Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2012 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 2010/1152/И

    Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Тү.Энхжаргал би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг ** дугаар бракт оршин суух ******** /утас ******/-ийн нэхэмжлэлтэй 
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр баг ** дугаар байрны ** тоотод оршин суух *****/утас *****/-т холбогдох,
1.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, хариуцагч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Тунгалагмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
**** ХК-ний дэд захирал байсан ****, нягтлан бодогч ****, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга **** нар манай компанид ирж ажилчдын цалин тавиагүй, мөнгө зээлээч гээд учир байдлаа хэлж 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгнө гээд 1935 доллар, бэлэн байсан 400.000 төгрөгийг нэг сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд тохирсон хугацаандаа мөнгөө өгөөгүй. Ингээд би мөнгөө авахыг тулд нөхөртөө хэлж байгаад ажиллаж байсан компанийг нь **** ХК-иас 8000.000 төгрөгийн хөвөн худалдаж авахуулсан. Тухайн 8000.000 төгрөгийг ****д өгсөн бөгөөд би ****аас 3500.000 төгрөг нэхэхэд **** нь надад 2000.000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 1500.000 төгрөгийг хэд хоног хэрэглэчхээд өгье гэж тохироод бичиг хийж өгсөн. Иймд миний бие нь 1500.000 төгрөгийг ****аас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч **** шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
1999 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ****, ня-бо ****, хоёр надтай уулзаад найзаасаа мөнгө зээлэх гэсэн юм чи явалцаад өгөөч гэснийг нь би зөвшөөрсөн. Нэхэмжлэгч ****гийнд очоод **** биднийг танилцуулан, тэднийд дайлуулж, цайлуулж байгаад 2.1 сая төгрөг хэрэгтэй байна, ажилчдын цалин тавих гэсэн юм бодоо удахгүй шинэ жил болох гэж байгаа тул **** тайлбарлаж ярьсан. Нэхэмжлэгч **** ч зөвшөөрч мөнгөө тоолсон чинь 1935000 төгрөг болсон. Тэгээд Монгол мөнгө байхгүй байна 300 доллар нэмж өгье болох уу гэснийг бид зөвшөөрч, **** төгрөг, долларыг тоолж авсан. ингээд хүлээлгэн өгсөн баримтад бид 3 гарын үсэг зурсан. Бид тэднийхээс гараад ****ийг 3 шард гэрт нь хүргэх замд төгрөгийг ****од **** өгсөн. Дараа нь ****ыг гэрт нь хүргэж өгөөд харьсан. Маргааш нь цалингаа тавьсан. Ерөнхий захирал ****өөрийн гараар тэдэн төгрөг, тэдэн доллар ****гээс авсан, бүтээгдэхүүн борлуулаад авсан мөнгөө төлнө гэсэн утгатай бичиг үйлдэж тамгаа дарж баталгаажуулж нэхэмжлэгч ********ээр хүргүүлсэн. Миний бие тухайн үед үйлдвэр хариуцсан дэд захирлын үүрэг хүлээн ажилладаг байсан. 


