| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2023/00409/И |
| Дугаар | 183/шш2023/02768 |
| Огноо | 2023-09-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 183/шш2023/02768
| 2023 оны 09 сарын 14 өдөр | Дугаар 183/ШШ2023/02768 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, Г.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Х хотхон, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, регистрийн дугаар ***********, О овогт Н-ийн Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байр, ** тоотод оршин суух, регистрийн дугаар *********, Б овогт Ц.С,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, С ****, Т зам, ****, **** тоотод байрлах, регистрийн ******** дугаартай, С ХХК-д тус тус холбогдох,
Гэм хорын хохиролд 5.423.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч С ХХК-ийн өмгөөлөгч Б.Х, хариуцагч Ц.С, иргэдийн төлөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч С ХХК болон Ц.С нарт холбогдуулан гэм хорын хохиролд 5.423.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Би 2022 оны 10 дугаар сарын 20-ны шөнийн 23 цаг орчим Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Э х гудамж, Х б худалдааны төвийн хойд уулзвар дээр Т п маркийн автомашинаар зүүн гар тийш эргэх үйлдэл хийх үед араас явж байсан Hyunda-Aero загварын ******** улсын дугаартай, С ХХК-ийн эзэмшлийн автомашинаар жолооч Ц.С нь араас мөргөж осол гаргасан. Осол гаргасны дараа Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэст бүртгэж, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 45 хоногийн хугацаанд 3 байцаагч дамжуулж ослын шалтгааныг тодруулж, хэргийг шийдэж өгөхгүй маш олон удаа нааш, цааш явуулж удаашруулсан. С ХХК-ийн эзэмшлийн H-A загварын *********улсын дугаартай авто машин нь ямар ч даатгал байхгүй, хөдөлгөөнд хэвийн оролцдог. Мөн автобусыг жолоодож байсан иргэн Ц.С нь жолоочийн хариуцлагын даатгал байхгүй. Мөн Ц.С нь хувь хүний талаас цагдаагийн алба хаагчдын тавьсан шаардлагыг үл тоож биелүүлэхгүй, гаргасан үйлдэлдээ харамсахгүй, 2022 оны 10 дугаар сарын 20-ны шөнө Замын цагдаагийн хэлтэс дээр бүртгүүлж байхдаа маш их ядарсан, нойргүй шинжтэй байцаагчийн асуултад ч гүйцэт хариулахгүй хурхирч унтаад байсан. Миний бие ******** улсын дугаартай Т п маркийн автомашины хууль ёсны эзэмшигч бөгөөд машинаа 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр авсан. Машинаа 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Х моторс автомашин урьдчилгаанд 17.000.000 төгрөгт тооцож, маргааш нь бичиг баримтаа бүрдүүлэхээр тохиролцсон боловч машины осолд орсон. Үүнээс болж автомашин 4-5 сая төгрөгөөр бага үнэлэгдэх болсонд гомдолтой байна. Би эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Энхэр 2 хүүхдээ хараад гэртээ байдаг. Би хувийн барилгын компанид талбайн инженер албан тушаалтай 1.600.000 төгрөгийн цалинтай ажилладаг. Өрхийн үндсэн орлого маань миний сарын цалин, сардаа 2 давхар зээл төлдөг, ажлын цаг өглөөний 8 цагаас оройн 20 цаг хүртэл байдаг. Ажлаа тарж гэртээ ирж хоол, ундаа идчихээд орой 22 цагийн үед таксинд гараад шөнийн 2 цагт ирэхэд 60.000-70.000 төгрөг олж өрхийн орлогоо нэмэгдүүлдэг байсан. Ажилдаа явахдаа эхнэртээ 2 хүүхдээ цэцэрлэг сургууль, гэр хооронд такси барих 10.000 төгрөг үлдээгдэг байсан. Осол гарснаас хойш 46 хоногийн хугацаа өнгөрөхөд зээлээ төлж чадахгүй, дан 14 хоног хэтрүүлж, хоол ундаа гүйцэт авч чадахгүй амьдрал минь хэвийн үргэлжилж байсан горим алдагдаж, санхүүгийн хүнд байдалд ороод байна. Иймд жолооч Ц.