зөрсөн. Тэр үед өөдөөс саарал цамцтай залуу гэрийн хажуу талын жижиг бут шиг модны тэндээс тулаад гүйгээд ирсэн. ...харанхуй байсан болохоор хүн гүйгээд ирэхээр нь бариад авсан. Тэгээд бие биеэ заамдалцаад ноцолдож эхлээд гараа сарвалзуулаад зууралдсан. Тэр үед би цохисон байж магадгүй тэрийгээ анзаараагүй. Эхнэр Ганчимэг хойноос миний цамцнаас татсан. Тэгээд би тэр залуугаас холдоод шууд гэр лүү орсон. Гэрт ороход миний гэдэс орчим халуу оргиод байхаар нь гараараа тэмтрээд харахад цус гарч байсан. Тэгээд би шууд шоконд ороод яасан гэдгээ мэдэхгүй байна, хальт санахад хоёр хүн өргөөд гарч байсан. Тэгээд цагдаагийн машинд суугаад эмнэлэг дээр ирсэн...” /хх 17-20/,
гэрч Б.М-ын “...нэг хартал цагдаа ирчихсэн Аыг гэрийн гадаа гавлаж байхад нь хараад очоод манай найзыг яагаад гавлаж байгаа юм бэ гэхэд чи бас цуг явж байгаа юм уу гэж хэлээд аваад явсан...” /хх 24-25/,
гэрч Н.О-ийн “...гэрт хиам зүсээд, эвхдэг жижиг хутга байсан. Түүнийг А буцаад машиндаа хийнэ гээд авч байсан. Аыг гартаа хутгатай явж байсныг үнэндээ би хараагүй. Т гэх залуу яагаад хутгалуулсан, хэн хутгалсныг хараагүй намайг очиход асуудал болчихсон байсан. Аыг газар хамгаалагч дарчихсан байхаар нь л А хутгалсан юм байна гэж бодсоноос би гарт нь хутга байхыг, хүн хутгалж байхыг хараагүй...” /хх 29-32/,
гэрч Г.Т-ын “...найзууд маань гараад хамт тэр залуучууд дээр очоод нөгөө анх муудалцсан залуутай барьцалдаж аваад зогсож байгаад тэр залуутайгаа шууд шатны хажуу тал руу унасан, дээрээс нь А уначихсан байсан. Золбоо салгаж байсан. Тэгээд босоод ирэхэд хүмүүс намдчихсан найзууд маань байхгүй, би бүжгийн талбай дээгүүр хайсан. Тэгэхэд хамраас цус гарч гэр лүү очихоор явж байтал замд хамт байсан найзууд маань цагдаад баригдчихсан зогсож байсан...” /хх 33-35/,
гэрч Б.З-гийн “...Анх гэрт байхад хиам талх зүсээд байж байхад А эвхдэг хутга барьж байгаад машиндаа хийхгүй бол ахын хутга хаячихаж магадгүй гээд халаасандаа хийж байсан тэгээд машин руугаа явж хувцас, юм авахаар явсан тэгэхдээ хийсэн эсэхийг мэдэхгүй. Би хутгатай байсныг мэдээгүй. Тэр хутга нь хүрэн өнгийн бариултай эвхдэг хутга байсан...” /хх 36-39/,
гэрч Б.Оя-гийн “...01 цагийн үед байхаа манай амралтын гэрийн хажуу талын гэрт хүмүүс орилолдоод байхаар нь тэр гэр лүү ортол нэг залуу /Т/ гэдсээ дарчихсан сууж байсан тэгэхээр нь хүүе ээ залуу гайгүй юу гэхэд хажууд нь байсан намхан шар залуу /Даваадорж/, чи саяны хүмүүсийн найз мөн үү гэхээр нь аль найзууд гэхэд танай найзууд манай найзыг хутгалчихсан байна гээд орилоод дайрахаар нь би тэндээс шууд гараад гэр лүүгээ ирсэн...” /хх 40-42/,
гэрч Ч.Гд-ын “...би Налайх дүүргийн 6 дугаар хороо хариуцсан цагдаагаар томилогдон хороон дээрээ хэв журам сахиулж байсан юм. Уг шоун дээр байж байтал одоо хэн хэлснийг нь мэдэхгүй байна “хүн хутгалуулчихлаа” гэсний дагуу амралтын гэрийн орчимд очиход нэг танихгүй саарал цамцтай өндөр залууг барьчихсан “энэ хүн хутгалсан” гэж хэлсэн ба хүрэн өнгийн иштэй эвхдэг хутга надад өгсөн ба хутгалуулсан хүн нь хаана байгаа талаар асууж байтал гэрээс нэг залуу тэврээд хүмүүс гарч ирсэн тэгээд машиндаа суулгаад эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн. Тэнд хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаад тэр хүн хутгалсан гэх залууг хамт байсан найзуудын хамтаар цагдаагийн хэлтэс рүү явуулсан...” /хх 48-50/,
