Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар  2021/ДШМ/931

 

 

      

 

 

 

    2021            11             2                                           2021/ДШМ/931                             

 

 

И.Нт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энхжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Баярмаа,

шүүгдэгч И.Нын өмгөөлөгч С.Батдэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/884 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэр, Б.Соёл-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн И.Нт холбогдох эрүүгийн 2103 00106 0143 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овогт И-гийн Н, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр ............... аймгийн ............. суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Монгол гэрийн хаалга хийдэг ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ................... дүүргийн .... дугаар хороо, .......................... дугаар гудамжны ........ тоот хаягт оршин суух хаягтай, /РД:......................./;

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 89 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.

Шүүгдэгч И.Н нь 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шөнө 01 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтлийн зам, Арвижих төвийн урд замд “Тоёота Приус-20” загварын .....УБН улсын дугаартай автомашиныг согтуурсан үедээ жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Р.Дг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн,

улмаар мөн дүрмийн 3.5 дахь хэсэгт заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: И.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хаан овогт Ичинхорлоогийн Ныг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд, энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч И.Ныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч И.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар шүүгдэгч И.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч И.Нт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар И.Нт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч И.Нын В ангиллын 1026624 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч И.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч И.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол И.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэр, Б.Соёл-Эрдэнэ нар давж заалдах гомдолдоо: “...И.Н-ын тухайд өөрийн үйлдлийн гэм буруу болон зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа болно. Мөн хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Улмаар хохирогчид төлөх хохирол төлбөргүй, мөн ар гэрийн байдлын тухайд 0-12 насны 4 хүүхэдтэй, эхнэр нь хүүхдүүдээ хараад гэртэй суудаг, И.Н нь ажил хийж ар гэрээ авч явдаг байсан.

Хэрэг гарсан нөхцөл байдлын хувьд И.Н нь хэдийгээр замын хөдөлгөөний хууль журам зөрчсөн буруутай боловч хохирогчийн зүгээс мөн замын хөдөлгөөний хууль тогтоомж зөрчсөн, гарцгүй газар зорчих хэсэг дээр зогсож байсан нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зүйл байдаг.

Тухайн гэмт хэргийн тухайд санаатайгаар үйлдэгддэггүй, жолоочийн анхаарал болгоомжгүй байдлаас болж үйлдэгддэг учир тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд И.Н нь өөрийн үйлдлийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид хохирол төлбөргүй, тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл тодорхой хэмжээнд нөлөөлсөн, мөн И.Нын хувийн байдал болон ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж шүүхээс биечлэн эдлүүлэхээр заасан 2 жилийн ялаас хасч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч И.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, И.Нын ар гэрийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялаас хасаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.  Оршуулгын зардлын хувьд анхнаасаа хохирогч талаас “нэхэмжлэх зүйлгүй” гэж байсан. Нэхэмжлээгүй учраас хохирол төлөөгүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч И.Н нь оршуулгын зардлыг улсад төлөх үүрэгтэй. Хүний амь нас хохирсон байна. Иймд зохих ёсны хариуцлага хүлээх нь зүйтэй гэж үзэж байна. Тухайн үед би их орой мөрдөн байцаагч дээр очсон. Улсаас гаргасан оршуулгын зардал төлөгдсөн үү гэж асуухад мөрдөгчөөс “шүүгдэгчийн ар гэрээс нь ном уншуулаад бүх зүйлийг нь хийж байгаа” гэсэн. Оршуулгын зардлыг өөрийн санаачлагаараа төлөх үүрэгтэй. Би төлсөн байх гэж бодож байсан.” гэв. 

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч И.Н нь тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон, мөн хэргийн газрыг орхиж зугтаасан, тусламж үзүүлээгүй зэрэг гэмт хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдсон. Үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэлийг анхан шатны шүүхээс оногдуулсан гэж үзэж байна. Хохирлын талаарх нэхэмжлэлийг төрөөс дахин гаргах боломжтой. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүсэн байсан. Иймд анхан шатны шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн. Оногдуулсан ялын хувьд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Оршуулгын зардлын тухайд жич нэхэмжлэл гаргаад шийдвэрлүүлэх боломжтой байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэр, Б.Соёл-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч И.Н нь 2021 оны 5 дугаар сарын 12-ны шөнө 01 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг, Хөтлийн зам Арвижих төвийн урд замд “Тоёота Приус-20” загварын .....УБН улсын дугаартай автомашиныг согтуурсан үедээ жолоодож явахдаа хөдөлгөөний эрчим, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт баримталбал зохих хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явалгүй, хурдтай явснаас гарцгүй газраар гарч явсан хөгжлийн бэрхшээлтэй явган зорчигч Р.Дг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн, улмаар осол гаргасан даруйдаа зохих арга хэмжээг авалгүйгээр хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Баярмаагийн “...Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс ирсэн албан бичгийн дагуу энэ хүний талаар холбогдох мэдээллийг судалсан. 2020 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын асрамжид асруулах тухай захирамж гарсан байсан. Амь хохирогч Органик дэмийрлийн /шизофрени тест/ эмгэгтэй байсан талаар 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарсан байсан. Энэ нь ямар төрлийн өвчин болохыг сайн мэдэхгүй байна. Амь хохирогч нь гэр бүл төрөл садан, хариуцах эзэн байхгүй улсаас оршуулгын ажил хийж байгаа тул надад оршуулгын зардал болон өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх 35/,

