| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тү. Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2012/0158/и |
| Дугаар | 115 |
| Огноо | 2012-01-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2012 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 171/2012/0158/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Тү.Энхжаргал даргалж, шүүгч Ё.Ринзаан, Тө.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг малчин *** тоотод оршин суух ****/утас ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг *** тоотод оршин суух ****/регистрийн дугаар ****, утас ***/-т холбогдох
940464 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч ****, иргэдийн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Тунгалагмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Миний бие нь 2011 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ****барьж байсан машинд мөргүүлж, биедээ хүнд гэмтэл авсан. **** нь эрүүгийн шүүх хурлаар хорих ял шийтгүүлж, уг ялыг нь тэнсэж хянан харгалзсан. Шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогч миний эмчилгээний зардал болон бусад хохиролыг нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисны дагуу шийтгэх тогтоолоос хойш гарсан эмчилгээний зардлыг нэхэмжилж байна.
Би 1 сарын 650.000 төгрөгийн цалин авдаг. Өвчтэй байсан хугацаандаа 312.426 төгрөг авсан. Сарын цалингийн зөрүү 337.574 төгрөг, Эмчилгээнд 121890 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөр 300.000 төгрөг, “****” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөр 181000 төгрөг, нийт 940464 төгрөгийг хариуцагч ****ас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч **** шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Миний бие нь ****ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дээр ****ид хохирол төлбөрт 720.000 төгрөг өгсөн. ****ийн нэхэмжлэлийн шаардлагаас хууль зүйн туслалцаа авсны төлбөр гэх 300.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** нь хариуцагч ****д холбогдуулан анх гэм хорын хохиролд цалингийн зөрүү 337 574 төгрөг, эмчилгээний зардал 121 890 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөр 300 000 төгрөг нийт 759 464 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээний зардлыг 181 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 940 464 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолооор ****2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “****” маркийн **** улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13-1а, 9.2 дахь хэсгийн заалтуудыг зөрчсний улмаас ****ийг мөргөж, амь биед аюултай хүнд зэргийн гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэм буруутайд тооцжээ.
Дээрхи тогтоолоор хохирогч **** гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 1 271 300 төгрөг нэхэмжилснээс шүүх 333 640 төгрөгийн хохирол нотлох баримтаар тогтоогдсон гэж үзсэн бөгөөд хохирогчийн олох ёстой байсан орлого болох цалин 650 000 төгрөг, өмгөөлөлийн хөлс 300 000 төгрөгийг тус тус нотлох баримтын шаардлага хангаагүй болохыг дурьдаж, хохирогч ****оос хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, цалингийн зөрүүг нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэсэн бөгөөд уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч тал нь хариуцагч ****ас урьд төлсөн 720 000 төгрөгөөс цалингийн зөрүү болон эмчилгээний зардлын зөрүү гэх 386 360 төгрөгийг хасаж тооцохыг зөвшөөрч, эмчилгээний зардал 242 064 төгрөг, эрх зүйн туслалцаа үзүүлсний төлбөр 300 000 төгрөг нийт 542 064 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ****, өмгөөлөгч нарын хооронд эрх зүйн туслалцаа үзүүлж, эрх зүйн туслалцаа авах гэрээ байгуулсан нь нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд ****, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч **** нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар энэ талаархи нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу хариуцагч **** нь нэхэмжлэгч ****ийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардлыг төлөх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй болно.
Иймд хариуцагч ****ас гэм хор учруулсан зайлшгүй зардал 242 064 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ****ид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг буюу эмчилгээний зардлын зөрүү 386360 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөр 300 000 төгрөг нийт 686 360 төгрөгийг нэхэмжлэлийн дүнгээс хасаж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч ****ас гэм хорын хохирол 242 064 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ****ид олгож, нэхэмжлэлийн шаадлагын үлдэх хэсэг 686 360 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч **** улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч ****ас улсын тэмдэгтийн хураамж 7911 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан шийдвэр авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Тү.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД Ё.РИНЗААН
Тө.ЭНХЖАРГАЛ