Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 1470

 

 

МАГАДЛАЛ

 

2019.08.05                                                Дугаар 1470                                     Улаанбаатар хот

 

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2019/01265 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Ч, О.Б нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээнээс учирсан хохиролд 90 109 853 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Б нь багын найз Б.Ч-ын санал тавьсны дагуу Эрдэнэт хотод орон сууцны зориулалттай барилга байгууламжид хөрөнгө оруулж ашиг олох зорилгоор 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 50 000 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сард буцаан төлөх нөхцөлтэйгөөр 4 хувийн хүүтэй аман хэлцэл байгуулан Б.Ч-т зээлдүүлсэн. Тухайн үед Б.Ч-т мөнгө зээлэхийн тулд Б.Б нь хамтран өмчлөгч ээж Б.Н-ээс “орон сууц захиран зарцуулах тухай” итгэмжлэл хийлгэн авч 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Хан-Уул дүүрэг 43 дугаар байр, 31 тоот хоёр өрөө орон сууцыг 73 000 000 төгрөгөөр, мөн н.Б-ын  нэр дээр байх гурван өрөө орон сууцыг 100 000 000 төгрөгөөр хоорондоо солилцон худалдаж, банкнаас орон сууцны ипотекийн зээл авсан. Ийнхүү Б.Ч нь тус орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг сар бүр хийхээр тохиролцсон хэдий ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн эргэн төлөлт хийгээгүй. Б.Б нь 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ЗГ1205053284 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж Голомт банкнаас           100 000 000 төгрөгийг 240 сарын хугацаатай зээл авч 48 902 000 төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт өгч, үлдсэн 50 000 000 төгрөгийг Б.Ч-т зээлсэн. Ингээд Б.Б Эрдэнэт хотод хөрөнгө оруулсан гэх орон сууцны ажлын явцтай танилцахаар очтол Б.Ч нь ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгээгүй байсан ба мөн зээлийн гэрээгээр тохирсон хугацаа дууссан учраас зээлсэн мөнгөө авья гэж удаа дараа Б.Ч-аас шаардсан боловч элдэв шалтаг тоочиж, зугтаад уулздаггүй байна. Иймд Б.Ч, О.Б нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 50 000 000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл төлсөн ипотекийн зээл төлж хохирсон тул 40 109 853 төгрөг, нийт 90 109 853 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Т.Э гэж хүн Эрдэнэт хотод байрлал сайтай томоохон газартай бөгөөд түүн дээрээ таун хаус бариулах төсөл хэрэгжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй гэсэн учраас Б.Б бид хоёр ярилцаад түүнд хөрөнгө оруулахаар тохирч, Б.Б нь Т.Э-т мөнгө өгсөн дээр би өөрийн эхнэрийн нэр дээрх зуслангийн газраа зарж 10 000 000 төгрөг, өөрийн ахын байрыг барьцаанд тавьж зээл авч 60 000 000 төгрөг тус тус нэмж  Т.Э гэж хүнд өгсөн. Гэтэл Т.Э нь төсөл нь амжилттай хэрэгжиж чадаагүй, барилга барьсан гүйцэтгэгчиддээ залилуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн болон миний мөнгийг буцааж өгөхгүй өдийг хүрсэн юм. Тиймээс энэ хэрэгт би биш Т.Э гэж хүн хариуцагчаар татагдах нь зүйтэй. Мөн нэхэмжлэгч тайлбартаа зээлийн гэрээг 2014 оны 11 дүгээр сар хүртэл хугацаагаар байгуулсан гэжээ. Энэ тохиолдолд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Б 2014 онд Б.Ч-ын ажлын шугамаар холбогдон Т.Э-ын Эрдэнэт хотод хэрэгжүүлж байсан “ОЛВ ” хувийн орон сууцны хороолол барих төсөлд хөрөнгө оруулж, ашиг олох зорилгоор хөрөнгө оруулсан. Хариуцагч Б.Ч , нэхэмжлэгч Б.Б бидний хэн аль нь тус төсөлд хөрөнгө оруулсан. Нэхэмжлэгч Б.Б тус төсөлд хөрөнгө оруулсан болохоос Б.