гэрч Д.Гх-ийн “...Би 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шөнө 01 цаг өнгөрч байхад эхнэр Нямсүрэнтэй хамт миний эзэмшлийн “Тоёота филдер” загварын 22-18 УНГ улсын дугаартай автомашинтай 112 дугаар сургуулийн замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байтал эсрэг урсгалын зам дээр нэг бондгор юм харагдсан. Тэгэхээр нь би цонхоо онгойлгоод хартал хүн хэвтэж байсан. Тэгээд манай эхнэр шууд 102 болон 103 луу дуудлага өгсөн. Би шууд машинаас буугаад ослын гурвалжин аваад тухайн зам дээр хэвтэж байсан хүний наана нь очиж байрлуулсан. Тэгэхгүй бол тухайн газарт хэвтэж байсан хүнийг машинууд дайрах гээд байсан. ...Тэр хүн хөдлөхгүй, ойр орчимд нь тойроод битүү цус болсон байсан...” /хх 69/,

гэрч Б.Нн-гийн “...Би 2021 оны 5 дүгаар сарын 12-ны өдрийн шөнө 01 цаг өнгөрч байхад нөхрийн эзэмшлийн “Тоёота филдер” загварын 22-18 УНГ улсын дугаартай автомашиныг жолоодоод нөхөртэйгөө хамт Баянхошууны тойргоос Дамбадаржаа руу гэр лүүгээ 112 дугаар сургуулийн замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байтал эсрэг урсгалын зам дээр нэг бондгор юм харагдсан. Энэ юу вэ гээд харж байтал хажуугаар нь машин өнгөрөх үед гэрэлд нь хартал зам дээр хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод 102 болон 103 луу дуудлага өгсөн. Тухайн үед зам дээр хэвтэж байсан хүний хажууд болон ойр орчимд ямар нэгэн автомашин байгаагүй. Мөн хажуугаар нь автомашинууд яваад байсан. Тэгэхээр нь дайрчих байх гэж бодоод манай нөхөр машинаас ослын гурвалжин тэмдэг аваад тухайн хүний хажууд байрлуулж тавьсан. Тэгтэл удалгүй нэг цагаан өнгийн “Тоёота Приус-30” загварын артомашинтай нэг залуу ирээд мөргөсөн машин нь байхгүй байна уу гэж асуусан, тэгэхээр нь би байхгүй байна гэж хэлтэл мөргөсөн машиныг нь би харсан, явчихаад буцаад ирж байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн газраас хүмүүс ирээд ослын үзлэг хэмжилт хийсэн...” /хх 71/,

гэрч Ц.Б-гийн “...Баянхошууны хөтөл гэх нэртэй газар явж байхад урд цагаан өнгийн автомашин цаасан хайрцаг дайраад гарчих шиг болсон, тэгээд ойртоод хартал газар хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь би эгч рүү хүүе ээ наад машин чинь хүн дайрчихаж байгаа юм биш үү гэж хэлээд хартал нөгөө урд явж байсан цагаан өнгийн машин хөндлөн зогсчихсон байснаа ухрах үйлдэл хийгээд цаашаа чигээрээ явсан. Би эгчид наад автомашин чинь зугтчихаж байгаа юм биш үү, хүний амь шүү дээ, автомашины улсын дугаарыг нь харъя гэж хэлээд араас нь явахад цагаан өнгийн “Тоёота Приус-20” загварын автомашин байсан. Хурдтай явж байсан учраас улсын дугаар нь харагдаагүй. Тэгтэл нөгөө машин гэрлэн дохио өнгөрөөд баруун гар тийшээ зогсоод жолооч нь машинаасаа буугаад толгой дээрээ гараа тавиад явган сууж байсан. Эгч бид хоёр тэр хүнийг харангуутаа би өөрийн 99715689 дугаарын 102 дугаар луу залгаж дуудлага өгсөн юм. Дуудлага өгөхдөө хүн мөргөсөн автомашины улсын дугаарыг харж хэлж өгсөн. Дуудлага өгөөд дуустал хүн мөргөсөн машин эхний зогссон газраасаа 200 орчим метр газар яваад баруун эргэж зогсоод жолооч нь автомашинаас буугаад явган хүний замаар дээшээ өгсөөд явсан. Тэр хүн эрэгтэй хүн байсан...” /хх 73/,

