| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
| Хэргийн индекс | 128/2023/0314/З |
| Дугаар | 128/ШШ2023/0469 |
| Огноо | 2023-05-26 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2023/0469
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ө.Сумъяабаатар
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагч: Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Маргааны төрөл: Баянгол дүүрийн иргэдийн төлөөлөгдчийн хурлын 2023 оны 03 дугар сарын 29-ний өдрийн Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарт хариуцлага тооцуулах тухай 06 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/33 Ө.Сумъяабаатарыг огцруулах тухай Б/33 дугаар захирамж нь хуульд нийцсэн эсэх талаар маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаяр, В.Баттулга, хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уранмандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсоёл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Ө.Сумъяабаатараас Нийслэлийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тус тус холбогдуулан Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Баянгол дүүргийн Засаг даргыг огцруулах тухай саналыг хэлэлцэн дэмжсэн тогтоол-ыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаар тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах тухай гэж тодруулсан байна.
2. Улмаар нэхэмжлэгч 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаартай тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. /хавтаст хэргийн 92-94 дүгээр тал/
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/33 дугаартай захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн байна. /хавтаст хэргийн 95-97 дугаар тал/,
4. 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр, Ө.Сумъяабаатараас нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаартай тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/33 дугаартай захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах гэж тодруулжээ. /хавтаст хэргийн 147-153/,
5. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/192 дугаар тушаалаар Ө.Сумъяабаатарыг Баянгол дүүргийн Засаг даргаар томилжээ. /хавтаст хэргийн 7 дугаар тал/,
6. Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабазарт Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шинэ сэргэлтийн бодлого зэргийг удаа дараа зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцуулах нэр бүхий 15 төлөөлөгчөөс гаргасан саналыг хэлэлцэн Ө.Сумъяабаатар нь нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэж, огцруулах тухай саналыг гаргасан байна /хавтаст хэргийн 115 дугаар тал/,
7. Ингээд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/33 дугаар тогтоолоор Ө.Сумъяабаатарыг Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргаас огцруулж шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 112 дугаар тал/,
8. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Засаг даргын албан тушаалаас огцруулах тухай саналыг Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаан дээр нэр бүхий төлөөлөгч нараас гаргасан болон түүнийг хэлэлцсэн шийдвэрлэсэн нь дараах хууль, дүрэм, дэгийг зөрчсөн.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Засаг даргад дараах үндэслэлээр хариуцлага тооцно, гээд 65.1.1-д Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн, 65.1.2-д Нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн гэж, 65.2-т ...Засаг даргыг огцруулах, эсхүл түүнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад нийт төлөөлөгчдийн олонхын саналаар тавьж шийдвэрлүүлнэ гэж, Монгол Улсын Их Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор батлагдсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам-ын 4.1.1-д ...хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож Хурлын даргын захирамжаар батлуулах гэж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам-ын 6.7-д Хурлын ажлын алба нь Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотой материалыг ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө гишүүдэд урьдчилан хүргэж танилцах санал боловсруулах боломжоор хангах..., Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01/02 дугаартай тогтоолоор батлагдсан Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг-ийн /цаашид хуралдааны дэг гэж/, 3.1-д Хуралдаан хууль дээдлэх ... олонхын саналаар шийдвэрлэх зарчмыг удирдлага болгоно гэж, Хуралдааны дэгийн 4.3-д ...