Ч-т мөн надад мөнгө зээлдүүлээгүй. Дээр дурдсанчлан Б.Б-оос мөнгө зээлж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б-ын нэхэмжлэлтэй, Б.Ч, О.Б нарт холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээнээс учирсан хохиролд 90 109 853 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 608 499 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Б.Ч, О.Б нарт               50 000 000 төгрөг өгсөн нь тогтоогдохгүй байна гэж үзжээ. Б.Ч-т 50 000 000 төгрөгийг зээлэхдээ түүний хүсэлтээр найз гэдэг утгаар итгэж түүнд туслахын төлөө Б.Бат бид хоёр ипотекийн зээлд хамрагдаж түүний төлөө мөнгө гаргаж өгсөн. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн хариуцагчийн үгээр “надаас мөнгө аваагүй” гэж худал мэдүүлсэн мэдүүлгээр хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь нотлох баримтаа тал бүрээс нь үнэлж чадаагүй нэг талыг барьсан шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Учир нь өөрийн орон сууцаа худалдан борлуулж түүнээсээ мөнгө босгож өгсөөр байтал эхнэр О.Б-гаар худал хэлүүлж “надаас авсан мөнгөө аваагүй, санахгүй байна” гэж хэлүүлж хүн чанаргүй, увайгүй зан гаргаж байгаад нь гомдолтой байна. Мөн надаас авсан болон Б.Батаас авсан мөнгийг шүүх хурлаас өмнө маш олон удаа шаардаж байхад “газар зарж төлнө, эргүүлж өгнө, хүүтэй нь бодож өгнө” гэж ярьдаг байсан ба банкны зээлийн хүүг эхний гурван сар төлсөн мөртлөө шүүх дээр болохоор “Би мөнгө аваагүй,       Т.Э гэж хүнд өгчихсөн тэрнээс ав” гэж тайлбар гаргасан нь надаас мөнгө аваад цааш нь өгснөө мэдүүлсэн нь тодорхой нотлогдож байхад шүүхээс мөнгө авсан гэж тогтоогдохгүй байна гэж дүгнэлт хийж байгааг нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнээс болж сар бүр Голомт банкинд зээлийн хүүг одоо болтол төлж давхар хохирсоор ирлээ. Уг нь Б.Ч амалсан ёсоор банкны хүү болон зээлийг төлж надад ямар нэгэн хохирол учруулахгүй байх болно гэсэн боловч өнөөдрийг хүртэл намайг хохироосоор ирснийг шүүх үнэлж чадаагүй зөв шийдвэр гаргаагүй тул Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Б.Ч, О.Б нараас миний үндсэн зээлсэн 50 000 000 төгрөг болон өнөөдрийг хүртэл банкны зээлийг графикийн дагуу төлж байгаа зээлийн хүүг хохиролд тооцож гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Ч, О.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээнээс учирсан хохиролд 90 109 853 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Б.Ч нь       Т.Э-ын барилгад хөрөнгө оруулалт хийх зорилгоор 50 000 000 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр бэлэн авч, 2014 оны 11 дүгээр сар хүртэл 4 хувийн хүүтэй аман гэрээ хийж тохиролцсон гэж тайлбарлаж, хариуцагч нар эс зөвшөөрч зээлийн гэрээ байгуулаагүй, хариуцах ёстой этгээд нь Т.Э байх тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадаагүй ба хариуцагч нарын гаргасан тайлбар, татгалзлыг, няцаагаагүй байх тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр О.Б-ыг гэрчээр оролцуулсан боловч гэрчийн мэдүүлгийг бодитойгоор харьцуулан дүгнэх, нотлох баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн хуулийн шаардлага хангасан баримтын хүрээнд нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг дүгнэх учиртай.

Шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан “зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2019/01265 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааpг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                            ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

 

                                                                    М.НАРАНЦЭЦЭГ