гэрч Ш.Э-А-гийн “...2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 01 цаг 30 минутын би өөрийнхөө эзэмшлийн “Тоёота акуа” загварын 14-03 УНГ улсын дугаартай автомашиныг жолоодоод, хуурай дүү Батзаяагийн хамт Баянхошууны 112 дугаар сургуулийн автобусны буудлын ойролцоо ертөнцийн зүгээр зүүнээс, баруун чиглэлд 1 дүгээр эгнээнд явж байтал хажуугаар цагаан өнгийн “Тоёота Приус-20” загварын улсын дугаарыг харж чадаагүй. Уг автомашин их хурдтай явж байсан. Намайг гүйцэд түрүүлээд 30 орчим метр явж байтал түс тас хийх чанга дуу гарсан. ...Тухайн үед осол гаргасан жолооч нь 2 дугаар эгнээнд явж байсан. Цагаан “Тоёота Приус-20” загварын автомашины жолоочийн хурд нь бага зэрэг удааширч байснаа зогсолгүй шууд яваад өгсөн. Явган хүний гарц руу дөхөж байтал миний явж байсан 1 дүгээр эгнээнд цайвар шаргал өнгийн өмдтэй эрэгтэй хүн 1 дүгээр эгнээн дээр хэвтэж байхаар нь 2 дугаар эгнээнд ороод тойрч гараад мөргүүлсэн эрэгтэйг өнгөрөөд явж байтал цагаан өнгийн “Тоёота Приус-20” загварын автомашин нь баруун гар тийш эргээд замаас гараад зогсохоор нь автомашины номерыг харахад .....УБН улсын дугаартай автомашин байсан. Батзаяа 102-т 99715989 дугаарын утсаар дуудлага өгсөн. Би аваарын гэрлээ асаагаад 1 дүгээр эгнээн дээр зогсож байтал “Тоёота Приус-20” загварын автомашины жолооч болох эрэгтэй нь туранхайдуу, халзантай үстэй залуу машинаасаа бууж ирээд толгойгоо бариад явган доошоо суугаад байсан. Тэгээд л байж байтал цагаан өнгийн “Тоёота Приус-20” загварын автомашины жолооч нь автомашинаа жолоодоод хэсэг явж байснаа замаа чөлөөлөөд зогссон. Би автомашинаа унаад Батзаяа бид хоёр цагдаа иртэл тухайн автомашиныг зугтаачих байх гэж бодоод араас нь жаахан явж байгаад зайтайхан зогссон. Цагаан өнгийн “Тоёота Приус-20” загварын автомашины жолооч нь бууж ирээд мөргүүлсэн явган зорчигчийн зүг явган алхахаар нь бид хоёр жолооч залууг өнгөрөөд карманд ороод зогссон...” /хх 75-76/,

гэрч А.Эл-ын “...Би 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шөнө хадам ахыгаа найз охинтойгоо Баянхошууны Жанцан дэлгүүрийн ойролцоо хүргэж өгөх гээд өөрийн эзэмшлийн “Тоёота Приус-30” загварын 94-41 УБЧ улсын дугаартай автомашин жолоодон Зурагтаас гарч Хөтлийн замаар явж байхад миний баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр хойноосоо явган хүн гарцын зүүн талаар нэг эрэгтэй хүн алхаж гарч ирсэн. Тэгээд би хоёрдугаар эгнээгээр явж байсан учир хажуугаар нь хурдаа хасаад зөөлхөн гараад явсан. Тэгээд тэр хүнийг өнгөрөөд бага зэрэг яваад толиндоо харахад араас явж байсан “Тоёота Приус-20” загварын автомашин нөгөө явган зорчигчийг мөргөсөн. Маш их дуу гарсан, би айж сандраад толиндоо харж байтал нөгөө автомашин буудал руу баруун шахаад зогсож байгаа харагдсан. Тэгэхээр нь би цаашаа буулгах гэж байсан хоёр хүнээ гялс буулгаад ирэхэд явган зорчигчийг мөргөсөн автомашин байхгүй байсан...” /хх 78/,