хэлэлцэх асуудлыг материалыг албан ёсны цахим шуудангаар хурал эхлэхээс 2-оос доошгүй хоногийн өмнө Төлөөлөгчид илгээж, холбооны хэрэгсэл ашиглан мэдэгдэнэ гэж, 4.7-д Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх болон эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан бол түүнийг хуралдааны ирцэд тооцон тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно гэж, 5.1-д ...Хурлын төлөөлөгч Хуралд хэлэлцүүлэхээр санаачилсан асуудлыг тухайн асуудлыг харьяалан хариуцах хорооны хурлаар хэлэлцүүлж, Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн бол хэлэлцэнэ гэж, 5.3-д Энэ дэгийн 5.1, 5.2-т заасан Хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг хурлын даргад өргөн барьж, хэлэлцэх асуудлын дараалалд тусгуулна... гэж, 9.7-д ...Хурлын шийдвэрийн төслийг нам, эвслийн бүлэг хэлэлцэж гаргасан дүгнэлтээ хурлын хуралдаанд танилцуулна гэж, 10.1-д ...хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах ... чиг үүрэг бүхий Хурлын хороог байгуулан ажиллана гэж, 11.1-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд тогтоолыг тухайн Хурлын хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн олонхын саналаар гаргана гэж, 13.2-т ...эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу сонсох ажиллагааг хийгээгүй бол өргөн барьсан асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхгүй гэж, 13.5-д Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд холбогдох тооцоо судалгаа, лавлагаа, гаргах шийдвэрийн төслийг хавсаргаж, хуралдаан болохоос ажлын 2-оос доошгүй хоногийн өмнө Хурлын төлөөлөгчид цахимаар тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхгүй гэж,14.2.4-д хуралдаан даргалагч дараалал, хэлэлцэх асуудлыг танилцуулж батлуулах гэж, 14.13-т Нээлттэй хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг хурлын вэб сайтад байрлуулж, урьдчилан танилцах боломжийг бүрдүүлнэ гэж заасныг тус тус зөрчсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-д ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д Захиргааны үйл ажиллагааны дараах тусгай зармыг баримтална гээд 4.1.2-т Хуульд үндэслэх гэж тус тус заасан.
Нийслэлийн Засаг дарга нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/33 дугаартай захирамжийг гаргахдаа дээр дурдсан хууль дүрэм, дэг зөрчиж гаргасан Нийслэлийн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаартай тогтоолыг үндэслэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасан. Гэтэл нийслэлийн Засаг дарга нь нөхцөл байдлыг тогтоолгүйгээр 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Б/33 дугаартай захирамж гаргасан нь миний Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ, 3.1.3-д Нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас ... зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор заасан, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно гээд 5.1.5-д Нутгийн өөрөө удирдах байгууллага ... гэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д Нутгийн өөрөө удирдах байгууллага гэж аймаг, сум, нийлэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн шууд оролцоо бүхий иргэдийн Нийтийн Хурлыг ойлгохоор заасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1-д Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Шүүх дараахь үндэслэлээр иргэний хэрэг үүсгэж болно гээд 12.1.4-д Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол гэж заасан.
Өөрөөр хэлбэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллага байх тул түүнээс гарсан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна, 46.2-т Иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн Хурлын ээлжит хуралдааныг улиралд нэг удаа хуралдуулна, 52 дугаар зүйлийн 52.1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 52.1.1-д Тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д Цаг хугацааг тоолохдоо хуанлийн жилийг арван хоёр сараар, хагас жилийг зургаан сараар, улирлыг гурван сараар, хоногийг хорин дөрвөн цагаар тоолно, 33.9-т Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусах бөгөөд хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна, 33.10-т Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусах бөгөөд хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна, Нийслэлийн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01/02 дугаартай тогтоолоор баталсан Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг-ийн 4.1-д Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хурлыг 1 удаа, ээлжит бус хуралдааныг нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүйн саналаар, эсхүл Хурлын зөвлөл, Хурлын даргын санаачилгаар тогтмол хуралдуулна гэж тус тус заасан байна.