гэрч Э.Гг-ийн “...гэрийн гадаа гарахад саарал цамцтай залуу /А/ гэрийн үүдэнд хүрээд ирсэн. Тэгтэл Т “юу вэ” гэж л хэлсэн. Тэр хоёр барьцалдаад гэрийн урд хэсэгт байсан модны ойролцоо очсон. Тэнд миний харахаар ноцолдоод байх шиг байсан, тэгээд очоод би Тыг салгаад арагш болгоход нөхөр Т гэдсээ дараад суусан. Би цохиулчихлаа гэж бодоод гэр лүү аваад орсон. Гэрт ороход Тын гэдэснээс цус гараад, гэдсээ дарсан гарыг нь дагаад цус гарч байсан. Би буцаж гэрээс гараад орилоод гэмтээсэн залууг нь олох гээд гартал цагдаа нар гадаа барьчихсан байсан. Буцаад гэр лүү ортол Т гэрт байхгүй хүмүүс аваад явсан байсан. Тэгээд цагдаагийн машин дээрээс эмнэлэг рүү явсан...” /хх 64-65/,
гэрч Ц.Дж-ийн “...би очоод нэг өндөр залуутай зууралдаад салгах гэж байхдаа нэгийг нь хөлөөрөө жийсэн тэгээд тэр залуучууд над руу дайрахаар нь би гэр лүү гүйсэн араас нэг залуу хөөгөөд гүйсэн. Гэрт ороод хөл рүүгээ харахад хөлийн шилбэнээс бага зэргийн цус гарсан харагдсан гэр лүү орж байхад Т хажуугаар зөрөөд гарсан би хөлөө үзээд байж байтал Т эргээд орж ирээд миний хажууд суугаад гэдсээ гараараа дараад байсан. Гэдсээ дарсан гараас нь гарыг нь дагаад цус гарч байсан. Хутгалуулсан юм байхдаа гэж хэлж байсан. Тэгтэл Ганчимэг орж ирээд урд талд нь сууж байсан нэг өндөр залуу /О/ орж ирээд Тыг хоёр гар дээрээ өргөөд гэрээс гарсан...” /хх 66-68/,
гэрч Л.Лж-ийн “...шоу болж байхад буюу 23 цаг өнгөрч байхад ...амралтын газрын гэрүүдийн баруун урд хутга барьчихсан өндөр залуу нэг залууг зүүн тийшээ хөөгөөд гүйж байхаар нь би араас нь гүйж очиход гэрийн урд бургасны хажууд зууралдаад өндөр залуу нь арай намхан залууг гэдэс рүү нь хатгачих шиг болоод нөгөө залуу нь доошоо газар унах үед би очоод хутгалсан залуугаас хутгыг нь булааж аваад газар доош харуулж дарсан. Тэгээд удалгүй 2 цагдаа ирэхэд нь би хутгалсан хутгыг нь Гд гэдэг цагдаад өгөөд болсон асуудлыг хэлсэн...” /хх 206-208/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 628 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 72-73/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч О.Аыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, О.Ад 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 5 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байх тул “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт ба анхан шатны шүүхийн дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй талаарх дүгнэлт нь үндэслэлтэй байх бөгөөд энэ нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.
Шүүгдэгч нь шүүхэд мэдэгдэлгүй түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр улсын хилээр гарсан байх бөгөөд энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч “...яаралтай эмчлүүлэх шаардлагатай, гадагшаа явсан...” гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа боловч гадаад улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан талаарх нотолсон баримт хэрэгт байхгүй байна.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний тус гэмт хэргийг үйлдээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч О.А нь Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатын шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 48 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аы 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