Миний хувьд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, технологийн үйл явц, бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, түүний чанар гарц хянах, ажиллагчдыг ямар мэргэжлээр нь аль дамжлага тоног төхөөрөмж дээр ажиллахыг зөвшөөрөх гэх мэт үйлдвэрлэлтэй хамааралтай үйл ажиллагаануудад биечлэн оролцох үүрэгтэй ажиллаж байсан. 
Харин компаний хөрөнгө, санхүү, захиран зарцуулах эрхгүй, зөвхөн шаардлагатай сэлбэг материал тоног төхөөрөмжийг захиалах эрхтэй байдаг. 
Компаний үндсэн хөрөнгө бэлэн бүтээгдэхүүн борлуулах, санхүү, мөнгө төгрөг захиран зарцуулах эрх мэдэл Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, ерөнхий захирлын мэдэлд байдаг гэдгийг нэгдүгээрт тайлбарлая.
Хоёрдугаарт: Хэрэв 1.5 сая төгрөгийн төлөгдөөгүй төлбөр байдаг бол тус компаний захирал, нябо нартай тооцоо хийсний үндсэн дээр гаргах тоо байх гэж би үзэж байгаа тул надаас давсан асуудал байна гэдгийг тайлбарлая.
Гуравдугаарт: Үнэн чанартаа 1.935.000 төгрөг, 300 доллар авсан шүү дээ, юун 1935 доллар 400.000 төгрөг бэ, хаанаас ийм тоо гарсныг би мэдэхгүй.
Дөрөвдүгээрт: 2 сая төгрөг өгсөн, дээр нь 30 м/куб хөвөн өгсөн 1 м/куб  хөвөн 65000 төгрөг, 1.950.000 төгрөг өгсөн байдаг, өөрөөр хэлбэл нийт 3.950.000 төгрөг өгөөд байгаа юм.
Миний бие нь өөрийнхөө хэмжээнд үнэн бодитоор тайлбарлахыг оролдлоо. Тунгаан бодож, зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                       
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “****”ХХК-ийн захирал **** нь “****” ХК болон  **** нарт холбогдуулан зээлийн төлбөр 1 500 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  “****” ХХК-ийн захирал **** нь  иргэний  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухай  хүсэлт гаргаж, “****” ХК-ийг хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзаж энэ тухай тайлбараа ирүүлсэн нь хуульд харшлахгүй байна. 
Хэрэгт авагдсан нотлох  баримтуудаас үзэхэд хариуцагч **** нь “****” ХК-ний дэд захирлаар ажиллаж байхдаа тус компанийн нягтлан бодогч ****ын хамт нэхэмжлэгч ****гээс ажилчдын цалинд зориулж 1935 ам доллар, 400 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэйгээр зээлэх талаар тохиролцож, хэлцэлд  гарын үсэг зурсан нь тогтоогдож байна. /хх-ийн 3 дугаар тал/.
Хариуцагч **** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн төлбөр  1 500 000 төгрөгийг тус компаний захирал, нягтлан бодогч нар хариуцах тухай тайлбар гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаж мэтгэлзээгүй байна. 
Хэргийн материалд хавсаргаж ирүүлсэн “**** ХК-ийн зээлийн 3 500 000 төгрөгийг  төлөх тухай”  албан тоот нь  хариуцагч ****ыг зээлийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл дээрх албан тоот ирүүлснээс хойшхи хугацаанд буюу 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч **** нь ****1 500 000 төгрөгийг 2008 оны 04 дүгээр сарын 15-ны дотор буцаан өгөхөөр тохиролцож гарын үсэг зурсан байх бөгөөд энэ нь  иргэд хоорондын зээлийн төлбөр гэж үзэх үндэслэлтэй байна.
 Дээрх байдлуудаас дүгнэлт хийхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасны дагуу  зээлийн харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч ****ыг зээлийн гэрээний зарим үүргийг биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн ажиллагааны явцад нэхэмжлэгч **** нь нөхрийнхөө нэрийн өмнөөс 30 м/куб хөвөнг ****аас худалдан авч түүний  үнэ 8 000 000 төгрөг өгөхдөө зээлийн төлбөр 2 000 000 төгрөгийг хасаж, тооцсон тухай тайлбар гаргажээ. Энэ нь зээлийн үлдэгдэл 1 500 000 төгрөг гаргуулахад хамааралгүй байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй байна.
Хэргийн материалд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тухай дурьдагдсан байна.
Нэхэмжлэгч **** нь  2010 оны 06 дугаар сарын 16-нд уг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд зохигчдын 1999 оны 12 дугаар сарын 28-ны өдөр  1935 ам доллар, 400 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохиролцсон хэлцэл, “2008 оны 04 дүгээр сарын 15-ны дотор үлдэгдэл  1 500 000 төгрөгийг 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өгөх тухай” ****ын гарын үсэг бүхий баримт зэргээс үзэхэд нэхэмжлэгч ****г шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх  үндэслэлгүй  байна. 
 Иймд хариуцагч ****аас зээлийн үлдэгдэл 1 500 000 төгрөгийг гаргуулж ****д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ  

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь: 

    1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-т зааснаар хариуцагч ****аас 1.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ****д олгосугай.
    
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ****аас улсын тэмдэгтийн хураамж 37000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ****д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Тү.ЭНХЖАРГАЛ