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь ээлжит хоёрдугаар хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш хугацаанд зарлан хуралдуулах үүрэгтэй байсан ба 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ээлжит хоёрдугаар хуралдаанаар асуудлуудыг улиралд 1 удаа хуралдуулах дээрх хууль журамд заасан шаардлагыг хангаагүй. Мөн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай Ээлжит хоёрдугаар хуралдааны тэмдэглэл-ээс үзэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараагаар зөвхөн хэлэлцэх асуудалтай холбоотой асуулт, саналтай төлөөлөгч байгаа эсэх талаар танилцуулахад тус иргэдийн Төлөөлөгчийн Хурлын саналтай байгаагаа уншиж танилцуулсан тус асуудлыг хэлэлцэх асуудлыг нэгдүгээрт оруулах саналыг дэвшүүлсэн ба уг саналтай холбогдуулан төлөөлөгч Д.Мөнхбаатараас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2-т заасны дагуу шаардлага хангаагүй учир энэ асуудлыг хэлэлцэхгүй хойшлуулж, саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2 хоногийн өмнө танилцуулах шаардлагатай. Дэгийн шаардлагыг хангаж оруулж ирэх шаардлагатай ... Монгол ардын намаас 2 өдрөөр хэлэлцэх асуудлыг хойшлуулах хүсэлтэй байна гэж, төлөөлөгч П.Өлзийнарангаас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 47.2 дахь заалтыг зөрчиж байна. Хойшлуулах хэрэгтэй" гэсэн санал, хүсэлтүүдийг тус тус гаргасан ч хуралдаан даргалагчаас хурлыг цааш үргэлжлүүлэн хэлэлцсэн байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй", 47.2-т "Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй" гэж тус тус заажээ.
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаанд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож, зөвхөн хэлэлцэх асуудалтай холбоотой асуулт, саналтай төлөөлөгч байгаа эсэх талаар тодруулахад хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй асуудлаар буюу "дүүргийн Засаг даргыг огцруулах саналыг гаргаж, хэлэлцэх асуудлын нэгдүгээрт оруулах"-аар гаргасан саналыг авч хэлэлцсэн нь хуулийн дээрх шаардлагыг ноцтой зөрчсөн байх ба хуралдаанд оролцсон төлөөлөгч нараас хуулийн дээрх зохицуулалтын талаар маш сайн мэдэж байсан болох нь хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байна.
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн "Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарт хариуцлага тооцуулах тухай" 06 тоот тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2, 65.2-т заасныг тус тус үндэслэн "Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарт Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шинэ сэргэлтийн бодлого зэргийг удаа дараа зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцуулах нэр бүхий 15 төлөөлөгчөөс гаргасан саналыг хэлэлцэн Ө.Сумъяабаатар нь нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэж, огцруулах саналыг эрх бүхий этгээдэд уламжилсугай" гэж шийдвэрлэсэн байна. Гэтэл уг тогтоолыг гарснаас хойш 1 хоногийн дараа Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай "Ээлжит хоёрдугаар хуралдааны тэмдэглэл"-ийг гаргасан нь ойлгомжгүй байх ба хуралдааны ирцийг бүрэн бүрдүүлсэн эсэх, хуралд оролцон санал өгсөн төлөөлөгчдийн саналын тоог үнэн зөв, бодитой байдлаар гаргаагүй ба хууль, журамд заасан зохицуулалтыг зөрчиж Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн "Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарт хариуцлага тооцуулах тухай" 06 тоот тогтоолыг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны акт болох Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн "Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарт хариуцлага тооцуулах тухай" 06 тоот тогтоолд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн олонх оролцож, нийт төлөөлөгчийн олонхын саналаар дүүргийн тэмдэглэлииг 1 хоногийн дараа нөхөн гүйцэтгэсэн байгаа ба зөвхөн 15 төлөөлөгчөөс гаргасан саналаар Засаг даргыг огцруулсан агуулгаар тогтоолд тусгагдсан байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9-д "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална" гэж заасны дагуу Нийслэлийн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 01/02 дугаартай тогтоолоор батлагдсан "Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг хавсралт ёсоор баталсан бөгөөд уг хуралдааны дэгээр Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдаан, Хурлын хороо, түр хороодын хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах дэг, журамтай холбогдсон бүхий л харилцааны талаар зохицуулжээ.
"Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 тоот тогтоол нь Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 01/02 дугаартай тогтоолоор батлагдсан "Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг"-ийн 4.3-д ... хэлэлцэх асуудлын материалыг албан ёсны цахим шуудангаар хурал эхлэхээс 2-оос доошгүй хоногийн өмнө Төлөөлөгчид илгээж, холбооны хэрэгсэл ашиглан мэдэгдэнэ, 4.4-д "Хуралдааны хэлэлцэх асуудалд тусгагдаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй", 5.1-д Хурлын төлөөлөгч Хуралд хэлэлцүүлэхээр санаачилсан асуудлыг тухайн асуудлыг харьяалан хариуцах хорооны хурлаар хэлэлцүүлж, Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн бол хэлэлцэнэ", 5.3-д "Энэ дэгийн 5.1, 5.2-т заасан Хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг хурлын даргад өргөн барьж, хэлэлцэх асуудлын дараалалд тусгуулна, 13.1-д Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг зөвхөн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ, 10.1-д Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, Хурлаас гарсан шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий Хурлын хороог байгуулан ажиллана, 13.5-д Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд холбогдох тооцоо судалгаа, лавлагаа, гаргах шийдвэрийн төслийг хавсаргаж, хуралдаан болохоос ажлын 2-оос доошгүй хоногийн өмнө Хурлын төлөөлөгчид цахимаар тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, 20.1-д Энэхүү Хурлын дэг нь батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасныг зөрчсөн үндэслэлийн тухайд:
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2-т заасан зохицуулалтын агуулгыг хуралдааны дэгт оруулсан ба дээр дурьдсанчлан Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанд оролцсон Хурлын дарга, төлөөлөгч нар нь хуралдааны дэг болон хуулийн зохицуулалтыг зөрчсөн талаараа мэдэж байсан атлаа хуралдаанаар Засаг даргыг хугацаанаас өмнө огцруулах асуудлыг хэлэлцсэн нь ноцтой алдаа болсон байна. Түүнчлэн 18 төлөөлөгчөөс Баянгол дүүргийн нийт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлөн шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл байхгүй бөгөөд асуудлыг зөрчсөн илэрхий үндэслэлүүд тогтоогдож байна.
Дэгийн 4.7-д "Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх болон эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан бол түүнийг хуралдааны ирцэд тооцон тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно", 4.8-д "Хуралдаанд бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн нийт төлөөлөгчийн олонх оролцсоноор, цахим хуралдааны программд нэвтэрснээр ирцийг хүчин төгөлдөрт тооцно", 6.1-д Хуралдааныг хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор аль нэг төлөөлөгч нээж удирдана. Хуралдааныг зохион байгуулах талаар хуралдаан даргалагч дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ, 6.1.1-д Хуралдааны товыг тогтоон зарлаж бэлтгэлийг хангах, 6.1.2-т Хуралдааныг товлосон цагт эхлүүлж, дэгийн дагуу зохион байгуулж, зөрчигдвөл таслан зогсоох, 6.1.5-д Төлөөлөгчдөөс гаргасан горимын саналаар санал хураалт явуулах, дүнг мэдээлэх, 6.1.6-д Санал хураалт явуулж, дүнг мэдээлж, эцсийн шийдвэрийг сонсгон батлуулах, 6.2-т Асуудлыг хэлэлцэх журам, дарааллын талаар төлөөлөгчөөс гаргасан саналыг горимын гэх бөгөөд түүгээр нэг удаа санал хураана, 14.9-д Тодорхой асуудал хэлэлцэх явцад шаардлагатай бол хуралдааны даргын болон төлөөлөгчдийн олонхын саналаар хуралдааныг түр завсарлуулж болох бөгөөд завсарлагааны хугацааг Хуралдааны дарга тогтооно, 17.1-д Хуралдаан бүр дээр түүний үйл ажиллагааг нарийн тэмдэглэсэн тэмдэглэлийг хөтөлнө, 17.1.1-д Хуралдааны дугаар, хуралдаан хийсэн он, сар, өдөр, 17.1.3-т Хуралдааны ирц тоо хувиар, хуралдаанд оролцоогүй төлөөлөгчийн нэр, шалтгаан, 17.1.12-т Хуралдаанд хоцорч ирсэн, чөлөө авсан, өвчтэй байсан, тасалсан, хуралдааны даргын зөвшөөрөлгүйгээр гарч явсан төлөөлөгчийн нэр, цаг, минут гэж заасныг зөрчсөн үндэслэлийн тухайд:
Хуралдааныг даргалж буй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг даргаас Д.Мөнхбаатарын гаргасан Засаг даргыг огцруулахтай холбоотойгоор гаргасан завсарлага авах асуудлыг олонхоороо хэлэлцэх шийдвэрлэх ёстой байтал хууль, журамд заасан эрх хэмжээгээ хэтрүүлэн хуралдааныг өөрөө үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь процессын илэрхий алдаа болсон.