шүүгдэгч И.Нын “...Би 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн орой 20 цагийн орчим гэрээсээ эхнэрийн дүүгийн нөхөр баз хүргэн Эрдэнэчулуунтай хамт түүний найз Бат-Оргилын гэрт очихоор эхнэр Хатантуулын эзэмшлийн “Тоёота Приус-20” загварын .....УБН улсын дугаартай автомашиныг би өөрөө жолоодон Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны хажууд байрлах айлд 20 цаг 30 минутын үед очсон. Бат-Оргил түүний эхнэр Уянга нар Эрдэнэчулуун бид хоёрт хоол хийж өгөөд байж байтал Эрдэнэчулууны найз Бат-Оргил 2.5 литрийн хэмжээтэй пиво хоёрыг авсан байсан. Түүнийг нь Эрдэнэчулуун, Бат-Оргил бид гурав хувааж уусан. Тэгээд пиво ууж дуусгаад явах болтол Эрдэнэчулуун найз Бат-Оргилынд хононо гэхээр нь би ганцаараа 01 цагийн орчим гарч “Тоёота Приус-20” загварын .....УБН улсын дугаартай автомашиныг жолоодон Баянхошууны зүүн салаа руу өөрийн аав Ганболдын гэрт очих гээд Хөтлийн зам өгсөөд нэгдүгээр эгнээгээр хэдэн км цагийн хурдтай явснаа сайн хараагүй явж байтал миний автомашинд нэг юм мөргөгдөөд цонхон дээр хар зүйл ороод ирсэн. Тэгээд цааш нэлээн хэтэрч яваад автомашинаа зогсоогоод буугаад юу мөргөсөн юм бол гээд зам дээгүүр хайсан боловч юм байгаагүй, би дутуу явсан байж магадгүй буцаад автомашиндаа суугаад цаашаа хөдлөөд Зүүн салаа руу явж байтал миний өөрийн 88788700 дугаарын утсаар цагдаагаас ярьж байна, та хүн мөргөсөн байна хаана байна гэж яриад намайг байгаа газраа зогсож бай гэж хэлсэн. Тэгээд би автомашинаа зогсоогоод цагдааг иртэл хүлээсэн...” /хх 242/ гэх мэдүүлгүүд,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-6, 7, 8, 9-15/,

