Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 00284

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ

Хохирогч Б.Пүрэвцэрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1725000000076 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгоп Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 31-3 тоотод оршин суудаг, ам бүл 4. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хөх хоньт овгийн Далантайн Бат-Эрдэнэ, регистерийн дугаар /ИГ79121816/,

 

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт Б.Пүрэвцэрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Болсон явдал үнэн. Мөрдөн байцаалтын шатанд  өгсөн мэдүүлгүүд бүгд үнэн зөв гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Пүрэвцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө 08 цагийн үед Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт байх 18 дугаар карер дээр очоод Батмөнхийн хамт элс ачиж байхад араас гордлого дээр зогсдог Бат-Эрдэнэ  ирээд хоёр хулгайч миний элс ачдаг газарт орчихсон байна, замаа аятайхан засаад ухалгүй шиг элсээ ачаарай гэж хэлсэн. Би элсээ таллаж ачаад эргэж буулгаж дахиад элсээ ачих гээд карер ороход Батмөнх рүү Бат-Эрдэнэ хүрз далайчихсан айлгасан байдалтай зогсож байхаар нь би юу ч яриагүй элсээ ачиж байхад хэл амаар доромжлоод байсан. Батмөнх бид хоёр элсээ ачаад Гордлого зогсоол дээр ирээд ачсан элсээ зараад Батмөнхийг хайгаад явж байхад Бат-Эрдэнэ ирсэн.Тэгээд чи намайг элсэнд суусан байхад хаяад явсан гээд миний нүд рүү гар утсаараа хатгаад машинаас буулгасан. Би тэвчээд машиндаа сууж байтал Бат-Эрдэнэ миний баруун талын хацар руу нэг удаа алгадаж, хэл амаар доромжилж байгаад явсан. Эргэж ирээд зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Тухайн үед миний машин асаалттай байсан ба машинаас маань чирч гаргаад газарт унагааж нүүрэн тус газарт мөргөж цохисон. Ойр хавьд байсан Сандагдорж, Баасанням, Гэрлээ, Амгалан нар хараад зогсож байсан. Мөн хамар руу гараараа цохисон. Бат-Эрдэнэ нь байнга л хүн бүртэй маргадаг. Надад 300 000 төгрөгний хохирол учирсан, би нэхэмжлэхгүй, толгой байнга өвддөг, цитромон байнга уух болсон. Хөдөлмөрийн чадвараа алдсан,гомдолтой гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ч.Сандагдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Горьдлого дээр байхад Бат-Эрдэнэ, Пүрэвцэрэн нар хоорондоо зууралдчихсан зодолдож байсныг харсан. Уг зодоон нь юунаас болсон талаар сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх 13 ху/,

 

Гэрч М.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Пүрэвцэрэн нь Бат-Эрдэнэд цохиулсаны улмаас хамарнаас нь цус гарчихсан байсан. Би холоос харж байсан юм. Бат-Эрдэнэ намайг шаварт суучихсан байхад тусалсангүй гээд Пүрэвцэрэнтэй маргалдаж зодолдсон байх гэж бодож байна гэх мэдүүлэг /хх 14 ху/,

 

Гэрч Д.Баасаннямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Горьдлого дээр байхад Бат-Эрдэнэ, Пүрэвцэрэн нар хоорондоо маргалдаад зодолдож байхаар нь би очоод салгасан. Намайг салгахад Пүрэвцэрэнгийн хамарнаас нь цус гарч байсан гэх мэдүүлэг /хх 15 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 739 дугаартай:

1. Б.Пүрэвцэрэнгийн биед хамрын ясны хугарал, тархи доргилт, 2 нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, хүзүү, цээжинд зөөлөн эдэд 5 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ.

2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 5 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Хамрын ясны хугарал, тархи доргилт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 17 ху/,

 

-Д.Бат-Эрдэнийг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 24-25 ху/

 

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 27 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт Б.Пүрэвцэрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Пүрэвцэрэн болон гэрч Ч.Сандагдорж /хх 13 ху/, М.Алтангэрэл /хх 14 ху/, Д.Баасанням /хх 15 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед хамрын ясны хугарал, тархи доргилт, 2 нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, хүзүү, цээжинд зөөлөн эдэд 5 тооны цус хуралт үүссэнийг тогтоосон 739 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Д.Бат-Эрдэний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хохирогч Б.Пүрэвцэрэн шүүхийн шатанд “300.000 төгрөгний хохирол гарсан ч би нэхэмжлэхгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч  Д.Бат-Эрдэнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