С-ийн учруулсан хохирлыг түүний ажиллуулж байсан ажил олгогч хариуцах ёстой гэж байгаа тул С ХХК-иас гэм хорын хохирол 5.423.000 төгрөгийг миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ц.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.С миний бие 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 00:00 цаг орчим Т урд замд баруунаас зүүн зүгт ********* улсын дугаартай Х маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхад ********* улсын дугаартай Т п маркийн автомашин гэнэт зогсох үйлдэл хийж, улмаар огцом хурд авч, зүүн гар зүгтээ хөдөлгөөн үйлдэж, зам тээврийн осолд холбогдсон. Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байх үед нарийвчлан нөхцөл байдлыг шалгуулах гэсэн боловч камерын бичлэг олдоогүй, мөн С ХХК-ийн эзэмшлийн ******** улсын дугаартай, Х маркийн автобусыг шугамд явж байхад нь дарамт шахалтаас болж, ослыг өөрийн буруугаас болсон гэж хүлээн зөвшөөрч, торгуулийн арга хэмжээ хүлээсэн. С ХХК-д миний бие Үнэгүй.мн сайтын зарын дагуу очиж, 2022 оын 8 дугаар сарын 27-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. Ажилд ороход мэргэшсэн жолоочийн үнэмлэх авахад цалингаасаа 150.000 төгрөг суутгуулан авсан. Мөн даатгал байх хэрэгтэй гээд Б даатгалын мэргэшсэн жолоочийн даатгалд хамрагдсан. Улмаар осолд холбогдсон орой дуудлагаар цагдаа ирсэн. Цагдаагийн алба хаагчийн хажууд даатгалын утас хариу өгөөгүй. Дараа нь даатгалыг онлайнаар хийсэн. Б даатгалын ажилтнаас утсаар лавлахад Мэргэшсэн жолоочийн даатгал нь мэргэшсэн жолоочийн эрхтэй жолоочид үйлчилнэ. Мэргэшсэн жолооч биш бол даатгал үйлчлэхгүй гээд даатгалаас нөхөн төлбөр өгөхөөс татгалзсан. С ХХК нь анх ажилд авах үедээ амласан сургалтдаа хамруулаагүй, хөдөлмөрийн гэрээний 2.2-т заасан үүргээ биелүүлээгүй. Жолоочийн даатгалын тухай хуулийн 4.1.1-д зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал хамрагдах, 5.1-д Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулна гэж, 5.2-т Тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоочийн даатгалд даатгуулаагүй тохиолдолд тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хориглоно гэсэн хуулийн заалт, гэрээний нөхцөлөө биелүүлээгүй, мөн ажилд орохоос өмнө хэвийн төлж байсан К банк бусаас авсан зээлээ төлж чадахгүй болсон. С ХХК нь анх ажилд ороход амласан цалингаа өгдөггүй, 12 дугаар сар гэхэд 410.000 төгрөг олгосон. Миний бие тодорхой оршин суух өөрийн гэр оронгүй бөгөөд айлын хажуу өрөө түрээсэлж амьдардаг, төлбөрийн чадваргүй. С-ХХК нь ажилд авах үеэсээ хууль тогтоомжид заасан зүйлийг хэрэгжүүлээгүй, мэргэшсэн жолоочийн сургалт, шалгалтад хамруулаагүй, иргэн Н.Г-д учирсан хохирлыг даатгалаар барагдуулах боломжийг алдагдуулсан тул тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хохирлыг бүрэн барагдуулах үндэслэлтэй гэж үзэж байгаа миний хүсэлтийг минь хүлээн авна уу гэжээ.
3. Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Н.Галмандахын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.С, С ХХК-д тус тус холбогдох иргэний хэрэгт хамтран хариуцагч С ХХК-иас нэхэмжлэлийг хүлээн танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг шүүхэд гаргаж байна. Манай компанийн өмчлөлийн Х А загварын ********* улсын дугаартай автобусыг жолооч Ц.С унаж замын хөдөлгөөнд оролцох үедээ 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23:00 минутын орчим Баянгол дүүргийн ** дугаар хороо, Э хүчний гудамж, "Х Б" худалдааны төвийн хойд уулзвар дээр нэхэмжлэгчийн Т п маркийн ******** улсын дугаартай автомашиныг зүүн гар тийш эргэх үйлдэл хийх үед нь араас нь мөргөж, хохирол учруулсан бөгөөд жолоочийн гэм бурууг эрх бүхий байгууллага шийдвэрлэж, торгууль ногдуулсан байна. Тус үйлдлийн улмаас учруулсан хохирлыг нөхөн гаргуулах зорилгоор Н.Г нь 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ************* дугаартай захирамжаар С ХХК-ийг хамтран хариуцагчаар тус хэрэгт оролцуулсан байна. Гэвч жолооч Ц.С нь 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан тул 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тухай ****** дугаартай тушаал гарснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байдаг. Өөрөөр хэлбэл, шүүхэд иргэний хэрэг үүсгэхээс өмнө буюу 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр С ХХК болон иргэн Ц.С нарын хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж, ажил олгогч, ажилтны харилцаа дуусгавар болсон. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар "Хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ" гэж заасан бөгөөд хариуцагч Ц.С-ийн ажил үүргээ биелүүлж байхдаа бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч буюу хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа ажил олгогч хариуцан арилгахаар байна. Гэтэл хариуцагч Ц.С-тэй хөдөлмөрийн харилцаа аль 1 сард дуусгавар болсон байх тул түүний бусдад учруулсан хохирлыг одоо цагт хариуцан арилгах үүрэг манай компанид байхгүй. Иймд бид ажилтан биш этгээдийн учруулсан гэм хорыг хариуцан арилгах хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэгчид учирсан хохирол болох 5.423.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч С ХХК-иас хохирол нэхэмжлэх тухай дурдаагүй байх бөгөөд хариуцагч нараас хохирлыг хэрхэн хуваарилж гаргуулах нь тодорхойгүй, мөн хамтран хариуцагч С ХХК-иас хохирол нэхэмжилж буй үндэслэл, нотлох баримт хэрэгт хавсаргагдаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул манай компанид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Иргэдийн төлөөлөгч А.О шүүхэд гаргасан дүгнэлтээ: Осолд холбогдох үед жолооч тухайн компанид ажиллаж байсан бол тухайн хохирлыг компани хариуцах нь зүйтэй, үнийн дүнгийн хувьд үнэлгээгээр гарч ирсэн тул маргаантай зүйл харагдахгүй байна гэж үзэж байна гэжээ.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 101.718 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******** дугаар автомашины техникийн үнэлгэнээний тайлан, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн *********** дугаар Баянгол дүүргийн зөрчилийн хэргийг хуулбар, Х банк дахь дансны хуулга, 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар, нэхэмжлэгчээс Д.З болон А.Э нарт олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.
6. Хариуцагч Ц.С-ээс зээл төлөлтийн дансны хуулга, Г банк дахь дансны хуулга, 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн ******** дугаар ажилд томилсон тушаалын хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар С ХХК-ийн албан бичгийн хуулбар, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 02/157 дугаар С ХХК-ийн албан бичгийн хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Сутайн буянт ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар, Д.Д-тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг ирүүлсэн.