Монгол Ардын намын бүлгээс хурлыг зохих шалтгаанаар орхиж явсан болон эсэргүүцэх шалтгаан нь хууль тогтоомжийг зөрчсөн явдлыг таслан зогсооход шууд чиглэгдсэн байх бөгөөд үүнтэй холбоотойгоор хуралдааныг орхиж явсан төлөөлөгчдийг ирцэд оруулан тооцоогүй ноцтой зөрчлийг гаргасан байна.
Мөн хуралдааны даргын зөвшөөрөлгүйгээр гарч явсан төлөөлөгчийн нэр, цаг, минутыг хуралдааны тэмдэглэлд тэмдэглэх үүрэгтэй ба хуралдааны ирц бүрэн бүрэлдэхүүнээр хэлэлцэгдсэн эсэх, хуралдааныг хэдэн тооны, хэн гэдэг төлөөлөгч нар орхин гарсан эсэх талаар тэмдэглээгүй нь дээрх дэгийн зохицуулалтыг зөрчсөн байна.
Хуралдааны дэгд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулахаар журамласан зохицуулалтыг оруулсан байх ба эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдөж болзошгүй Засаг даргаас тайлбар, санал, нотлох баримтыг гаргаж өгөх хуульд заасан боломжийг оруулсан байна. Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаанаар дүүргийн Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхэд зайлшгүй сонсох ажиллагаа явуулахаар хуульчлан журамласан байтал сонсох ажиллагаа явуулалгүйгээр буюу тайлбар, санал гаргах боломжоо, бололцоог олголгүйгээр Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 06 дугаартай тогтоолыг гаргасан нь үндэслэлгүй байна.
Маргаан бүхий тогтоолыг өнөөдрийг хүртэлх хугацаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж, зөрчигдөж байгаа надад гардуулж, танилцуулаагүй ба уг тогтоолтой холбоотойгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан шүүхэд мэдүүлэх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/33 дугаартай захирамжаар Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаартай тогтоолыг үндэслэж, Ө.Сумъяабаатарыг огцруулах тухай захирамжийг гаргасан байх ба иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын агуулгаас үзэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын олонх хуралд оролцсон эсэх, олонхын саналаар маргаан бүхий тогтоолыг гаргасан эсэх нь тодорхойгүй байгаа ба хурлын тэмдэглэлийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр буюу захирамж гарсан өдөр гаргаснаас үзэхэд тэмдэглэлд тусгасан нөхцөл байдал, агуулгатай Нийслэлийн Засаг дарга танилцаагүй байна.
Нийслэлийн Засаг даргад хуульд заасан үндэслэл, журмын дагуу дүүргийн Засаг даргыг огцруулах бүрэн эрхийг олгосон боловч нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/33 дугаар захирамжаар намайг огцруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр бүлгийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 24.2, 24.4, 24.5, 26.1, 26.2, 27.1, 27.5, 26.7, 43.1, 46.1-д заасныг тус тус ноцтой зөрчсөн байна.