жолоочийн соггууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Ичинхорлоо овогт Ныг драйгер багаж ашиглан шалгахад 1,88% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон...” гэх тэмдэглэл /хх 16/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 17-18, 19-22/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 118/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 867 дугаартай “...Талийгаачийн биед баруун зулай, чамархайн, дагз, суурийн ясны хөндлөн хугарал, дагз зулайн голомтлог аалзан бүрхүүл доорх цус харвалт. Хүзүүний нэг, хоёрдугаар нугалам, сээрний 12, бүсэлхийн 1 дүгээр нугалам, зүүн бугуйны хугарал, зүүн шаант, тахилзуур ясны толгой, ил хугарал, баруун дунд чөмөгний далд хугарал, хоёр хацар, цээж зүүн хэсэг, зүүн өвдөгт, шилбэний урд дунд, баруун шагайн үений дотор, баруун сарвууны ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд /баруун зулай, чамархайн, дагз, суурийн ясны хөндлөн хугарал, дагз зулайн голомтлог аалзан бүрхүүл доорх цус харвалт. Хүзүүний нэг, хоёрдугаар нугалам, сээрний 12, бүсэлхийн 1 дүгээр нугалам, зүүн бугуйны хугарал, зүүн шаант, тахилзуур ясны толгой, ил хугарал, баруун дунд чөмөгний далд хугарал/ нь автомашинд мөргүүлэх үед үүссэн шинэ гэмтэл ба талийгаачийн амь насанд аюултай гэмтлүүд байна. Судас хатуурах, уушгины дээд дэлбэнгийн булл өвчтэй байжээ. Талийгаач нь гавал тархины ил гэмтэл, суурь ясны хөндпөн хугарлаас болж нас баржээ. Талийгаач шинжилгээ хийлгэх үед нас бараад 12-15 цаг болжээ. Цус нь хоёрдугаар бүлэг байна. Нас барах үедээ согтолтгүй байжээ.” /хх 120-123/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1456 дугаартай “...Хэргийн газраас хурааж авсан гэх 3 ширхэг хуванцар эд зүйлийн хэлтэрхийнүүд нь “Тоёота Приус-20” загварын автомашины их гэрлийн бүрхүүлийн хэлтэрхийнүүд байна. Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг эд зүйлс нь нэг бүхэл үүсгэж байна. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь Приус-20загварын автомашины эд ангийн хэсэг байна. Шинжилгээнд ирүүлсэн хуванцар эд зүйлс нь .....УБН улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашины эд ангитай тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн нь .....УБН улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашины баруун урд их гэрлийн хагарсан хэлтэрхийнүүд байна.” /хх 154-156/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2372 дугаартай “...“Тоёота Приус-20” загварын .....УБН улсын дугаартай автомашинаас үзлэг хийн бэхжүүлж авсан гэх 2 ш арчдас дээр хүний цус илэрсэн. Уг цус нь А/ll/ бүлгийн харьяалалтай байна.” /хх 164-165/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2379 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн яс мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Яс мөн эсэхийг ДНХ-ийн шинжилгээгээр тогтоохгүй. Яс мэт зүйл дээр илэрсэн цус нь ДНХ тогтцоороо нэг эрэгтэй хүнийх байна. Яс мэт зүйл дээр илэрсэн цус нь ДНХ тогтоц нь амь хохирогч О.Дгийн гэх хатаасан цусны ДНХ тогтоцтой тохирч байна.” /хх 170-171, 172-173/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1433 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн майканд 28 мм, хүрэмд 25 мм, 10x8x20 мм татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт, урагдалт, майканд 10x5 мм, саарал цамцанд 20x8 мм, 21x8 мм, шаргал өмдөнд 12х4 мм, 240x110 мм, 14 мм, хөх өмдөнд 6х2 мм, 250х80 мм хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогдолт, урагдалт, ханзралтууд, саарал цамцанд 130х150 мм, 45х20 мм талбайд, гуталд 30x10 мм, 60х40 мм талбайд хатуу гадаргуутай харилцан үйлчлэлээр гарсан шинэ зулгаралтууд байна.” /хх 177-180, 181-189/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2321 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “И.Н” гэж хаягласан цусанд 2.4 промилл спирт илэрч байна. Цусан дахь 2.4 промилл спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” /хх 210-211/ гэх шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 999039 дугаартай ...Тоёота Приус-20 загварын .....УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн баруун урд их гэрэл хагарсан, урд капут баруун хэсгээр хонхойсон, урд салхины шил баруун тал нь гаднаас дотогш чигт цөмөрч хагарсан, урд буфер баруун тал нь бага зэрэг хагарсан, баруун хойд буферын булан бага зэрэг хагарсан байна. Уг тээврийн хэрэгслийн тээврийн эвдрэл, гэмтлүүд нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй. Уг эвдрэл, гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүссэн эвдрэл гэмтэл болно. .....УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг тоног төхөөрөмжөөр шалгахад зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 3700 cd, хол дээрээ 11200 cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 0 cd, хол дээрээ 0 cd (стандарт 10.000-225.000 cd) байгаа нь стандартын шаардлага хангахгүй байгаа нь ослын үед үүссэн гэмтэл байна...гэх оношлогооны дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 133-136, 137-141/,

2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 120 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх 221-222/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч И.Ныг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, И.Нт 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 4 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд нь бүрэн тохирсон байх тул “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж, шүүхээс биечлэн эдлүүлэхээр заасан 2 жилийн ялаас хасч өгнө үү...” гэсэн агуулга бүхий шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэр, Б.Соёл-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

Хэдийгээр шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, мөн хохирогчид хохирол төлбөргүй талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо дурдсан байх хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд шүүхээс оногдуулсан ял тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна.” гэж заасан байх бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн Б/274 дугаартай тушаал /хх 227/, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газраас ирүүлсэн нэр хаяг тодорхойгүй, хариуцах эзэнгүй 10 цогцсыг /амь хохирогч Р.Дгийн цогцсыг хамт/ 10.790.000 төгрөгөөр оршуулсан талаарх баримт /хх 226/ хэрэгт авагдсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны энэхүү зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич эрх бүхий этгээд нь нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэхүү магадлалаар зөвтгөн шийдвэрлэх зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Амь хохирогчийн цогцсыг оршуулсантай холбогдон улсаас гарсан зардлын талаарх баримтыг холбогдох байгууллагаас хэрэгт ирүүлсэн байхад энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хэрхэх талаар яллах дүгнэлтэд тусгалгүй орхигдуулсныг цаашид анхаарч ажиллавал зохино.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэр, Б.Соёл-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Шүүгдэгч И.Н нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/884 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатын шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 70 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/884 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтын “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэснийг “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг эрх бүхий албан тушаалтан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэр, Б.Соёл-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Нын 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ
                       

 

                        ШҮҮГЧ                                                             М.АЛДАР

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