7. Хариуцагч С ХХК-иас М.Хосбаярт олгосон итгэмжлэл, хариуцагч компанийн хуулийн этгээдийн цахим мэдээллийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийнг ******** дугаар Хөдөлмөр эрхэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалын хуулбар зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. ************ дугаартай Зөрчлийн хэрэг-т авагдсан баримт болон нэхэмжлэгч Н.Г, харуцагч Ц.С нарын шүүхэд өгсөн тайлбараар 2022 оны 10 дугаар сарын 19-ний шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн ** дугаар хороо, Т-ийн зам дээр С ХХК-ийн эзэмшлийн Х А с загварын, ******** улсын дугаартай автобусыг жолооч Ц.С жолоодон яваад иргэн Н.Г-ын эзэмшлийн Т п маркийн, ****** улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан, уг осолд жолооч Ц.С-ийн буруутай үйлдэл нөлөөлсөн нь тогтоогдож, тэрээр 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ******** Шийтгэлийн хуудас-аар торгуулийн арга хэмжээ авагдсан байна.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Н.Г-д учруулсан гэм хорын хохирлын хариуцагч С ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Хариуцагч Ц.С-д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж байна гэж, хариуцагч Ц.С нь Тухайн зам тээврийн осол миний 100 хувь буруутай үйлдлийн улмаас болоогүй, гэвч би үүнийгээ нотолж чадаагүй, мөн ажил олгогчоос байнга дарамт ирүүлж байсан тул би гэм буруутай хэмээн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй нөхцөлд байсан. Одоо Н.Г-д учруулсан хохирлыг С ХХК хариуцах ёстой ба тэдний зүгээс бүрэн бүтэн тээврийн хэрэгсэл гаргаагүй, жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулах үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч С ХХК-ийн өмгөөлөгч Б.Х Ц.С тус компанийн ажилтан байхаа больсон, мөн тэрээр өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, зөрчлийн арга хэмжээ авагдсан тул Ц.С уг гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй хэмээн тус тус маргав.
4. Шүүх бүрэлдэхүүн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасны дагуу хариуцагч С ХХК нь нэхэмжлэгч Н.Г-д учруулсан эд хөрөнгийн хохирлыг хариуцан арилгах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь хэрэгт авагдсан баримтаар Ц.С нь 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд С ХХК-ийн Тээврийн хэлтэст жолоочоор ажиллаж байсан ба энэхүү хугацаанд буюу 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зам тээврийн осол гаргасан байна.
Тэгэхээр хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын Ц.С манай компанийн ажилтан байхаа больсон гэх тайлбар үгүйсгэгдэж байгаа бөгөөд Ц.С нь ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бусдад гэм хорын хохирол учруулсан нь тогтоогдсон.
Түүнчлэн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон А.О нь С ХХК хохирлыг хариуцан арилгах нь зүйтэй хэмээн дүгнэснийг дурдав.
5. Хэргийн 5-6 дугаар талд авагдсан Н ХХК болон С үнэлгээ ХХК-ийн автомашины эвдрэл гэмтэл болон тухайн эвдрэл, гэмтлийг засварлуулахад гарах зардлын үнэлгээгээр нэхэмжлэгч Н.Г-ын эзэмшлийн Т п маркийн, ******** улсын дугаартай автомашинд 5.029.000 төгрөгийг хохирол учирсныг тогтоосон байна.
Мөн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Н ХХК-ийн М авто сүлжээний оношлогооны төлбөр 84.000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэхэд төлсөн 310.000 төгрөгийг төлсөн тухай дансны хуулгыг ирүүлсэн бөгөөд нийт 5.423.000 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдсон.
6. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч С ХХК-иас гэм хорын хохирол 5.423.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Г-д олгов.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ц.С-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Н.Г татгалзсаныг дурдах нь зүйтэй.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас 101.718 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Г-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч С ХХК-иас гэм хорын хохирол 5.423.000 /таван сая дөрвөн зуун хорин гурван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Г-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ц.С-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Н.Г татгалзсаныг баталсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас 101.718 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Г-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ
Г.ТӨРБОЛД