Иймд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаартай тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгож, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/33 дугаартай захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлөөлөгчийн бүрэн эрхтэй маргаагүй. Санал гаргах бүрэн эрх байгаа. Саналыг хууль тогтоомжид заасны дагуу хэлэлцэх ёстой. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй гэсэн заалттай маргаагүй. Харин 47.2-т Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж, мөн хуралдааны дэгд заасан асуудлаар маргаж байгаа.
Саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг бэлтгэж, хуралдааныг хоёр өдрийн дараа зарлах тухай хуулийн заалтыг биелүүлэхгүйгээр хэлэлцүүлэхээр оруулж ирсэн саналыг 18 төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай гэдэг агуулгаар хуралдааныг орхин гарсан. Засаг даргын тухайд Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т хууль дээдлэх гэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэж, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж тус тус заасан байдаг. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нийслэлийн Засаг даргад өмгөөлөгч миний зүгээс хандаж нөхцөл байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй. Тиймээс нийслэлийн Засаг даргын шийдвэр хууль тогтоомжид нийцэж гараагүй. Хууль тогтоомж зөрчиж хэлэлцүүлэхээр оруулсан асуудал нь хуулийг зөрчиж байгаа учраас нэхэмжлэл гаргасан гэжээ.
8. Хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уранмандах шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн Хурлын ээлжит хуралдааныг улиралд нэг удаа хуралдуулна гэж заасан байдаг. Уг хуулийн дагуу хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг зарласан боловч цагтаа эхлээгүй. Учир нь Монгол Ардын намын хэлэлцэх асуудал байсан учир завсарласан. Хурлын дарга ээлжит хурлыг нээж хурлаар хэлэлцэх асуудалд нэмж хэлэлцэх зүйл байна уу гэж асуухад 2 төлөөлөгч саналтай байсан. Нэг нь нарны хорооллын нэг чиглэлийн хөдөлгөөнд өөрчлөлт оруулсантай холбоотой, нөгөө нь Засаг даргыг огцруулах тухай санал гаргасан. Үүнтэй холбогдуулан Монгол Ардын намаас 2 цагийн завсарлага авсан. Завсарлагаа 14 цагт дуусахад Монгол Ардын нам дээрх 2 асуудлыг хэлэлцүүлэхгүй байх санал гаргаж хуралдааны дэгийн 4.3-т зааснаар хэлэлцэх асуудлын материалыг албан ёсны цахим шуудангаар хурал эхлэхээс 2-оос доошгүй хоногийн өмнө төлөөлөгчид илгээж холбооны хэрэгсэл ашиглан мэдэгдэнэ гэсэн шаардлага тавьсан. Мөн нэр бүхий 15 төлөөлөгч дээрх 2 асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн тул хуралдаанд эмх замбараагүй байдал үүссэн. Монгол Ардын нам дахин завсарлага авах хүсэлт гаргасныг хуралдааны дэгийн 4.5-т Тухайн асуудлаар нам, эвслийн бүлэг дахин завсарлага авахыг хориглоно гэж заасны дагуу завсарлага өгөхөөс татгалзсан. Ингээд нэр бүхий төлөөлөгч нар хуралдааныг орхин гарсан. Хуралдааны дэгийн 4.10-т Хурлын төлөөлөгч, нам эвслийн бүлэг шалтгаангүйгээр хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно гэж заасан. Ээлжит хуралдаан эхлэхэд 33 төлөөлөгч оролцсон. Ирцийг цахим болон цаасан хэлбэрээр баталгаажуулсан. Хурлын дэгийн 4.8-т Хуралдаанд бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн нийт төлөөлөгчийн олонх оролцсоноор, цахим хуралдааны программд нэвтэрснээр ирцийг хүчин төгөлдөр тооцно гэж заасны дагуу хурлыг үргэлжлүүлсэн.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн, 35 дугаар зүйлийн 35.1.7-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан үндэслэлээр тухайн шатны Засаг даргыг огцруулах талаар дээд шатны Засаг даргад санал тавих эрхтэй гэж заасан. Дээрх хуульд заасны дагуу Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит хуралдаанаар дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах саналыг дээд шатны Засаг даргад уламжлах тухай асуудлыг хэлэлцсэн. Улмаар Хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарт хариуцлага тооцох тухай саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар тогтоолоор дээд шатны Засаг дарга буюу нийслэлийн Засаг даргад уламжилсан. Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах, 39.1.4-т Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах бүрэн эрхтэй, 48 дугаар зүйлийн 48.1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална гэж тус тус заажээ. Иймд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажилласан тул нэхэмжлэгч Ө.Сумъяабаатарын шүүхэд гаргасан Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
9. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбат: Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаар тогтоолоор тус дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарт хариуцлага тооцох тухай саналыг Нийслэлийн Засаг даргад ирүүлсэн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3-т энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр Хурал түүнийг огцруулах санал гаргасан бол Нийслэлийн Засаг дарга доод шатны Засаг даргыг огцруулна гэж хуульчилсан. Ингээд нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/33 дугаар захирамжаар Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг дүүргийн Засаг даргаас огцруулсан. Иймд Нийслэлийн Засаг дарга нь хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажилласан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч Ө.Сумъяабаатараас Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/33 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
2. Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар хуралдааны тэмдэглэлээс үзвэл нийт 40 гишүүн оролцохоос /1 гишүүн нас барсан/ 4 гишүүн өвчтэй, чөлөөтэй, тасалсан байх бөгөөд 36 иргэдийн төлөөлөгч хуралдаанд ирсэн.
3. Харин иргэдийн төлөөлөгч Ө.Ууганжаргалыг хуралдааны ирцэд оруулан тооцох эсэх талаар хэргийн оролцогчид маргасан. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/843 дугаар тогтоолоор түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно, 41.1.3.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан гэж зааснаар түүний бүрэн эрх дуусгавар болсон тул түүнийг ирцэд оруулан тооцохгүй.
4. Ийнхүү хуралдаанд 35 төлөөлөгч оролцсоноос Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхийг эсэргүүцсэн 17 иргэдийн төлөөлөгч хуралдааныг орхин гарч, 18 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй асуудлыг шийдвэрлэсэн нь дараах хуулийг зөрчсөн байна. Үүнд:
5. Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2, 65.2-т заасныг тус тус үндэслэн ... Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шинэ сэргэлтийн бодлого зэргийг удаа дараа зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцуулах нэр бүхий 15 төлөөлөгчөөс гаргасан саналыг хэлэлцэн Ө.Сумъяабаатар нь нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэж, огцруулах саналыг эрх бүхий этгээдэд тавихаар шийдвэрлэжээ.
6. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт Энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэл бий болсон гэж Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзэж гарын үсэг зурсан бол Хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж, Засаг даргыг огцруулах, эсхүл түүнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад нийт төлөөлөгчдийн олонхын саналаар тавьж шийдвэрлүүлнэ гэж заасан.
7. Гэтэл Баянгол дүүргийн Засаг даргыг огцруулах асуудлыг 41 төлөөлөгчийн 14-өөс дээш тооны төлөөлөгч хуралдаанаас өмнө санал гаргаж, гарын үсэг зурсан тохиолдолд 15 хоногийн дотор хуралдаанаар хэлэлцэж, нийт төлөөлөгчдийн олонхын саналаар огцруулах асуудлыг дээд шатны Засаг даргад тавьж шийдвэрлүүлэхээр байхад иргэдийн төлөөлөгч Б.Төмөрбаатараас Засаг даргыг огцруулах асуудлыг хуралдаан дээр шууд гаргасныг хүлээн авч, хуралдаанаар хэлэлцүүлсэн нь уг хуулийн заалтыг зөрчжээ.
8. Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй, 47.2 дахь хэсэгт Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй, Нийслэлийн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01/02 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг-ийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт ... хэлэлцэх асуудлын материалыг албан ёсны цахим шуудангаар хурал эхлэхээс 2-оос доошгүй хоногийн өмнө Төлөөлөгчид илгээж, холбооны хэрэгсэл ашиглан мэдэгдэнэ, 4.4 дэх хэсэгт Хуралдааны хэлэлцэх асуудалд тусгагдаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заасан хуулийн заалт, хуралдааны дэгээ зөрчсөн байна.
9. Ийнхүү хэлэлцэх асуудалд тусгагдаагүй болох нь Нийслэлийн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар хуралдааны тэмдэглэл, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/16 дугаар захирамжаар баталсан хэлэлцэх асуудлын жагсаалтаас харагдана.
10. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн Хурлын ээлжит хуралдааныг улиралд нэг удаа хуралдуулна, Нийслэлийн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01/02 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдааныг улиралд 1 удаа ... тогтмол хуралдуулна гэж тус тус заасан.
11. Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны тэмдэглэлд ээлжит хоёрдугаар хуралдаан гэснээс үзвэл улиралд нэг удаа ээлжит хуралдааныг хуралдуулах дээрх хуулийн заалтыг зөрчсөн төдийгүй маргаан бүхий захиргааны акт 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гарсан атал хуралдааны тэмдэглэл нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр буюу 1 хоногийн дараа гарсан, үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... Хуралдаан шөнө дамнан үргэлжилсэн гэж тайлбарлаж байх тул хуралдаан дуусаагүй байхад тогтоол гарсан гэж үзэхээр байна.
12. Түүнчлэн, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална гэж заасны дагуу баталсан Нийслэлийн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01/02 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг-ийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэгт Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх болон эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан бол түүнийг хуралдааны ирцэд тооцон тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно, 6 дугаар зүйлийн 6.1-д ...Хуралдааныг зохион байгуулах талаар хуралдаан даргалагч дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ, 6.1.1-д Хуралдааны товыг тогтоон зарлаж бэлтгэлийг хангах, 6.1.2-т Хуралдааныг товлосон цагт эхлүүлж дэгийн дагуу зохион байгуулж, зөрчигдвөл таслан зогсоох, 6.1.5-д Төлөөлөгчдөөс гаргасан горимын саналаар санал хураалт явуулах, дүнг мэдээлэх гэж тус тус заажээ.
13. Гэтэл хуралдааны тэмдэглэлд ... дэмжсэн 18, дэмжээгүй 0, 100 хувийн саналаар дэмжигдэв гэж тусгагдсанаас үзвэл хуралдааныг орхиж явсан төлөөлөгчдийг ирцэд оруулаагүй төдийгүй, хуралдаан даргалагчаас горимын саналтай асуудалд санал хураалгүй, хуралдааныг үргэлжлүүлсэн нь дэгээ зөрчсөн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.
14. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, Нийслэлийн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01/02 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг-ийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт Хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал нь Дүүргийн Засаг даргын чиг үүрэг, эрхлэх асуудалтай хамааралтай бол Засаг даргын саналыг заавал авсан байна. Хурлын төлөөлөгчөөс санал авахаар хүргүүлсэн асуудлыг Засаг дарга судалж үзээд 15 хоногийн дотор хариу өгөх ба өгөөгүй тохиолдолд саналгүйд тооцно гэж заасан.
15. Дээрх хууль, хуралдааны дэгд заасны дагуу хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгчээс тайлбар, саналыг авахаар байх боловч уг ажиллагааг хийгээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, энэ талаарх түүний тайлбарыг хүлээн авах нь зүйтэй.
16. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/33 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3, 64.4 дэх хэсэг ... Нийслэлийн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Ө.Сумъяабаатарыг Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргаас огцруулахаар шийдвэрлэжээ.
17. Нийслэлийн Засаг даргын үндэслэл болсон Нийслэлийн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаар тогтоол хууль бус байсан болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдсон.
18. Тиймээс хууль бус захиргааны актыг үндэслэн гарсан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/33 дугаар захирамж мөн хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шүүх шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.3, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.9, 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 65 дугаар зүйлийн 65.2, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.Сумъяабаатараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/33 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөгийг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